Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/ма2023/00064

 

 

2023 01 02 210/МА2023/00064

 

 

* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/03673 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч * нарын

Хариуцагч * нарт холбогдуулан

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,037,957 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч нарын өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нар * -д 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн 2205022807 дугаарт бүртгэлтэй, * дүүргийн 2 дугаар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамжны 8-А дугаар байрны * тоотод байрлалтай, 198.47 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 2 жилийн хугацаатай сарын 2,500,000 төгрөгөөр тохиролцож гэрээний хугацааг зөрчсөн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор түрээсийн гэрээ байгуулсан.

Хариуцагч 2020 онд цар тахал гарч үүнтэй холбоотойгоор түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах байдлаар төлбөрийг харилцан тохиролцон зарим саруудад төлөхгүй байхаар тохиролцсон. Тодруулбал, 3 сарын хугацаанд 2,500,000 төгрөг, дараагийн гурван сар 3,000,000 төгрөг, үүний дараа 3,500,000 төгрөг, 4,000,000 төгрөг гэх мэтээр төлбөрийг өгсөх хандлагатайгаар тохиролцсон байсан боловч цар тахалтай холбоотой түрээсийн төлбөрийг 2,500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 1,500,000 төгрөг гэж буруулж зарим сар төлбөр аваагүй.

Талуудын анхны тохиролцоогоор хариуцагч 83,000,000 төгрөгийг төлөхөөр байсан боловч цар тахалтай холбоотой гэрээнд өөрчлөлт оруулснаар 47,000,000 төгрөгийн төлбөр авахаас 33,000,000 төгрөгийг гэрээний хугацаанд төлсөн. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш хариуцагч компани төлбөрөө төлөөгүй.

Иймээс төлөгдөөгүй түрээсийн төлбөр 14,000,000 төгрөг, алданги 7,000,000 төгрөг, ашиглалтын зардал 1,037,987 төгрөг, нийт 22,037,978 төгрөгийг * -аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэхэмжлэгч нар хариуцагч * рээс татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ 3 өөр бичвэр, хугацаа, үнийн дүнтэй гэрээнүүд байгаа. Энэхүү гэрээг үндэслэн нэхэмжлэгч түрээсийн үлдэгдэл төлбөр, ашиглалтын зардал, алданги нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч нь * дүүргийн Улсын бүртгэлийн газар, Нотариатчидын танхимаас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангасан.

Нотариатчидын танхимаас ирүүлсэн гэрээнд 2 жилийн хугацаатай, сарын 2,500,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр байгаа. Уг гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй.

* дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирсэн нотлох баримт болох түрээсийн гэрээ 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан, 2 жилийн хугацаатай, 2,500,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй, мөн нэг огноотой, * дугаартай нотариатч гэрчилсэн нэмэлт өөрчлөл орсон байгаа.

Хариуцагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн мөн талуудын хооронд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээ 5 жилийн хугацаатай, сард 1,500,000 төгрөгийг төлөхөөр байсан.

Түүнчлэн, * дугаартай нотариатчидын гэрчилсэн 3 өөр түрээсийн гэрээ хэрэгт авагдсан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. Дээрх 3 өөр гэрээг улсын бүртгэгч бүртгээд, мэдүүлэг гаргагчид буцаана гэсэн зохицуулалттай. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт улсын бүртгэгч маягтад тэмдэглэл үйлдэх, хувийн хэрэгт хавсаргана гэж заасныг зөрчиж улсын бүртгэлд гэрээнүүд бүртгэгдээгүй байна. Учир нь тухайн үед улсын бүртгэлийн газар гэрээг хуулийн дагуу бүртгэсэн бол улсын бүртгэгч тамга тэмдгээ дарж, түрээсийн гэрээнд мэдүүлэг гаргагч тэмдгээ дарсан түрээсийн гэрээг олгогдох байсан.

* дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирсэн түрээсийн гэрээнд зөвхөн хуулбар гэж улаан тэмдэг дарж, улсын бүртгэлийн хуулбар дээр улаан тамгаар дарсан байгааг улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул дээрх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дах хэсэгт зааснаар дээрх 3 түрээсийн гэрээнүүдийг нотлох баримт талаас үнэн зөв, эргэлзээгүй дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * -аас түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 15,037,957 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч * нарт олгож, үлдсэн 7,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 233,140 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 04 сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээ нь 3 өөр бичвэртэй, түрээслэх хугацаа нь өөр, өөр үнийн дүнтэй байдаг. Энэхүү гэрээг үндэслэн нэхэмжлэгч нар түрээсийн үлдэгдэл төлбөр, ашиглалтын зардал, алданги нэхэмжилсэн.

Дээрх гэрээнүүдийг шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Нотариатчидын танхимаас нотлох баримтаар гаргуулж ирүүлсэн байгаа. Нотариатчидын танхимаас ирүүлсэн дээрх түрээсийн гэрээний түрээслэх хугацаа 2 жил, сарын 2,500,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр тохирсон гэрээ байдаг. Энэхүү гэрээ нь нэмэлт өөрчлөлтгүй. Харин * дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирсэн түрээсийн гэрээ нь 2 жилийн хугацаатай, сарын 2,500,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр тохирч хийсэн гэрээ байгаа. Хариуцагчаас ирүүлсэн түрээсийн гэрээнд 5 жилийн хугацаатай, сарын 1,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байдаг.

Дээрх нотлох баримтаар хэрэгт авагдсан 3 түрээсийн гэрээ нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хийгдэж * дугаартай нотариатчийн гэрчилсэн гэрээнүүд байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д нэхэмжлэгч нар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар өөрт хамаарах улсын бүртгэлийн мэдээлэлтэй танилцах, шалгах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан дээрх үйлдлийг баримтаар үгүйсгэж чадахгүй байх тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д Үүнээс 14,000,000 төгрөг /түрээсийн төлбөр/+1,037,957 төгрөг /ашиглалтын зардал/ = 15,037,957 төгрөгийг түрээсийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * -аас түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 15,037,957 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * нарт олгож үлдсэн 7,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Учир нь анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн атлаа түрээсийн гэрээний зохицуулалтыг баримталж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээг 92 дугаар нотариатаар гэрчлүүлж, цар тахалтай холбоотойгоор цахимаар бүртгүүлсэн. Шүүх * дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэлтэй талаар лавлагаа ирсэн. Мөн шүүхийн шийдвэр гарсны дараа дараагийн түрээсийн гэрээг бүртгүүлэх гэхэд өмнөх * -ийн түрээсийн гэрээ бүртгэлтэй тул татгалзсан. Гэрээний нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй. Монголын Нотариатчидын танхимаас 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээг ирүүлсэн бөгөөд 3 өөр гэрээ байхгүй. * -ийн гүйцэтгэх захирлын мэдэгдэл хүргүүлсэн тухай албан бичиг хэрэгт авагдсан. Хэрэв 5 жилийн хугацаатай гэрээ байгуулагдсан бол 2022 онд үргэлжлүүлэн түрээслэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж дээрх албан бичгийг явуулах шаардлагагүй байсан. Шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. * дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын Нотариатчидын танхимаас ирүүлсэн баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган өгсөн түрээсийн гэрээтэй ижил цаг хугацаа, дүнтэй байгуулагдсан. Гэрээнд орсон нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд заавал бүртгүүлдэггүй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч * нар нь хариуцагч * , * нарт холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр, ашиглалтын зардалд нийт 22,037,957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

4. Нэхэмжлэгч * болон хариуцагч * -ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй. Хэрэгт түрээсийн 3 гэрээ баримтаар авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан, гэрээний зүйл нь * дүүргийн 2 дугаар хороолол 1 дүгээр хороо Хатанбаатар Магсаржавын гудамжны 8-А дугаартай байрны * тоотод байршилтай 198.47 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрээний хугацаа 2 жил, түрээсийн сарын төлбөр 2,500,000 төгрөг байх нөхцөлтэй гэрээг шийдвэрийн үндэслэл болгосон нь зөв болжээ.

4.1. Учир нь энэ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж дүгнэхээр байна. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2022/10138 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн * дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг баримтаар гаргуулсан байна. * дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн түрээсийн гэрээнд талууд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан, гэрээний хугацааг 2 жил, сарын төлбөрийг 2,500,000 төгрөг гэж тусгасан байна. Энэ гэрээний эхний талд талууд 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан тэмдэглэл хийгджээ. /1 хх 96-100 дахь тал/

Энэ гэрээн дээр улсын бүртгэгч бүртгэл хийсэн тэмдэглэлийг үйлдээгүйд талуудын хэн алиныг буруутгахгүй. Гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлсэн байх бөгөөд улсын бүртгэгч үйлдлээ хийгээгүйд гэрээний талууд буюу түүн дотор нэхэмжлэгчийн буруутгахгүй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлснээр нэхэмжлэгчийн хийх ёстой үйлдлээ хийсэн гэж дүгнэх тул уг гэрээг улсын бүртгэлд бүртгэгдсэн тооцно. Гэтэл анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт: Иргэн, хуулийн этгээд өөрт хамаарах улсын бүртгэлийн мэдээлэлтэй цаасан болон цахим хэлбэрээр танилцах эрхтэй гэж заасныг буюу улсын бүртгэлийн мэдээлэлтэй танилцах тухай иргэний эрхийг мэдээллийг шалгах эрх гэж өргөжүүлэн тайлбарлаж шалгах эрхээ хэрэгжүүлээгүй гэж алдаатай дүгнэжээ.

Иймд уг гэрээг талууд хүсэл зоригийг илэрхийлснээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээг бичгээр үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.

4.2. Монголын Нотариатын танхимаас ирүүлсэн талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээнд гэрээний хугацааг 2 жил, гэрээний дагуу төлөх төлбөрийг сарын 2,500,000 төгрөг гэж тусгасан байх ба энэ гэрээнд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт хийгдээгүй байна. Иймд гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн өдрөөс хойш 1 жил 3 сарын дараа талууд өөрт байгаа гэрээний хувийн эхний тал дээр гараар бичсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан байх тул нотариатчид энэ нэмэлт, өөрчлөлтийг нэмж гэрчлүүлэх эсэх нь талуудын эрх болно. Өөрчлөлт оруулаагүй, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээ болон уг гэрээнд дээр 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт, өөрчлөлтийг гараар бичиж оруулсан гэрээний хувийг хоорондоо зөрүүтэй гэж тайлбарлахгүй болно. /96-99, 100-103 дахь тал/

4.3. Мөн өдөр талууд түрээсийн гэрээг мөн гэрээний зүйл дээр байгуулахдаа гэрээний хугацааг 5 жил, түрээсийн төлбөрийг сарын 1,500,000 төгрөгөөр тодорхойлсон, уг гэрээг өмнөх гэрээг гэрчилсэн нотариатч мөн гэрчилсэн байх боловч нотариатад хадгалуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус юм. Энэ гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй, гэрээ хэрэгжээгүй байдал нь өмнө дурдсан 2 жилийн хугацаатай, сарын 2,500,000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл болохгүй болно. /156-157 дахь тал/

5. Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахал буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдалтай холбоотойгоор талууд түрээсийн гэрээний төлбөрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, хариуцагч нь мөн зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаагүй байна.

6. Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дууссан тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн төлбөр, түрээсийн зүйлийг хүлээлгэж өгсөн 2022 оны 04 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд мөн хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацаа төлбөрийг төлүүлэхээр хариуцагчаас тус тус шаардах эрхтэй, ба уг төлбөрт нийт 14,000,000 /2,500,000 төгрөг * 2 сар + 3,000,000 төгрөг * 3 сар/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ

7. Талууд гэрээний 4 дэх хэсэгт нэмэлт нөхцөлийн талаар тохиролцохдоо түрээслэгч нь урсгал зардал, халаалт, ус, цахилгаан, СӨХ хариуцахаар болжээ. Иймд нэхэмжлэгч нь ашиглалтын зардал 1,037,957 төгрөгийг шаардах эрхтэй гэсэн дүгнэлт зөв байх ба нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт үндэслэгдэх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

8 Анхан шатны шүүхээс алданги 7,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй. .

9.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй буюу нэхэмжлэгч хохирол шаардаагүй байхад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг шийдвэрийн тогтоох хэсэг баримталсан хууль хэрэглээний алдаатай болсныг залруулах нь зүйтэй байна.

9.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох байтал мөнгөн дэвсгэрт болох төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор найруулгын алдаа гаргасныг мөн залруулав.

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/03673 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 227 дугаар зүйлийн 227.1 гэснийг хасаж, үлдсэн 7,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг нэхэмжлэлээс 7,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН