| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0766/Э |
| Дугаар | 789 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 789
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811003200891 дугаар 186/2018/0766/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Д.Агар,
Шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэр бүлийн байдал 4, аав ээж дүүгийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Булгантайж овогт Г.У
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Г.У нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Викториа” төвийн гадна иргэн Д.Мөнгөнцэцэг, З.Занданмаа нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг
Хохирогч З.Занданмаа мөрдөн байцаалтын шатанд: ... Би тэгээд нөгөө шар царайтай согтуу залууд хандаад чи яагаад хүний шүд цохьдог юм бэ гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ үснээс зулгааж аваад доошоо дарчихаад тавихгүй байсан. Би тавиачээ гээд орилж байгаад тавиулсан чинь нөгөө залуу чинь хамт явсан найз нартайгаа зугтаагаад яваад өгсөн, Тэгээд нэг их удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. Миний толгой энд тэндээ хавдсан, үснээс зулгаасан, баруун талын шанаа хөндүүртэй болсон байсан. Миний биед учирсан гэмтлийг шар царатай, цагаан өнгийн өмд өмссөн согтуу, шатан дээр шээсэн залуу учруулсан байгаа. Намайг цохисон залууг харах юм бол танина... гэсэн мэдүүлэг /хх-26-27/,
Хохирогч Д.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтын шатанд: ... Би кафедаа ажлаа хийгээд байж байсан чинь манай үүдний ресепшин Занданмаа хүрч ирээд караокенаас гарсан залуучуудын нэг нь шатан дээр шээчихлээ гэхээр нь би дахиад очсон чинь караокеноос дээшээ гардаг хэсгийн шатан дээр шээчихсэн байсан. Үүдэнд гараад очсон чинь шатан дээр шээсэн бүдүүн биетэй, сүүлд нэрийг нь мэдсэн Уламбаяр гэж залуу өмдөө ч татаж дуусаагүй зогсож байхаар нь би “чи үйлчилгээний байгууллагад үйлчлүүлж байж соёлтой үйлчлүүлэх хэрэгтэй биз дээ, яахаараа шатан дээр шээдэг юм” гэсэн чинь Уламбаяр нь “би шээгээгүй” гэхээр нь би “чи шээчихээд өмдөө ч татаж дуусаагүй зогсож байгаа биз дээ” гэсэн чинь хажууд нь байсан Уламбаяраасаа арай туранхай эрэгтэй нь “мөнгийг нь төлчихье, хэдэн төгрөг өгөх юм” гэхээр нь би “мөнгө нь ямар хамаа байна бэ, энийг чинь хүн цэвэрлэдэг юм, та нар залуу хүмүүс байж арай дэндүү юм биш үү” гэсэн чинь л Уламбаяр гэж залуу нь уурлаж над руу дайрч чамайг алчихъя авгай минь гэхээр нь би өөрөөсөө уг эрэгтэйг холдуулах санаатай бие рүү нь гараараа түлхсэн чинь шууд миний нүүр рүү гараа атгаж байгаад цохичихсон. Энэ үед манай захирал Мөнхзолбоо гарч ирчихсэн байж таарсан бөгөөд цагдаа дуудлаа гэсэн чинь Уламбаяртай цуг явсан залуучууд Мөнхзолбоог бариад авсан. Уламбаяр нүүр рүү маань цохичихоод үргэлжлүүлээд толгой, бие рүү бас цохиж зодсон. Занданмаа надтай цуг зогсож байсан чинь Уламбаяр нь Занданмаагийн үснээс бас зулгааж доош нь дараад бид хоёрыг хоёуланг нь хаалганы ар хэсэгт оруулж байгаад зодсон. Миний хоёр шүд хугарч унасан бөгөөд нэг шүд маань газар унаад олдохгүй, нэг шүд маань аман дотроо үлдсэн байсан. Би шүд уначихлаа, чи яаж байгаа юм бэ гэсэн чинь л шууд таксинд суугаад зугатаачихсан... гэсэн мэдүүлэг /хх-28-30/,
Яллагдагчаар Г.У мөрдөн байцаалтын шатанд: ...Би бол өөрөө согтуу байсан болохоор санадаггүй бөгөөд камерын бичлэгт үзлэг хийж оролцох үед Мөнгөнцэцэгийн нүүр рүү цохиж, Занданмаагийн үснээс зулгааж байгаа нь харагдсан. Тухайн үед бол тэр хоёрын биед ямар гэмтэл шарх үүссэн гэдгийг мэдээгүй. Би Занданмаа, Мөнгөнцэцэг нарт учруулсан гэмтэлдээ гэмшиж, өөрийн буруугаа ойлгож байна. Хохирогч нарт эмчилгээний төлбөрийг төлж барагдуулсан... гэсэн мэдүүлэг /хх-145-146/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №1625 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт /хх-54/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №1627 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт /хх-64/,
Камерийн бичлэгт үзлэг хийж, таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /хх-78-82/, хохирлын баримт /149-158/, хохирол төлсөн баримт /хх-159-162/
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-147/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-148/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.
Хууль зүйн дүгнэлтэд:
Шүүгдэгч Г.У нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Викториа” төвийн гадна иргэн Д.Мөнгөнцэцэг, З.Занданмаа нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Прокуророос Г.Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
Г.Уын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Г.У нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд Г.У “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг 450 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч нарт эмчилгээний зардалд нийт 7.210.000 төгрөгийг төлсөн байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сиди-г хэрэг хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.