Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/ма2023/00166

 

 

 

 

 

 

 

 

2023 01 16 210/МА2023/00166

 

 

* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2022/03642 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч * ХХК-ийн хариуцагч * т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 33,066,501.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: * нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр * ХХК-тай * тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 26 сарын хугацаатай зээлж авсан. Мөн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр * -А нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, 24,200,000 төгрөгийн нэмэлт зээл авсан. Зээлдэгч * тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 413 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээл 22,136,243.31 төгрөг, хүү 10.716,055.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 214,202.79 төгрөг, нийт 33,066,501.97 төгрөгийг хариуцагч * аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2018, 2019 онд цалингийн зээл авсан нь үнэн болно. Дээрх зээлүүдийг цаг тухай үед хуваарийн дагуу төлж барагдуулж байсан. 2020 оноос ковид гарч давагдашгүй хүчин зүйл болсон тул зээлээ төлж нэхэмжлэгчийн 33,066,501.97 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие үндсэн зээл хүү төлөлтөөс хуваарийн дагуу 8,937,450 төгрөг төлсөн. Нийт авсан зээл, хүү нь 35,856,122.17 төгрөг байгаа. Одоогоор үндсэн зээл хүү 26,918,672.17 төгрөг байгаа. Монгол улс давагдашгүй хүчин зүйл ковид гарсан нь дээрх төлөлтөд нөлөөлсөн. Иймд үлдсэн 26,918,672.17 төгрөгийг төлөх хүсэлтэй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * аас 33,066,501.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * аас улсын тэмдэгтийн хураамжид 323,283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, би анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзаж байгаагаа илэрхийлж, тайлбар гаргаж, шүүх хуралдаанд оролцсон. Тухайн үедээ өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа, зөвлөгөө аваагүй байснаас шалтгаалж, өөрийн хүсэл зоригоо шүүхэд бүрэн дүүрэн, зөв ойлгуулж чадсангүй. Түүнчлэн, шүүх нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй, мөн намайг хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломж, нөхцөлөөр хангаагүй атлаа хэргийг банкны талд, тэдний гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч харилцах дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн. Харилцах дансны хуулганаас үзэхэд 24,200,000 төгрөгийн нэмэлт зээл авснаас хойш 6 удаагийн төлөлтөөр нийт манай байгууллагад 8,961,000 төгрөгийг төлсөн нь үнэн. Шүүх хуралдаанд үндсэн зээлд 5,326,795.18 төгрөг, хүүгийн зээлд 3,595,276.29 төгрөг, үлдсэн 30,000 төгрөг нь нэмэгдүүлсэн хүү рүү орсон гэж тайлбарласан. Гэтэл 8,961,000 төгрөгийг нийт зээлийн үлдэгдлээс хасуулна гэж хариуцагч тайлбарласан. Бид 3 задаргаагаар хүү тооцооллын хүснэгтэд оруулан, дансны хуулгатай таарсан. Хариуцагчийн шүүхэд эрхээ эдлээгүй гэх талд бид хангалттай хүлээсэн. 2022 оны 03 дугаар сард эвлэрүүлэн зуучлалаар орохоор 10 сарын өмнөөс эвлэрэх санал тавьж хариуцагчийг шүүхэд дуудсан боловч ирээгүй. Мөн эвлэрүүлэн зуучлалаас дуудахад ирээгүй. Бүх холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Нэхэмжилсэн нийт 33,066,501.97 төгрөгийг татгалзахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч * т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 33,066,501.97 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч * ХХК, хариуцагч * нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр * дугаар цалингийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 20,000,000 төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 26 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу мөнгөн хөрөнгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-7/

Мөн зохигчид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр * -А дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь өмнөх * дугаар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 3,262,928.79 төгрөг дээр нэмж 24,200,000 төгрөг, нийт 27,462,928.49 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлж, хариуцагч нь гэрээнд заасан хугацаа нөхцөлийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-9/

4. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан байх бөгөөд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

5. Зээлдэгч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд зээл, зээлийн хүүд нийт 8,960,938.54 төгрөгийг төлсөн, үүнээс хойш төлбөр хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилжээ.

6. Нэхэмжлэгч нь хариуцагч * аас 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 22,136,243.31 төгрөг, зээлийн хүү 10,716,055.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 214,202.79 төгрөг, нийт 33,066,501.97 төгрөг нэхэмжилснийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, тооцоог эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбараа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

7. * ХХК 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001791739 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 001796165 тоот албан бичгээр тус тус зээлдэгч * т ...гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэн нийт 9,893,791.83 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор бүрэн төлөх, дээрх хугацаанд зээл, хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлж байсан байна. /хх11-12/[D1] 

7.1 Зээлийн гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шаардах эрхтэй.

7.2 Хариуцагч * нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөнөөс нэхэмжлэгч * ХХК нь зээлийн гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж үзнэ. Ийнхүү хариуцагч нь зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөр төлөөгүй, ноцтой зөрчлийг гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг шууд цуцлах үндэслэлд тооцогдох тул шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс зээлийн гэрээг цуцалсан гэж үзэж, гэрээг цуцлах хүртэл хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хуульд зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

8. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 22,136,243.31 төгрөг, зээлийн хүү 10,716,055.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 214,202.79 төгрөг, нийт 33,066,501.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

9. Хариуцагчийн ...өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа аваагүй, хүсэл зоригоо илэрхийлж чадаагүй, нотлох баримт цуглуулах бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй, хуульд заасан эрхээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийн нэг хувийг гардуулсан, эрх үүрэг тайлбарласан, хариуцагчийг тайлбар нотлох баримтаа шүүхэд ирүүлэх хугацаагаар хангасан байна. Иймд шүүхийн зүгээс хариуцагчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2022/03642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,283 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 [D1]Анхан шатны шүүх 2021.12.02, 2021.12.16, 2022.01.06-ны өдрүүдэд мэдэгдэл өгсөн гэж дүгнэсэн бгааг дахин харах