Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 791

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1811028030935 дугаар 186/2018/0765/Э индекстэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Т.Эрдэнэбат,                             

Шүүгдэгч Б.Ө /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Шинэ гарц ХХК-д хамгаалагч ажилтай, гэр бүлийн байдал 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Б.Ө

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 8 дугаар гудамжны 103 тоотод гэртээ хамтран амьдрагч Ц.Мөнхтуяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг                 

 

Хохирогч Б.Мөнхтуяа мөрдөн байцаалтын шатанд: ... Манай нөхөр Ө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба намайг хардаж эхэлсэн. Ингээд хоорондоо маргалдахад манай хүүхдүүд уйлахад Ө манай дүү Энхбаяр луу уураа гаргах маягтай хүүхэд уйлаад байна гэж загнасан. Тэгэхээр нь би дүү Энхбаярыг өмөөрч нөхөр Ө руу гутал аваад шидсэн чинь толгойн тус газар нь оногдож, улмаар согтуу хүн уурлаад намайг алгадсан. Намайг үсдэх үед миний хамарнаас цус гарсан. Тэгээд ноцолдож байхдаа толгойн тус газар луу өшиглөөд байх шиг байсан. Тархи хөдөлсөн уруулын дээд хэсэгт шарх үүссэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-13-14/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд: ...Ц.Мөнхтуяа эгч, Б.Ө нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Нэг сэрээд харсан чинь эгч Ц.Мөнхтуяагийн хамарнаас цус гарчихсан байсан... гэсэн мэдүүлэг /хх-24/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №12132 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. 2. Ц.Мөнхтуяагийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, баруун чамархай, хамар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруулд цус хуралт, уруулд шарх, зүүн гарын 2-р хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  2.  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Цаашид  ерөнхий  хөдөлмөрийн  чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтлүүдээс нь тархи доргилт, хамрын ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын 2-р хурууны зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Шинжээч эмч, Цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэсэн дүгнэлт /хх-29/,

 

Яллагдагчаар Б.Ө мөрдөн байцаалтын шатанд: ... Гэрт ороход манай 2 хүүхэд унтаагүй гэр хүйтэн, эхнэрийн дүү Энхбаяр унтаж байсан. Тухайн үед би эхнэр Мөнхтуяад уурлан гэр хүйтэн, хүүхэд унтаагүй, гадуур тэнэж байхынхаа оронд гэртээ ирээд галаа түлэхэд яадаг юм, мөн дүү Энхбаярыг загнахад Мөнхтуяа дүүгээ өмөөрч надтай хэрүүл маргаан эхэлж, над руу манай эхнэр Мөнхтуяа гутал аваад над руу шидсэн чинь миний толгойн тус газар оносон. Тэгээд би уурандаа эхнэрээ алгадахад Мөнхтуяа миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд би эхнэрийг үснээс үсдээд цохисон чинь Мөнхтуяагийн хамарнаас нь цус гарсан... гэсэн мэдүүлэг /хх-37/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-40/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/, Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-43-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

 

  Хууль зүйн дүгнэлтэд:

  Шүүгдэгч Б.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 8 дугаар гудамжны 103 тоотод гэртээ хамтран амьдрагч Ц.Мөнхтуяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.                 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.

 

Прокуророос Б.Өод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.      

 

Б.Өын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.          

 

Шүүгдэгч Б.Ө нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.     

 

Иймд Б.Өыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг 480 нэгжээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.            

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Ө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.