Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1582

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1806065911604 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Н.Б.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ФМ 104.5 радиогийн баруун талын нийтийн байрны гадна насанд хүрээгүй хохирогч Т.Лхагвадоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Т.Лхагвадоржийн: “...Намайг байрны гадаа найз Тодгэрэл, Учрал гэх найзуудтайгаа тоглож байтал нэг согтуу танихгүй ах хүрч ирээд миний найз Тодгэрэлийг барьж аваад гарыг нь мушгиад “газар унагаана” гэж айлгаад байсан. Тэгэхээр нь би тэр ах дээр очоод “ах аа та яагаад байгаа юм бэ” гэхэд “тэр ах чи муу бацаан юу гээд байгаа юм” гээд намайг зодох гэж дайрсан. Тэгэхээр нь би зугтаагаад гэр рүүгээ гүйтэл тэр ах миний араас гүйцэж ирээд миний толгойн хэсэг рүү гараараа нэг удаа түлхэж унагаасан. Тэгээд намайг газар унаад босч ирэхэд миний толгойн зүүн тал хэсэгт гараараа нэг удаа алгадсан. Тэгээд намайг чирээд муу ус урсаж байсан ус руу миний нуруу хэсгээр дүрсэн. Тэгээд би босч ирээд тэр ахаас зугтаагаад гэр рүүгээ орсон. Тэр үед намайг зодуулж байхад миний хажууд надтай хамт тоглож байсан хүүхдүүд байсан. Мөн тэр ахтай хамт явж байсан нэг ах хараад зогсож байсан. Миний бэлхүүсний зүүн хэсэг болон зүүн гарын тохойны хэсэгт зулгарсан хорсож өвдөж байна. Мөн толгойгоо эргүүлэхэд хөшиж өвдөж байна. Би гомдолтой байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7/,

 

Мөрдөн байцаалтанд Н.Бын яллагдагчаар: “...Би тэр гурван охинтой тоглож байтал нэг 10 орчим настай эрэгтэй хүүхэд гарч ирээд миний хөлний баруун шилбэ хэсэгт өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр хүүхэд рүү эргэж хартал тэр эрэгтэй хүүхэд “чаддаг юм бол намайг бариарай” гэж хэлээд зугтаасан. Тэгэхээр нь би тэр хүүхдийн араас гүйж очоод нуруу хэсэгт нэг удаа түлхсэн. Тэгээд тэр хүүхэд газар унаад босч ирээд “ах аа намайг уучлаарай” гэж хэлсэн. Би тэр хүүхдийг огт цохиж зодоогүй, харин араас нь хөөгөөд гүйцэхгүй байсан учир араас нь түлхсэн. Би тэр хүүхдийн нуруу хэсэгт баруун гараараа нэг удаа түлхэхэд хоёр хүүхэд гүйж байгаад эрчиндээ өнхөрч унасан. Надад ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-34, 80/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн №9650 тоот:

1. Т.Лхагвадоржийн биед хүзүүний цус хуралт, зүүн дал, зүүн тохойны зулгаралт, зүүн ташааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Б.Ундармаа гэсэн дүгнэлт /хх-11/,

 

Т.Лхагвадоржийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-15/, нас тоолсон тэмдэглэл /хх-16/,

Н.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-17/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-18/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б: “...Би тэр үед орос хэлтэй хүн хайгаад явж байгаад очихдоо өмнө нь түрээсэлж байсан болохоор жижүүр эгчийн 2 жаахан охиныг таних болохоор тоглож байхад хажуу талаас нэг хүүхэд миний хөл рүү өшиглөхөөр би араас нь очоод “ингэж болохгүй” гэж хэлээд нуруу руу нь алгадсан. Тэгээд байж байтал манай найз намайг “явая” гэхээр явж байтал нөгөө хүүхэд аав, ээжтэйгээ араас ирээд цагдаад өгсөн...” гэж мэдүүлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс шүүгдэгч Н.Бод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ФМ 104.5 радиогийн баруун талын нийтийн байрны гадна насанд хүрээгүй хохирогч Т.Лхагвадоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Т.Лхагвадоржийн: “...Тэгэхээр нь би зугтаагаад гэр рүүгээ гүйтэл тэр ах миний араас гүйцэж ирээд миний толгойн хэсэг рүү гараараа нэг удаа түлхэж унагаасан. Тэгээд намайг газар унаад босч ирэхэд миний толгойн зүүн тал хэсэгт гараараа нэг удаа алгадсан. Тэгээд намайг чирээд муу ус урсаж байсан ус руу миний нуруу хэсгээр дүрсэн. Тэгээд би босч ирээд тэр ахаас зугтаагаад гэр рүүгээ орсон....” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7/,

 

Мөрдөн байцаалтанд Н.Бын яллагдагчаар: “...Би тэр гурван охинтой тоглож байтал нэг 10 орчим настай эрэгтэй хүүхэд гарч ирээд миний хөлний баруун шилбэ хэсэгт өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр хүүхэд рүү эргэж хартал тэр эрэгтэй хүүхэд “чаддаг юм бол намайг бариарай” гэж хэлээд зугтаасан. Тэгэхээр нь би тэр хүүхдийн араас гүйж очоод нуруу хэсэгт нэг удаа түлхсэн. Тэгээд тэр хүүхэд газар унаад босч ирээд “ах аа намайг уучлаарай” гэж хэлсэн. Би тэр хүүхдийг огт цохиж зодоогүй, харин араас нь хөөгөөд гүйцэхгүй байсан учир араас нь түлхсэн. Би тэр хүүхдийн нуруу хэсэгт баруун гараараа нэг удаа түлхэхэд хоёр хүүхэд гүйж байгаад эрчиндээ өнхөрч унасан. Надад ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-34, 80/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн №9650 тоот: Т.Лхагвадоржийн биед хүзүүний цус хуралт, зүүн дал, зүүн тохойны зулгаралт, зүүн ташааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт зэрэг болно.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Н.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүгдэгч Н.Быг хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Н.Б нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй, харин торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Н.Бод эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Н.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1806065911604 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Н.Б-ыг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЛЗОД