Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00252

 

 

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00252

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02837 дугаар шийдвэртэй,

А-ийн нэхэмжлэлтэй Б-, С- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 130,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагч Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б-, С- нар нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр компанийн үйл ажиллагаанд санхүүжилт хэрэглэх зориулалтаар 70,000,000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлэхээр тохирч, зээлийн гэрээг 2 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 0.3 хувийн алдангитай байхаар бичгээр байгуулсан ба 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 87 дугаар байр ** тоот орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд хариуцагч нар зээлийн гэрээний төлбөрт 4,700,000 төгрөгийг төлсөн.

Үндсэн зээлийн үлдэгдэл 70,000,000 төгрөг, 1 сарын хүү 3,500,000 төгрөгийг 12 сараар тооцоход нийт хүү 42,000,000 төгрөг, нийт 112,000,000 төгрөг болсон бөгөөд үүнээс 0.3 хувийн алдангийг 100 хоногоор тооцоход 33,600,000 төгрөг, нийт 145,600,000 төгрөг болсон. Талууд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр харилцан тохиролцож хэлцэл байгуулсан тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 130,000,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Хариуцагч Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хамтран хариуцагч С-ээс татгалзаж байна.

Б- нь С-ийн гуйлтаар А-өөс 70,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр авсан, энэ нь албан ёсоор 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр баталгаажсан. Тус зээлийн хүү сард 3,500,000 төгрөгөөр төлөгдөж байсан. Энэ гэрээнээс хойш мөн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б- нь С-ийн гуйлтаар 70,000,000 төгрөгийн зээлж, Г-ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сараас хойших зээлийн гэрээний үүргийг шаардаж байхад үүнээс өмнө төлсөн мөнгийг үндэслэж төлөгдсөн гэж маргаж, аваагүй зээлээ урьдчилаад төлсөн гэж ярьж болохгүй.

Зээлдэгч зээлийн гэрээний төлбөр төлөгдөхгүй удааширсан тул 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлэгч А-, зээлдэгч Б- болон төлбөр төлөгч С-, Э- нар төлбөр тооцоо нийлж, Б-, С- нараас төлсөн төлбөрүүдийг бүрэн оруулан хасаж, төлбөрийн эцсийн үлдэгдлийг 134,700,000 төгрөг болохыг тооцож энэ мөнгийг А-өд төлөхөөр тохиролцож, гарын үсэг зурж, өр төлбөр төлөхөө баталгаажуулсан атал хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, агуулгын буруу ойлголт, төсөөлөлтэй байсан гэж хэлцэл хийснээс хойш 3 жилийн дараа, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2 жилийн дараа С- сөрөг нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Мөн С-т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

2. Хариуцагч Б-ийн тайлбарын агуулга: 2017 оноос эхлэн хамаатны эгч С-ийн Өрмөн-Уул групп ХХК-д менежерээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оны 2 дугаар сард захирал С- нь ...компанийн үйл ажиллагаанд мөнгө хэрэгтэй байна, хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу гэсний дагуу найз А-өөс 70,000,000 төгрөгийг зээл авч, гэрээ байгуулж, С- нь өөрийн төрсөн дүүгийн хүү Э-, эхнэр У- нарын өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 87 дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 3 өрөө, орон сууцыг барьцаалсан. Уг зээлийн мөнгийг хариуцагч С-ийн компанийн үйл ажиллагаанд зарцуулсан.

Хариуцагч С- нь тухайн үед зээлийнхээ хүүг төлөөд явдаг байсан ч компанийн үйл ажиллагаа доголдсоны улмаас зээлээ төлж чадахаа больсон. Дээрх зээлийн гэрээний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг байгуулж, компаниас төлсөн төлбөрүүдийг оруулан бүрэн хасаж, төлбөрийн эцсийн үлдэгдэл 134,700,000 төгрөгийг А-өд төлөхөөр, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зээлээс 70,000,000 төгрөгийг төлж Г-ийн өмчлөлийн орон сууцыг барьцаанаас чөлөөлөхөөр А-, Б-, С-, Э- нар тохирсон бөгөөд үүнээс хойш 4,700,000 төгрөгийг төлсөн.

Иймд хариуцагч Б-ийн зүгээс зээлийн төлбөр тооцоо дээр маргах зүйл байхгүй, зээлийн гэрээг байгуулсан тул 130,000,000 төгрөгийг төлөх, барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.

 

3. Хариуцагч С-ийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: С- нь өөрийн эзэмшлийн Ө ХХК-ийн үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор ажилтан Б-эр дамжуулан А-өөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 70,000,000 төгрөгийг амаар хэлцэл хийж зээлж авсан ба зээлийн төлбөрт 49,000,000 төгрөг төлсөн. Мөн Б- нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бичгээр зээлийн гэрээ байгуулан 70,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүү төлөх, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд 0.3 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр А-өөс зээлж авсан ба уг зээлийн төлбөрт 27,850,000 төгрөгийг төлсөн. Уг 2 гэрээний үүргийн биелэлтийг дүгнэж, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тооцоо нийлж Төлбөр барагдуулах барагдуулах хэлцэл-ийг байгуулсан. Тус 2 зээлийн гэрээний эргэн төлөлтийг Б- хариуцан төлж байсан бөгөөд Ө ХХК-ийн касснаас бэлэн мөнгөөр зарлага авч А-өд шилжүүлж байсан. С- нь Б-ийн гаргаж өгсөн тооцооны дагуу хэлцэлд гарын үсэг зурсан.

Гэтэл дээрх хэлцлийг хийхээс өмнө 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын хооронд А-ийн дансанд 148,749,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогддог атал үндсэн зээл, хүүгээс нэг ч төгрөг төлөөгүй мэтээр зээлийн үлдэгдэл төлбөр 140,000,000 төгрөг, хүү 64,700,000 төгрөг, нийт 204,700,000 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй. С- нь тухайн хэлцлийг хийх үедээ хэлцлийнхээ агуулгын талаар буруу ойлголттой байсан тул 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

 

4. Гуравдагч этгээд Э-, У- нарын тайлбарын агуулга: Зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-эс 130,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А-өд олгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б- шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Э-, У- нарын өмчлөлийн Ү-2206023351 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 87 дугаар байрны ** тоот хаягт байршилтай, 87.01 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А- нь хариуцагч С-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, С-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, С-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,181,450 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж С-т олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх ач холбогдол бүхий баримт болох 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

А- нь зээлийн үйл ажиллагаа явуулж, ашиг олдог бөгөөд Ө ХХК-ийн зүгээс Б-эр дамжуулан компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор нэхэмжлэгчээс удаа дараа зээл авч байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Түүнчлэн, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан атлаа дахин 70,000,000 төгрөгийг зээлж авсан мэтээр дахин 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Иймд А- нь шаардлага гаргах эрхгүй гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэргийн 149-172 дугаар талд авагдсан кассын зарлагын, орлогын ордер гэсэн баримтуудаас харахад хариуцагч тал нь зээлийн төлбөрийг төлсөн нь нотлогдож, түүнтэй талууд маргаагүй байхад шүүхээс зээлийн гэрээнүүдтэй хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн нь нотлох баримтуудыг бодитойгоор харьцуулан үнэлж чадаагүй, ямар ч үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэхэд хүргэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээдүүд нь өөрийн орон сууцыг бусдын зээлийн барьцаанд тавих үр дагаврыг ойлгож, өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж Б-д итгэмжлэл олгосны дагуу орон сууц барьцаалсан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Анхан шатны шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Зээлийн гэрээнүүдийг нэгтгэж, үлдэгдлийг тооцоо нийлж 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохигч төлбөр барагдуулах хэлцлийг хийсэн. Үүний үлдэгдэл 134,700,000 төгрөгөөс төлсөн 4,700,000 төгрөгийг хасч, 130,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн ямар нотлох баримтыг зөрүүтэй дүгнэсэн гэж гуравдагч этгээд үзээд байгаа нь ойлгомжгүй, давж заалдах гомдол нь хуулийн шаардлага хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Б-ийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэртэй маргах зүйлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-, С- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 130,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б- зөвшөөрч, хариуцагч С- болон гуравдагч этгээд Э-, У- нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А- нь хариуцагч С-т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан ба анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар С-т холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээгээр А- нь 70,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй Б-д зээлдүүлсэн ба 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр уг гэрээг дахин байгуулж нотариатаар гэрчлүүлсэн /1хх 6-7/.

Э-, У- нараас Б-д олгосон итгэмжлэлийн дагуу тэдгээрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 87 дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 87.01 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А-, Б- нар байгуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн /1хх 8-10/.

 

3.2. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б- нь А-өөс 70,000,000 төгрөгийг сарын 4.5 хүүтэй, 1 жилийн хугацаатай хүлээн авч, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б- нь Г-ээс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Г-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 95 тоот 62,72 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг А-тэй байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна /1хх 203-204, 244/.

 

3.3. Улмаар нэхэмжлэгч А-, хариуцагч Б-, С-, гуравдагч этгээд болох Э- нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулагдаж, уг хэлцлээр А-, Б- нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан 70,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ, мөн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үндсэн зээлийн төлбөр 140,000,000 төгрөг, хүү 64,700,000 төгрөг, нийт 204,700,000 төгрөгийн өр төлбөртэй болохыг баталгаажуулж, тус төлбөрөөс 70,000,000 төгрөгийг мөн өдрөө төлж, Г-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 95 тоот 62.72 м2 талбайтай орон сууцыг барьцаанаас чөлөөлж бусад барьцааг хэвээр үлдээхээр, үлдэгдэл төлбөр 134,700,000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сард төлөхөөр тус тус харилцан тохиролцсон /1хх 12/.

 

4. Анхан шатны шүүх А-, Б- нарын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 2 удаагийн 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа болохыг тогтоож, гэрээнүүд хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

Хариуцагч С- нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргасан ч нэхэмжлэгч хуульд заасан эрхийн хүрээнд Б-ийг хариуцагчаар тодорхойлсон тул Б-ийн мэтгэлцээний байр суурь, А-, Б- нар нь төлбөр барагдуулах хэлцэл байгуулахаас өмнө зээлийн гэрээний харилцааг үүсгэсэн зэргийг харгалзан хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагаа хуульд нийцсэн.

 

4.1 Иймд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээнд үндэслэн байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэл-д заасан төлбөрийн үлдэгдэл 130,000,000 төгрөгийг хариуцагч Б-эс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэв.

 

4.2 Э-, У- нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ Туул гол гудамж, 87 дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 87.01 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч Б- зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Хэргийн 149-172 дугаар талд авагдсан кассын зарлагын ордер, орлогын ордерт тусгагдсан зарлага, орлогын гүйлгээ нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааг хамаарч байх бөгөөд уг баримтуудад дурдагдсан төлөлт нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 2 удаагийн 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээний төлөлтөд тооцогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Нэхэмжлэгчийн одоо нэхэмжилж буй 130,000,000 төгрөгт холбогдох төлбөр төлөгдсөн гэх маргаан хэрэг хянан шийдвэрлэх явцад үүсээгүй байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг дахин 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан, мөн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр нэмж зээлийн гэрээ байгуулсан нь бодитоор хэрэгжээгүй тул гэрээний хүчин төгөлдөр эсэхэд шүүх дүгнэлт өгсөнгүй, А- нь зээлийн үйл ажиллагааг эрхэлж ашиг олдог гэж гомдол гаргасан ч нэхэмжлэгч болон хариуцагч нар энэ талаар маргаагүй. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А-, Л.Соёл-Эрдэнэ нар нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээг дахин байгуулахын зэрэгцээ үүнээс тусдаа 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээг нэмж байгуулсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 6-10, 203-204, 244 дүгээр талд авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдсон.

Түүнчлэн А-, Б- нарын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл талуудын мэтгэлцээний хүрээнд тогтоогдоогүй.

Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Э- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Т.БАДРАХ