Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 09

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Алдархаан сумын Монгол ардын намын дарга Ю.Дэлгэрнасангийн нэхэмжлэлтэй тус аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хороонд холбогдох Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю.Дэлгэрнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд, хариуцагч М.Эрдэнэцог, хариуцагчийн өмгөөлөгч В.Содномцэрэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Баасандэмбэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Дэлгэрнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох 2016 оны ээлжит сонгууль орон даяар 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан. Завхан аймгийн Алдархаан сумын хувьд 5 дугаар баг буюу 731 дүгээр хэсэгт нэр дэвшигчдийн санал тэнцэж 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дахин санал хураалт явагдсан ч дахин санал тэнцэж улмаар 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр дахин санал хураалт явагдаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2-т зааснаар хурлын төлөөлөгчдийн тоо бүрдсэн буюу Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгогдсон. Манай намын зүгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид бүрэн сонгогдсон учраас хуулийн дагуу одооны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахыг хүссэн боловч зарлан хуралдуулахгүй байсан учраас танай шүүхэд анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гаргасан. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Оюунчимэгийн нэхэмжлэлийн хариу тайлбар болон хавсаргасан баримтуудтай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр танилцахад Алдархаан сумын Сонгуулийн хорооноос 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор 2016 оны орон нутгийн ээлжит сонгуульд сонгогдож, түр үнэмлэхээ авсан нэр дэвшигчдийн саналын дүнг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн сумын хэмжээнд бүхэлд нь хүчингүй болгосон шийдвэр гарсныг мэдсэн. Энэ тогтоол нь нийтэд болон сонгуульд олонхийн санал авсан нэр дэвшигч, намуудад огт мэдэгдээгүй захиргааны акт юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т заасан шийдвэрийг гаргах эрх хэмжээг сумын сонгуулийн хороонд олгоогүй ба сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй болохоос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тараах эрх бүхий субьект огт биш юм. Мөн уг тогтоолын үндэслэл нь Сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийг хүчингүйд тооцох үндэслэлд огт хамаарахгүй байна. Иймд Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны орон нутаг, сум, дүүргийн ээлжит сонгуулийн үр дүнд Алдархаан суманд сонгогдсон нэр дэвшигчдийн саналыг Алдархаан сумын Сонгуулийн хороо бүхэлд нь хүчингүй болгосонтой холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Алдархаан сумын сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний 17 дугаар тогтоол хууль зөрчсөн гэж үзэж гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний 17 дугаар тогтоолыг дараах үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т заасан шийдвэрийг гаргах эрх хэмжээг сумын Сонгуулийн хороонд олгоогүй бөгөөд сумын Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй болохоос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тараах субьект биш юм. Алдархаан сумын сонгуулийн хорооны 17 дугаар тогтоолд мандаттай хүмүүсийн саналыг санал тэнцсэн хүмүүстэй адил саналын дүнг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй. Мөн хуулийн 162.3-т зааснаар энэ хуулийн 162.1-т заасан тойргийн сонгуулийн дүнг хүчингүй болгох шийдвэрийг аймаг, нийслэлийн Сонгуулийн хороо гаргана. Өөрөөр хэлбэл Алдархаан сумын хэмжээнд 6 тойргийн сонгуулийн дүнг хүчингүй болгох шийдвэрийг сумын сонгуулийн хороо биш аймгийн сонгуулийн хороо гаргах ёстой байсан. Иймээс Алдархаан сумын Сонгуулийн хороо эрх хэмжээгээ хэтрүүлж 17 дугаар тогтоолыг гаргасан байна. Алдархаан сумын сонгуулийн хорооны 17 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь хэсэгт заасан сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдаж хурлын даргыг сонгож, Засаг даргын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч чадаагүй бол тухайн хурал тарж дахин сонгууль явуулах зохицуулалтыг барьсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг зохицуулсан хууль юм. Сумын сонгуулийн хороо нь ээлжит болон ээлжит бус сонгуулийг зохион байгуулах субьект болохоос сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тараах эрх олгогдоогүй. Хуулиар олгогдоогүй эрхийг үндэслэж гаргасан Алдархаан сумын Сонгуулийн хорооны 17 дугаар тогтоол нь хууль бус юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т заасан 50 хоногийн хугацаа өнгөрсөнтэй холбогдуулж тус хуулийн зохицуулалтыг үгчилж үзвэл ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш гэж заасан. Ээлжит сонгууль гэдэг нь 2016 онд явагдсан УИХ, орон нутгийн ээлжит сонгуулийг хэлж байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн хороо нь дахин болон нөхөн сонгууль зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах үүрэгтэй. Алдархаан сумын хувьд ээлжит сонгуулийн санал хураах өдрийг Улсын Их Хурлаас 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр товлож тогтоосон. Зарим хэсгүүдэд санал хураалтын дүн тэнцсэн учраас 29-ний өдөр дахин санал хураалт явуулсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр дахин санал хураалт явуулсан. Иргэний хуульд гэрээ болон хуулийн зүйл заалтыг үгийн шууд утгаар ойлгож хэрэглэх зарчим байдаг. Энэ зарчмын үүднээс санал хураалт нь 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр явагдаж дууссан байна. Иймээс 50 хоногийн хугацааг 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолох ёстой юм. Хариуцагчийн зүгээс сонгуулийг хүчингүй болгоогүй, 21 төлөөлөгч анхдугаар хуралдаанаа хийгээгүй учраас тараасан, энд Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.3 дахь зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Алдархаан сумын Сонгуулийн хороо 21 төлөөлөгчийн саналыг хүчингүй болгож байгаа нь тухайн сумын сонгуулийг хүчингүй болгож байгаа хэрэг юм. Сонгуулийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1.1-т сонгуулийн дүнг гаргасан шийдвэр хүчингүй болсон тохиолдолд дахин санал хураалт явуулахаар заасан. Гэтэл Аймгийн сонгуулийн хорооны гаргах шийдвэрийг сумын сонгуулийн хороо гаргасан нь хууль зөрчсөн гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2016 оны Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр улсын хэмжээнд явагдсан. Завхан аймгийн Алдархаан сумын хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 /сумын хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал, байршил, засаг захиргааны бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно/ гэж заасны дагуу 21 мандаттай,ээлжит сонгуулиар 6-н тойргийн 21 мандатын төлөө Монгол ардын намын 8 нэр дэвшигч, Ардчилсан намаас 10 нэр дэвшигч ялалт байгуулж, сонгогдсон бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдвол зохих 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч буюу 85.7 хувь нь сонгогдсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох ээлжит санал хураалтын дүнд сонгогдвол зохих 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч сонгогдож, түр үнэмлэх авснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах нөхцөл бүрэн бүрдсэн бөгөөд энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтыг хангаж байна. Тус сумын 4, 5 дугаар тойрогт 3-н мандатын төлөө 5-н нэр дэвшигчийн санал тэнцсэн ба 2016 оны 10 дугаар сарын 29-нд улсын хэмжээнд санал тэнцсэн болон ирц хүрээгүй тойргуудын хэмжээнд дахин болон нэмэлт санал хураалтыг зохион байгуулсан. Сумын сонгуулийн хорооноос санал тэнцсэн 4, 5 дугаар тойргийн 3-н мандатад дахин санал хураалтыг зохион байгуулах тогтоолыг гарган 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан бөгөөд Монгол ардын намаас нэр дэвшигч 1, Ардчилсан намаас нэр дэвшигч 1 нийт 2 нэр дэвшигч ялалт байгуулж, 5-р тойрогт дахин санал тэнцэж, санал хураалтыг сумын сонгуулийн хорооноос зарлаж 2016 оны 12 дугаар сарын 04-ны өдөр дахин санал хураалтыг явуулж, Монгол ардын намаас нэр дэвшигч ялалт байгуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид бүрэн сонгогдсон. Сумын сонгуулийн хорооноос анхдугаар хуралдааныг хуралдуулахад аливаа нэг саад учруулаагүй бөгөөд анхдугаар хуралдааныг хуралдуулах явцад оролцох хууль эрх зүйн үндэслэлгүй юм. Харин анхдугаар хуралдаанд шинээр сонгогдож, төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан нэр дэвшигчдэд анхдугаар хуралдаанаа хуралдсан тохиолдолд нэр дэвшин сонгогдож, түр үнэмлэхээ авсан нэр дэвшигчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан байдаг. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2 гэсэн зүйл заалт нь сумын хүн ам болон засаг захиргааны нэгжийн бүтцэд харгалзан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог тогтооход хэрэглэгддэг заалт бөгөөд анхдугаар хуралдаан зарлан хуралдуулахад хамаарахгүй заалт юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 /ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш анхдугаар хуралдаан хуралдаж хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна/ гэж заасан. Монгол Улсын Их Хурлын 2016 оны 6 тогтоолоор сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийг Хурлын төлөөлөгчдийг сонгох ээлжит сонгуулийн санал авах өдрийн товыг 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр гэж товлосон байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т зааснаар 50 хоногийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 00 цагаар дуусгавар болсон. Ингэснээр шинээр сонгогдож төлөөлөгчийн түр үнэмлэх авсан нэр дэвшигчдийн саналын дүнг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн. Сонгогдсон нийт төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан нэр дэвшигчид анхдугаар хуралдаандаа хүрэлцэн ирж хурлаа хийгээгүй учир сонгуулийн үр дүнгээр шинэ хурал эрх зүйн хувьд бүрэлдээгүй тул сонгуулийн хороо 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 17 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдож олонхийн санал авсан төлөөлөгчийн түр үнэмлэх авсан нэр дэвшигчдийн саналын дүнг сумын хэмжээнд бүхэлд нь хүчингүй болгох шийдвэрийг гаргасан. Сумын сонгуулийн хороо нь нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг тараах үйл ажиллагааг зохион байгуулаагүй бөгөөд үүнтэй холбоотой ямар нэгэн эрх зүйн баримт бичиг гаргаагүй харин анхдугаар хуралдаанаа хуралдах нөхцөл боломж үүсгээгүй шинээр сонгогдож, төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан нэр дэвшигчдийн саналыг хүчингүй болгох тогтоол гаргасан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн 23 дугаар зүйлийн 23.13-т заасныг үндэслэн сумын сонгуулийн хороог иргэдийн Төлөөлөгчдийн хурлыг тараах эрх бүхий субьект мэтээр ойлгон нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т сумын сонгуулийн хороо нь орон нутгийн сонгуулийн дахин сонгуулийг зохион байгуулахыг хуульчилсан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т заасан нөхцөл үүссэн тул нэр дэвшигчдийн саналыг хүчингүй болгож дахин сонгууль зарлах эрх зүйн үндэслэлтэй юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13, Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалтын дагуу сумын сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 17 дугаар тогтоол нь хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр тогтоол бөгөөд хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй юм. Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах, үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий байгууллага юм гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-т зааснаар тухайн шатны шинээр сонгогдсон хурлын төлөөлөгчид ээлжит сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаанаа хийж өөрсдийн бүрэн эрхээ хүлээн зөвшөөрөх, хурлын даргаа сонгох, Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагааг зохион байгуулсан байх ёстой. Манай сумын нийт 21 төлөөлөгчөөс эхний удаагийн ээлжит санал хураалтын өдөр 5 тойргоос 18 мандатад төлөөлөгч нар сонгогдсон. Дахин санал хураалтуудаар 10 сарын 19-ний өдөр 2 төлөөлөгч, 12 сарын 04-ний өдөр 1 төлөөлөгч сонгогдож нийт 21 төлөөлөгч бүрдсэн байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.13-т зааснаар ээлжит сонгуулийн санал хураалт явагдсан өдрөөс 50 хоногийн дотор хуралд сонгогдсон төлөөлөгч нар анхдугаар хуралдаанаа хийх ёстой байсан. Хэрэв 50 хоногийн хугацаандаа анхдугаар хуралдаанаа хийгээгүй бол тухайн хурлыг тарсанд тооцож дахин санал хураалт явуулах хуулийн зохицуулалттай. Сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар дахин сонгуулийг сумын хэмжээнд сумын сонгуулийн хороо зохион байгуулна. Манай суманд сонгогдсон 21 төлөөлөгч нь орон нутгийн ээлжит сонгууль явагдсан 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 50 хоногийн дотор буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 00 цагийн дотор анхдугаар хуралдаанаа хийж чадаагүй. Ээлжит сонгууль явагдсанаас хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаанаа хийж чадаагүй бол тус хурлыг шууд тарсанд тооцож дахин сонгууль явуулах хуулийн зохицуулалттай байна. Дахин сонгууль явуулахын тулд Сумын сонгуулийн хороо өмнө сонгогдсонд тооцогдсон 21 нэр дэвшигчийн саналын дүнг хүчингүй болгож дахин сонгууль зарлахаас аргагүй юм. Учир нь дахин сонгуулиар мөн 21 төлөөлөгч сонгогдохоор сумын хэмжээнд нийт 42 төлөөлөгчтэй болох нөхцөл байдал үүснэ. Иймээс сонгуулийн хороо хуралдаж гаргасан 17 дугаар тогтоол хуульд нийцсэн. Сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар сумын сонгуулийн хороо нь тухайн суманд сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах дээд шатны байгууллага юм. Сумын сонгуулийг зохион байгуулах, түүнтэй холбоотой шийдвэрийг хүчингүй болгох эрх нь Аймгийн сонгуулийн хороо болон Сонгуулийн ерөнхий хороонд олгогдоогүй гэв. Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2т ээлжит сонгуулийн санал хураах өдрийг зааснаар Монгол Улсын Их Хурал тогтооно. Хуульд заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор ээлжит сонгуулийн санал хураалт явагдах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу Лхагва гариг гэж тогтоосон. Сонгуулийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т зааснаар нэмэлт болон дахин санал хураалт явагдах өдрийг тухайн шатны сонгуулийн хороо өдрийг зарлаж, амралтын өдрүүдэд зохион байгуулах ёстой байдаг. Манай сумын хувьд зарим хэсэгт санал тэнцэж дахин санал хураалт явуулах өдрийг сумын Сонгуулийн хороо зарласан. Ээлжит сонгуулийн санал хураалт явуулах өдрийг хуульд зааснаар Улсын Их Хурал товлон зарласан байсан. Иймээс 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг ээлжит сонгуулийн санал хураалт явагдсан өдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 162 дугаар зүйл нь тойргийн сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцох зохицуулалт юм. Алдархаан сум дахь Сонгуулийн хороо нь тухайн сумдаа бие даасан байгууллага бөгөөд сонгуулийн арга хэмжээг зохион байгуулах дээд шатны байгууллага юм. Одоо яригдаж байгаа асуудал нь тодорхой нэг тойрогт санал хураалтыг хүчингүй болгохтой холбогдолгүй. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар 50 хоногт анхдугаар хуралдаанаа хуралдуулж чадаагүй тохиолдолд авах арга хэмжээг хэрэгжүүлж хурлыг тарсанд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Хуульд заасан хугацаанд анхдугаар хуралдаан хуралдаж чадаагүй учраас тус хурлыг тарсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Ээлжит сонгуулийн санал хураалт явагдах өдрийг Улсын Их Хурал тогтоохоор заасан. Ээлжит сонгууль явагдсанаас хойш анхдугаар хуралдааныг явуулах нөхцөл боломж байсаар байхад хуралдаагүй нь хууль заасны дагуу тус хурлыг тараахад хүргэсэн. Санал хураалт явагдах өдрийг Улсын Их Хурлаас 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэж нэгэнт тогтоосон байгаа учраас түүнээс хойш болсон үйл явдлыг үл харгалзан хугацаа тоологдох ёстой гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийг тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд гаргах ёстой байхад хугацаа хэтрүүлж гаргасан. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Алдархаан сумын Монгол ардын намын хороо түүнийг төлөөлж Ю.Дэлгэрнасан нь тус аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Санал хураалтын дүнг хүчингүй болгох тухай 17 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

  1. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх бөгөөд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргах-аар заажээ. Мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.4 дэх хэсэгт Сонгуулийн байгууллагын шийдвэр нээлттэй, ил тод байх гэж уг шийдвэр сонгуулийн байгууллагын цахим хуудсанд байрших, байгууллагын мэдээллийн самбарт нээлттэй гарахыг ойлгох бөгөөд хуульд заасан бол шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарласан байхыг мөн ойлгоно гэжээ.

Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Санал хураалтын дүнг хүчингүй болгох тухай 17 дугаар тогтоолыг тус сумын сонгуулийн хороо өөрийн болон байрлаж буй байрныхаа мэдээллийн самбарт нээлттэй, ил тод байршуулаагүй, мөн цахим хуудасгүй, түүнчлэн уг шийдвэрээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлаагүй, нэхэмжлэгч талд мэдэгдээгүй байсан ба нэхэмжлэгч уг тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсгэгдэн хянагдаж буй Алдархаан сумын Монгол ардын намын хорооны нэхэмжлэлтэй Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийн хариуцагчаас гаргаж өгсөн тайлбар, баримтаас мэдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Алдархаан сумын Сонгуулийн хороонд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч уг 17 дугаар Алдархаан сумын Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр тус шүүхэд хандсан байх тул Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6 дахь хэсэгт заасан Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй гэснийг үндэслэж гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

2. Маргаан бүхий 17 дугаар тогтоолын үндэслэл болох Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь хэсэгт заасан хугацааг тоолох тухайд:

Хариуцагч Алдархаан сумын Сонгуулийн хорооны 17 дугаар тогтоолын үндэслэл болох Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь хэсэгт Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна гэж заажээ.

Уг зүйлд заасан хугацааг Монгол улсын Дээд шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмыг баримтлан тоолно гэжээ. Иргэний хуулийн 8 дугаар бүлгийн 71 дүгээр зүйлийн 71.1-д хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно. Мөн хуулийн 72.1-д хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно гэжээ.

Монгол Улсын Их хурлын 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай 06 дугаар тогтоолоор Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тогтоосон байна. Энэ хугацаанд ээлжит сонгуулийн санал хураалт явагдсан боловч Завхан аймгийн Алдархаан сумын 730, 731 дүгээр хэсгийн хороонд нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр дахин санал хураалт явуулах шийдвэр гаргаж санал хураалт явагдаж сонгуулийн дүн гарсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Ээлжит сонгууль гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу дөрвөн жил тутам явагдах сонгуулийг хэлнэ гэжээ. Дээрх зохицуулалтын нөхцлөөс үзэхэд Ээлжит сонгуулийн хүрээнд явагдсан дахин санал хураалт нь ээлжит сонгуулийн санал хураалт гэж үзэх үндэслэлтэй байна. Сонгуулийн тухай хуулийн хуулийн 34.1.13-т дахин болон нэмэлт санал хураалт .... зохион байгуулж явуулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах эрх хэмжээ сум, дүүргийн Сонгуулийн хороонд олгогдсон байна. Мөн хуулийн 161.2-т нэр дэвшигчид адил тооны санал авсны улмаас сонгуулийн дүн гаргах боломжгүй бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулахаар заасан байна.

Иймд Алдархаан сумын Сонгуулийн хороо хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу 2016 оны 10 дугаар сарын 29, 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ээлжит сонгуулийн хүрээнд дахин санал хураалт явуулах тов тогтоож шийдвэр гаргасан нь үндэслэлтэй байх ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь хэсэгт заасан Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоног ..... гэх нөхцөлд дахин санал хураалт явуулсан 2016 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс хойш 50 хоногийг тоолохоор байна.

Монгол улсын Дээд шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолоор тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно гэж зохицуулснаас гадна хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг сонгох, 23 дугаар зүйлийн 23.5-д Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан Хурлын тэргүүлэгчдийг сонгох, 23 дугаар зүйлийн 23.13-т анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх талаар тус тус заасан тул Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын даргыг болон Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Хурлын анхдугаар хуралдаанаар заавал хэлэлцэж дуусгана гэж тайлбарлажээ.

Сонгуулийн тухай хуулийн 161.1-т хамгийн олон санал авсан тухайн тойрогт ногдох мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно, 161.2-т нэр дэвшигчид адил тооны санал авсны улмаас сонгуулийн дүн гаргах боломжгүй бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулж олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно, 161.3-т .... сум, дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон нэр дэвшигчид орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэх олгоно, 161.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ гэж заажээ.

Үүнээс дүгнэхэд сумын сонгуулийн хороо нь нэр дэвшигчид адил тооны санал авсны улмаас сонгуулийн дүн гаргах боломжгүй бол дахин санал хураалт явуулж үүний үндсэн дээр Алдархаан сумын 6 тойргийн 21 мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцож, сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хурлын анхдугаар хуралдаанд өргөн мэдүүлэх, уг анхдугаар хурлаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг заавал хэлэлцэж дуусгахаар байна.

Түүнчлэн хариуцагч анхдугаар хуралдаанд хурлын төлөөлөгч нарын олонхи нь хүрэлцэн ирснээр хурлыг хүчинтэйд тооцох Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.7-д заасан зохицуулалтыг дурдан маргаж байгаа боловч энэ нь иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас бүрэн эрх нь баталгаажсан нийт сонгогдогчдод хамаарах зохицуулалт ба Анхдугаар хуралдааны ирцэд хамааралгүй зохицуулалт байна.

3. Маргаан бүхий 17 дугаар тогтоолын үндэслэлийн тухайд:

Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаар Санал хураалтын дүнг хүчингүй болгох тухай тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулнахэсэгт заасан зохицуулалтыг үндэслэн Алдархаан сумын хэмжээнд нэр дэвшин өрсөлдөж сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдийн санал хураалтын дүнг хүчингүй болгосон нь буруу байна.

Хэдийгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь хэсэгт заасан үндэслэлээр хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулах эрх хэмжээ сумын сонгуулийн хороонд байх боловч сонгогдсонд тооцогдож түр үнэмлэхээ авсан сонгогдогчдын санал хураалтын дүнг энэхүү үндэслэлээр хүчингүй болгосон хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдийн санал хураалтын дүнг хүчингүй болгох асуудал нь тус хуулиар бус харин тухайлсан зохицуулалттай хууль буюу Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байна. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13 дахь хэсгийн зохицуулалтаар өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдийн санал хураалтын дүнг хүчингүй болгосон үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан ба маргаан бүхий Алдархаан сумын Сонгуулийн хорооны Санал хураалтын дүнг хүчингүйд тооцох тухай 17 дугаар тогтоол нь эрх зүйн материаллаг /хууль ёсны байх/ шаардлага буюу үндэслэл бүхий байх, эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх шаардлагыг зөрчсөн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13, Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 72 дугаар зүйлийн 72.1, Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.13, 161 дүгээр зүйлийн 161.2, 161.4 дэх хэсгийг тус тус баримтлан Завхан аймгийн Алдархаан сумын Монгол ардын намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Санал хураалтын дүнг хүчингүй болгох тухай 17 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооноос 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР