Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/ма2023/00024

 

 

 

 

 

 

 

2022 12 23 210/МА2023/00024

 

 

* р ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.* цэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/03056 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * р ХХК-ийн хариуцагч * ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 724,363,837 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Увс аймгийн Улаангом сумын 5 байршилд авто замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио суурилуулах ажлыг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлын өртөг 502,909,225 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Увс аймгийн Улаангом сумын төвийн 5 байршилд гэрэл дохио суурилуулан хүлээлгэн өгч, улсын комисс хүлээн авсан. Захиалагчийн зүгээс туслан гүйцэтгэгчид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөр гүйцэтгэхгүй байгаа тул шүүхэд хандсан. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.2-т заасны дагуу дээрх бичгээр үйлдсэн ажил гүйцэтгэх гэрээг байгуулагдсан гэж үзэж байна. Мөн * ХХК гэрээний урьдчилгаа төлбөрт 20.000.000 төгрөгийг өгсөн нь гэрээ байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрч, гэрээгээр хүлээсэн үүргээ хэсэгчлэн биелүүлсний илрэл гэж үзэж байна. * ХХК-ийн төлөөлөгчтэй тохиролцсоноор Увс аймгийн Улаангом сумын 1,2,3,6,7 дугаар уулзваруудад гэрэл дохио суурилуулах ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан болно. Улмаар манай компанийн зүгээс * ХХК-д гэрээг дүгнэх, тооцоо нийлэх тухай хэд хэдэн удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Дээрх гэрлэн дохионууд нь одоог хүртэл хэвийн ажиллаж байгаа бөгөөд захиалагч * ХХК нь ажлын хөлс, төлбөрийг хууль болон гэрээгээр тохирсны дагуу манай компанид төлөөгүй. Бидний зүгээс * ХХК-ийг эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоож, нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан анхны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцогдох хууль зүйн үндэстэй гэж үзэж байна. Иймд хариуцагч * ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 482,909,225 төгрөг, алданги 241,454,612.5 төгрөг, нийт 724,363,837.5 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:* ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр * р ХХК-д гудамж төслийн хүрээнд баригдсан 8.3 км авто зам барилгын ажлын 5 байршилд гэрлэн дохио суурилуулах ажлыг гүйцэтгүүлэх саналыг хүргүүлсэн. Гэтэл * р ХХК нь ердийн боломжит хугацаанд хариу ирүүлээгүй тул уг ажлыг өөр гуравдагч этгээдээр хийж гүйцэтгүүлсэн. Улмаар нэхэмжлэгч компанитай гэрлэн дохио суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлэх тохиролцоонд хүрээгүй тул гэрээний урьдчилгаа төлбөрт 20.000.000 төгрөгийг ямар нэгэн байдлаар шилжүүлээгүй. Хэрэв урьдчилгаа төлбөрийг бэлнээр хүлээлгэн өгсөн тохиолдолд * ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурсан байх учиртай. Өөрөөр хэлбэл мөнгөний орлогын баримтад * р ХХК-ийн бичиглэлтэй гарын үсэг байгаагаас харахад тус баримтыг хэдийд ч үйлдэх боломжтой тул нэхэмжлэгчийн гэрээ байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрч гэрээний үүргээ хэсэгчлэн биелүүлсний илрэл гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Мөн тухайн цаг хугацаанд манай компанид * гэх нэртэй ажилтан байгаагүй болно. Иймд дээрх үйл баримтаас харахад талуудын хооронд анхнаасаа иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагчаар оролцвол зохих этгээд * ХХК биш байх тул нэхэмжлэгч * р ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 347 дугаар зүйлийн 347.1, 232 дугаар зүйлийн 232.3, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хариуцагч * ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 482,909,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * р ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 241,454,612.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч * р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,779,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-аас 2,572,496 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * р ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Гэрээ байгуулах санал, ажил гүйцэтгэх төсвийн мэдээлэл зэрэг холбогдох нотлох баримтуудыг * ХХК-аас "* р ХХК-д ирүүлснийг хүлээн авч, холбогдох гэрээний төсөл, үнийн дүнтэй танилцаж, улмаар гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч баталгаажуулан * ХХК-д буцаан хүргүүлсэн үйл баримт бүрэн нотлогддог. Энэ асуудлаар хариуцагч тал маргадаггүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс явуулсан баталгаажуулсан гэрээг * ХХК нь хүлээн авснаар талуудын хооронд гэрээ бичгээр байгуулагдсан болох нь нотлогдоно. * р ХХК-аас үл хамаарах шалтгаанаар * ХХК нь баталгаажуулсан гэрээг ирүүлээгүй боловч, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор * р ХХК нь гүйцэтгэсэн тул тэдний зүгээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

4.1 "* ХХК нь гэрээний урьдчилгаа төлбөр, гэрээ байгуулах баталгаа болгож, 20,000,000 төгрөгийг * р ХХК-д өгсөн үйл баримт нь талуудын хооронд гэрээг албан ёсоор байгуулагдсан болохыг давхар нотолж байна. Ажлын үр дүнг улсын комисс хүлээн авсан бөгөөд өнөөдрийг хүртэл 5 байршилд суурилуулсан гэрэл дохио хэвийн ажиллаж, үүргээ гүйцэтгэж байгаа нь ажлын үр дүнгийн чанарыг илэрхийлэхээс гадна гэрээний дагуу ажил хийгдэж, бодит үр дүн гарсан болохыг давхар нотолж байна. Иймд алданги болох 241,454,612.5 төгрөгийг хариуцагч * ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч * р ХХК-д олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр байгуулснаас шаардах эрх үүссэн. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний төгсгөлд гарын үсэг зурсан баримт бичгийг шинжээчийн баг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээний саналыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсэг зурсан албан бичиг, захидал, тэдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж заасан боловч хариу ирүүлээгүй. Нэхэмжлэгч компани нь үндэслэл болгосон Иргэний хуулийн 196 дугаар зүйлд зааснаар гэрээ амаар байгуулагдсан гэж зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт нь анзыг шаардах эрхгүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүхээс гэрээний загварыг * р ХХК нь баталгаажуулсан байх боловч * ХХК-ийн захирал гарын үсэг зурж баталгаажуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь * ХХК нь уг ажлыг гүйцэтгүүлэх санал гарган гэрээний төслийг нэхэмжлэгч * р ХХК-д хүргүүлсэн боловч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.4-т заасны дагуу ердийн боломжит хугацаанд хариу ирүүлээгүй. Нэхэмжлэгч компани нь гэрээ байгуулах саналд хүлээн зөвшөөрч гэрээний төслийг баталгаажуулан ирүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

 

6.1 Улмаар гудамж төслийн хэрэгжүүлэгч нэгжийн удирдлагын зүгээс 2016 оны 06 дугаар сарын сүүлээр * ХХК-д хандан * р ХХК нь нийт 110,960,399 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байсныг Авто замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиог шинээр суурилуулах ажлын гүйцэтгэл тооцох акт үйлдсэн байдаг. Шүүхээс нэхэмжлэгч компанийн гүйцэтгэсэн ажлын баримт бичгээс зөвхөн 2 байршилд суурилуулсан гэрлэн дохионы актуудын хуулбар ирснийг дурдах зүйтэй гэж дүгнэсэн атлаа * р ХХК-ийг тус 5 байршилд гэрлэн дохио суурилуулах ажлыг бүрэн гүйцэтгэсэн нь тогтоогдсон гэж үзсэн боловч нэхэмжлэгч компани нэхэмжлэлд дурдагдсан үлдсэн гэрлэн дохионуудыг байршуулж ажил гүйцэтгэсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байхад ямар ч нотлох баримтад үндэслэлгүйгээр гэрээгээр хүлээсэн ажил гүйцэтгэх үүргээ бүрэн биелүүлсэн гэдэг дүгнэлт өгч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй, үнэн зөвөөр үнэлээгүй байна. Улмаар * р ХХК-ийг 5 байршилд гэрлэн дохио суурилуулах ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдоогүй байхад хавтаст хэргийн материалд авагдсан ажил гүйцэтгэх гэрээний төсөл болон ажлын төсөл зэргийг үндэслэн хариуцагч компаниас 482,909,225 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй.

6.2 Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гарган өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй бэлэн мөнгөний орлогын баримтад * гэх хүнээс 20,000,000 төгрөг хүлээн авсан гэх баримт нь зөвхөн * р ХХК-ийн бичиглэл, гарын үсэгтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтыг үндэслэн * гэх хүнийг гэрчээр оролцуулан мэдүүлсэн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй бөгөөд тухайн бэлэн мөнгө хүлээн авсан орлогын баримтыг хэдийд ч үйлдэх боломжтой нэхэмжлэгчийн гэрээ байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрч гэрээний үүргээ хэсэгчлэн биелүүлсний илрэл гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна. Манай компани нь гэрээ байгуулах саналаа 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн байдаг. Гэтэл бэлэн мөнгө хүлээн авсан орлогын баримт нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр үйлдсэн байгаагаас харахад хэрэгт хамааралгүй баримтыг гэрчийн мэдүүлгийн эх сурвалж болгосон, гэрч нь гэрчилж буй үйл баримттай холбоотой эх сурвалж заагаагүй зэрэг нь шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй буюу эргэлзээтэй нотлох баримтыг үнэлсний улмаас талуудын ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж хууль буруу хэрэглэж * ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна.

 

6.3 Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй * ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэг нь зөвхөн авто зам, барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой маргаан юм. Гэтэл шүүхээс хариуцагч нь маргааны зүйл гэрлэн дохио суурилуулах ажлаа гүйцэтгэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус авто замын салшгүй хэсэг болох гэрлэн дохио суурилуулах ажлыг гүйцэтгээгүй гэж үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэх байдлаар өөр хоорондоо хамааралгүй авто зам болон гэрлэн дохио суурилуулах ажлыг холбон тайлбарлах байдлаар гаргасан шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болоогүй юм. Түүнчлэн Увс аймгийн цагдаагийн газрын 2022 оны 44-5\5 тоот албан бичгээр * р ХХК-ийг Увс аймгийн төвд 5 байршилд суурилуулсан гэрлэн дохио нь хэвийн ажиллагаатай болох нотлогддог гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд цагдаагийн газрын албан тоот нь * р ХХК-ийг Увс аймгийн Улаангом суманд хэзээ, ямар байршилд, хэдэн ширхэг гэрлэн дохиог суурилуулсан нь тодорхойгүй, мөн тус иргэний хэргийн маргааны зүйлтэй хамааралтай эсэх нь эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэн * р ХХК-ийг гэрлэн дохио суурилуулсан болохыг нотлох боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхээр хэрэг маргааныг шийдвэрлүүлэх хугацаанд ямар байгууллагаар ямар ажил гүйцэтгэсэн гэдгээ өнөөдрийг хүртэл нотолж чадаагүй. * р ХХК-ийн хийсэн ажлыг үнэлэхдээ 110,960,399 төгрөг болсон гэж хийж гүйцэтгүүлсэн ажлаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч * р ХХК нь хариуцагч * ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 724,363,837 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай гэрээ байгуулж, түүний туслан гүйцэтгэгчээр гэрлэн дохио суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн, урьдчилгаа 20,000,000 төгрөг авсан, одоо ажлын үлдэгдэл хөлсөө гаргуулна гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгч талтай ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд оролцоогүй, өөр этгээдээр ажлыг гүйцэтгүүлсэн, 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх-1, 38/

 

3. * р ХХК, * ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Гудамж төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом сумын төвд хийх бүтээн байгуулалтын ажил, 8,3 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь хөлс төлөхөөр харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлын үр дүн бий болсон байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 

3.1 Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйлд гэрээ байгуулах, гэрээ байгуулсанд тооцох зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөлүүдийн талаар зохицуулсан буюу нэг тал гэрээ байгуулах санал гаргасныг нөгөө тал хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулагдсанд тооцдог журамтай.

 

4. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

5 Хэрэгт авагдсан авто замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиог шинээр суурилуулах ажлын гүйцэтгэлийн талаар талуудын тооцоо нийлсэн акт болон 6, 7 дугаар уулзварын гэрлэн дохионы ажил хийсэн акт, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтаар * р ХХК нь Гудамж төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом суманд хийх бүтээн байгуулалтын ажил, 8,3 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын 6, 7 дугаар уулзварын гэрэл дохио суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна. /хх63-64, 117-121, 126-139,146-147/

 

5.1 Нэхэмжлэгч нь хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрлэн дохио суурилуулах ажлыг гүйцэтгэсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Дээрх ажлыг * р ХХК хийж гүйцэтгэсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад * р ХХК-аар ажил гүйцэтгүүлсэн байдлаа хүлээн зөвшөөрсөн явдал нь гэрээ хэрэгжсэн нөхцөл байдлыг нотолж байх тул түүнд тохирсон ажлын хөлсөө хариуцагчаас шаардах эрхтэй.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч * р ХХК нь Увс аймгийн Улаангом сумын төвд 5 байршлын 6, 7 дугаар уулзварын гэрлэн дохиог суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн атлаа тухайн 5 байршилд байрлуулсан авто замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы ажлын хөлсийг бүрэн хэмжээгээр гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.

 

6.1 Тодруулбал, тухайн 1, 2, 3 дугаар гэрлэн дохио суурилуулах ажлын гүйцэтгэлтэй холбоотой ажлын хөлсийг шаардахдаа нэхэмжлэгч уг ажлыг хийж гүйцэтгэсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

6.2 Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчаас 6 дугаар уулзварын ажлын хөлс болох 70,245,994 төгрөг, 7 дугаар уулзвар 58,138,437 төгрөг, нийт 128,384,431 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгч * р ХХК нь ...хариуцагч * ХХК-ийн ажилтан н.* ээс гэрлэн дохио суурилуулсан ажлын хөлсний урьдчилгаанд 20,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарладаг боловч энэ нь нэг талын буюу нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт байх ба хариуцагч 20,000,000 төгрөг шилжүүлээгүй гэж тайлбарласан. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг хасч шийдвэрлэснийг буруу гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь урьдчилгаа мөнгө шилжүүлээгүй, шилжүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

 

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн алданги 241,454,612 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь талуудын хооронд анзыг бичгээр тохиролцсон тохиролцоо хэрэгт баримтаар авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын алданги гаргуулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Харин шүүх гэрээний алдангийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах заалтыг баримтлаагүйг залруулан шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/03056дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч * ХХК-аас 128,384,431 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * р ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 595,979,406 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтын 2,572,496 гэснийг 799,872 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,365,224 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 2,572,496 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.* ЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН