Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210

 

 Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,                                                                                                                       

 Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

 Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Хд  холбогдох эрүүгийн 1830002820214 дугаартай  хэргийг  2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

 Монгол Улсын иргэн, Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат, 1972 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, воган слесарь мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Хайрхан гэх газар байнга оршин суух хаягтай, одоо Төв аймгийн Зуун мод сум 4 дүгээр баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Монгол улсын алдарт уяач цолтой, регистрийн дугаар С.Х. 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

   Шүүгдэгч С.Х нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Т зочид буудал болон П шатахуун түгээх станцын урд байх дугуй засварын гадна иргэн Д.Ныг зодож эрүүл мэндэд нь “дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

   Шүүгдэгч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр хохирогч Н нь согтуу, харин би архи уугаагүй байсан. Хохирогч Ныг цохисон нь үнэн буруугаа ойлгож байна гэв. 

   Эрүүгийн 1830002820214 дугаартай хэргээс:  

 

  - Хохирогч Д.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр баг буюу сумын төвд байх “Т” буудалд амарч байхад С.Х, Б, Г нар орж ирсэн. Х намайг “чи энд юу хийж байгаа юм бэ” гээд 2-3 удаа толгойн тус газар руу гараараа цохисон. Тэгээд буудлаас гараад гутлынхаа түрийнд байсан хутгаар миний мотоциклын урд болон хойд хоёр дугуйг хагалаад явсан. Би мотоциклынхоо хоёр дугуйг янзлуулах гээд Түмэнцогт сумын “П” шатахуун түгээх газрын урд талын дугуй засварын газарт байхад С.Х дахин ирж миний үүдэн шүд рүү цохисон. Бас  миний унаж явсан мотоциклын урд талын дугуйг авч явсан. Намайг Х цохисны улмаас нэг үүдэн шүд унаж гэмтсэн. Миний үүдэн нэг шүдний эмчилгээний зардлыг өгчихвөл надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,

 

- Гэрч Д.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Н гэх залуу ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд буудлын өрөө байна уу гэхээр нь би өрөө байгаа гээд 5 тоот өрөөнд оруулсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны 9 цаг өнгөрч байхад Н гэх хүний амарч байсан өрөөнөөс Х гарч харагдсан. Х амьсгаадсан байдалтай гарч ирсэн. Би Х гэх хүнийг Нын амарч байсан 5 тоот өрөөнд орж байхыг хараагүй. Н, Х гэх хоёр хүнийг зодолдож байхыг хараагүй. Харин Х манай буудлын гадаа байсан Н гэх хүний мотоциклын дугуйг хутгаар хагалаад буцаж орж ирээд надтай уулзахдаа “Н пизда хов зөгөөд байна” гэж хэлээд гараад явсан. Н удалгүй буудлын өрөөнөөс гарч ирээд “Х мотоциклын хоёр дугуй хагалсан байна” гээд дугуй засвар руу явсан. Н эргэж ирээд “Та надад 80.000 төгрөг зээлээч би дугуйтай болох гэсэн юм” гээд надаас мөнгө аваад явсан. Н удалгүй буцаж ирээд Х шинэ хоёр дугуй аваад явчихлаа бас миний шүд рүү цохьчихлоо гээд амаа гараараа дараад байсан. Тэгэхээр нь би чи явж эмчид үзүүл гэж хэлэхэд Н за гэж хэлээд явсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

- Гэрч Т.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Эрүүл мэндийн төвд их эмч ажил хийдэг.  2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ байхад 15 цагийн үед Н  2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүнд зодууллаа гээд ирэхээр би биед нь үзлэг хийсэн. Тэгэхэд Н гэх хүний үүдэн нэг шүд, зүүн талын дээд талын нэг араа хуучин унасан байсан. Өөр ямар нэг гэмтэл байхгүй байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

- Гэрч Э.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Түмэнцогт суманд гэртээ байхад орой 23 цагийн үед С.Х манай гэрт ирж хоносон. Тэгээд маргааш өглөө нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн үед С.Х бид хоёр манай гэрээс гараад Түмэнцогт сумын иргэн Г.Гын гэрт С.Хгийн машинтай очсон юм. Тэгээд С.Х, Г.Г бид хоёрыг хамт ус ундаа авах гээд “Т” гэх буудлын гадаа машинтайгаа ирж зогсоход С.Х энэ мотоцикль Нын мотоцикль байна гээд “Т” буудал руу С.Х ганцаараа орсон. Би С.Хгийн араас нь ороход удалгүй Г.Г араас буудал руу орж ирсэн бөгөөд Н, С.Х нар “Т” буудлын 5 тоот өрөөнд хамт байсан. С.Х Ныг “чи энд юу хийж байгаа юм” гэхэд Н “би архи ууж байна” гэсэн. С.Х “чи адуу малдаа явдаггүй юм уу? Энэ чиний архи уудаг газар юм уу” гэж хэлэхэд Н хэвтэж байснаа “за пизда явахаас даа” гээд босоод ирсэн. С.Х “чи яахаараа намайг пизда гэдэг юм” гэхэд Н “яадаг юм” гээд дахин салаавч Х рүү гаргасан. С.Х Нын гэдэс болон бөгс рүү нь гараараа цохисон. С.Х архины шилээр Ныг цохих гэтэл Г.Г архины шилийг С.Хгээс булааж авсэн. Би С.Хг “та одоо боль” гэж хэлээд буудлын өрөөнөөс гаргасан. Тэгээд Г.Г бид хоёр С.Хгийн араас гарахад С.Х, Нын унаж явсан мотоциклын хойд талын дугуйг хутгаар хагалсан байсан. С.Х, Г.Г бид гурав С.Хгийн машинтай “ Т ” буудлын гаднаас хөдлөөд явсан.  С.Х машинаа барьж бензин авахаа мартсан байна гээд шатахуун түгээх газар руу очиход Н шатахуун түгээх газрын урд талд байх дугуй засвар дээр байсан. Бид нар дугуй засвар дээр очоод С.Х машинаасаа буухад нь би “битгий дахиад Ныг зодчихоорой” гэж хэлэхэд “үгүй ээ, үгүй би уулзчихаад ирье” гээд Н луу явсан.Н, Х хоёр дахиад зодолдоод байсан. Би хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Нын амнаас нь цус гарч байсан. Тэгээд С.Х машин руугаа ирэхдээ гартаа мотоциклын нэг дугуй барьж ирсэн.Түүнийгээ машиныхаа ар талд хийгээд бид гурав явсан. Харин Н дугуй засвар дээр үлдсэн. Тэгээд би гэрийнхээ гадаа буусан ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/,

 

- Гэрч Г.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг “Ө” гэх газар нутагладаг юм. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагийн үед манай хөдөө байх гэрт Х, Бтой хамт ирсэн. Х намайг хамт сумын төв оръё гээд дагуулаад явсан. Тэгээд сумын төвд орж ирээд “Т” зочид буудлын гадаа ирээд Х буудал руу орсон. Араас нь Б орсон. Тэр хоёрын араас би буудал руу ороход Х, Н гэх залуу хоёр буудлын өрөөнд зодолдож байсан. Х буудлын өрөөнд байсан архиар цохиж байхаар нь би архийг нь булааж авсан. Х буудлын өрөөнөөс түрүүлж гараад хөөрөгний дайлангаасаа хутга гаргаж ирээд гадаа Нын мотоциклын хоёр дугуйг нь хагалсан байсан. Тэгээд Х, Б бид гурав яваад өгсөн. Харин Н буудалдаа үлдсэн. Би Х, Н хоёр ямар асуудлаас болж муудсаныг мэдэхгүй байна. Х тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 504 дүгээр дүгнэлтэд: “Д.Нын биед дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт 5 хувь тогтонги нөлөөлнө” гэжээ /хх-ийн 25 /, 

 

 - С.Хгийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/,

 - Хохирогч Д.Нын хохирол, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 50/,

 - Шүүгдэгч С.Хгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/зэрэг баримтууд болно.

 Шүүгдэгч С.Х нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Т зочид буудал болон П шатахуун түгээх станцын урд байх дугуй засварын гадна хохирогч Д.Ныг зодож эрүүл мэндэд нь “ дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Хгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Н, гэрч Д.С, Т.О, Э.Б, Г.Г нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

  Шүүгдэгч С.Хд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

  Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч С.Хгийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Х нь хохирогч Д.Ныг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч С.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Прокуророос С.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч С.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

  Шүүгдэгч С.Хд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

  Шүүгдэгч С.Хгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч Д.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Хд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

   Шүүгдэгч С.Х нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Нт шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

   1. Шүүгдэгч С.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Хг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Хд оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Х торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

   5. Ялтан С.Х нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Нт шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА