Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00621

 

Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05434 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Нямхишиг, С.Сарангэрэл нарт холбогдох,

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 5 тоот 40 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчийг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Сэдэдийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа, хариуцагч С.Нямхишиг, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид нар Ц.Энхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэлтэй, орон сууцыг барьцаалж, 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, дараа нь 12 сарын хугацаатай 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, мөн 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж зээлүүлсэн. Мөн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн, дараа нь 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 16 сарын хугацаатай зээлийн гэрээг сунгаж, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон ба дээрх хоёр гэрээг тус тусд нь байгуулж, нотариатаар батлуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн.Гэтэл Ц.Энхтуяа нь үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй байхдаа буюу 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Ц.Энхтуяа нь С.Нямхишигээс С.Сарангэрэлийг үрчилж авсан байдаг. С.Нямхишиг нь эх Ц.Энхтуяагийн байрны өв тогтоогдоогүй учир барьцаанд байгаа байрнаас үндсэн зээл, түүний хүүг төлөхгүй гэдэг. С.Нямхишиг нь өөрийн эцэг Б.Сумъяагийн байрны өвийг буруу тогтоосон гэж уг эрхийг сэргээлгэх гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээсээ 2015 оны 11 дүгээр сард татгалзсан байдаг. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч 536.1-д зааснаар гомдлын шаардлага гаргаж, түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргана гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.Ц.Энхтуяа нь нас барснаас хойш 2 жил 4 сарын хугацаа өнгөрсөн, түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцыг хэн хууль ёсны дагуу өвлөн авсан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.Иймд хэн өвлөн авсан нь тодорхойгүйгээс болж, Ц.Энхтуяагийн барьцаанд тавьсан байрнаас зээлийн төлбөрийг барагдуулах боломжгүй байна. Ц.Энхтуяаг нас нарснаас хойш дээрх орон сууцыг С.Нямхишиг нь эзэмшин авч, ашиглаж байна. Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-д зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээж авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно. Мөн зүйлийн 527.2-т зааснаар өвдөгч ямар нэгэн нөхцөл зааж болзол тавьж өвлөгдөх эд хөрөнгийг түр хүлээн авах эрхгүй гэж заасан тул Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчийг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Ц.Энхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцны өвлөгчийн асуудал шийдэгдээгүй байгаа бөгөөд уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл, өвлөгчийн асуудлаар шүүхэд хандсан байгаа. Шүүх шийдвэрлэсний дараа өв хүлээн авсан хэмжээгээр зээлийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Би энэ байран дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргаад Ц.Энхтуяад оногдох хэсгийг Д.Сэдэд гуайд төлъе гэсэн. Өвлөх эрх нь сэргээгдэхгүй байсан ч Сарангэрэл гэдэг хүүхэд миний төрсөн хүүхэд. Миний хүүхдийг 17 настай байхад өвлөх эрхийн гэрчилгээнд оруулаагүй байсан. Нотариатч Энхээ өөрөө Сарангэрэлийг оролцуулаагүй нь үнэн. Баттай нотлох баримтгүйгээр гэрчилгээг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байгаа. Миний хувьд энэ байрны өвлөгч нарыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа гэжээ. 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05434 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.Нямхишиг, С.Сарангэрэл нарт холбогдох, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 5 тоотын 40 м.кв талбайтай орон сууцны өвлөгчийг тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05434 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2016/27687 дугаар захирамжаар нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Би энэ байрны өвлөгчийг тогтоолгоё, энэ байрны өмчлөгч хэн болохыг тогтоолгохоосоо татгалзаж, татгалзлаа бичиж өгсөн. Одоо уг татгалзлаа татан авч байна. Иймд уг байрны өмчлөгч хэн болохыг тогтоолгох, нэхэмжлэлийг сэргээж өгнө үү. Нэхэмжлэлийг сэргээсний дараа энэ байрны өмчлөгч хэн болохыг тогтоож өгөх талаар анхан шатны шүүхэд даалгаж өгнө үү....Энхтуяа нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас нөхцсөнөөс хойш 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад үр хүүхдүүд болох С.Нямхишиг, С.Сарангэрэл, С.Мөнхтулга нар өвөө тогтоолгохгүй байна. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т хууль ёсны өвлөгчид, өвлөх эрхийн гэрчилгээг нэг жил өнгөрсний дараа олгоно гэж заасан заалтыг хэрэгжүүлж өгнө үү. Түүнчлэн Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1, 527.2-т заасны дагуу С.Нямхишигийг өв хүлээн авсныг тогтоож өгнө үү....Шүүх С.Нямхишигийн өвөө аваагүй гэх тайлбарыг үндэслэж байгаа боловч хуулийн ямар зүйл заалтыг үндэслэл болгосноо бичээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгийг тогтоолгох эрхгүй байна гэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу Ц.Энхтуяагийн байр нь миний зээлийн барьцаанд байгаа болохоор өөрийн хүсэл зоригийн дагуу хуулиар хориглоогүй учраас байрны өвийг тогтоолгох эрхгүй гэсэн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Нямхишиг нь уг байранд амьдарч байгаа боловч өвийг хүлээж авах юм бол өр төлбөр нэхэгдэнэ гээд албан ёсоор өвөө хүлээн авахгүй 3 жилийн хугацаа өнгөрөөд байна. С.Нямхишиг нь уг байрны өвийг хүлээн авсан, эсхүл аваагүй болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү.С.Нямхишиг, С.Сарантуяа нар Ц.Энхтуяагийн байрны өвийг 3 жил өнгөрөхөд холбогдох газруудад өв тогтоолгох талаар өргөдөл гаргаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасны дагуу уг байрны өвийг хүлээн авахаас татгалзсан болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү. Мөн анхан шатны шүүх энэ байрны өвийг тогтоолгох эрхгүй гэж нэхэмжлэлийг хүчингүй болгосон байтлаа нэхэмжлэл гаргахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн арилгах талаар зааж өгнө гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2-т заасны дагуу энэ байрны өвийг өвлөгч нараар яаж авахуулах талаар болон ямар аргаар барьцаагаа хангуулах ёстой вэ гэдгийг захирамждаа оруулж өгөх ёстой гэж ойлгож байна гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийснээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Д.Сэдэд, Д.Цэцэгмаа нар нь талийгаач Ц.Энхтуяагийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг барьцаа эд хөрөнгөөс гаргуулахын тулд тухайн эд хөрөнгийн өвлөгч буюу өмчлөгчийг тодорхой болгох зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нөгөө талаар, ийнхүү нас барсан этгээдийн үүргийг угаас өвлөгчдийн хэн нь хэдий хэмжээгээр хариуцах ёстой болох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд мөн хамааралтай юм.

Энэ утгаараа шүүх Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1., 536.2.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нас барсан этгээдийн гүйцэтгэх ёстой байсан үүргийн талаар өвлөгчид холбогдуулан гаргах гуравдагч этгээдийн шаардлагын агуулгыг зөв тодорхойлсон байна. Хуульд зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргадаг бөгөөд гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болдог байна.

Харин нас барсан этгээдийн хэд хэдэн өвлөгчид хоорондоо маргаантай, уг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлээгүй байхад хэн нэгнийг нь өвлөгчөөр тогтоолгохоор шаардлага гаргах эрхийг өвлөгчдөөс өөр этгээд эдлэхгүй юм.

Үүрэг гүйцэтгүүлэгч нар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахын тулд нас барагчийн үүргийг хариуцах этгээдийг тодорхой болгох шаардлагатай ба нэхэмжлэлийн агуулгад ийм шаардлага байхгүй байна. Харин эд хөрөнгийн барьцаа нь эд хөрөнгийн эрх ба тухайн эд хөрөнгө хэний ч өмчлөлд шилжсэнээс үл хамааран хүчинтэй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх өвийн асуудал хэрхэн шийдвэрлэгдсэнээс үл хамааран хөндөгдөхгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан  хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05434 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 456 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2017/03851 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН