Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/ма2023/00063

 

 

 

 

 

 

 

 

2023 01 02 210/МА2023/00063

 

 

* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09дүгээр сарын 19-ний өдрийн102/ШШ2022/03108 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч* ХХК-ийн хариуцагч * ХХК, * нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт * ХХК-аас 654,115,474 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй,

* ХХК-тай байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн * дугаар зээлийн гэрээний 3.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулж * ХХК-аас 3,940,000 төгрөг гаргуулах тухай * ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: * ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр * дугаартай зээлийн гэрээг * ХХК-тай байгуулж, 300,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, 20,4 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр * /01 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт-1-ийг * ХХК-тай байгуулж, 94,000,000 төгрөг нэмж, нийт 394,000,000 төгрөг зээлдсэн. Улмаар дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож:

- 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн * дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч Б.Даарийгийн өмчлөлийн * улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/ ХД 36/а байрны 120 тоот хаягт байрлах 89,1 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг * ХХК-ийн барьцаанд тавьж,

- 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн * дугаартай фидуцийн гэрээгээр 18-86 ГЧ, 18-87 ГЧ улсын дугаартай цагаан өнгийн тусгай зориулалтын 2 ширхэг бутлуурын механизмуудыг * ХХК-ийн өмчлөлд шилжүүлж,

- 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр * дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Я.Саруултүшиг, * , * нарын өмчлөлийн, * улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 41 дүгээр байрны * тоот хаягт байрлах 49 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг * ХХК-д барьцаанд тавьсан.

* ХХК нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/123 дугаар, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/475 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/688 дугаар, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/78 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг тус тус * ХХК-д хүргүүлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 392,586,674 төгрөг, зээлийн хүү 225,781,436 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,747,364 төгрөг, нийт 654,115,474 төгрөгийг * ХХК-аас гаргуулах, хэрэв хариуцагч дээрх зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон фидуцийн гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч * ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр * дугаар зээлийн гэрээ, мөн оны 08 дугаар сарын 12-ны өдөр * /01 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулсан. Зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу зээлдэгч зээлийн хүү, төлбөрийн хуваарь зөрчсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ зээлийн хүүгийн тооцооллыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 4 удаа нэмэгдүүлэх замаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус тооцсон байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсныг үл харгалзан 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэтэрсэн хугацааны хүүг хуримтлуулан тооцсон байна. Талууд зээлийн гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт заасан хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан ба зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших хугацаанд хүү тооцох бол хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тусгасан байхаар зохицуулсан. Эндээс харахад зээлийн гэрээндээ хэтрүүлсэн хугацааны хүүг тусгайлан тохироогүй бол банк хэтрүүлсэн хугацааны хүү шаардах эрхгүй байна. Тэгвэл * ХХК нь зээлийн гэрээгээр хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэг хүлээгээгүй, мөн хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хугацааны хэтэрсэн хугацааны хүүг * ХХК-аас шаардах эрхгүй гэж үзэж байна.Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон байхад зээлдүүлэгч зээлийн гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 1 жил, 3 сар, 8 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гарган, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлийн төлбөрт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хуримтлуулж нэхэмжилж байгаа нь зээлдэгчийг хэт хохироож байгаа үйлдэл юм. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэх байсан зээлийн үнийн дүнгээс 3,940,000 төгрөгийг суутган шилжүүлсэн байдаг. Үүний үндэслэлийг зээлийн гэрээний 3.5-д үндэслэсэн гэх боловч зээлийн хүүг бүрэн олгоогүй мөнгийг хасалгүй 394,000,000 төгрөгөөр бодож хүү тооцож байгаа нь зээлдэгчийг ашиглаагүй мөнгөний хувьд хүү төлөх нөхцөл байдлыг бий болгож байх тул үндэслэлгүй байна. Иймд * ХХК-ийн хариуцагч * ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хугацааны хэтэрсэн хугацааны хүү болон энэ хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 142,972,970 төгрөгийг, мөн шимтгэлд ногдох хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б.Даарийгийн хариу тайлбар, татгалзлын агуулга: * ХХК-ийн нэхэмжлэлтэй * ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжилсэн 654,115,474 төгрөгт гаргуулах барьцаа хөрөнгөө үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. * ХХК-аас зээл авахад манай нөхөр * ХХК-тай хамтарч ажиллаж байсан. Тиймээс зээлд 89.91 м.кв байрыг барьцаанд тавьсан. Шүүхийн шийдвэрийн дагуу байрыг суллах цагт нь суллаж өгнөгэжээ.

 

4. Хариуцагч болон хариуцагч * гийн хууль ёсны төлөөлөгч * гийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Маргааны зүйл болох 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн * тоот зээлийн гэрээний хувьд * ХХК болон * ХХК нарын хооронд байгуулагдсан гэдэг нь харагдаж байх тул талуудын хооронд үүссэн зээлийн маргаан иргэн * д хамааралгүй юм. Иргэн * нь * ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, зээл аваагүй, иргэний эрх зүйн харилцаанд ороогүй учраас их хэмжээний төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох болсонд гайхаж байна. Хариуцагч * , * нар Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны хамтран өмчлөгч гэдэг байдлаар хэрэгт оролцож байгаа. Зүй нь гуравдагч этгээдээр уг хэрэгт оролцох байсан гэж үзэж байна гэжээ.

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Өвөр харзат ХХК-ийн хариу тайлбарын агуулга: Хариуцагч * ХХК болон * ХХК нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан бутлуурын машиныг дагалдах хэрэгслийн хамт манай компани 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22/01 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан. Тус бутлуурын машин нь одоогоор Өвөрхарзат ХХК-ийн бодит өмчлөлд байх тул тус хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тохиолдолд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөөр байна гэжээ.

6. Хариуцагч * ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга: * ХХК болон * ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр * дугаар зээлийн гэрээ, мөн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр * /01 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулагдсан. Тус гэрээгээр * ХХК нь * ХХК-д 394,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон боловч зээлийн гэрээний нийт үнийн дүнгээс 3,940,000 төгрөгийг зээлийн шимтгэлд хууль бусаар суутгаж авсан. Ийнхүү суутган авсан үндэслэлээ зээлийн гэрээний 3.5-д заасан гэж тайлбарлаж байсан. Энд зээл олгосны шимтгэл: олгосон зээлийн 1 хувь гэж заасан байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зээлийг ашигласан хугацаанд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасан бөгөөд зээлийн хөрөнгийг ашигласны хариу төлбөр гагцхүү хүү байхаар хуульчилсан байтал хүнээс гадна давхар шимтгэл авахаар гэрээнд тусгах замаар зээлээс суутгасан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Зээлийн мөнгөн хөрөнгөөс хууль бусаар суутгал хийсэн үйлдэл нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлийг хянан үзэж зээлийн гэрээний 3.5 дах заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж * ХХК-аас 3,940,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

7. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, татгалзлын агуулга: Иргэний хуульд гэрээний үүргийн шаардах хугацааг заасан. Уг гэрээний үүрэг нь 394,000,000 төгрөгийг зээлдүүлснийхээ шимтгэл болгож 1 хувь авсныг буцаан шаардаж байгаа бөгөөд энэ тохиолдолд гэрээний үүргийг буцаан шаардахтай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн өмнө дууссан. Мөн гэрээ 2019 оны 06 дугаар сард байгуулагдсан, тэр үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль буюу Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль нь 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдаад, 2021 онд хүчин төгөлдөр бусд тооцуулж шинэ хууль батлагдсан. Хариуцагч талаас уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг буюу хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр гэрээнд тусгана гэж байгаа. Өөрөөр хэлбэл, гэрээнд уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасан хэмжээгээр зээлийн хүүг тусгаарай гэсэн санаа юм. Гэтэл тухайн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүг, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр заасан. Гэрээний 3.2-т хүү 20.4 хувь байна гэж, 5-д нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх 20 хувиас хэтрэхгүй гэж тус тус заасан. Түүнчлэн, гэрээний 3.2-т шимтгэлийн хувь 1 хувь байна гэж заасан. Ингэж шимтгэл олгож байгааг яагаад буруу гэж үзээд байгааг, буруу гэж үзэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй. Банк зээлийн мөнгийг хариуцагчид захиран зарцуулах эрхийг бүрэн олгосон. Хэрэв өмнө нь тооцож өгөөгүй байгаад дараа нь манайх шимтгэл суутгаж аваад 200,000,000 гаруй төгрөг шилжүүлсэн бол ийм асуудал ярьж болно. Эсвэл тухайн үедээ уг шимтгэлийг зөвшөөрөхгүй гээд нэхэмжлэл гаргах боломж нь байсан. Гэтэл гаргаагүй бүтэн 3 жил зээлээ төлөөгүй явж байгаад одоо уг шимтгэлийг төлөхгүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй. Уг зээл нь бизнесийн зээл, судалгаа хийдэг учир шимтгэл авдаг. Тиймээс хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа уг шимтгэл олгосныг яагаад буруу гэж тайлбарлаж байгаагаа нотолж чадахгүй байна гэжээ.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч * ХХК-аас 519,958,563 төгрөг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 134,156,911 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч * ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Даарийгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/ ХД 36а байрны 120 тоот хаягт байрлах, * улсын бүртгэлийн дугаартай, 89,1 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Я.Саруултүшиг, * , * нарын 3 иргэний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 41 дүгээр байрны * тоот хаягт байрлах, * улсын бүртгэлийн дугаартай, 49 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, фидуцийн зүйл болох LHL-9280 маркийн цагаан өнгөтэй * улсын дугаартай, мөн LHL-9280 маркын цагаан өнгөтэй * улсын дугаартай тус тус 2 ширхэг тусгай зориулалтын бутлуурын механизм зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг баримтлан * ХХК, * ХХК нарын байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн * дугаар зээлийн гэрээний 3.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч * ХХК-аас 3,940,000 төгрөг гаргуулан хариуцагч * ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 4,130,715 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 79,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-аас 2,757,743 төгрөг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д, мөн * ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 68,990 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод, нэхэмжлэгч * ХХК-аас 148,100 төгрөг гаргуулан хариуцагч * ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

9. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

9.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 16-д ...Маргаан бүхий зээлийн гэрээнд болон өөрчлөлт оруулсан гэрээнд талууд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тусгайлан зааж тохиролцоогүй байх бөгөөд Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд ямар хэмжээний хүү тооцохыг тодорхой тусгаагүй байна... гэж дүгнэсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4-т Зээлдүүлэгч зээлдэгчийн дансанд зээлийг шилжүүлсэн өдрөөс эхлэн зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд ашигласан зээлд хүү тооцогдоно гэж зээлийн гэрээний хугацаанд зээлийг төлөөгүй бол төлөгдөж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү хэвийн үргэлжлэхийг маш тодорхой тусгасан байна. Үүнийг шүүгч яг тодорхой 1, 2, 3, 5, 10 эсвэл 20 байх ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарт дурдсан 1995 оны 10 дугаар сарын 31 -ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээгээр хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан байгаа нь хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг зээлийн гэрээнд тусгана гэсэн үг бөгөөд талуудын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн * -дугаартай зээлийн гэрээний 4-т ...зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд ашигласан зээлд хүү тооцогдоно... гэж уг зээлийн гэрээнд заасан цорын ганц зээлийн хүү болох 20,4 хувийг тооцохыг маш тодорхой зааж өгсөн. Уг хугацаа хэтэрсэн зээлд үргэлжлүүлэн 20,4 хувийн хүүг тооцох нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2, 24.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Түүнчлэн, хариуцагч нь уг зээлийн гэрээний 4-д заасан заалттай маргаагүй бөгөөд энэ заалтыг ойлгохгүй байна гэх үндэслэлээр биелүүлэхээс татгалзаж байгаа нь ойлгомжгүй, шүүх уг заалтыг хүчингүй болгоогүй байхад ямар үндэслэлээр уг гэрээний заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Мөн уг гэрээний заалтыг хүчингүй болгуулах тохиолдолд шүүхийн улсын тэмдэгтийн хураамж төлж сөрөг нэхэмжлэл гаргах ёстой байтал, сөрөг нэхэмжлэлийн шаардлага байхгүй байхад үндэслэлгүйд тооцож, хэрэгжүүлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироож байна.

9.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлахдаа ямар тооцоолол хийсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ талаар тооцооллоо шүүхэд бүрэн дүүрэн тайлбарлаж чадаагүй тул нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад бичгээр тайлбар гаргаж чадаагүй. Учир нь сөрөг нэхэмжлэлд зээлийн гэрээний 3.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушааж, уг хүчин төгөлдөр бусд тооцуулсан хуулийн заалтын дагуу шилжүүлсэн мөнгөн төлбөрийг буцаан шаардахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу тооцож шүүхийн тэмдэгтийн хураамж төлөх ёстой атал тэмдэгтийн хураамжийг аль шаардлагад тооцуулж гаргасан нь ойлгомжгүй байна. Энэ талаар хариуцагчид удаа дараа шүүх хуралд хэлж байсан бөгөөд, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон түүний нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх ёстой атал тэмдэгтийн хураамжаа дутуу төлж, яг юу шаардаж байгаагаа бүрэн тайлбарлаж чадахгүй, тооцоолол нь байхгүй байхад нэхэмжлэгчийг маргаагүй гэж үзэх нь өөрөө өрөөсгөл ойлголт учир нь нэхэмжлэгч нь хариуцагчид ямар нэхэмжлэл гараагүй байгааг хэлж тайлбарлах нь ашиг сонирхлын зөрчил бий болгож байна. Өөрөөр хэлбэл, үндэслэл бүхий нэхэмжлэл гаргаж байж үндэслэл бүхий тайлбарыг гаргах боломж бүрдэнэ.

9.3. Уг хэргийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ уг гэрээг стандарт гэрээ гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Стандарт гэрээ гэдэг нь хэд хэдэн гэрээг байгуулахдаа ижил нөхцөлийг үйлчлүүлэгчдээ байхыг шаарддаг билээ. Гэтэл шүүгч ямар үндэслэлээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг стандарт гэрээ гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл уг Зээлийн гэрээ хариуцагч байгууллагатай тусгай нөхцөлөөр байгуулсан цор ганц гэрээ юм уу, нийтэд санал болгож байгаа гэрээ юмуу гэдэг дээр шүүгч эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

9.4. Мөн зээлдэгч * ХХК-ийн зээлийн гэрээний дансанд зээлийг бүрэн шилжүүлсэн бөгөөд * ХХК нь шилжүүлсэн мөнгөнөөс шимтгэл өгөхгүй бол захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан ямар нэг үйлдэл хийсэн эсэхийг шүүгч тодруулаагүй байна. Өөрөө хэлбэл, зээлдэгч шимтгэлийн мөнгийг өгөхгүй байх эрхтэй байсан бөгөөд түүнийг аваагүй байлаа гээд зээлийг зогсоох байсан талаар ямар нэг үйл баримтыг шүүхэд сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж өгөөгүй байна. Энэ нь хариуцагч өөрөө уг зээлийг бүрэн дүүрэн ашиглаж байсныг харуулж байна. Гэтэл шүүхээс банк хүчээр 1 хувийн шимтгэл авсан мэтээр дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагч хууль бусаар шимтгэл авсан гэдгийг нотлох ёстой. Тэгээгүй тохиолдолд энэ бол хуульд заасан гэрээний чөлөөт байдал юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 654,115,474 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн тогтоох нь хэсгийн 3-т заасан 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн * -дугаартай зээлийн гэрээний 3.5-д заасан заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, * ХХК-аас 3,940,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх тус хэрэгт үндэслэл бүхий тайлбар хийсэн. Учир нь, хариуцагч талаас бид зээл төлөгдөж дуусах хүртэл хүү төлнө шүү гэдгийг гэрээнд маш тодорхой зааж өгсөн бөгөөд энэ талаараа тохиролцсон гэдэг. Хуульд хэтэрсэн хугацааны хүүг авч болохоор заасан ч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээлээ хугацаанд нь төлөөгүй бол зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрүүлэхгүйгээр заана гэж заасан. Энэ нь зээлийн хүүгийн хэмжээг заах асуудал болохоос хугацаа хэтэрсэн хүү авна гэж байгаа нь хугацаа хэтэрсэн хүүг шаардах эрхийг үүсгэхгүй. Харин тодорхой үнийн дүн бичиж, хэдэн хувиар хугацаа хэтэрсэн хүүг тооцно гэж бичих нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үүсгэх үндэслэл болно. Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд дээрх байдлаар зохицуулаагүй, хэтэрсэн хугацааны хүү хэд байхыг заагаагүй байж маш тодорхой заасан гэдэг байдлаар гуйвуулж ярих шаардлагагүй. Тодруулбал, зээлийн гэрээнд алданги төлнө гэж зааснаар алданги авах, алданги шаардах эрх үүсдэг. Алданги нь 0,5 хувиас хэтрэхгүй байхаар хуульд тусгайлан заасан. Гэтэл үүнийг тодорхойгүй хэмжээгээр заах нь шүүх талууд алдангийг тийм хэмжээгээр тохирсон гэж тогтоох боломжгүй байдлыг үүсгэдэг тул хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу хууль зөрчсөн гэж үзэж алданги шаардах эрхийг хангадаггүйтэй адилхан. Тийм учраас нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

11. Хариуцагч * ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

11.1. * ХХК болон * ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 7-ны өдөр * дугаар зээлийн гэрээ, мөн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр * /01 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулсан.Зээлийн гэрээний 3.2-д "зээлийн хүү 20,4 хувь байна, зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн төлбөрийг төлөөгүй бол гэрээний 3.6-д "Зээлдэгч зээлээ зээлийн гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдрөөс эхлэн энэхүү гэрээний 3.2 дугаар зүйлд заасан хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө" гэж заасны дагуу зээлдэгч зээлийн хүү, төлбөрийн хуваарь зөрчсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон.Нэхэмжлэгч * ХХК 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ зээл хүүгийн тооцооллыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ний өдрөөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 4 удаа нэмэгдүүлэх замаар 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл тус тус тооцсон байна.Ийнхүү нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр дуусгавар болсныг үл харгалзан 2022 оны 08 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хугацааны хүү-г хуримтлуулан тооцжээ. Харин анхан шатны шүүх Талууд зээлийн гэрээгээр хэтэрсэн хугацааны хүү төлөх эсэх талаар харилцан тохиролцоогүй учраас нэхэмжлэгч * ХХК-ийг зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс хойш хугацааны хэтэрсэн хугацааны хүү-г хариуцагч * ХХК-аас шаардах эрхгүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Гэвч анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс хойш хугацааны хэтэрсэн хугацааны хүү-г хэрэгсэхгүй болгосон атлаа энэ хугацааны нэмэгдүүлсэн хүү-г хариуцагч "* ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Ийнхүү анхан шатны шүүх 'Зээлийн гэрээ-ний хугацаа дууссанаас хойш хугацааны нэмэгдүүлсэн хүү-г хариуцагчаас гаргуулсан үндэслэлээ шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт зээлийн гэрээний 6 дугаар зүйлд нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо зээлийн гэрээний ерөнхий ба хэсэгчилсэн хугацааны төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний 3.2-т заасан буюу зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж тохирсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасанд нийцсэн байна гэж үзэж Зээлийн гэрээ-ний хугацаа дууссанаас хойш хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,358,989 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.Учир нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 12дугаар 21-ний өдрийн 53 дугаар тогтоолд: нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ. гэж тодорхойлсноос үзвэл нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүү дээр нэмж төлүүлж буй хариуцлагын хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, үндсэн хүүг тооцож буй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр байна. Харин үндсэн хүү тооцоогүй хугацаанд хариуцлагын хэлбэр болох нэмэгдүүлсэн хүүг тооцох боломжгүй юм.

11.2. Түүнчлэн, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалаар батлагдсан банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Журмын 1.3.9-т гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн хүү гэж тодорхойлсноос үзвэл мөн адил үндсэн хүүг нэмэгдүүлж тооцохоор заасан буюу нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн дагалдах хүү гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болдог тул нэмэгдүүлсэн хүү нь ч мөн адил зээлийн гэрээний хугацаа дууссанаар дуусгавар болохоор байна. Гэтэл шүүхийн зүгээс гэрээний хугацааны нэмэгдүүлсэн хүүг тооцож давхар гэрээний хугацаа дууссанаас хойших хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүү гэж төлбөр тооцсон нь үндэслэлгүй буюу гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд л гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцох байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч * ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний хугацаа дууссан буюу хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 26,358,989 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

12. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбар, татгалзлын агуулга: Анхан шатны шүүхэд нэмэгдүүлсэн хүү авахгүй гэсэнтэй холбоотой үндсэн хүүг юу гэж ойлгож байгааг хариуцагч талыг ойлгохгүй байна. Гэрээний 3, 4-д заасан хүүг тус тусад нь ялгаж заасан. Гэрээний 3-д зээлийн гэрээний хүүг тодорхой зааж өгсөн. Гэрээний 4-д зээлийг бүрэн төлөх хүртэл хугацаанд хүү тооцно буюу энэ зээлийг та төлөөгүй бол төлөх хүртэл хугацаанд хуучин хуулийн 2.5-д зааснаас хэтрэхгүйгээр хүүг тооцно гэсэн хуулийн шаардлагад нийцүүлж зээлийг бүрэн төлөх хүртэл хугацаанд энэ хүүгээр төлнө гэсэн үндсэн зохицуулалтаар гэрээг байгуулсан. Энэ гэрээний зүйл заалт одоо болтол үйлчилж байгаа. Энэ гэрээг бүрэн хэрэгжүүлээгүй буюу анхан шатны шүүх зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцсон нь хууль бус. Үүнээс үүдэлтэй нэмэгдүүлсэн хүүг гаргуулахгүй байна гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах нь үндэслэлгүй. Иймд уг давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзлээ.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * ХХК, иргэн * нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрт 392,586,674 төгрөг, зээлийн хүүд 225,781,436 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 35,747,364 төгрөг, нийт 654,115,474 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, хариуцагч * ХХК нь зээлийн гэрээний 3.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, шимтгэлд хууль бусаар тооцож авсан 3,940,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

4. Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, фидуцийн гэрээ, * ХХК-ийн * ХХК дах харилцагчийн дансны хуулга, зээлийн дансны хуулга, зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1. * ХХК болон * ХХК нар 2019 оны 06 дугаар сарын 07 ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч * ХХК нь зээлдэгч * ХХК-д 300,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар 18 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байна.

4.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Даарийгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/ ХД 36а байрны 120 тоот хаягт байрлах, * улсын бүртгэлийн дугаартай, 89,1 м.кв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөс олгогдсон итгэмжлэлийн дагуу Я.Саруултүшиг нь * ХХК-тай ББГ-2019/БГ75/01 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж барьцаалуулан, 11-1449573 дугаартай барьцаалбар үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлжээ.

4.3. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2019 оны 06 дугаар сарын 07 ны өдөр * дугаар фидуцийн гэрээг байгуулж, 18-87 ГЧ улсын дугаартай, LHL-9280 маркийн, 18-86 ГЧ улсын дугаартай, LHL-9280 маркийн тусгай зориулалтын бутлуурын механизмыг тус бүрийг 75,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгөөр үнэлэн * ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ.

4.4. Зээлийн гэрээний талууд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр * /01 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-1 гэрээг байгуулж, зээлдүүлэгч уг нэмэлт өөрчлөлтөд заасан нөхцөлийн дагуу 94,000,000 төгрөгийг зээлдэгчид нэмж зээлдүүлэхийг зөвшөөрч, зээлийн гэрээний 3.1-д зээлийн хэмжээ 394,000,000 төгрөг болсныг баталгаажуулж, зээлийн төлбөрийн хуваарийг хавсралтаар баталсан байна.

Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хамтран хариуцагч * , * нараас олгогдсон итгэмжлэлээр Я.Саруултүшиг нь нэхэмжлэгчтэй ББГ-2019БГ/75/01 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, Я.Саруултүшиг, * , * нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,13 дугаар хороолол /13371/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 41 дүгээр байрны * тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэгдсэн, 49 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулан, 11-1491618 дугаар барьцаалбар үйлдэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

4.5. Нэхэмжлэгч * ХХК нь гэрээний дагуу 394,000,000 төгрөгийг зээлдэгчид 3 хуваан шилжүүлсэн, хариуцагч * ХХК нь үндсэн зээл 1,413,326 төгрөг, зээлийн хүү 22,459,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,091 төгрөгийг зээлдүүлэгчид тус тус төлсөн байх ба уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, фидуцийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дах хэсэг, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэг, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

6.1. Учир нь анхан шатны шүүх зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн талаар гэрээний 4-т ...зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд ашигласан зээлд хүү тооцогдоно гэж заасныг ...талууд гэрээний хэтэрсэн хугацаанд ямар хэмжээний хүү тооцох талаар тодорхой тохиролцоогүй тул нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо,зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт зааснаар гэрээний хугацаа дууссанаас хойших хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй... гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэг буюу Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцээгүй байна.

6.2. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба гэрээний дээрх заалт нь хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээнээс өөрөөр буюу тодорхой бус хэмжээгээр тогтоосон гэж үзэх боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэтэрсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

6.3. Түүнчлэн, зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг 20,4 хувь байхаар талууд тохиролцсоноос үзэхэд гэрээний хугацаа дууссан тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлнө гэдэг агуулга харагдаж байгаа. Мөн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6.4. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон. Хариуцагч тал зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргадаг. Зээлийн хүү нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хариу төлбөр бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл нь гэрээгээр хүлээсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан барьцааны зүйл болох 2 орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв. Харин фидуцийн гэрээний дагуу * ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бутлуурын механизмуудыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд заасан үндэслэлгүй, энэ тохиолдолд фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй байна.

8. Зээлийн гэрээний 3.5 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

8.1. Учир нь талууд зээл олгосны шимтгэлийг харилцан тохиролцож болох бөгөөд нэхэмжлэгч нь тухайн зээлийг олгохдоо ямар хэмжээний зардал гарсан гэдгийг нотлох үүрэгтэй, уг нотлох үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй, түүнчлэн, гэрээний 3.5 дах заалтыг хүчингүй болгуулах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дах хэсэгт заасан үндэслэлгүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс зээлийн шимтгэлд суутгаж авсан 3,940,000 төгрөгийг гаргуулан хариуцагч * ХХК-д олгох үндэслэлтэй.

8.2. Мөн зээл олгосны шимтгэлд суутгаж авсан мөнгөн дүнд хүү тооцсон нь буруу тул 2,052,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Иймд хариуцагчаас нийт 652,063,474 төгрөг /654,115,474-2,052,000=652,063,474/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч * ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/03108 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...хариуцагч * ХХК-аас 519,958,563 төгрөг... гэснийг ...хариуцагч * ХХК-аас 652,063,474 төгрөг... гэж, ...134,156,911... гэснийг ...2,052,000... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч * ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.Даарийгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/ ХД 36а байрны 120 тоот хаягт байрлах, * улсын бүртгэлийн дугаартай, 89,1 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Я.Саруултүшиг, * , * нарын 3 иргэний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 41 дүгээр байрны * тоот хаягт байрлах, * улсын бүртгэлийн дугаартай, 49 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээний зүйл болох LHL-9280 маркийн цагаан өнгөтэй 18-87 ГЧ улсын дугаартай, мөн LHL-9280 маркийн цагаан өнгөтэй 18-86 ГЧ улсын дугаартай тусгай зориулалтын бутлуурын механизмыг хариуцагч * ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дах заалтыг ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч * ХХК-аас 3,940,000 төгрөгийг гаргуулж хариуцагч * ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх * ХХК, * ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн * дугаар зээлийн гэрээний 3.5 дах заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын ...2,757,743... гэснийг ...3,699,067... гэж, ...148,100... гэснийг ...77,900... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 289,745 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлсөн 1,372,972 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН