| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/1436/Э |
| Дугаар | 1533 |
| Огноо | 2018-11-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 1533
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Г.Эрдэнэ,
шинжээч Ц.Нандинцэцэг,
шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэцэгмаа, хохирогчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн 1806069401582 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г. М.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.М нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны шөнө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын Зам, харилцааны их сургуулийн дотуур байранд хохирогч Х.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Ууганбаярын: “...Би Бүгд Найрамдах Хятад ард улсын Бээжин хотын Зам харилцааны их сургуулийн 2 дугаар курсэд суралцдаг юм. Г.М нь манай сургуулийн төгсөх курсын оюутан. 2018 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдийн үед гадаад оюутнуудын төгсөлтийн үдэшлэг болсон бөгөөд уг үдэшлэгийг манай 2, 3 дугаар курсын гадаад оюутнууд зохион байгуулсан. 2018 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00 цагийн үед төгсөх курсын монгол оюутнууд сургуулийн цэцэрлэгт байж байхаар нь манай 2-р курсын монгол оюутнууд үдэшлэгнээс илүү гарсан архи, пивийг аваачиж өгсөн юм. Би тэгэхэд нэг шил пиво уучихаад өрөөндөө орж унтсан. ...Би өрөөндөө ганцаараа хоносон бөгөөд унтаж байвал үүрийн 04-05 цагийн үед Г.М манай өрөөнд ороод ирчихсэн намайг сэрээсэн. Г.М надаас “Мөнхөө хааччихсан юм” гэхээр нь мэдэхгүй гэтэл “чи босоод ир” гэсэн. Тэгэхээр нь би босоод суутал “чи хэзээ ийм том болчихсон юм бэ” гэж хэлээд миний зүүн шанаа руу шууд нэг удаа цохисон. Тэгээд “хоёулаа зодолдъё” гэхээр нь би “зодолдохгүй” гэхэд дахиад нөгөө шанаа руу гараараа цохисон. Тэгэхэд намайг “хоёулаа зодолдъё” гээд дахиад хоёр шанаа руу ээлжилж хорь орчим удаа цохисон. Би “хүний газар яах юм бэ больё” гэхэд “Ууганаа хоёулаа үзье л дээ” гээд л миний шарыг малтаад өдөөд цохиод байсан. Би тухайн үед өөдөөс нь эсэргүүцвэл курсийнхэн нь гаднаас орж ирээд намайг бүлэглэж зодох байх гэж айгаад хөдлөхгүй байсан юм. Тэгээд намайг цохиод байхаар нь би тэсэхээ байгаад Мд хандан “чи боль л доо” гээд босч ирээд цээж рүү нь хоёр гараараа түлхтэл М “одоо л надтай зодолдох гэж байна уу” гээд над руу дайрч ирээд урдаас миний эрүү, уруул руу гурваас дөрвөн удаа цохисон. Тэгээд орон дээр намайг дарж унагаахаар нь би нүүрээ гараараа хаатал миний баруун шанаа руу маш олон удаа цохисон. Тэр үед баруун эрүүний орчимд юм хугарах шиг болохоор нь би шүд хугарчих шиг боллоо гэж бодсон. Тэгээд М намайг зодохоо больж өрөөнд хэсэг сууж байснаа гарч яваад гаднаас манай курсын Бамбуу гэх оюутныг дуудаж оруулж ирж жаахан юм ярьж байснаа Бамбуугийн хажууд намайг хоёроос гурван удаа цохиж зодсон. ...Маргаашнаас нь миний эрүү зуурч, хавдаад хоод идэж чадахаа болисон бөгөөд сургуулийн эмнэлэгт үзүүлэхэд шүд чинь хугарсан байж магадгүй гээд эм бичиж өгсөн. Эмийг нь уугаад үр дүн өгөхгүй, баруун шанааны хавдар буухгүй байсан. Тухайн үед би дадлагын ажилтай байсан тул би дадлагаа дуусгаад 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатарт ирээд ээжтэйгээ хамт эмчид үзүүлж, зураг авахуултал баруун эрүү хугарч, баруун чамархай цөмөрсөн, хамар мурийсан гэж хэлсэн. Тэгээд би Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагт хагалгаанд орж эмчлүүлсэн. Миний баруун талын чамархай цөмөрсөн, эрүү хугарсан бөгөөд хагалгаанд орсноос хойш амандаа чиг хийснээс болж шүднүүд сулраад байгаа. Одоо толгой их амархан өвддөг болсон. Би 85 килограмм жинтэй байсан бөгөөд одоо хоол унд сайн идэж чадахгүйгээс болж 67 килограмм хүртэл турсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-15/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэцэгмаагийн: “...2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монголд ирэхээр нь би өөрөө шүдний эмч тул амыг нь ангайлгаж шүдийг нь харахад буйландаа хавдартай, битүү өнгөртэй байсан. Тэгэхээр нь би шүднээс гадна гэмтэл байна гэж ойлгоод өөрөөс нь юу болсон талаар асуухад “сургуулийнхаа монгол оюутан Г.М гэгчид зодуулаад ийм болсон” гэж надад хэлсэн. Тэгээд Ууганбаярыг би дагуулж зургийг нь авахуултал баруун талын эрүү хугарч, хацарны чамархай яс нь хугарсан гэсэн онош тавигдсан. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлэхэд хагалгаа хийлгэх шаардлагатай гээд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хэвтүүлж эрүүний ясыг засаж хадах, чамархай ясыг засах хагалгаа хийсэн юм. Тухайн үед би цагдаад хандах талаар толгойд огт бодол орж ирээгүй, хүүхдээ л яаралтай эмчлүүлье гэсэн бодолтой байсан юм. Хүү маань хагалгааны дараа 2018 оны 08 сарын 08-наас 17-ны өдрийн хооронд Сэргээн засах эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Х.Ууганбаярын хичээл нь 2018 оны 09 сарын 03-нд эхэлсэн тул хичээлдээ явах зайлшгүй шалтгаанаар 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр БНХАУлсын Бээжин хот руу сургууль руугаа явсан юм. Иймд хүү Х.Ууганбаярын хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар миний бие түүний хууль ёсны төлөөлөгчөөр энэхүү хэрэгт оролцож байна. ...Х.Ууганбаярын эмчилгээний зардалд зарцуулсан төлбөрийг нэхэмжлэх болно. Мөн Х.Ууганбаяр 2019 оны 02 сард эрүүний яснаас хадаас авах хагалгаанд орно. Уг хагалгаанд гарах зардлыг нэхэмжилнэ. Одоогийн байдлаар Г.М болон түүний ээж Алимаа нар нь хүүгийн маань эмчилгээний зардалд 5.075.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байгаа...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19-20/,
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Бямбадоржийн: “...2018 оны 06 сарын сүүлээр, яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Өглөө 07 цагийн үед өрөөндөө унтаж байтал Ууганбаяр над руу залгаад “өрөөнд ороод ир” гэхээр нь би яасан юм бол гэж бодоод өрөөнд нь ороход Ууганбаяр орон дээрээ урвагар царайлаад сууж байсан бөгөөд дээд курсын М хажууд нь ширээ тулаад зогсож байсан. М, Ууганбаяр хоёр намайг орж ирэхийн өмнө муудалцсан шинжтэй байсан бөгөөд М тэгээд Ууганбаярт хандан “хоёулаа эр хүн шиг сайхан зодолдъё” гээд байсан. Ууганбаяр тэгэхэд “хүний нутагт яах юм бэ” гэж байсан бөгөөд М Ууганбаярын хоёр талын шанаанд нь нийт хоёроос гурван удаа гараараа цохисон. Ууганбаяр тэр үед шанаагаа бариад л суугаад байсан. ...Маргааш нь Ууганбаярын өрөөнд ороход Ууганбаярын хоёр шанаа нь хавдаад эрүү нь дөрвөлжин хэлбэртэй болчихсон, төмсний хальс тавьчихсан сууж байсан. Өвдөөд хоол идэж, ярьж чадахгүй байна гэж байсан. ...Намайг манай сургуулийнхан Бамбуу гэж дууддаг юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23-24/,
Мөрдөн байцаалтанд гэрч Л.Цулбуурын: “...2018 оны 06 дугаар сарын 25-ны өглөө Бээжин хотын Зам, харилцаан их сургуулийн төгсөх курсын оюутнууд сургууль дээрээ дипломоо гардаж авсан юм. ...Тэр үед манай курсынхэн дипломоо авсан гээд дотуур байрны гадаа баяраа тэмдэглэцгээж байсан. Энх-Амгалан бид хоёр шөнө 04 цагийн үед өрөөндөө Пи си тоглож байхад манай нөгөө ангийн оюутан М манай өрөөнд нилээн согтсон байдалтай орж ирсэн. ...Тэгээд би 05 цагийн үед тоглож дуусчихаад Энх-Амгалантай хамт гарч Мын өрөөнд очиход цоожтой байхаар нь утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр лифтээр буух гээд лифт хүлээгээд зогсож байтал М хажуугийн өрөөнөөс гараад ирсэн. ...Энх-Амгалан бид хоёр коридорт лифтний үүдэнд Мыг хамт явах байх гэж бодоод хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь араас нь Ууганбаярын өрөөнд орсон. Өрөөнд тэр хоёроос өөр хүн байгаагүй бөгөөд тэр хоёр өөд өөдөөсөө хараад юм яриад зогсож байсан. Юуны талаар ярьж байсныг нь сайн санахгүй байна. Урьдны асуудал л яриад байх шиг байсан. Тэгж байснаа тэр хоёр маргалдах шинжтэй болж байснаа М Ууганбаярын хоёр шанаа руу нь хоёр удаа цохиод, алгадаад түлхсэн чинь Ууганбаяр хойшоогоо ор луу унагаасан. Тэгээд М хэсэг юм ярьж байгаад гадагшаа гарсан. Тэгээд М “би унтлаа” гээд өрөө рүүгээ орсон. Тэр өдрөөс хойш Ууганбаяртай огт тааралдаагүй бөгөөд өрөөнийх нь хүүхдээс нүүр нь хавдчихсан байна гэж сонссон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27-28/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Энх-Амгалангийн: “...2018 оны 06 сарын 25-наас 26-нд шилжих шөнө манай хажуу өрөөний Цулбуур бид хоёр Цулбуурын өрөөнд нөүтбүүкээр тоглоом тоглож байсан юм. ...Би лифт хүлээгээд зогсож байх хооронд Цулбуур утсаараа М руу залгаж байсан. Тэгтэл М нэг өрөөнөөс гарч ирсэн. Тэгснээ М утсаа орхичихож гээд эргээд нөгөө өрөө рүүгээ орохоор нь би араас нь ороход уг өрөөнд Ууганбаяр байж байсан. Тэгэхэд М, Ууганбаяр хоёр хоёулаа их баргар, хоорондоо муудалцсан шинжтэй байсан бөгөөд юунаас болж маргалдсаныг нь би тухайн үед ойлгоогүй. Ямар ч байсан М халамцуу байсан бөгөөд Ууганбаярын нүүр рүү нь хоёр билүү гурван удаа алгадаж цохисон. Тэгээд М, Цулбуур бид гурав Ууганбаярын өрөөнөөс гарсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-29/,
Мөрдөн байцаалтанд Г.Мын яллагдагчаар: “...Би Х.Ууганбаярыг тэгж олон цохиогүй санагдаж байна. Х.Ууганбаярыг цохиж зодсон нь миний буруу. Х.Ууганбаярыг зодож гэмтээсэндээ маш их харамсаж байна. Урьд нь би бусадтай зодолдож, маргалдаж асуудал үүсгэж байгаагүй. Анх удаа л бусдыг зодож ийм байдалд хүргэсэнд их харамсаж, гэмшиж байна. Цаашид дахиж хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно. Х.Ууганбаяраас уучлалт гуйж байна. Х.Ууганбаярын эмчилгээний зардалд 5.075.000 төгрөг өгсөн болно...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-47-48/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №10330 тоот:
1. 2. Х.Ууганбаярын биед эрүү ясны баруун салаанд зөрөөгүй далд хугарал, баруун хацар ясны нум хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Х.Ууганбаяр нь 2018.06.26-нд бусдад зодуулсан гэх ба тухайн үеийн эмчийн үзлэг, тэмдэглэл, шинжилгээ хийлгэсэн баримтгүй, мөн 2018.07.19-ний Гавал тархины КТГ-н шинжилгээний хариунд /доод эрүүний баруун салаанд зөрөөгүй хугарсан. Баруун хацрын нум цөмөрч хугарсан/ гэсэн байх тул дээрх гэмтэл нь хэзээ үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна.
5. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт /хх-31/,
Гавал тархины тодосгогчгүй КТГ-ийн шинжилгээний дүгнэлт /хх-34-35/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-36-41/, Х.Ууганбаярын өвчний түүх /хх-62-68/,
Г.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-69-83/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.М: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Адилхан хүний нутагт суралцаж байж ийм асуудал гаргасандаа үнэхээр харамсаж байна” гэж мэдүүлэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэцэгмаа: “...Гомдлолтой байна. Миний хүү эрүүл мэнд, эдийн засаг, эрх чөлөө бүх зүйлээрээ хохирсон. Миний хүү чөлөөт цагаараа сагс тоглодог байсан. Одоо сагс тоглох хоббигоо үргэлжлүүлэх боломжгүй болсон байгаа. Миний хүү зуны амралтаар эмнэлэгт байж байгаад сургууль руугаа буцаад явсан сэтгэл зүй, цаг хугацаагаар хохирсон. Шүүгдэгчийн ээж, шүүгдэгч М нар утсаар залгаж уучлалт гуйсан. Гэхдээ миний хүү уучлахгүй гэсэн. Яагаад гэвэл маш их гомдсон байсан. Намайг ийм болгосонд гомдож байна гэсэн. Хоорондоо уулзаж уучлалт гуйгаагүй байгаа. Хохирлын баримт шүүгдэгчийн зүгээс гаргаж өгч ярилцсан байгаа. Миний хүү надаас гэмтсэн гэдгээ эхлээд нуугаад хэлээгүй байсан. 06 дугаар сарын 27-нд гэмтэл авснаа өөрөө ч мэдээгүй байсан. Тухайн үедээ Хятадад эмнэлэгт үзүүлсэн гэсэн. Тэр баримтыг нь олох боломжгүй байсан. Миний хүү энэ хугацаанд маш их өвдөж зовж байсан. Хоол идэж чадахгүй байсан. Анх Монголд ирэхэд нь надад байгаа байдал нь сэжигтэй санагдаад би дагуулж явж эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд энэ гэмтлүүд үүссэн гэдгийг мэдээд миний хүү их гомдсон. Сургуулийнх нь хүүхдүүдээс нь асуухад миний хүүхдийг дуу цөөтэй, дээд ангийнхантай нийлдэг, их зантай гэж хэлсэн байсан. Миний хүү эмээтэйгээ, надтай амьдарч ирсэн. Миний хүмүүжлээр л өссөн хүүхэд. Миний хүү үргэлж өөрөөсөө том ах нартай найзалдаг байсан нь тэднээс ихийг сурч мэдэх гэсэндээ найзалдаг байсан. Түүнээс биш их зан гаргасандаа биш. Монголд ирээд хагалгаанд ороод 2 удаа эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гараад 7 хоноод хичээлээсээ хоцрохгүй гээд сургууль руугаа явсан. Би Бээжинд очиж консул Мэндбаяр, Баасан нартай уулзаад оюутнууддаа хэрхэн анхаардаг талаар асууж хэлсэн. Мэндбаяр гэдэг хүнд болсон явдлын талаар хэлсэн. Курсын ялгаа гараад, дарамтлаад байдаг асуудал гардаг юм биш биз дээ гэж хэлсэн байгаа. Би хүүгээсээ чи тэр хүүхдээс том биетэй юм байж яагаад эсэргүүцээгүй юм бэ гэхэд миний хүү курсын ах байсан тэгээд зодооны асуудал гарвал би бас асуудалд орно гэж бодсон гэж хэлсэн. Тэгээд тэвчиж байгаад бүр сүүлдээ болихгүй болохоор нь тэсэхээ байгаад одоо болоо юм биш үү гэж дээшээ өндийгөөд хэлэхийн хооронд эрүү хэсэг рүү нь цохисон гэсэн. Би хүүдээ миний хүү адилхан нэг сургуульд явдаг найзууд юм чинь бас асуудал үүсгээд яахав уучлаад ярилц гэж хэлж байсан. Надад эмнэлгийн хуудас хэрэгтэй. Хожим миний хүүхдэд энэ гэмтлээс болж эрүүл мэндэд нь эрсдэл гарч магадгүй гэж бодоод би шүүгдэгчийн ээжид надад баталгаа гаргаж өг гэж хэлсэн. Иргэний үнэмлэхээ канондож өг гэхэд шөнө оройн цагаар авчирч өгсөн. Би үнэмлэхнийх нь хуулбарыг нь нотариатаар батлуулна гэж бодсон. Гэтэл шөнө нотариат ажиллахгүй байсан. Хэрэв энэ хүмүүс алга болчихвол би хаанаас олох вэ гэж бодсон. Уг нь би шүүхэд хандахгүй гэж бодож байсан. Энэ хүүхдийн ирээдүйг бас бодож байсан. Би шүүх эмнэлгийн магадлагаатай болъё гэтэл цагдаагийн газар эхлээд мэдэгдэх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газар очиж хэлэхээс өөр арга байгаагүй. Тэгээд би адилхан хүүхдүүдийн ирээдүйг бодсон. Хүүдээ хүртэл юу хийчихвээ нэг газар сурдаг хүүхдүүд байж ийм асуудал үүсгэж байдаг гэж хэлж байсан. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Хөнгөн шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсмээр байна. М ч гэсэн сургууль соёлдоо явна. Ирээдүйг нь бас бодож байна” гэж мэдүүлэв.
Шүүх хуралдаанд шинжээч Ц.Нандинцэцэг: “2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр компьютер томографийн зураг авахуулсан байгаа. Хамрын таславчийн мурийлт бол хуучин гэж уншигдсан байна. Дүрс оношилгооны эмч зурагнаас уншсан байгаа. Гэмтлийн зэрэг тогтоох тал дээр өөрчлөлт орохгүй. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гавал тархины компьютер томограф зургийг нарийн мэргэжлийн эмч уншиж, энэ гэмтэл шинэ, хуучин гэж үзсэн байдаг. Энэ уншсан байдал дээр нь би дүгнэлт гаргасан. Энэ хамар ясны таславч нь хуучин гэж үзсэн учир оруулаагүй юм. Хамар ясны хугарал нь хамрын таславчийн мурийлттай хамт үүсгэгдсэн байдаг. Дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчийн уншсанаар би дүгнэлт гаргасан. 100 хувь хэдийд үүссэн гэмтэл вэ гэдгийг тогтоох боломжгүй. Хамран тус газарт цохиход л хамрын таславчийн мурийлт үүснэ. Олон удаа хүч үйлчлэхэд хамрын таславчийн мурийлт үүсч болно. Мөн хамран тус газар хүч үйлчлэхэд үүснэ. Уг гэмтэл яг хэзээ үүссэн бэ гэдгийг тогтоох боломжгүй. Яагаад гэвэл энэ гэмтэл хожуу оношлогдсон. Гэхдээ эдгээр гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой” гэж мэдүүлэв.
Шүүгдэгч Г.М нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны шөнө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын Зам, харилцааны их сургуулийн дотуур байранд хохирогч Х.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Ууганбаярын: “...Тэгэхээр нь би босоод суутал “чи хэзээ ийм том болчихсон юм бэ” гэж хэлээд миний зүүн шанаа руу шууд нэг удаа цохисон. Тэгээд хоёулаа зодолдъё гэхээр нь би зодолдохгүй гэхэд дахиад нөгөө шанаа руу гараараа цохисон. Тэгэхэд намайг “хоёулаа зодолдъё” гээд дахиад хоёр шанаа руу ээлжилж хорь орчим удаа цохисон. Би хүний газар яах юм бэ больё гэхэд “Ууганаа хоёулаа үзье л дээ” гээд л миний шарыг малтаад өдөөд цохиод байсан. Би тухайн үед өөдөөс нь эсэргүүцвэл курсийнхэн нь гаднаас орж ирээд намайг бүлэглэж зодох байх гэж айгаад хөдлөхгүй байсан юм. Тэгээд намайг цохиод байхаар нь би тэсэхээ байгаад Мд хандан “чи боль л доо” гээд босч ирээд цээж рүү нь хоёр гараараа түлхтэл М “одоо л надтай зодолдох гэж байна уу” гээд над руу дайрч ирээд урдаас миний эрүү, уруул руу гурваас дөрвөн удаа цохисон. Тэгээд орон дээр намайг дарж унагаахаар нь би нүүрээ гараараа хаатал миний баруун шанаа руу маш олон удаа цохисон. Тэр үед баруун эрүүний орчимд юм хугарах шиг болохоор нь би шүд хугарчих шиг боллоо гэж бодсон....” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-15/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэцэгмаагийн: “...2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монголд ирэхээр нь би өөрөө шүдний эмч тул амыг нь ангайлгаж шүдийг нь харахад буйландаа хавдартай, битүү өнгөртэй байсан. Тэгэхээр нь би шүднээс гадна гэмтэл байна гэж ойлгоод өөрөөс нь юу болсон талаар асуухад “сургуулийнхаа монгол оюутан Г.М гэгчид зодуулаад ийм болсон” гэж надад хэлсэн. Тэгээд Ууганбаярыг би дагуулж зургийг нь авахуултал баруун талын эрүү хугарч, хацарны чамархай яс нь хугарсан гэсэн онош тавигдсан. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үзүүлэхэд хагалгаа хийлгэх шаардлагатай гээд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хэвтүүлж эрүүний ясыг засаж хадах, чамархай ясыг засах хагалгаа хийсэн юм. Одоогийн байдлаар Г.М болон түүний ээж Алимаа нар нь хүүгийн маань эмчилгээний зардалд 5.075.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байгаа...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19-20/,
Мөрдөн байцаалтанд гэрч Н.Бямбадоржийн: “...М, Ууганбаяр хоёр намайг орж ирэхийн өмнө муудалцсан шинжтэй байсан бөгөөд М тэгээд Ууганбаярт хандан “хоёулаа эр хүн шиг сайхан зодолдъё” гээд байсан. Ууганбаяр тэгэхэд хүний нутагт яах юм бэ гэж байсан бөгөөд М Ууганбаярын хоёр талын шанаанд нь нийт хоёроос гурван удаа гараараа цохисон. Ууганбаяр тэр үед шанаагаа бариад л суугаад байсан. ...Маргааш нь Ууганбаярын өрөөнд ороход Ууганбаярын хоёр шанаа нь хавдаад эрүү нь дөрвөлжин хэлбэртэй болчихсон, төмсний хальс тавьчихсан сууж байсан. Өвдөөд хоол идэж, ярьж чадахгүй байна гэж байсан. ...Намайг манай сургуулийнхан Бамбуу гэж дууддаг юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23-24/,
Мөрдөн байцаалтанд гэрч Л.Цулбуурын: “...Тэгж байснаа тэр хоёр маргалдах шинжтэй болж байснаа М Ууганбаярын хоёр шанаа руу нь хоёр удаа цохиод, алгадаад түлхсэн чинь Ууганбаяр хойшоогоо ор луу унагаасан. Тэгээд М хэсэг юм ярьж байгаад гадагшаа гарсан. Тэгээд М “би унтлаа” гээд өрөө рүүгээ орсон. Тэр өдрөөс хойш Ууганбаяртай огт тааралдаагүй бөгөөд өрөөнийх нь хүүхдээс нүүр нь хавдчихсан байна гэж сонссон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27-28/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Энх-Амгалангийн: “...Тэгэхэд М, Ууганбаяр хоёр хоёулаа их баргар, хоорондоо муудалцсан шинжтэй байсан бөгөөд юунаас болж маргалдсаныг нь би тухайн үед ойлгоогүй. Ямар ч байсан М халамцуу байсан бөгөөд Ууганбаярын нүүр рүү нь хоёр билүү гурван удаа алгадаж цохисон. Тэгээд М, Цулбуур бид гурав Ууганбаярын өрөөнөөс гарсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-29/,
Мөрдөн байцаалтанд Г.Мын яллагдагчаар: “...Би Х.Ууганбаярыг тэгж олон цохиогүй санагдаж байна. Х.Ууганбаярыг цохиж зодсон нь миний буруу. Х.Ууганбаярыг зодож гэмтээсэндээ маш их харамсаж байна. Урьд нь би бусадтай зодолдож, маргалдаж асуудал үүсгэж байгаагүй. Анх удаа л бусдыг зодож ийм байдалд хүргэсэнд их харамсаж, гэмшиж байна. Цаашид дахиж хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно. Х.Ууганбаяраас уучлалт гуйж байна. Х.Ууганбаярын эмчилгээний зардалд 5.075.000 төгрөг өгсөн болно...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-47-48/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №10330 тоот: Х.Ууганбаярын биед эрүү ясны баруун салаанд зөрөөгүй далд хугарал, баруун хацар ясны нум хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Х.Ууганбаяр нь 2018.06.26-нд бусдад зодуулсан гэх ба тухайн үеийн эмчийн үзлэг, тэмдэглэл, шинжилгээ хийлгэсэн баримтгүй, мөн 2018.07.19-ний Гавал тархины КТГ-н шинжилгээний хариунд /доод эрүүний баруун салаанд зөрөөгүй хугарсан. Баруун хацрын нум цөмөрч хугарсан/ гэсэн байх тул дээрх гэмтэл нь хэзээ үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-31/ зэргээ нотлогдон тогтоогдов.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Г.М нь өөрөө тодорхой орлогогүй, оюутан хүн байгаа юм. Хувийн байдлыг нь харгалзан торгох ялын хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт, мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг харгалзан, шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806069401582 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч талаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6.536.934 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч 5.075.000 төгрөгийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд төлсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудын дунд нотлох баримтын шаардлага хангаагүй 726.500 төгрөгийн жимсний баримт болон Өмгөөлөгчийн хөлс болох 1.000.000 төгрөгийг гэмт хэргээс учирсан хохирол биш гэж үзэж хасч тооцов. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч 264.566 төгрөгийн илүү төлөлттэй байх ба хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хохирогч Х.Ууганбаяр эрүүл мэнддээ учирсан хүндэвтэр гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Г.Моос нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Х.Ууганбаяр эрүүл мэнддээ учирсан хүндэвтэр гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Г.М-с нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД