Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/ма2023/00023

 

 

 

 

 

 

2022 12 23 210/МА2023/00023

 

 

* гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/03588 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * гийн хариуцагч * ХХК-д холбогдуулан гаргасан хохирол 29,861,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч * , нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр * ХХК-тай 19/01 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр дээврийн засварын сэргээн засварлалтын ажлын нийт төсөвт өртгийг 3,914,100 төгрөгөөр тооцон ажлын явцад гурав хуваан төлөхөөр харилцан тохиролцсон. Уг ажлыг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ба 3 жилийн баталгаат хугацаатай байна. Засвар хийж дууссаны дараа хана, тааз, цахилгааны бүх монтажнуудаа шинэчлэн засварласан. Гэтэл 2019 оны 06 дугаар сард засвар хийлгэсэн газраас ус гоожиж, тааз, хана, шал бүгд усанд автсан. Гэрээний 2.3-т зааснаар * ХХК-д хандахад өмнөх засвараа дахин хуулж энд тэнд нөхөөснүүд хийж орхисон. Мөн хана, тааз, монтажаа дахин засварласан. Ингээд орон сууц түрээсэлсэн боловч бороо орсны улмаас дахин өмнөх засвар хийсэн таазнаас ус алдаж, уг асуудлыг шийдвэрлэх 10 хоногийн хугацааг түрээслэгчид өгсөн. Харин уг асуудлаар * ХХК-д дахин хандахад засварлаж өгөөгүй. Иймээс түрээслэгчид гэрээг цуцалж, түрээсийн төлбөрт авсан 22,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж хохирол хүлээсэн. * ХХК болон тэдний инженер нөхөөс шинэ онош, усан тест тавьсан боловч 2020 оны эхний борооноор дахин ус гоожсон. Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан үзлэг хийлгэхэд ус хаанаас нэвчиж байгааг зөв тодорхойлж, ажлын дүгнэлт гаргалгүй, засварын ажлыг таамгаар хийсэн болохыг нь тогтоосон. * ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад хөрш айлын террас засварлаж ус гоожихгүй гэсний дагуу хажуу айлын террасыг бүтэн засварласан. Гэтэл 2021 оны 06 дугаар сард дахин бороонд таазнаас ус гоожиж, нэвчин нурсан. * ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй намайг хохироож байна. Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар бүх төлбөр тооцоог цаг тухайд нь төлсөн. Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дах хэсэгт заасан боловч "* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн гараагүй буюу тэд гэрээт ажлаа гүйцэтгэж чадаагүй. Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлнэ гэж заасныг зөрчсөн. Иймд * ХХК-аас 5 болон тоотыг дээврийн засварын ажилд иргэн надаас авсан 7,562,000 төгрөг, байрны дотор засалд зарцуулсан 250,500 төгрөг, олох ёстой байсан орлогод 22,000,000 төгрөг, нотлох баримт бүрдүүлэх зардал 9,400 төгрөг нийт 29,861,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: * д 2020 оны 06 дугаар сар гэхэд гэрээний үүргийн дагуу удаа дараа үзлэг шалгалт хийсэн. 2020 оны 07 дугаар сарын 16-ны №100 мэдэгдэл хүргүүлэх албан тоотоор ...террасын дээврийн ажлыг бүхэлд нь задалж дахин бүрэн ус тусгаарлалт болон террасын шалыг иж бүрэн хийж гүйцэтгэн усан тестээр шалган хүлээлгэн өгсөн. Иргэн * гийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүсэлтэд Террасыг задалж эргэлзээтэй газруудад нэмэлт засвар хийгдсээр 2020 оны 09 дүгээр сард борооны улирал дуусан усан тест хийн ус нэвчихгүй байсан гэж дурдсан атлаа нэхэмжлэлийн шаардлагад хавсаргасан баримтуудаас харахад орон сууц түрээслэх гэрээ байгуулж энэ үед ус алдан гэрээ цуцалсан мэтээр баримт бүрдүүлсэн байна. Иймд дээрх санхүүгийн болон холбогдох бичиг баримтыг үйл баримттай уялдаа холбоогүй мөн хуурамчаар бэлтгэсэн байх бөгөөд бид * д хана, таазны дотор заслыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэж өгсөн ба нэмэлтээр даатгалын компанид хандах албан бичгийг гарган өгч байсан. * тэй байгуулсан гэрээний ажлын хөлс болон материалын зардлын нийт үнийн дүн 3,914,100 төгрөг болсон. Хөрш болох Империал хаус хотхоны 91Б-тоотын террасын дээврийн ажлыг манай компани нь гүйцэтгээгүй болно. Иргэний гомдол нь бидний хийж гүйцэтгэсэн ажил болох террасын дээврээс бус барилгын үндсэн хучилт болох дээвэр мөн парапетны ханын тусгаарлагч зэрэг бидний хийж гүйцэтгэсэн ажлаас шалтгаалаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11-р хороо, Империал хаус хотхоны тоот террасын сэргээн засварлалтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд * тэй байгуулсан гэрээнд "террасын дээврийн сэргээн засварлалт" гэж заасан нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дах хэсэгт заасантай нийцнэ. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох 5 болон тоотын дээврийн засварын ажил авсан гэх 7,562,000 төгрөг, байрны дотор засалд зарцуулсан 250,500 төгрөг, олох ёстой байсан орлого гэх 22,000,000 төгрөг, нотлох баримт бүрдүүлэх зардал 49,400 төгрөг, нийт 29,861,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан * ХХК-аас 29,861900 төгрөг гаргуулахыг хүссэн * гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчиж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

4.1 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 586 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...гүйцэтгэсэн "* " ХХК нь террассын дээврээс ус гоождог үүнийг засварласнаар ус гоожих нь зогсоно гээд террассын дээвэр засварлах гэрээ байгуулжээ" хэмээн талуудын тохиролцооны талаар оновчтой дүгнэлт хийсэн. Гэтэл "* " ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, ус гоожилтыг зогсоож чадаагүй өнөөг хүрч захиалагчид хохирол учруулсаар байна. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02-03/4337 дугаартай албан бичиг болон хэрэгт авагдсан баримтуудаас харахад "* " ХХК-ийг ус гоожилтыг зогсоохоор ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан боловч үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "Гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй" гэсэн илэрхий үндэслэлгүйгээр дүгнэсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцоог төлсөн. Харин Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дах хэсэгт ажлын үр дүн гараагүй. Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д "захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх" гэж заасныг зөрчсөн.

4.2 Мэргэжлийн байгууллагаар нөхцөлийг тогтоож, доголдол арилгуулах хүсэл, зорилготой байсан учраас * ХХК-д хандсан боловч засварлаагүй нь ажлын доголдлын засварт 3 дах удаа зардал гаргах нь тодорхой болоод байгаа давтан гарах хохирол юм. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн. Гэтэл шинжээч салхивчны шахт террасын талбай дээр байрладаг үндсэн хэсэг нь бөгөөд хэрэв салхивчны шахтаас ус алдаж байна гэж шинжээч өөрөө дүгнэж байгаа бол террасын засвар доголдолгүй хийгджээ гэж өөрөө нотолсон дүгнэлтээ үгүйсгэж байгаа тул шинжээчийн дүгнэлт алдаатай дүгнэлт юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2-т заасныг шинжээч зөрчсөн. Гүйцэтгэгч байгууллага өөрсдөө төсвөө гаргаж захиалагчаас ажлын хөлсөө шаардаж авсан. Гэтэл юу засахаа мэдэхгүй байснаас төсөв зөв гаргаагүй ба төсөвлөсөн материалдаа хавчигдаж ус зайлуулах налууг гаргахгүйн тулд хар цаасыг хуулаагүйгээ нотлоод байхад шинжээчийн дүгнэлтээр "* " ХХК-ийг ажлаа доголдолгүй хийсэн гэж дүгнэсэн нь алдаатай шийдвэр гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Шинжээч нь хариуцагчийн зөвлөснөөр ямар ч нотолгоо үндэслэл заахгүйгээр дүгнэсэн худал баримтыг шинжээчийн дүгнэлт гэж шүүхэд өгснийг шүүгч хянаж үзэлгүйгээр үндэслэл болгож шийдвэр гаргасан нь ноцтой алдаа юм. Хэдийгээр шинжээчийн дүгнэлт зарим талаараа үндэслэл муутай гарсан ч нэхэмжлэгчийн хувьд анхнаасаа шинжээч томилуулахын эсрэг байр суурьтай байсан ба талуудын хооронд байгуулсан гэрээнд хийх ажил, гарах үр дүнг тодорхой заасан ба тухайн үр дүн гараагүй нь тодорхой бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, хариуцагч тал маргаагүй.

4.3 Мөн шинжээч дүгнэлтдээ ...усан тест туршиж хийхийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй гэжээ. Шинжээч захирамжийг мөрдлөг болгох үүргээ өөрөө зөрчиж нэхэмжлэгчийг буруутгасан байхад шүүгч үүнийг анхаарахгүй эсрэгээр нь үндэслэлгүйгээр зөвтгөсөн байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй боловч "* ХХК-ийн шинээр оношилсон засварын ажлыг гүйцэтгэсний дараа манай хана таазнаас ус гоожсон хэвээр байсан. Энэ нь хэрэгт авагдсан баримт болох Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн албан шаардлагаар тогтоогдох бөгөөд талуудын харилцан солилцсон албан тоот, зурвас зэргээс тодорхой харагдана. "* " ХХК нь дээврээс ус алдаж байгаа шалтгааныг буруу оношилсон болон ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, доголдолтой үр дүн шилжүүлсний улмаас 7,562,000 төгрөгийн зардал гарсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагч нь түүний ажлын үр дүнгийн доголдлыг арилгуулахаар захиалагчаас төлсөн зардлыг барагдуулах нь хуульд нийцнэ. Гэтэл шүүх хэргийн бодит үйл явдлын процесс, баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэхгүйгээр, тодорхой үндэслэл заахгүйгээр нэхэмжлэгчийг уг төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч * дээрх 7,562,000 төгрөгийг бодитоор төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Гүйцэтгэгч тал анх дээврээс ус гоожихыг засварлах зорилгоор оношилгоо тавьж засвар хийсэн нь мөн засварыг барилгын норм стандартын дагуу хийж гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон байна. Иймд гүйцэтгэгч тал анхнаасаа буруу онош тавьж засвар хийснээс болж гүйцэтгүүлэгчид удаа дараа хохирол учрахад хүргэсэн хэргийн бодит байдлыг шүүх анхаарч үзээгүй байна. Энэ талаар талууд маргасаар байхад маргаагүй дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. "* " ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь баталгаат хугацааны дотор удаа дараа асуудал дагуулж, терраснаас ус гоожсоор байсан тул түрээслэгчийн ая тухтай амьдрах нөхцөл нь хязгаарлагдаж, түрээслэгч гэрээг цуцалсан. Гэтэл шүүхээс гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй гэжээ. Түрээслүүлэгч гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлэх ямар ч боломж, үндэслэл бүрдээгүй байна. Мөн шүүхээс ус гоожсон гэх хэсэг нь хаусын бүх талбайг хамаарахгүй гэж дүгнэсэн боловч түрээсийн гэрээний тухайд хаусыг бүхэлд нь түрээсэлсэн тул түрээслэгч нь зарим хэсгийн доголдлын улмаас гэрээгээ цуцлах нөхцөлийг хязгаарлах боломжгүй. Дээрх үндэслэлээр "* " ХХК нь гэрээний дагуу ус алдаж буй шалтгаан нөхцөлийг зөв тодорхойлж, засварын ажлыг гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч түрээслэгчид төлбөрийг буцаан шилжүүлэх болсон ба ажлыг доголдолгүй хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас амины орон сууцыг дахин түрээслэх боломжгүйд хүрч эд хөрөнгөө зарах буюу түрээслүүлэх эрх хязгаарлагдсан хэвээр байна. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар тус компани нь түрээсийн төлбөр буюу нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь зөвхөн террасын дээвэр гэж бичигдсэн гэх агуулгаар анхан шатны шүүх шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан. Шинжилгээг барилгын зөвлөх инженер буюу мэргэжлийн этгээд гаргасан. Мөн шинжилгээний зүйл нь зөвхөн террасын дээвэр гэх гэрээний зүйлийн дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлтийн асуудалд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хэлснээр барилгын хуучин хар цаасан дээврийг хуулж аваагүй гэх агуулга яригддаг. Гэтэл стандарт шаардлага хангаагүй боловч тухайн ажлын хүрээнд хар цаасыг хуулж аваагүйн улмаас дээврээс бороо гоожсон асуудалд хамааралгүй. Мөн ус нэвчихтэй холбоотой асуудал нь ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой хамааралгүй гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Уг агуулгаар гэрээний зүйлд ямар нэгэн байдлаар алдаа гараагүй гэж үзсэн. Ажил хийлгэсэн буюу террасын хэсэгт талуудын хэн аль нь маргаагүй. Учир нь барилгын үндсэн хэсгийн дээврийн хэсгийн 3/1 орчим хэсэгт хамаарна. Энэ терраст "* " ХХК нь чанар бүхий материалаар тодорхой төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

5.2 Шинжээчийн дүгнэлт гарах процессын ажиллагааны явцад "* " ХХК болон нэхэмжлэгч талууд хуульд заасан үүргийн хүрээнд оролцсон. Террасын чанар байдалтай танилцах гэхээр * нь үзүүлдэггүй бөгөөд маргаангүй гэж тайлбарласан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад терраст хийсэнд маргаж байна уу гэж тодорхой нөхцөл байдлын асуултыг мэтгэлцээний явцад асуухад маргахгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч хэлсэн. * нь тухайн үед өөрийн үүргээ биелүүлж, шинжээчийн ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Дотор тааз хэсэгт ус нэвчиж орж ирж байгаа нь өөр газраас орсныг тогтоож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэг тал нь шинжээчийн дүгнэлт хэсгээс иш татаж дурдсан. Гэтэл нөгөө талаас шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эрхийн хугацаа 10 хоног буюу хангалттай олгосон. 2022 оны 09 дүгээр сарын 15, 28-ны өдрийн 2 албан бичиг байдаг бөгөөд тухайн дүгнэлтийг тодорхой хэмжээнд хянаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн албан бичгүүдээр үгүйсгээгүй, гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх нь шаардах эрхгүй гэж үнэн зөв дүгнэлт өгсөн. Төлөх ёстой орлого гэдэгт уг үл хөдлөх хөрөнгө нь заавал орлого олох зориулалтын хөрөнгө мөн эсэх асуудлыг анхаарч үзэх ёстой. Шахттай холбоотой үзлэгийг хариуцагчийн зүгээс тодорхой хэмжээнд харсан бөгөөд террастай тусдаа байршилтай, барилгын үндсэн хийцийг харахад өөр газраас хангалттай ус гоожихоор байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай хийж гүйцэтгэсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч * нь хариуцагч * ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 7,562,000 төгрөг, засварын зардал 250,500 төгрөг, олох байсан орлого 22,000,000 төгрөг, нотариатын зардал 49,400 төгрөг, нийт 29,861,900 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн гэрээний үүрэг зөрчсөний улмаас зохигч гэрээнээс татгалзаж, учирсан хохирол гаргуулахтай холбоотой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4. Зохигчид 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч * ХХК нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Импреал хаус хотхоны * тоотын дээврийн сэргээн засварлалтын ажлыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч * нь ажлын хөлсөнд 3,914,100 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь талуудын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 8-9-р тал/. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч байгууллага нь мэргэжлийн байгууллага гэсэн итгэл үнэмшлийг нэхэмжлэгчид төрүүлсэн, нэхэмжлэгч гэрээт ажлын үр дүнд ус алдалтыг зогсооно гэсэн хүлээлттэй байсан байна.

4.1 Захиалагч буюу нэхэмжлэгч * нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 3,914,100 төгрөгийг хариуцагч * ХХК-д төлсөн байх бөгөөд хариуцагчийн гүйцэтгэсэн ажил гэрээний талуудын хүсэл зоригт нийцсэн эсэх, чанарын шаардлага хангасан эсэх талаар зохигчид маргасан байна. /хх-ийн 11-13-р тал/.

4.2 Нэхэмжлэгч * нь хариуцагч * ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, дээврийн засварын ажлыг гүйцэтгүүлсний дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр * ХХК-тай үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Импреал хаус хотхоны * тоот үл хөдлөх эд хөрөнгийг нэг сарын 5,500,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 24-26-р тал/. Гэрээний талууд мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлцэж, нэхэмжлэгч нь түрээслэгчээс урьдчилгаа төлбөр болон 3 сарын түрээсийн төлбөрт нийт 22,000,000 төгрөгийг хүлээн авсан байна. /хх-ийн 27-35-р тал/

4.3 Дээрх үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх гэрээний зүйл болох барилгын дээврээс ус алдсантай холбоотойгоор түрээслэгч гэрээнээс татгалзаж, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээний дагуу шилжүүлсэн 22,000,000 төгрөгийг буцаан авсан үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 36-р тал/

4.4 Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02-03/4337 дугаар албан бичигт * нь * ХХК-аар дээврийн засварыг гүйцэтгүүлэхээр 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 19/01 дугаартай гэрээ байгуулан, ажлыг гүйцэтгүүлсэн боловч 2020 онд дахин хур тунадасны ус нэвчиж байгаа нь өмнө дээврээс ус нэвчиж байсан үндсийг тодорхойлолгүй засварын ажлыг хийсэн байгаа тул гэрээнд тусгагдсан чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ашиглагчид хүлээлгэн өгнө гэсэн хэсгийг хангахгүй байгаа тул гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу ажлыг гүйцэтгүүлэх нь зүйтэй. гэжээ. /хх-ийн 45-р тал/

4.5 Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагч * ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд дүгнэлт гаргуулахаар * ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээчийн дүгнэлтэд ...* ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 19/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу 91б байр, 5 тоот хаягт байршилтай, хувийн сууцны террассын дээврийн засварын ажлыг гүйцэтгэхдээ дээврийн ус зайлуулах налууг гаргаагүй байна гэж дүгнэсэн байна. /хх-ийн 175-188-р тал/

4.6 Дээрхээс дүгнэвэл хариуцагч * ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан дээврийн засварын ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд дээврээс ус алдалт зогсоогүй буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дах хэсэгт заасан ажлын үр дүн гараагүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч * нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсөнд төлсөн 3,914,100 төгрөгийг хариуцагч * ХХК-аас буцаан шаардах эрхтэй.

5. Олох байсан орлого 22,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч * нь уг шаардлагын үндэслэлээ ... хариуцагч * ХХК нь ажлыг чанаргүй гүйцэтгэсний улмаас * ХХК нь түрээсийн гэрээнээс татгалзаж, түрээсийн төлбөр болох 22,000,000 төгрөгийг буцаан авсан тул энэ хэмжээгээр хохирлоо тодорхойлно гэж тайлбарласан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасан олох байсан орлогод хамаарч байна.

5.1 Хэдийгээр нэхэмжлэгч * нь түрээсийн төлбөр болох 22,000,000 төгрөгийг түрээслэгч * ХХК-д буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон хэдий ч энэхүү нөхцөл байдал нь дээрх төлбөрийг бүхэлд нь хариуцагч * ХХК-аас шаардах үндэслэл болохгүй юм. Учир нь түрээслэгч * ХХК-нь түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл эзэмшилдээ байлгасан байх тул энэ хугацааны төлбөр болох 2,933,333 төгрөг /5,500,000 : 30 = 183,333, 183,333 х 16 хоног = 2,933,333/-ийг * ХХК-д хариуцуулах үндэслэлгүй буюу 22,000,000 төгрөгөөс дээрх 2,933,333 төгрөгийг хасч 19,066,667 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч * д олгохоор нь шийдвэрлэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасанд нийцнэ.

6. Нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор гарсан зардал буюу нотариатын зардалд 49,400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хэргийн 70-71-р талд авагдсан 4 ширхэг нотариатын баримтын хоёр нь буюу 13,000 төгрөг, 1,400 төгрөгийн баримтууд нь нэхэмжлэл гаргасан цаг хугацаанаас зөрүүтэй байх тул хариуцагч * ХХК-аас 35,000 төгрөг гаргуулж, уг шаардлагаас 14,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

7. Засварын зардалд 250,500 төгрөг болон тоот өрөөний засварт 3,647,900 төгрөг гаргуулах шаардлагуудын тухайд хэрэгт авагдсан зарлагын баримтууд дахь гарын үсэг тодорхойгүй, мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг засварлахад зарцуулагдсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. /хх-ийн 67-69-р тал/

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 3,914,100 төгрөг, олох байсан орлого 19,066,667 төгрөг, нотариатын зардал 35,000 төгрөг, нийт 23,015,767 төгрөгийг хариуцагч * ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч * д олгож, нэхэмжлэлээс 6,846,133 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн болон хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/03588 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар хариуцагч * ХХК-аас 23,015,767 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * д олгож, нэхэмжлэлээс 6,846,133 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч * ХХК-аас 273,029 төгрөг гаргуулж нэхэмжлэгч * д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч * гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН