| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 103/2022/00494/И |
| Дугаар | 210/МА2023/00116 |
| Огноо | 2023-01-09 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2023/00116
2023 01 09 210/МА2023/00116
*.*ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 103/ШШ2022/00483 дугаар шийдвэртэй,
*.*ын нэхэмжлэлтэй *.*** д холбогдох
Орон сууцны хөлс 600,000 төгрөг, цахилгааны төлбөр 39,700 төгрөг, усны төлбөр 92,218 төгрөг, цонх шиллэсэн зардал 34,000 төгрөг нийт 764,918 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *.*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. *.*** нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 10 дугаар байрны 00 тоот од байрлах 2 өрөө орон сууцыг түрээсэлж байсан ба 2020 оны 06 сарын 10-ны өдөр түрээсийн хугацаа дууссан.
Гэтэл *.*** нь орон сууцыг суллаж өгөхгүй 2022 оны 09 сарын 11-ний өдөр түлхүүрийг манай хүүд хүлээлгэж өгсөн. Тэрээр хугацаа хэтэрсэн 3 сарын түрээсийн төлбөрт сарын 400,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг өгөхөөс 2022 оны 07 сарын 10-ны өдөр 600,000 төгрөг өгч үлдэх 600,000 төгрөгийг өгөөгүй.
Мөн орон сууцны гал тогооны өрөөний цонхны том шил байгаагүй тул 34,000 төгрөгөөр шиллүүлсэн. *.*** нь 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт 39,700 төгрөгийг би төлсөн.
*** ОНӨААТҮГ-т 2022 оны 07, 08, 09 сард хэрэглэсэн цэвэр, халуун, хүйтэн усны төлбөр 92,218 төгрөгийг төлөөгүй тул *.*** гээс дээрх төлбөрүүдэд нийт 764,918 төгрөгийг гаргуулна гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2019 оны 06 сарын 11-ний өдөр зарын дагуу *.* гэх хүнтэй холбогдож Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 10 дугаар байрны 00 тоот од байрлах 2 өрөө орон сууцыг сарын 300,000 төгрөгөөр түрээсэлсэн. Хугацааны хувьд 5 жилийн хугацаанд Багануурт байх тул түрээсийн төлбөрийг жил бүр тооцон өгч байхаар тохиролцсон.
Миний бие тус орон сууцанд засвар хийсэн ба *ын хүүтэй байгуулсан гэрээний хугацаа 2022 оны 06 сарын 17-ны өдөр дууссан.
Түрээслүүлэгчид мөнгөний хэрэгцээ гарах бүрд түрээсийн төлбөрийг урьдчилан өгдөг байсан. *.* цагаан сарын баярын өмнө мөнгө хэрэгтэй боллоо гэхэд нь 2,200,000 төгрөг, өнгөрсөн 04 сард хүүхэд Солонгос улсад сурдаг, төлбөр мөнгө хэрэг болсон боломжтой бол мөнгө өгөөч гэхэд нь 2,000,000 төгрөг өгсөн. Ингэхдээ сарын 300,000 төгрөгөөр тооцож 2023 оны төлбөрөө бүрэн төлсөн.
2.2. Гэтэл *.* ирээд орон сууцыг суллаж өгөхийг мэдэгдсэн ба би түүнээс үргэлжлүүлэн байх хүсэлтэй гэдгээ хэлээд, Хөвсгөл аймаг руу явахад нь 600,000 төгрөг шилжүүлсэн.
*.* бид хоёрын хооронд сарын түрээсийн төлбөр 400,000 төгрөг байхаар тохиролцоогүй. Миний бие 2022 оны 09 сарын 02-ны өдөр орон сууцыг сулласан ба *.* 4,200,000 төгрөгийг надад буцаан өгсөн.
Би *.*ын орон сууцанд амьдарсан учраас түүнд өгсөн 600,000 төгрөгийг буцаан авахгүй, мөн өөрийн хэрэглэсэн тогны мөнгийг зөвшөөрч байна. Усны төлбөрөөс 07, 08 сарыг зөвшөөрнө, 09 сарыг зөвшөөрөхгүй, гэхдээ энэ талаар баримт ирүүлээгүй.
Тус орон сууц бусдад 10 жил гаруй хугацаанд түрээслэгдсэн тул цонхыг хэн хагалсныг би мэдэхгүй, би хагалаагүй тул цонх шиллэсэн төлбөрийг зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч * овгийн *ийн *гээс орон сууц хөлсөлсний төлбөрт 250,000 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 39,700 төгрөг нийт 289,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч * овгийн *ийн *д олгож, нэхэмжлэлээс үлдэх 475,218 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,908 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *.*** гээс улсын тэмдэгтийн хураамжид 19,841 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүх хариуцагч *.*** нь *.* , *.* нартай орон сууц хөлслөх гэрээг амаар байгуулж сарын 300,000 төгрөгөөр хөлсөлж байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. гэсэн нь ямар баримтаар тогтоогдож нотлогдсон нь баримтгүй байна.
4.2. Мөн Хариуцагч нь нэхэмжлэгчид байрны хөлс 600,000 төгрөг шилжүүлсэн талаа зохигчид маргаагүй байна. гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. 2022 оны 07 сарын 28-ны өдөр үүхэд гаргасан нэхэмжлэлдээ төлбөр тооцооны талаар огт дурдаагүй, цаг хугацааны хувьд байр чөлөөлж өгөөгүй байсан тул маргах боломжгүй. Харин шүүгч *.* нэхэмжлэлийн хүрээнд зөв шударга шийдвэр гаргасанд баярладаг.
4.3. Шүүх *.*ын өгсөн зөвшөөрлийн дагуу түүний хүү *.* , бүр *.* нартай хариуцагчийн амаар байгуулсан орон сууцны гэрээ хуульд нийцнэ. гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь би *.* , *.* нарт зөвшөөрөл, итгэмжлэл олгоогүй тэднийг *.*** тэй гэрээ байгуулсан эсэхийг мэдэхгүй.
4.4. Гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч *.*** нь уг байранд амьдарч 2022 оны 09 сарын 10-ны өдөр суллаж өгөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон 600,000 төгрөгийг өмнө нь түрээсэлж байсан ханшаар тооцож 07, 08 сарын төлбөр гэж нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгч 600,000 төгрөгийг байрны хөлсний төлбөрт тооцон хариуцагчаас нэхэмжилж байгаа зэргээс дүгнэж зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ тодорхой бус хугацаагаар байгуулагдсан гэж үзэхээр байна гэж шүүх дүгнэсэн.
*.*** надад гэрээг сунгах хүсэлт тавьсны дагуу нотариат дээр очиход байрны 2 өмчлөгч заавал биеэр байх ёстой тул гэрээ хийхгүй гэсэн боловч *.*** г гуйгаад байхаар нь зөвшөөрч гэрээ хийсэн.
Хоёр өрөө байрны түрээсийн төлбөр Багануурт 400,000-600,000 төгрөг, Улаанбаатар хотод 750,000-1,200,000 төгрөгийн ханштай байдаг. *.*** гийн *.* д өгсөн 4,200,000 төгрөгийг буцаан өгсөн, мөн тэрээр надад 600,000 төгрөг өгсөн.
Шүүгч *.* нь шүүгч *.* шийдвэрийг хөндсөн ба нэхэмжлэлд хамааралгүй, үнэн зөв нь тогтоогдоогүй нотлох баримтгүй ач холбогдолгүй таавар, өөрийн зохиомжилсон зүйлүүд бичсэн гэж үзэж байна.
4.5. Шүүх хариуцагчийн тайлбараар орон сууцны түрээсийн төлбөрийг сарын 300,000 төгрөгөөр тооцон 2022 оны 06 сарын 17-ны өдрөөс 2022 оны 08 сарын 17-ны өдрийг хүртэл 2 сарын төлбөрийг төлсөн гэж үзэж, уг өдрөөс 2022 оны 09 сарын 11-ний хүртэл хугацааны төлбөрт 250,000 төгрөг өдрийн 10,000 төгрөгөөр тооцсон.
Цахилгааны төлбөрт 39,700 төгрөг нийт 289,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *.*** д холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөр 600,000 төгрөг, цахилгааны төлбөр 39,700 төгрөг, 07, 08, 09 сарын цэвэр, халуун усны төлбөр 92,218 төгрөг, цонхны шил шиллэсэн 34,000 төгрөг нийт 764,918 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. *.*** нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 10 дугаар байрны 00 тоот од байрлах орон сууцыг *.*ын хүү *.* , бэр *.* нартай харилцан тохиролцож 2019 оны 06 сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсэлж байсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон байна.
3.а. Хэргийн 12 дахь талд авагдсан Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 сарын 02-ны өдрийн 103/ШШ2022/00380 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар *.*** маргаан бүхий орон сууцыг 2022 оны 09 сарын 10-ны өдрийн дотор чөлөөлж, түлхүүрийг *.*д хүлээлгэн өгөх нөхцөлөөр зохигчид эвлэрсэн байна.
Талууд нэхэмжлэгчийн орон сууцыг хариуцагч түрээсэлж байсан болон хариуцагч нь 2022 оны 06 сарын 17-ны өдрөөс хойшхи хугацааны орон сууц хөлсөлсний төлбөрт 600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
4. Харин нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг сарын 400,000 төгрөгөөр хөлслүүлсэн тул 3 сарын 400,000 төгрөг 1,200,000 төгрөгөөс хариуцагчийн өгсөн 600,000 төгрөгийг хасаж үлдэх 600,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь орон сууцыг сарын 300,000 төгрөгөөр хөлсөлсөн тул 600,000 төгрөг төлсөн гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргажээ.
4.а. Нэхэмжлэгч нь орон сууцны 1 сарын хөлс 400,000 төгрөг байхаар хариуцагчтай тохиролцсон гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4.б. Харин хариуцагч нь 2022 оны 06 сарын 17-ны өдрөөс хойшхи хугацааны түрээсийн төлбөрт 600,000 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэгч уг мөнгийг хүлээн авсан талаар маргахгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийн орон сууцны хөлсийг сарын 300 000 төгрөгөөр хөлсөлсөн гэж зөвшөөрсөн хэмжээнд талууд орон сууц хөлсөлсний 1 сарын төлбөрийг 300,000 төгрөгөөр тохиролцсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
4.в. Орон сууц хөлсөлсний 1 сарын төлбөр 300,000 төгрөгийг 30 хоногоор тооцоход 1 хоногийн 10,000 төгрөг байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцыг 2022 оны 09 сарын 11-ний өдөр чөлөөлсөн тул тэрээр 2022 оны 06 сарын 17-ны өдрөөс мөн оны 09 сарын 11-ний өдрийг хүртэл 25 хоногийн хугацааны орон сууц хөлсөлсний төлбөр 250,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
Иймд шүүх хариуцагчаас орон сууцны хөлсөнд 250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
5. Нэхэмжлэгч нь 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс 09 сарын 02-ны өдрийн цахилгааны төлбөрт 39,700 төгрөг төлсөн тул хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн байна.
Мөн хэргийн 4 дэх талд авагдсан ххх ТӨХК ххххх ЦТСС-ийн төлбөрийн нэхэмжлэхээр дээрх хугацааны цахилгааны төлбөр 39,662 төгрөг болсон ба 2022 оны 09 сарын 26-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар уг төлбөрт 39,700 төгрөг төлөгдсөн байна.
Иймд Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 259.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас цахилгааны төлбөр 39,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
6. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 07, 08, 09 сарын цэвэр, халуун усны төлбөр 92,218 төгрөгийг гаргуулна гэх шаардлага гаргасан.
6.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
Учир нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч 07, 08 сарын усны төлбөр төлөхийг зөвшөөрч байна гэх агуулга бүхий тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцээгүй.
6.б. Нэхэмжлэгчийн усны төлбөрт нэхэмжилж буй 92,218 төгрөгийг 3 сард хуваахад 1 сарын төлбөр 30,739 төгрөг ба үүнийг хариуцагчийн зөвшөөрсөн 07, 08 саруудаар тооцвол 61,479 төгрөг болно.
Иймд хариуцагчаас 61,479 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.
7. Нэхэмжлэгч нь хөлслүүлсэн орон сууцны цонх хагарсныг 34,000 төгрөгөөр шиллүүлсэн тул хариуцагчаас уг мөнгийг гаргуулна гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүйгээс гадна орон сууцны цонх хагарсан болон хагарсан цонхыг шиллүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд хариуцагчаас орон сууцны хөлс 250,000 төгрөг, 07, 08 сарын усны төлбөр 61,479 төгрөг, цахилгааны төлбөр 39,700 төгрөг нийт 351,179 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх (350,000+30,739+34,000=413,739) 413,739 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 103/ШШ2022/00483 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *.*** гээс 351,179 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *.*д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 413,739 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын ...19,841 гэснийг ...11,185 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *.*ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,908 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ