Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00103

 

 

2023 01 06 210/МА2023/00103

 

 

*** ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/02381 дугаар шийдвэртэй,

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй,*** ХХК, ************-д холбогдуулан

Урьдчилсан нөхцөлт худалдах-худалдан авах болон эскроу гэрээний С хавсралт *** ххк-ийн хувьцаа шилжүүлэх гэрээний үүрэгт 2015-2021 оны үүргийн хэрэгжилт 10,806,833,929 төгрөгийг тус компаниас гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсэлэнгэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, С.Баяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. 2002 онд *** ХХК нь өөрийн эзэмшлийн 0000 тоот Баян-Айрагийн ордын хайгуулын лиценз (анхдагч лиценз)-ийг шилжүүлж, Канад улсын Онтарио мужийн хуулийн дагуу байгуулагдсан *** ЛТД корпораци нь хөрөнгө оруулахаар тохиролцож *** ХХК-ийг үүсгэн байгуулсан.

*** ХХК-ийг үүсгэн байгуулахтай холбоотойгоор *** ХХК, *** ЛТД корпораци, * ЛТД корпорациудын хооронд 2002 оны 05 сарын 13-ны өдөр Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Earn-in) болон Эскроу гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээний А хавсралтаар анхдагч лиценз, түүний талбайн солбилцлыг, В хавсралтаар лиценз хамрах талбайн тодорхойлолт, С хавсралтаар*** ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ, D хавсралтаар *** ХХК-ийн үүсгэн байгуулах тогтоол болон дүрэм, Е хавсралтаар анхдагч лицензи шилжүүлэх тухай гэрээ, F хавсралтаар зөвшөөрөгдсөн зардал, G хавсралтаар зөрчлийн тухай мэдэгдэл, Н хавсралтаар нөхцөл биелэгдсэн тухай мэдэгдэл, I хавсралтаар худалдан авах тухай мэдэгдлийг баталсан.

*** ХХК нь өөрийн эзэмшлийн анхдагч лицензийг шилжүүлснээр*** ХХК-ийн 20 хувийн хувьцааг эзэмших, мөн компанийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг жил бүр авахаар, *** ЛТД корпораци одоогийн ************ нь хөрөнгө оруулж байгаагийн хувьд 80 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцож Эскроу гэрээг байгуулсан.

Компанийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг жил бүр авахаар тохиролцсон тохиролцоог*** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан Эскроу гэрээний С хавсралтын 3-т зааснаар*** ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3-т зааснаар *** ХХК нь тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийн хувьцааны хэмжээгээр зөвшөөрөгдсөн зардлаас давсан зардлыг хариуцах үүргээ хүлээн зөвшөөрсөн байх боловч энэхүү үүрэг нь зөвхөн лицензэд талбай дахь ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний *** ХХК-д ногдох хувийн 80 хувиар төлөгдөх болохыг талууд хүлээн зөвшөөрч, хүлээх үүрэгт нь хязгаарлалт тавьсан.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т зааснаар аж ахуй нэгжийн санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүнд мөнгөн гүйлгээний тайлан хамаарах бөгөөд сангийн сайдын 2017 оны 361 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар-ын 5 дугаар бүлгийн Мөнгөн гүйлгээний тайлан хэсэгт Мөнгөн гүйлгээний тайлан нь үндсэн үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ, бүх цэвэр мөнгөн гүйлгээ гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. гэжээ.

Энэхүү зааврын 5 дугаар бүлгийн үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ хэсгийн (в)-д Үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого болон мөнгөн зарлагын зөрүүгээр үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг тодорхойлно. гэсэн тул Эскроу гэрээгээр *** ХХК-д ногдох 20 хувийн 20 хувийг жил бүрийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээнээс өгөхөөр тодорхойлсон.

Иймд*** ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний *** ХХК-д ногдох хувь буюу 20 хувийн 80 хувиар хөрөнгө оруулалтын өр төлбөрийг төлөх ба үлдсэн 20 хувийг хувийг авах эрх нь 2002 оноос буюу Эскроу гэрээ байгуулагдсан өдрөөс эхэлсэн хэдий ч үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээтэй холбоотой учраас компани ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн 2015-2021 он хүртэлх хугацааны лицензэд талбай дахь ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас тооцож 10,806,833,929.72 төгрөг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2002 оны 05 сарын 23-нд *** ХХК нь Канад улсын Онтарио мужийн хуулийн дагуу байгуулагдсан *** ЛТД Корпораци болон Британийн Виржинийн Арлуудын дагуу байгуулагдсан * корпораци болон Монгол Улсын бусад тодорхой хуулийн этгээдүүдтэй Урьдчилсан нөхцөлтэй худалдан авах (Earn-In) болон Эскроу гэрээг байгуулсан.

2002 оны 05 сарын 23-нд * БВА нь*** ХХК-ийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2005 оны 10 сарын 20-ны өдрөөр * БВА нь Урьдчилсан нөхцөлтэй худалдан авах (Earn-In) болон Эскроу гэрээний 14 дүгээр хэсэгт заасны дагуу *** ХХК дахь *** ХХК-ийн хувьцааг худалдан авах эрхээ шилжүүлснээ мэдэгдээгүй бөгөөд *** ХХК нь ххх дахь өөрийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдах буюу шилжүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй учир*** ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр болж, *** ХХК нь *** ХХК-ийн 200 ширхэг хувьцаа эзэмшигч болж, улмаар Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2008 оны 03 сарын 25-ны өдөр *** ХХК дахь * БВА-ийн эзэмшдэг 800 ширхэг хувьцааг ******************* компанид шилжүүлсэн.

2008 оны 05 сарын 06-ны өдөр *** ХХК дахь ******************* компанийн эзэмшдэг 800 ширхэг хувьцааг Люксембург улсад бүртгэлтэй ********** компанид шилжүүлсэн.

2016 оны 08 сарын 16-нд компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба компанийн хувьцаа эзэмшигчдээр ************ болон *** ХХК хэвээр үлдсэн.

2.2. 2002 оны Урьдчилсан нөхцөлтэй худалдан авах (Earn-In) болон Эскроу гэрээ-ний С хавсралтын болох Монгол хэл дээрх орчуулга нь*** ХХК-ийн хувьцаа шилжүүлэх гэрээ гэсэн гарчигтай бөгөөд уг хувилбарт ...*** ХХК нь Баян айраг экплорэйшн ХХК-ийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар лицензэд талбайтай холбогдуулан * Канадын гаргасан, зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам.доллараас давсан аливаа болон бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал (давсан зардал)-ын хорин хувийг*** ХХК-д нийлүүлэх үүрэг хүлээхээ хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан *** ХХК-ийн хүлээх үүрэг нь зөвхөн Лицензэд талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний хххд ногдох хувийн наян хувиар төлөгдөх үүрэг (хххын үүрэг) болохыг ойлгон хүлээн зөвшөөрч байна. хххд ногдох хувийг ххх дахь хххын хувь гэж үзэх бөгөөд уг хувийн хэмжээг Лицензэд талбайд дахин нэг буюу хэд хэдэн уурхай ашиглалтад оруулахаар шийдвэрлэвэл тухай бүр нь шинэчлэн тогтоож болно. гэх байдлаар тусгагдсан.

2002 оны Урьдчилсан нөхцөлтэй худалдан авах (Earn-In) болон Эскроу гэрээний С хавсралт болох *** ХХК-ийн хувьцаа шилжүүлэх гэрээнд нэхэмжлэгч *** ХХК хувьцаа эзэмшлийнхээ 20 хувийн үлдсэн 20 хувьд ногдох хэмжээгээр өр төлбөрт төлөх үүрэг хүлээхгүй буюу гарах зардлаас үл хамааран авах тухай заалт огт байхгүй.

Компанийн хувьцаа эзэмшигчид ********** болон *** ХХК нь*** ХХК-аас ногдол ашиг болон ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон цэвэр мөнгөн гүйлгээнээс ямарваа нэгэн хувь, хэмжээгээр авах эрхгүй.

Түүнчлэн, *** ХХК-ийн 2016 оны 08 сарын 16-ны өдөр баталсан дүрмийн 5.2-р зүйлд тус компани нь Төлөөлөн удирдах зөвлөлгүй байхаар заасан бөгөөд мөн дүрмийн 5.1 (i)-д зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байхаар тусгасан.

Нэхэмжлэгч нь гэрээний С хавсралт болох*** ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дугаар заалтыг үндэслэн *** ХХК-ийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний хорин хувийн хорин хувийг хариуцагчаас нэхэмжилж байгаа боловч компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар ашиг тараах, хуваарилах талаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гараагүй.

2.3. Компани, Компанийн Хувьцаа Эзэмшигчийн Харилцан Хамааралтай Этгээдүүд, ******* болон ххх (ххх) Лимитэд (Хувьцаа Эзэмшигчийн Харилцан Хамааралтай Этгээдүүд) компаниудын хооронд байгуулсан хэд хэдэн зээлийн гэрээний дагуу Компанийн хувьцаа эзэмшигчийн харилцан хамааралтай этгээдүүдээсээ буюу хүлээн авсан нийт зээлийн хэмжээ 40,071,742.11 ам.доллар болон 64,999,685,940 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд нэхэмжлэгч санхүүгийн нөхцөл байдлын талаар бүхий л мэдээллийг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.4. 2002 оны 05 сарын 13-ны өдрийн Урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах (ear in) болон эскроу гэрээ нь нэхэмжлэгч *** ХХК, *** ЛТД корпораци (* Канад) болон * ЛТД БВА (* БВА) болон бусад хуулийн этгээд нарын хооронд байгуулагдсан. Бусад хуулийн этгээдүүд болох ллл, иии, ммм компани болон ммм компаниуд нь дээрх гэрээнд агент, зөвлөхийн үүрэгтэйгээр оролцсон. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн гэрээнд заасан 0000 тоот анхдагч лицензийг * БВА компанийн үүсгэн байгуулсан *** ХХК-д шилжүүлэх, * Канад компани нь лицензийн үнэд 25,000 ам.долларыг агент болох ллл, иии, ммм компанийн гэрээний 1-д заасан дансанд байршуулсан.

Улмаар нэхэмжлэгч хайгуулын 0000 тоот лицензийг хариуцагчид шилжүүлсэн өдрөөр агентаас лицензийн үнэ 25,000 ам.долларыг авч худалдах, худалдан авах гэрээний үүргээ талууд бүрэн гүйцэтгэсэн.

Тус гэрээ нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний бусад заалтаар ашиг малтмалын талбай дээр үйл ажиллагаа явуулахтай холбоотой гарсан зардлыг хэрхэн хуваарилж, ямар хэмжээгээр үүрэг хүлээх талаар зохицуулсан.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн бусад хуулийн этгээдүүдтэй байгуулсан гэрээгээр лиценз шилжүүлэх, лицензийн үнийг төлөх, хувьцаа шилжүүлэх талаарх харилцааг зохицуулсан ба ямар нэгэн ногдол хувь, ашиг тараах үүргийг зохицуулаагүй.

2.5. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг *** ХХК-аас шаарддаг боловч тус компани нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар үүрэг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан харилцаа үүсээгүй, дээрх урьдчилсан нөхцөлтэй худалдах, худалдан авах (ear in) болон эскроу гэрээ зохигчдын хооронд байгуулагдаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг*** ХХК-аас шаардах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь 20 жилийн өмнө байгуулагдсан гэрээний үүрэгт тус гэрээнд эрх, үүрэг хүлээж оролцоогүй Баян айраг эксплорэйншн ХХК-аас шаардлага гаргаж байгаа нь буруу юм.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болсон Урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах болон эскроу гэрээний С хавсралт болох *** ххк-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний дагуу 10,806,833,929.72 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг гэрээнд оролцсон бусад хуулийн этгээдүүд хүлээгээгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч*** ХХК-аас 10,806,833,929 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,350,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч*** ХХК-аас 54,192,119 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 23-ний өдрийн 2147 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасантай нийцээгүй. Учир нь шүүх хариуцагч, түүний төлөөлөгч нарын татгалзлын үндэслэл, тайлбарт дутуу дүгнэлт өгсөн буюу талуудын мэтгэлцээн бүрд дүгнэлт хийгээгүй.

2002 оны 05 сарын 13-ны өдрийн Урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах болон эскроу гэрээ-ний С хавсралтын 3 дахь заалтад*** ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг жил бүр *** ХХК-д төлөх талаар үг, өгүүлбэр, шууд агуулга байхгүй.

Энэ заалтаар*** ХХК нь *** ХХК-ийн өмнө ямар нэгэн төлбөр буюу үүрэг хүлээсэн нь нотлогддоггүй. Тус заалт нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахтай холбоотой зардлыг шийдвэрлэсэн бөгөөд зардлын хувь хэмжээг шууд тусгасан агуулгатай.

*** ХХК-ийн дүрмийн 7.1.2-т тус компанийн үндсэн үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр гүйлгээтэй холбоотой ашиг хуваарилах асуудлыг зохицуулсан. Гэтэл шүүх уг баримтыг хэрхэн няцааж дүгнэсэн талаар шийдвэртээ дурдаагүй, хэргийн баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй.

4.2. *** ХХК-ийн*** ХХК-д шилжүүлсэн гэх 0000 тоот хайгуулын лиценз эзэмшигч нь сссс ХХК болох нь хэргийн баримтаар тогтоогддог. *** ХХК-ийн хувьцаа эзэмшигч 6 иргэн сссс ХХК -ийн хувьцааг эзэмшдэг болохоос *** ХХК нь сссс ХХК -д хувьцаа эзэмшдэггүй.

2022 оны 05 сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд лицензтэй холбоотой эрх, итгэмжлэлийг сссс ХХК -аас *** ХХК олж авсан эсэхийг нэхэмжлэгчээс тодруулсан ч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.

4.3. Мөн*** ХХК-ийн 2015-2021 оны жилийн санхүүгийн тайлангаар тус компани алдагдалтай ажилласан байхад шүүх энэ үйл баримтад дүгнэлт өгөөгүй. Хариуцагч нь 0000 тоот хайгуулын лицензээс гадна өөр ашигт малтмалын талбайд үйл ажиллагаа явуулдаг талаар маргасан ба үүнтэй холбоотой нотлох баримтыг Ашигт малтмалын газрын тосны газраас шүүхийн журмаар гаргуулсан.

Уг баримтаар 0000 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг*** ХХК-ийн хүсэлтээр 2008 оны 03 сарын 20-ны өдрийн шийдвэрээр MV-013409 тоот лицензийг олгосон ба үүнээс гадна 2007 оны 12 сарын 14-ний өдрийн шийдвэрээр XV-013019 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг авч, 2014 оны 09 сарын 02-ны өдрийн шийдвэрээр 3910.87 гектар талбайд ашигт малтмал ашиглах 00000 тоот тусгай зөвшөөрөл болгон авсан.

Нэхэмжлэгч нь 00000 тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулсан орлогоос нэхэмжлэхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

4.4. Гэрч Г.Б ын мэдүүлгээр *** ХХК нь*** ХХК-ийн 20 хувийн хувьцааг, Канадын х*** компани 80 хувийн хувьцаа эзэмшихээр тохиролцсон гэдэг. Энэ мэдүүлгээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох болон нэхэмжлэгчийн шаардах эрхийг нотлоогүй.

Гэтэл шүүх гэрчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй. Мөн гэрчийн мэдүүлэг нь компанийн дүрэм болон тайлбараар тогтоогдоогүй тул эргэлзээтэй юм.

4.5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хуулийн 99, 101, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгө гэх 10,806,833,929 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгөн хөрөнгө гаргуулахаар бус хариуцагчийн хууль бус эзэмшлээс хөрөнгө гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэхэмжлэгч мөн ингэж тодруулдаг.

Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хууль бус эзэмшлээс хөрөнгө гаргуулах гэж тодорхойлсон тул энэ шаардлагад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

4.6. Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Хариуцагч нь гэрээний үүрэг биелэгдсэн гэж маргаж байхад анхан шатны шүүх уг үйл баримтад дүгнэлт хийгээгүй.

Хайгуулын 0000 тоот лиценз сссс ХХК -аас*** ХХК-д шилжсэнээр сссс ХХК , *** ХХК-уудын өмчлөх эрх Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон тул лицензтэй холбоотой аливаа үр шимийг хүртэх эрхгүй.

сссс ХХК нь 0000 тоот лицензээ шилжүүлээд 25,000 ам.долларыг*** ХХК-ийн хувьцаа эзэмшигч * канад компаниас эксроу агентын дансаар шилжүүлэн авсан.

сссс ХХК өөрийн эзэмшиж байсан 0000 тоот хайгуулын лицензийг*** ХХК-д шилжүүлсэнтэй холбоотой шаардах эрхийг *** ХХК-д шилжүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байхад уг лицензийг шилжүүлсний төлбөрт 20 хувийн 20 хувийг авах ёстой гэх агуулгаар нэхэмжлэл гаргасныг шүүх хэрхэн дүгнэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй.

*** ХХК ашигт малтмалаас олсон ашгийг *** ХХК-тай хуваах, жил бүр тодорхой хувь хэмжээгээр олгох талаар гэрээ, хэлцлийг байгуулсан болохыг эргэлзээгүй нотлогдож байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

4.7. Мөн худалдах-худалдан авах гэрээ нь хөрөнгө шилжиж, үнэ төлөгдсөнөөр үүргийн харилцаа дуусгавар болдог. Гэтэл шүүх гэрээг 20 жилийн турш хэрэгжих мэтээр дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүх гэрээний D хавсралтаар*** ХХК-ийг үүсгэн байгуулах тогтоол гэх бичгийн баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорнд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Учир нь тус хавсралтаар*** ХХК-ийг байгуулаагүй бөгөөд * ЛТД нь дангаар*** ХХК-ийг 100 хувийн хөрөнгө оруулалтайгаар үүсгэн байгуулсан нь УБЕГ-аас ирүүлсэн баримтаар тогтоогддог.

Шүүх гэрээний C хавсралт, эсхүл D хавсралтын алийг үндэслэн нэхэмжлэгч *** ХХК нь өөрсдийн эзэмшиж бйасан лицензээ шилжүүлсний төлөө*** ХХК-ийн лицензэд талбай дээр ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний нэхэмжлэгчид ногдох хувь буюу 20 хувийн 20 хувийг тухайн жилд авахаар тохиролцсон байна гэж үзлээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

Нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардаагүй байхад шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь ойлгомжгүй.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасныг шүүх зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч 2022 оны 05 сарын 13-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 20 жилийн дараа шаардсаныг хариуцагч Иргэний хуулийн 75, 76, 88, 198 дугаар зүйлд зааснаар үгүйсгэж байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны танхимд гаргасан тайлбарууд үндэслэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өөрчилсөн гэж гомдолд дурдагддаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу гэж сольсон хэдий ч шүүх хуралдааны асуулт хариултаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгааг тайлбарласан. Иймд энэ талаар хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

5.2. Энэ гэрээ нь урьдчилсан тохиролцсон худалдах худалдан авах эскроу гэрээ юм. Уг гэрээгээр тодорхой хугацаанд нөхцөл биелэгдэх асуудлыг зохицуулсан. Гэрээг бүхлээр харвал*** ХХК болон *** ХХК-ийн өөрийн шилжүүлж чадах үүргийг*** ХХК-ийн 3000Х дугаартай лицензийг дундаа шилжүүлж, хариу төлбөр авах нөхцөлтэй гэрээ юм.

Нэгдүгээрт, хариу төлбөр нь 25,000 ам доллар байсныг хүлээн зөвшөөрсөн.

Хоёрдугаарт, хариу төлбөр нь шинээр дундаа байгуулж байгаа буюу 2002 оны 05 сарын 13-ны өдрийн гэрээгээр*** ХХК-ийн 20%-ийн хувьцааг манай тал эзэмших.

Гуравдугаарт, 20 хувийн хувьцааг эзэмшиж байгаатай холбоотой дагалдах гэрээний нэмэлт хариу төлбөр менежмент, үйл ажиллагаанд оролцохгүй ба төлөөлөн удирдах зөвлөл байгуулахгүй байж болно. Харин компанийн жил бүрийн мөнгөн гүйлгээ эерэг байвал хорин хувийг авах хариу төлбөртэй гэрээг байгуулсан.

5.3. Хариуцагч талын гүйцэтгэх захирлын анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт тус гэрээнд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдэг бөгөөд гэрээний ашигт малтмалын талбай дээр үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлыг хэрхэн хуваарилж, ямар хэмжээгээр үүрэг хүлээхээр зохицуулсан байна.

Иймээс урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл биелсэн буюу зарим нөхцөл нь биелээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

5.4. Хариуцагч тал гэрээгээр тохиролцсон зарим үүргээ биелүүлсэн боловч нэмэлт үүргийн гүйцэтгэлийг хангаагүй байгаа тохиолдолд үүрэг дуусгавар болсон гэж үзэх боломжгүй. Иймд нэмэлт үүргийн гүйцэтгэлийг буюу 20%-ийн 20%-ийг төлөөгүй учраас үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгч дүгнэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг хэрэглэсэн. Уг заалт үүрэг зөрчсөн бүхий л тохиолдолд хэрэглэгддэг. Мөн хугацаа шаарддаг. Тэгэхээр анхан шатны шүүгч хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан гэж маргаад байгааг ойлгохгүй байна.

5.5. Аливаа гэрээ хэлэлцээр хууль тогтоомжид шууд тодорхойлон бичихдээ эсхүл тодорхойлон бичээгүй ч утга агуулгын тодорхойгүй нуугдмал бичиглэлтэй гэсэн 2 хэлбэрээр бичигддэг.

Гэрээнд үлдсэн 20 хувийг шилжүүлнэ гэж бичээгүйн улмаас нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэхгүй. Тус гэрээ нь онолын үүднээс нуугдмал бичиглэлтэй тул нэхэмжлэгчийн шаардах эрх нээлттэй.

5.6. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Уг гэрээ үргэлжилж байгаа ба жил бүр компани санхүүгийн тайлан гаргадаг. *** ХХК-ийн хувьцаа эзэмшигчид бүгд сссс ХХК -ийн хувьцаа эзэмшигчид гэдгийг хариуцагч тал мэддэг.

Эд хөрөнгө худалдах гэрээг заавал бичгээр хийдэг ба худалдагч гэрээ байгуулж байгаа үед гуравдагч этгээдийг эд юмсыг худалдаж болно. Нэхэмжлэгч нь энэ үүргээ биелүүлж чадна гэдгээ мэдэж байгаа учраас гэрээг байгуулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй үнэлж, мэтгэлцэх зарчмаар хангалттай хангаж шийдвэр гаргасан тул хэвээр үлдээж өгнө үү.

5.6. Гэрээний С хавсралтын 4-т хариуцагч компанийн 80%-ийн хувьцаа эзэмшигч нь давсан зардалд ногдох 80 хувийг нэхэмжлэгчид хамаарах зээллэг гэж үзнэ. Нэхэмжлэгч нь гэрээний С хавсралтын 3-т зааснаар*** ХХК- ийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20%-ийнхан 80%-аар төлөх үүрэг хүлээсэн ба 20 хувийн 20 хувь нэхэмжлэгчийн авах ёстой мөнгө юм.

Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ гэж олон улсын болон нягтлан бодох бүртгэлийн тухайд тодорхой ойлголт ба талууд ашиглалтын талбайд цэвэр мөнгөн гүйлгээ гэдэг агуулгаар гэрээ байгуулсан.

*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нийт 4 үндсэн үйл ажиллагааны чиглэл бичигдсэн боловч үүнээс ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагааг 2021 онд явуулсан.

Компанийн 2015-2021 оны санхүүгийн тайлангаас харахад мөнгөн гүйлгээний тайлан үндсэн үйл ажиллагаатай холбоотой борлуулалтын орлого буюу ашигт малтмалын орлого нь 90-100%-ийг эзэлдэг байна.

Иймд гэрээнд тусгагдсан лиценз талбай дэх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа компанийн үндсэн үйл ажиллагаанд хамаарна. Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг хуваарилах талаар дүрэмд тусгасан. Бид ногдол ашиг нэхэмжлээгүй, зөвхөн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээнээс хуваарилагдах үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч*** ХХК, ************-д холбогдуулан урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах болон эскору гэрээний С хавсралтын хэрэгжилтэд 10,806,833,929 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ************-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

 

3. *** ХХК, *** ЛТД корпораци, * ЛТД корпораци нарын хооронд 2002 оны 05 сарын 13-ны өдөр Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах болон Эскроу гэрээ тус тус байгуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 26-41/

 

3.а. Уг гэрээний D хавсралтаар * ЛТД корпораци нь*** ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээ авчээ. /хэргийн 2 дугаар хавтасны 22/

 

Гэрээний С хавсралтаар * ЛТД корпораци нь*** ХХК-ийн 200 ширхэг хувьцааг *** ХХК-д шилжүүлэхэд шаардлагатай бүхий л баримт бичгийг үйлдэх, хүргүүлэх, шилжүүлэхийг зөвшөөрсөн.

 

4. Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах болон эскроу гэрээний А хавсралтын 1-д зааснаар гэрээ байгуулагдсан өдөр *** ЛТД корпораци нь эскроу агентын Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк ХХК дахь дансанд 25,000 ам.доллар байршуулах, 4-т зааснаар анхдагч лицензийг*** ХХК-д шилжүүлсэн өдөр эскроу агент нь хөрөнгийг *** ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

*** ХХК нь *** ЛТД корпорацитай эрх зүйн харилцаанд оролцсон боловч *** ЛТД нь Монголд үйл ажиллагаа явуулдаг талаар баримтгүй тул нэхэмжлэгч *** ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж, ашиг олж байгаа*** ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг буруутгах үндэслэлгүй.

 

4.а. Дээрх тохиролцооны дагуу *** ЛТД корпораци нь гэрээний төлбөр 25,000 ам.долларыг *** ХХК-д шилжүүлсэн талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч үндэслэлээ *** ХХК нь дээрх гэрээний С хавсралтын 3 дахь заалтыг үндэслэн Баян айраг экплорэйшн ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний *** ХХК-д ногдох хувь буюу 20 хувийн 80 хувиар хөрөнгө оруулалтын өр төлбөрийг төлөх, үлдсэн 20 хувийн 20 хувийг хариуцагч*** ХХК-аас гаргуулна гэж,

 

Харин хариуцагч нь татгалзлаа талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 25,000 ам.долларыг төлснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон, харин*** ХХК дахь *** ХХК-ийн 200 ширхэг хувьцаанд ногдох 20 хувиас 20 хувийг ногдол ашиг хэлбэрээр олгохоор тохиролцсон гэж өөр өөрөөр тайлбарласан.

 

6. 2016 оны 08 сарын 16-ны өдөр*** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдаж, компанийн дүрмийг баталж, нийт хувьцааны 800 ширхэгийг (*** ЛТД корпораци) ************-д, 200 ширхэгийг *** ХХК-д тус тус эзэмшүүлсэн байна.

 

6.а. Талууд дээрх гэрээний үүрэгтэй холбоотой лиценз ашигласны төлбөр 20 хувь гэж тохиролцсон эсэх талаар маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай.

 

Учир нь *** ХХК*** ХХК-ийн 200 ширхэг хувьцааны 20 хувийн 80 хувиар хөрөнгө оруулалттай холбоотой зардлыг *** ЛТД корпорацид төлснөөр түүний гэрээгээр хүлээсэн үүрэг хэрхэн хангагдсан, мөн нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилж байгаа компанийн үндсэн үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 20 хувийн 20 хувь хэд болох мөнгөн дүн тодорхойгүй байна.

 

6.б. Түүнчлэн, нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаж байгаа, эсхүл ашигт малтмалын лиценз ашиглуулсны төлбөр шаардаж байгаа, эсхүл*** ХХК-ийн 200 ширхэг хувьцааны ногдол ашиг шаардаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө тодорхойлох үүрэгтэй боловч шүүх дээрх тодорхой бус нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулах замаар хэргийн үйл баримтыг зөв тогтоож, улмаар тухайн маргаантай эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэх учиртай.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан тул хариуцагч талын давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах заалдах шатны шүүхээс зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/02381 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч*** ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 54,192,119 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ