Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2023/00151

 

 

 

 

 

 

 

 

2023 01 13 210/МА2023/00151

 

 

* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03861 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * ХХК-ийн хариуцагч * ХХК, * * д нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг, хохиролд 799,600,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагчийн өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: * ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 118/45 тоот арматур худалдах, худалдан авах гэрээг * ХХК-тай байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч тал 500 тн арматур захиалагчид нийлүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 500 тн арматурын үнийг бүрэн төлсөн боловч хариуцагч нь 358,270,900.02 төгрөгийн үнэ бүхий 200.15 тн арматур нийлүүлээгүй. Гэрээний 10.1-д алдангийн талаар тохиролцсон. Иймд 200.15 тн арматурын үнэ 358,268,500 төгрөгийг буцаан гаргуулж, алдангид 179,135,450.01 төгрөг, хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол 262,196,500 төгрөг, нийт 799,600,450 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч * ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга 500 тн арматурын гэр * ХХК-тай байгуулахаар тохиролцож, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр * ХХК-тай 18/45 тоот арматур худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. . Манай компанийн зүгээс нийт 300 тн арматурыг * ХХК-д үлдэгдэл 200 тн арматурыг нийлүүлэх боломжгүйд хүрсэн. Алданги зөвшөөрөхгүй. Тооцоо нийлсэн актуудад * ХХК нь * ХХК-д 358,270,900.02 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан. * ХХК-ийг үндэслэлгүйгээр их хэмжээний өр төлбөр төлөх боломжгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч * , * д нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр18/45 тоот арматур худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт 895,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 500 тн арматурыг нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч * ХХК-тай гэрээний эрх зүйн харилцаанд орж тодорхой үүрэг, хариуцлага хүлээсэн этгээд нь * ХХК юм. * ХХК-ийн бусад этгээдтэй байгуулсан гэрээний үүрэг, хариуцлагыг тухайн компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн * , * д нар хариуцах хууль зүйн үндэслэлгүй. Иймд хариуцагч * д, * нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан * оос гэрээний үүрэгт 358,268,500 төгрөг, хохирол 262,196,500 төгрөг гаргуулахыг хүссэн, * ХХК, * , * д нараас тус бүр алданги 59,711,116 төгрөг гаргуулахыг хүссэн * ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,253,453 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримттай нийцээгүй байна. Учир нь нэхэмжлэгч * ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр * ХХК болон иргэн * нарт холбогдох нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлээр, тус компани нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн арматур худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч нараас 200 тн арматур болон 179,135,450.01 төгрөгийн алданги гаргуулах шаардлага гаргасан. Тус компани нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн * ыг хөлсөөр ажиллах тухай гэрээ болон мөн өдөр олгосон итгэмжлэлийн дагуу төлөөлөгчөөр оролцуулсан. Ингэхдээ, тус компани нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалтай танилцах, тайлбар, хариу тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар санал хүсэлт гомдол гаргах, шүүх хуралдаанд оролцох, хариуцагчтай эвлэрэх, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрх олгосон. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрх олгоогүй байхад нэхэмжлэлийн үнийн дүнг зөвхөн хариуцагч иргэн * оос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь өөрчилснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэл өөрчлөх эрхгүй этгээдийн гаргасан шаардлагын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэж, тус компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, хуулийг ноцтой зөрчсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож. хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, хараат бус байх, мэтгэлцэх, талууд диспозитив зарчимд тулгуурлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хуулийн этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар төлөөлөгчөөр дамжуулан оролцдог. Нэхэмжлэгч * ХХК нь өмгөөлөгч * тай хуулийн зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, уг хэрэгт өмгөөлөгчөөр оролцуулсан. Улмаар 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд * ХХК-ийн захирал Ж.Лхагвадоржоос * ад итгэмжлэл олгосон. Өөрөөр хэлбэл, статус нь өөрчлөгдөн * нь цаашид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 1 удаа өөрчилсөн. Түүнийг шүүгчийн захирамжаар хүлээн авч, хариуцагчид гардуулах ажиллагааг хийхээр хойшилсон. Миний бие дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл нь шаардлага хангахгүй байна гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан боловч хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэн эрхийн хүрээнд * ад олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус захирамжийг гарснаас хойш итгэмжлэлээ өөрсдөө өөрчлөөгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд өөрөө нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй, шүүх хуралдаанд өөрчилж, тодруулсан шаардлага нь нэхэмжлэгч * ХХК-ийн захирлын хүсэл зориг мөн талаар удаа дараа тайлбарлаж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хэргийн 235 дугаар талд шүүхээс удаа дараа тодруулж асуухад тийм гүйцэтгэх захирал буюу тухайн компанийн хүсэл зориг мөн, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага манай компанийн эцсийн шийдвэр гэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д хэргийн оролцогч үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг баримталж бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Гомдол дурдсан * ыг хөлсөөр ажиллах гэрээгээр оролцуулж байсан нь хэрэгт ач холбогдолгүй. Ямар гэрээний үндсэнд хэнийг оролцуулах нь тухайн компанийн шийдвэрлэх асуудал. Шүүх нэхэмжлэгч талын нэмж хамтран хариуцагч татах хүсэлт гаргасныг хуульд заасан журмын дагуу хангаж шийдвэрлээгүй. Тухайн хэргийг шийдвэрлэх шүүх хуралд процессын алдаа гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэснээ өөрчилсөн. Үүнд манай талаас өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хугацаа авах, татгалзах хүсэлтийг гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг, хохиролд 799,600,450 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. * ХХК нь * ад тус компанийг төлөөлөн хэргийн материалтай танилцах, тайлбар, хариу тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар санал, хүсэлт гомдол гаргах, шүүх хуралдаанд оролцох, хариуцагчтай эвлэрэх, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай тус тус олгожээ. /хх-64/

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх, зарим шаардлагыг өөрчлөх болон үндэслэлийг тодруулсан байх ба үүнтэй холбогдуулан гаргасан хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 102/ШЗ2022/12520 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, төлөөлүүлэгч, төлөөлөгчид ямар эрхээ шилжүүлэх талаар итгэмжлэлд тусгах ба уг эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог. Гэтэл нэхэмжлэгч * ХХК нь төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхийг итгэмжлэлээр олгоогүй байхад шүүх хэргийн оролцогч этгээдэд олгогдсон эрх хэмжээг шалгах үүргээ хэрэгжүүлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь буруу болжээ.

Түүнчлэн, дээрх итгэмжлэл хэзээ олгогдсон эсэх нь тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3, 64.2.5-д тус тус заасныг зөрчсөн байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дах хэсэгт төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлтэй.

6. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан алдааг давж заалдах шатны шүүх нөхөн залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03861 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,313,914 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН