Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 212

 

 Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,                                                                                                                       

 Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

 Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд  холбогдох эрүүгийн 1830002940213 дугаартай  хэргийг  2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат, 1981 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг “Ц” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар А.Б. 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

   Шүүгдэгч А.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр жишиг хорооллын задгайд байх гэрийнхээ гадаа иргэн Д.Дыг зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд доод зовхины болон салстын цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

   Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн, миний мэдүүлэг адилхан тул мэдүүлэг өгөхгүй гэв. 

   Эрүүгийн 1830002940213 дугаартай хэргээс:  

 

- Яллагдагч А.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Ц” гэх газарт байх хөдөө гэрээсээ Мөнххаан сумын төвд байх гэртээ 12 цагийн үед ирсэн. Тэгээд би Мөнххаан сумын төвд өөрийн эзэмшлийн Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Д хүнтэй таарч уулзаад Мөнххаан сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Д” дэлгүүрээс 0.75 литрийн “Экс” нэртэй архи аваад Мөнххаан сумын малтай байранд байх гэртээ Дийн хамт архи ууж байхад манай гэрийн хажууд байх айлын Д.Д гэх залуу орж ирсэн. Тэгээд Д, Дд бид гурав архиа ууж дуусгаад би Дийг хүргэж өгөх гэж байхад Д.Д нь “би хамт явна, та хоёрт архи авч өгье” гээд хамт явсан. Тэгээд би Дийг гэрийнх нь гадаа буулгаад буцаад гэр рүүгээ явж байхад Д.Д “би дэлгүүр оръё” гэхээр нь би Мөнххаан сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Д” гэх хүнсний дэлгүүрийн гадаа очиж зогсоход Д.Д нь бууж дэлгүүр рүү орсон. Тэгээд гарч ирээд хүн байхгүй байна гэхээр нь би машинаа асаагаад Мөнххаан сумын төвд байх гэр рүүгээ шууд хөдлөөд явсан. Тэгээд гэрийн гадаа ирж зогсоход Д.Д нь “та намайг гэр рүү оруулах гэлээ, би орохгүй” гэж хэлээд Д.Д нь миний өөдөөс агсраад байхаар нь би Ддыг 2-3 удаа цохисон юм. Би Д.Дтой эвлэрсэн бөгөөд эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,

 

- Хохирогч Д.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Э” гэх газар эхнэр Урангоо, 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. Манай хүүхдүүд цэцэрлэг, сургуульд сурдаг болохоор эхнэр, 2 хүүхдийн хамт А.Б гэх хүний хашаанд гэр барьж буусан юм. Тэгээд би 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг малтай байранд байх А.Б гэх хүнтэй хамт 1 шил “Хараа” нэртэй 0.75 литрийн архи хувааж уусан юм. Тэгээд А.Б гэнэт юм ярьж сууж байхад намайг цохиж зодсон. Надад А.Б гэх хүнд гаргах гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,

 

- Гэрч Н.Угийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Ц” гэх газар нөхөр Д.Д болон 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг “Жишиг” хороололд байх А.Б гэх хүний хашаанд гэр барьж буусан юм. Буух болсон шалтгаан нь 2 хүүхэд цэцэрлэг, сургуульд орох гээд хөдөөнөөс сумын төвд орж ирсэн юм. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр Дд болон А.Б нар 14 цагийн үед А.Бийн гэрт архи уусан. А.Б болон Д.Д нар авсан архиа ууж дуусгаад А.Батцэнгал гарч явсан. Манай нөхөр Д.Д араас нь гарч яваад машинд нь суусан. Манай нөхөр Дд болон А.Б нар удалгүй буцаад ирсэн. Тэгээд гаднаас нөхөр Д.Дыг гэр лүүгээ оруулах гээд А.Бийн гэрээс гартал А.Б, Д.Д нар хоорондоо зодолдож байсан. Би А.Бээс та яагаад манай нөхрийг зодож байгаа юм бэ? гэхэд А.Б гэх хүн гэр лүүгээ орохгүй надтай маргалдаад намайг өдөөд болохгүй байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийг А.Б зодсон байсан. Би Д.Д, А.Б хоёр юунаас болж маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Д.Д, А.Б хоёр урьд нь муудаж байгаагүй. Ямар нэгэн өс хонзонгийн зүйл тэр хоёрт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

 

- Гэрч Б.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн үед А.Б гэх хүнтэй сумын төвд таарсан. Тэгээд А.Б надад ганц юм авч өгье гэж хэлээд сумын төвд байх “Ж” гэх дэлгүүрээс 0.75 литрийн хар Экс архи аваад Жишиг хороололд байх А.Бийн гэрт очиж би болон А.Б, Д.Д бид гурав Д.Дын гэрт авч ирсэн архиа уусан. Тэгээд бид гурав архиа ууж дуусгаад 17 цагийн орчим А.Б намайг машинтайгаа хүргэж өгөх гэж байхад Д.Д гэрээс гарч ирэн дахиж архи ууя би нэг шил архи авъя гээд Д.Д, А.Бийн машинд суухаар нь би “чи яах гээд байгаа юм бэ? одоо архи уухгүй, болно, чи бие муутай байж” гэж Д.Дод хэлэхэд Д.Д над руу “чи битгий хуц, чамд хамаа байхгүй” гэж хэлэхээр нь би А.Бийн машинаас буугаад гэр лүүгээ явсан. Би А.Б болон Д.Д хоёрыг зодолдож байхыг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 526 дугаар дүгнэлтдээ: “Д.Дын биед зүүн нүдний дээд доод зовхины болон салстын цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэжээ /хх-ийн 24 /, 

 

 - Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 273 дугаартай тодорхойлолт /хх-ийн 31/,

 - Хохирогч Д.Дын хохирол, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 42/,

 - Шүүгдэгч А.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/зэрэг баримтууд болно.

 

 Шүүгдэгч А.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үдийн хойно 15-16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр жишиг хорооллын задгайд байх гэрийнхээ гадна хохирогч Д.Дыг зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд доод зовхины болон салстын цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Бийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Д, гэрч Н.У, Б.Д нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 526 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

  Шүүгдэгч А.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

  Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч А.Бийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Б нь хохирогч Д.Дыг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Прокуророос А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч А.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

  Шүүгдэгч А.Б ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хохирогч Д.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал болон мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.   

 

   Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

   1. Шүүгдэгч А.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бд 600 /зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан А.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Б торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

   5. Ялтан А.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   6. Ялтан А.Бд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА