Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00102

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 06 210/МА2023/00102

 

 

 

****-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/02864 дугаар шийдвэртэй,

****-ийн нэхэмжлэлтэй, *.*, *.** нарт холбогдох

*** ххк -ийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, мөн өдрийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх, хөрөнгө оруулах гэрээнээс татгалзаж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000дугаартай 29,094 м.кв талбайтай газрыг, нэгж талбарын 0000 дугаартай 29,016 м.кв талбайтай газрыг эзэмших эрхтэй *** ххк -ийн 100 хувийн хувьцааг ***-ийн нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулахаар тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагч *.*ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *.*, түүний өмгөөлөгч Б.Анхбаяр, хариуцагч *.** ын өмгөөлөгч Э.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. БНСУ-ын иргэн *** нь 2003 оноос эхлэн Монгол Улсад барилгын салбарт ажиллаж, 2013 оны байдлаар *** ххк-ын захирал, хувьцаа эзэмшигч байсан. Тэрээр 2013 оны 05 сараас хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийг шийдвэрлүүлэх, ар гэрийн гачигдал, гадаад паспорт шинээр авах зэрэг зайлшгүй шаардлагын улмаас БНСУ руу явсан.

Ингээд Монгол дахь *** ххк-тай холбоотой хуулийн байгууллагад үүссэн асуудлыг шийдвэрлүүлэх, хөрөнгө оруулалт зохицуулах, эзэмшлийн газар дээр хийгдэх ажлын зураг төсөл, холбогдох зөвшөөрлүүдийг хөөцөлдөх зэрэг ажлаа хэвийн явуулахын тулд урьд тус компанид ажиллаж байсан *.*тай харилцан тохиролцож түүнд компаний 50 хувийн хувьцааг түр хугацаагаар шилжүүлсэн.

*.*ын ...*** ххк-ийн эзэмшлийн газар дээр хийх ажлын зураг төсөл батлуулах зэрэг ажлыг хөөцөлдөхөд тус компани Солонгос хүний нэр дээр болохоор надад итгэхгүй байна, иймд компанийн 100 хувийн хувьцааг миний нэр дээр түр хугацаанд шилжүүлэх хэрэгтэй байна гэх саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн.

Улмаар талууд 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр *** ххк -ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж, хөрөнгө оруулах гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч *.* нь *** ххк -ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 00 га талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, газар дээр усан паркийн цогцолбор барих үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримтууд болон зөвшөөрлүүдийг зохих газраас авах, бусдаас хөрөнгө оруулалт татах үүргийг хүлээсэн.

Энэ гэрээний 2.4-т нэхэмжлэгч компанийн хувьцааг түр хугацаанд шилжүүлэх тухай тусгасан. Мөн гэрээгээр *.* гэрээний 2.4-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд компанийн 40 хувийн хувьцааг иргэн *.* , 10 хувийн хувьцааг иргэн *.* нар шилжүүлэх үүрэг хүлээсэн.

2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр талууд гэрээний үндсэн дээр компанийн хувьцааг хариуцагч *.*д шилжүүлэх өргөдлийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өгсөн боловч тус газраас уг гэрээний үндсэн дээр хувьцааг шилжүүлэх боломжгүй, хувьцаа бэлэглэх, эсхүл хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хувьцааг шилжүүлэх боломжтой тухай хариу өгсөн.

Иймд талууд дээрх гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор гэрээг аливаа хэлбэрээр дуусгавар болголгүйгээр тухайн өдрөө компанийн эрх шилжүүлэх гэрээ, *** ххк -ийн хувьцааг бэлэглэх гэрээг тус тус байгуулж, компанийн 100 хувийн хувьцааг ***-гээс *.*д шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчид хувьцааг үнэ төлбөртэй шилжүүлээгүй, түр хугацаанд шилжүүлж байсан тул хувьцаа бэлэглэх гэрээг талууд сонгосон. Харин уг бэлэглэлийн гэрээгээр компанийн хувьцааг бүр мөсөн биш түр хугацаанд шилжүүлж байгаа гэдгийг талууд мэдэж байсан.

Дараа нь нэхэмжлэгч БНСУ руу буцсан ба Сөүл хотын төв прокурорын газрын шийдвэрээр түүний гадаад улсад зорчих эрхийг 2013 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд түдгэлзүүлсэн тул Монгол Улсад ирэх боломжгүй байсан.

Нэхэмжлэгч нь БНСУ-д байх хугацаандаа *.* руу залгахад утсаа авдаггүй байсан ба 2013 оны 11 дүгээр сард залгахад утсаа авч ...ажил төрөл бүтэмжтэй яваа, санаа зоволтгүй гэж хэлсэн байдаг. Түүнээс хойш хариуцагч нэхэмжлэгчтэй холбогдоогүй ба 2014 оны 07 сард *.* нь ** ххк-ийн захирал *.* г дагуулан БНСУ-д очиж *.* , *.* нарыг байлцуулан уулзалт хийсэн. Уг уулзалтаар *.* нь *.* д итгэхгүй байгаа тул компанийн хувьцааг *.* д шилжүүлэх саналыг нэхэмжлэгчид тавьсныг хүлээн авч *.* компанийн хувьцааг *.* д шилжүүлэхээр тохиролцсон.

Ингээд *.* нь Монгол улсад очсоны дараа компанийн хувьцааг *.* д шилжүүлээгүй, нэхэмжлэгчийг залгахад утсаа авдаггүй байсан. Нэхэмжлэгч 2015 оны 11 сарын 16-ны өдөр Монгол Улсад ирж 11 сарын 17-ны өдөр *.*тай * ххк-ийн оффист уулзахад маргааш ажлаар Хятад явлаа, 5 хоноод ирнэ гэж хэлээд уулзалтыг хойшлуулж нэхэмжлэгчтэй уулзаагүй тул нэхэмжлэгч 2016 оны 11 сарын 27-ны өдөр БНСУ-руу буцсан.

Нэхэмжлэгч 2015 оны 12 сарын 14-ний өдөр Монгол Улсад дахин ирж хариуцагч *.*тай уулзах гэсэн боловч уулзаагүй тул 2016 оны 02 сарын 27-ны түүний үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт *.*ыг шалгуулахаар өргөдөл өгсөн. Нэхэмжлэгчийн өргөдлийн дагуу Цагдаагийн байгууллагаас *.*д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны 05 сарын 14-ний өдрийн */* дугаар хариу мэдэгдэх хуудсаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай хариу өгсөн.

Нэхэмжлэгч болон хариуцагч *.* нарын хооронд Иргэний хуулийн 48 дугаар бүлэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан ба хариуцагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй, компанийн 100 хувийн хувьцааг бусдад шилжүүлсэн тул нэхэмжлэгч 2016 онд гэрээнээс татгалзаж цагдаагийн байгууллагад хандсан.

1.2. Хариуцагч *.** нь *.*ын найз бөгөөд 2013 оны 05 сарын 09-ний өдөр гэрээ байгуулахад хамт байсан тул *.* компанийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй буюу түр хугацаанд шилжүүлэн авсныг мэдсээр байж компанийн хувьцааг хариуцагч *.*аас шилжүүлэн авсан. Иймд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар хариуцагч *.** компанийн хувьцааг шударгаар олж аваагүй тул компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000дугаартай 29,094 м.кв талбай бүхий газрыг, нэгж талбарын 0000 дугаартай 47,050 м.кв талбай бүхий газрыг, нэгж талбарын 00000 дугаартай 29,016 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй *** ххк -ийн 100 хувийн хувьцааг ***-ийн нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг хуулийн этгээдийн бүртгэлийн газар даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *.*ын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 *** болон *.* нарын хооронд 2013 оны 05 сарын 09-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан ба *.* нь тус компанийг аваад компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Энэ хугацаанд нийт 150 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан, Монгол Улсад орж ирсэн мөнгө нь 12 тэрбум вон юм.

Компани 11.8 га газрыг эзэмшдэг гэх боловч Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрхийг цуцалсан, нийт 9 тэрбум төгрөгийн өр төлбөртэй компани байсан.

*.* тухайн үед * ххк-ийн захирал байсан ба *** нь ...Витала группээс 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ, надад хөрөнгө оруулалт хийгээч гэсэн саналыг *.*д тавьсан.

*.* нь 2012 оны 08 сарын 01-ний өдрөөс 2013 оны 02 сарын 26-ны өдрийн хооронд 25 удаагийн гүйлгээгээр нийт 537,414 ам.долларыг Витала групп болон ***-руу шилжүүлсэн. Гэтэл хөрөнгө оруулалт орж ирэх нь худал байсан тул *** бусдыг залилсан гэдэг үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

*.*ыг ***-тай очиж уулзахад ...надад чамд өгөх хөрөнгө байхгүй, чи миний компанийг шилжүүлж аваач гэсний дагуу талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулах ямар ч боломжгүй байсан тул бэлэглэлийн гэрээ байгуулсан. Бэлэглэлийн гэрээгээр компанийг шилүүлж авсны дараа *.*д их хэмжээний өр төлбөр шилжиж ирсэн ба шүүхийн шийдвэрээр бусдад 8,697,366,366 төгрөг, Улсын Дээд шүүхийн шийдвэрээр Хана банкинд 28 тэрбум төгрөг тус тус төлөх өр төлбөр байсан. Мөн компани хөрөнгөгүй, компанийн эзэмшлийн газар нь эзэмших эрхийн захирамж болон гэрчилгээгүй байсан. Ингээд *** алга болсон тул *.* нь компанийг эзэмшиж байх хугацаандаа нийт 451,733,147 төгрөгийн өр төлбөрийг төлсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд хэрэгт нотлох баримтыг нэг бол эх хувиар, нэг бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар өгөхийг хуульчилсан. Хэрэгт авагдсан гэрээ нь нотариатаар гэрчлүүлсэн байгаа нь Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасныг хангахгүй байна.

Мөн халхавчлагдсан гэрээнээс татгалзана гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба гэрээнээс татгалзаж байгаа бол тухайн гэрээ хүчин төгөлдөр байх ёстой. Гэрээнд зөвхөн *** гарын үсэг зурсан ба компанийн тамга тэмдэг дарагдаагүй ба гэрээний гол нөхцөлүүд тодорхойгүй, хавсралт алга байна. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *.** ын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэлийн шаардлагын гол маргааны зүйл болсон гэрээнд *.** ямар нэгэн гэрээний тал болж оролцоогүй, ***-тай уулзаж байгаагүй, түүнээс *** ххк -ийг шилжүүлэн аваагүй.

*.** нь 2015 оны 11 сард *.*тай гэрээ байгуулж, холбогдох хуулийн дагуу *** ххк -ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авч, нэхэмжлэлд дурдсан газарт зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө оруулалт хийж ажиллаж байна.

Тус компанийн хувьцааг шилжүүлэн авснаас хойш компани ашиг олоогүй ба ***-г захирал байх үед бий болсон ** ХХК, * ххк, * ххк-уудын 6,725,421,017 төгрөгийн өр төлбөрийг төлсөн, үлдэгдэл өр төлбөрүүд одоог хүртэл нэхэгдсээр байна.

Мөн компанийн нэр дээрх газрын зөвшөөрөл цуцлагдаж шүүхийн байгууллагаар дахин эзэмших эрхийг нь сэргээж одоо усан парк, орон сууцны төслийн ажлыг эхлүүлж 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж ажиллаж байна.

Гуравдагч этгээдийн гомдлоор *.** ын хууль ёсны эзэмшил болох *** ххк -ийн 100 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Мөн гэрээтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаанд мөн яригдах учиртай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ***-ийн хариуцагч *.*, *.** нарт холбогдуулан гаргасан Компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000дугаартай 29,094 м.кв талбай бүхий газрыг, нэгж талбарын 0000 дугаартай 47,050 м.кв талбай бүхий газрыг, нэгж талбарын 00000 дугаартай 29,016 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэй *** ххк -ийн 100 хувийн хувьцааг ***-ийн нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг хуулийн этгээдийн бүртгэлийн газар даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,298,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж зөвлөлдөх тасалгаанд гаргасан шийдвэрийн үндэслэлээс өөр үндэслэл бичгээр гаргасан шийдвэртээ бичсэн. Иймд шүүх шийдвэрээ бичгээр гаргахад бусад этгээд нөлөөлсөн байж болзошгүй.

Гэрээний гол нөхцөлийг гэрээний 2.4, 2.5, 2.6-д зааснаар тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар компанийн хувьцааг *.*д шилжүүлснээр гэрээ байгуулагдсан. Гэтэл шүүх гэрээний гол нөхцөлийг компанийн өр төлбөрийн мэдээлэл, *.* хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах тухай тохиролцоо мэтээр тайлбарласныг зөвшөөрөхгүй. Эдгээр байдал нь гэрээний туслах нөхцөл бөгөөд энэ талаар тохиролцоогүй нь гэрээг байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Хэргийн 1 дүгээр хавтасны 87, 92 дахь талд авагдсан 2014 оны 01 сарын 04, 2014 оны 04 сарын 18-ны өдрүүдэд хариуцагчид явуулсан албан бичигт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулах, компанийн өр төлбөрийн талаар хариуцагчид мэдээлэл өгөөгүй гэх шүүгчийн дүгнэлт няцаагдана.

5.2. Хариуцагч *.*ын тухайн хэлцэл хэрэгжээгүй гэх татгалзал үндэслэлтэй гэх шүүхийн дүгнэлт нь хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжиж компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авснаар алдаатай болох нь нотлогдоно.

Шүүх компанийн өр төлбөрүүдийг тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж хариуцагчийн өртэй компани шилжүүлсэн гэх тайлбарыг дэмжсэн.

5.3. Шүүх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулагдаагүй гэж үзсэн бол хувьцааг бэлэглэх, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулах хүсэл зориг талуудад байсан эсэхийг шалгах үүрэгтэй. Гэтэл шүүх халхавчлуулсан гэх 2013 оны 05 сарын 09-ний өдрийн компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх, хөрөнгө оруулах гэрээг хийгдсэн гэж үзэхгүй тул эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээ нь дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэхгүй гэх дүгнэлт үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн компанийн хувьцааг *.*д бэлэглэх хүсэл зориг байгаагүй, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагын шаардлагаар бэлэглэлийн гэрээг байгуулсан нь гэрч З.Цогбат, *.* , *.* , *.* , *.*, *.* нарын мэдүүлэг болон *** ххк -ийн хувьцаа эзэмших эрх шилжүүлж, хөрөнгө оруулах гэрээний 2.4, хэргийн 2 дугаар хавтасны 81 дүгээр талд авагдсан албан бичиг зэргээр тогтоогдоно.

5.4. Шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад нэхэмжлэгч энэ хэргийн нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжгүй байсан.

5.5. Шүүх *.** т холбогдуулан гаргасан шаардлагын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу компанийн хувьцааг шударгаар олж аваагүй *.*, *.** нарын хооронд байгуулсан хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус тул *.** ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр компанийн хувьцааг шаардсан. Гэтэл шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч талын тайлбарласан хууль зүйн үндэслэлээр тайлбар бичээгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргуулсан баримтуудыг үнэлсэн эсэх, үнэлгээгүй бол шалтгааныг шийдвэртээ дурдаагүй.

5.6. Шүүх хэргийн 3 дугаар хавтасны 105-116 дахь талд авагдсан 2014 онд талуудын төлөөлөгчдийн цахим шууданд хийсэн үзлэгийг дүгнээгүй.

5.7. Нэхэмжлэгч нь БНСУ-ын прокурорын газраас нэхэмжлэгчид тавьсан хилийн хоригийн улмаас 2015 оны 11 сар хүртэл МУ-д ирэх боломжгүй байсан ба 2015 оны 11 сарын 17-нд ирээд *.*тай уулзах гэхэд БНХАУ руу явах ажилтай гэсэн атлаа 2015 оны 11 сарын 18-нд *.** т компанийг шилжүүлсэн үйл баримтад дүгнэлт хийгээгүй.

5.8. Мөн *.*ын 2014 оны 07 сард БНСУ очиж ***-тэй уулзсан байдлыг дүгнээгүй. Хариуцагч *.* *** надад өртэй байсан тул өрөндөө компаниа шилжүүлсэн гэж тайлбарладаг ба өрөндөө авсан бол бэлэглэлийн гэрээ байгуулагдах боломжгүй байдалд дүгнэлт хийгээгүй.

5.9. Улсын тэмдэгтийн хураамжид 30 гаруй сая төгрөгийг шаардаж төлүүлсэн нь илүү төлсөн гэж үзэхээр байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *.*ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарын агуулга:

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шатны шүүхэд буцаах боломжтой. Гэтэл дээрх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Давж заалдах гомдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг дурдсан боловч уг хуулийн зохицуулалт шийдвэр гаргах төрлийг заасан болохоос шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш.

6.2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй буюу зөвлөлдсөний дараа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар тайлбарласан, шүүхийн шийдвэрт энэ байдлаар тусгагдсан, шийдэл ижил байгаа тул ноцтой зөрчил гэж үзэхгүй.

Шүүхийн шийдвэрийг бичгээр гардан авсны дараа давж заалдах гомдол гаргаж байгаа тул оролцогчийн эрхийг хангахгүй, зөрчил гаргаагүй.

Шүүх гэрээний гол нөхцөл тодорхой биш тул гэрээний төрлийн хувьд нэрлэгдээгүй гэрээнд хамаарч байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэсэн.

6.3. 2016-2020 оны хооронд нэхэмжлэл гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлогдоогүй буюу шүүхийн шийдвэрт энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Нэхэмжлэлийн шаардлагын дарааллын дагуу шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болохгүй. Шүүх үйл баримтыг хангалттай дүгнэсэн. Нэхэмжлэгч 2016 онд эрүүгийн журмаар гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн мэдүүлэгт тохиролцоотой холбоотойгоор иргэний журмаар нэхэмжлэл тусдаа гаргах талаар дурдсан. Нэхэмжлэгч одоог хүртэл Монгол Улсад ирээгүй боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаагаас тухайн үед нэхэмжлэл гаргаж маргах боломжтой байсан. Иймд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэл гаргах боломжгүй байсан гэж үзэх боломжгүй.

6.4. Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ гэж үндсэн хоёр гэрээ байгаа ба шүүх компанийн эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Бэлэглэлийн гэрээний дагуу компанийн 100 хувь хувьцаа *.*д шилжиж, түүнээс *.** т шилжсэн. Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь зөвхөн Монгол хэл дээр хийгдсэн, харин компанийн хувьцаа бэлэглэх гэрээ нь Монгол болон Солонгос хэл дээр байгуулагдаж, нотариатаар баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Нэхэмжлэгч тухайн үед өөрөө хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, гэрээтэй холбоотой маргаагүй.

6.5. Нэхэмжлэгч бидэнд явуулаагүй албан бичгүүдийг гаргаж өгсөн тул тус худал баримт гаргаж өгсөнтэй холбоотойгоор энэ асуудлаар хүсэлт гаргаж, цахим хаягт үзлэг хийсэн. Үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан. Гэрчүүд нь гэрээ байгуулагдах үед огт байгаагүй. Ойр дотны хүмүүсээ цуглуулж, мэдүүлэг өгүүлсэн. Гэрч мэдүүлгээ нотлоогүй.

6.6. Шүүх хуралдааны тэмдэглэл албажаагүй байсан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Талуудаас шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй байх тул хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *.** ын өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад энэ талаар тодруулахад Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж байна гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Шүүх *.** аас ямар үндэслэлээр хувьцаа шаардаж байгаа талаар лавлаж, Иргэний хуулийн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг нь шаардах эрхийн үндэслэл биш гэж хэлсэн. Гэтэл давж заалдах гомдолд нэмж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дурдсан байна.

*.*, *.** ын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх ёстой. Гэтэл үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт оруулах шаардлагагүй гэж үзэж байна.

7.2. Түүнчлэн, гэрч нар бүгд ижил тайлбар хэлсэн ба нотлох баримтыг дарааллын дагуу үнэлсэн. Нэхэмжлэгч нь *.** тай гурвалсан гэрээ байгуулаагүй, энэ талаар баримтгүй. Зөвхөн *.*, *.** нарыг танилууд байсан гэж тайлбарладаг ч бичгийн нотлох байдаггүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *** нь хариуцагч *.*, *.** нарт холбогдуулан 2013 оны 05 сарын 09-ний өдрийн *** ххк -ийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг халхавчилж хийсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, мөн өдрийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх, хөрөнгө оруулах гэрээнээс татгалзаж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 000дугаартай 29,094 м.кв талбайтай газрыг, нэгж талбарын 0000 дугаартай 29,016 м.кв талбайтай газрыг эзэмших эрхтэй *** ххк -ийн 100 хувийн хувьцааг ***-ийн нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. ***, *.* нарын хооронд 2013 оны 05 сарын 09-ний өдөр *** ххк -ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж, хөрөнгө оруулах гэрээ, мөн өдөр тэдгээрийн хооронд компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон *** ххк -ийн хувьцааг бэлэглэх гэрээ тус тус байгуулагджээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 9, 10, 12/

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад ...*.*д холбогдуулан компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээг өөр хэлцлийг халхавчилсан гэрээ тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж, харин компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж, хөрөнгө оруулах гэрээнээс татгалзаж компанийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар, *.** т холбогдуулан Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шаардлага гаргасан гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө тодорхойлох үүрэгтэй боловч шүүх дээрх тодорхой бус нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулах замаар хэргийн үйл баримтыг зөв тогтоож, улмаар тухайн маргааныг шийдвэрлэхэд хамааралтай хуулийг хэрэглэх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь компанийн эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулахтай холбоотой байна.

 

Гэтэл *.*, *.** нарын хооронд 2015 оны 11 сарын 18-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээ байгуулж, *** ххк -ийн 100 хувийн хувьцааг *.** т шилжүүлсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 144, 146/

 

Дээрх гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд ***, *.* нарын хооронд байгуулсан 2013 оны 05 сарын 09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үр дагаврыг хэрхэн арилгах асуудал тодорхойгүй үлджээ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тус бүрийг тодруулах, мөн нэхэмжлэгч *** нь хариуцагч *.*, *.** нарын хэнд холбогдуулан, ямар шаардлага гаргасныг тодруулах ажиллагааг хийх шаардлагатай.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний төслийн талаар тодруулахаар *.*, *.* нарын харилцаж байсан цахим захидалд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ. /хэргийн 3 дугаар хавтасны 72, 118/

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлж буй тохиолдолд хуульд заасан журмыг баримтлах учиртай.

 

Хэргийн 3 дугаар хавтасны 105-115 дахь талд авагдсан цахим хаягаар харилцсан захидалд анхан шатны шүүх үзлэг хийж тэмдэглэл хөтлөхдөө ...хавсралттай тохирч байна гэх агуулгаар бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг үзлэгээр илрүүлэн бэхжүүлж байгааг тусгах зохицуулалтад нийцээгүй.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг оролцогчийн цахимаар харилцсан захидалд үзлэг хийж буй бол үзлэгийн тэмдэглэлд уг үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг тусгах учиртай. Энэ ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу явуулсан үндэслэлд хамаарч байна.

 

Түүнчлэн, шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулсны үндсэн дээр үнэлээгүй байх ба энэ ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж заасан. Иймд шийдвэр хүчинтэй болсноор анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлийг өөрчлөх, уншиж танилцуулснаас өөр үндэслэлээр шийдвэр гаргах, шийдвэрлээгүй, мэтгэлцүүлээгүй асуудлыг шийдвэрт тусгах эрхгүй юм.

 

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/02864 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,298,350 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ