| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0196/э |
| Дугаар | 213 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 213
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан,
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тт холбогдох эрүүгийн 1830002470217 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат, 1984 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Түмэнцогт сумын газрын даамал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар Д.Т.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Т нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Г” гэх газар 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдаанд өөрийн хүү Т.Дөөр хурдан морь унуулж уралдуулахдаа “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг зөрчиж Т.Дд хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж уралдуулаагүйн улмаас 8 нас 7 сартай Т.Д нь мориноос унаж гавлын баруун далавч ясны доод хэсэг далавчнаас дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн орой, дагз хэсэгт зөөлөн бүрхүүл дорхи цусан хураа, зүүн тал бөмбөлөгийн оройн тархмал тархи няцралын голомт гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг гаргахгүй гэв.
Эрүүгийн 1830002470217 дугаартай хэргээс:
- Яллагдагч Д.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Түмэнцогт сумаас баруун урд зүгт 20 орчим км зайд “Г” гэх газарт овооны тахилга болоод дааган насны морины уралдаан зохион байгуулагдсан. Тухайн уралдаанд би өөрөө даагаа уяад манай 8 настай хүү Т.Д унаж уралдсан юм. Би морь эргүүлэх олсыг барьж байсан бөгөөд морь эргэсний дараа машиндаа суугаад араас нь хөдлөөд ойролцоогоор 700-800 метр орчим зайд манай хүү Д мориноосоо уначихсан байхыг харсан. Тэгээд би хүүхэд дээрээ очиход ам, хамарнаас нь цус гоожчихсон, ухаангүй байсан. Араас удалгүй зохион байгуулалтын машин ирээд эмч Э яаралтай тусламж үзүүлж байгаад шууд сумын төвийн эмнэлэг дээр ирсэн. Би ойлгохдоо хүүгээ эмнэлэг рүү ирж байх замдаа л нас барсан байх гэж бодсон. Би замдаа хөлийг нь бариад явж байхад хөрчихсөн байсан. Манай талийгаач Т.Д нь уралдааны үед хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Би уралдаанч хүүхдүүдэд хамгаалалтын хувцас өмсүүлэх ёстой гэдгийг мэднэ. Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг “Г” гэх газар 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр морины уралдаан болсон. Тухайн уралдаанд манай хүү морь унаж уралдана гээд уралдаан болдог өглөө нь аавтайгаа цуг гэрээсээ гарсан. Тэгээд өдөр 12 цагийн орчим байх цагийг нь сайн санахгүй байна эмнэлгээс дуудлага ирлээ гээд би эмнэлэг дээр очиход манай хүү Т.Д мориноос унаж нас барсан гэдгийг мэдсэн. Манай хүү урьд нь хурдан морины уралдаанд морь унадаг байсан. Гэрээсээ гарахдаа гэртээ байсан хамгаалалтын хувцас, малгайгаа аваад л гарсан. Уралдааныхаа үеэр өмссөн эсэхийг мэдэхгүй. ...Надад гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 09/,
- Гэрч М.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Түмэнцогт сумын төвөөс баруун урагш 20 орчим км зайд 3 дов гэх газар овооны тахилга болж зохион байгуулагдсан дааганы уралдааныг нөхөр Манлайбаярын хамт үзсэн. Тухайн уралдааныг нөхөр Х.М, Ю.Гын хамт Тын машинтай дагасан юм. Тэгээд даага зурхайнаас эргэсний дараа араас нь машинтайгаа хөдөлсөн. Ойролцоогоор 1 км орчим явж байхад дааганы уралдааны шороон зам дээр Тын хүү Д мориноосоо уначихсан байсан. Тэгээд бид нар шууд очоод талийгаачийг аав Т нь тэврээд авахад түүний ам, хамар, чихнээс нь цус гарсан байдалтай, ухаангүй маш хүнд байсан. Тэгээд удалгүй уралдаан зохион байгуулалтын машин ирээд эмч Э ирж талийгаачийг үзэж өвчин намдаах болон цус тогтоох тариа тариад анхан шатны тусламж үзүүлсэн. Би талийгаачийг чагнаж үзээгүй, би гарынх нь судсыг барьж үзэхэд пульс тэмтрэгдэхгүй байсан. Эмч машиндаа талийгаачийг тэвэрч оруулаад сумын төв рүү явсан. Би нөхрийн хамт араас нь талийгаачийн аав Тын машинтай сумын төв дээр ирсэн. Талийгаачийг эмнэлэг рүү авч ороод удалгүй түүнийг нас барсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
- Гэрч Х.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Түмэнцогт сумын төвөөс баруун урагш 20 орчим км зайд 3 дов гэх овооны тахилга болоод дааганы уралдаан зохион байгуулагдсан. Морины уралдааныг талийгаач хүү Т.Дий аав Д.Т, Ю.Гын хамт машинтайгаа дагасан юм. Даага эргэсний дараа бид араас нь машинтайгаа ойролцоогоор 1 км орчим зайтай явж байтал Тын хүү Д нь мориноосоо уначихсан байсан. Тэгээд бид нар давхиад очиход Дий ам хамраас нь цус гарчихсан, ухаангүй байсан. Бид нартай бараг цуг шахуу эмч ирээд тариа тариад анхан шатны тусламж үзүүлж байх шиг байсан. Эмч машиндаа тэвэрч оруулаад сумын төв рүү явсан. Би дараа нь Т.Дийг нас барсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Гэрч З.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...Түмэнцогт сумын 2 дугаар багт байх “Г” гэх газрыг тэр хавиар нутагладаг айлууд нь жил болгон ээлжилж тахиж уул усаа аргаддаг заншилтай юм. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай гэр бүлийн зүгээс дээрх газрыг тахиж даага уралдуулсан юм. Уралдааны явцад шаардлагатай үед эмнэлгийн тусламж үзүүлэх зорилготойгоор би өөрийн анхны тусламжийн хайрцагтайгаа явж байсан. Тэгээд даага эргэсний дараа би машинтайгаа араас нь хөдлөөд очиход 1 км орчим зайд бидний урд хүүхэд мориноос унасан байдалтай Т гэх залуу хүүхэд тэврээд бахирч байсан. Би шууд очоод хүүхдийг үзэхэд ам, хамар, чихнээс нь цус гарчихсан, ухаан байхгүй, царай нь цайсан, судсанд пульс мэдрэгдэхгүй, чагнаж үзэхэд зүрх сулавтар цохилж байсан. Тэгээд би яаралтай тусламж болох зүрхэнд массаж хийсэн, мөн зүрх судас дэмжих, цус тогтоох зэрэг тариануудыг хийсэн. Би шууд их эмчийг дуудсан. Эмнэлэгт ирсний дараа 5 орчим минутын дараа хүүхэд нас барсан. ...Албан ёсны зөвшөөрлийг хэн нэгнээс бичгээр аваагүй. Жил болгон уламжлал болгон дээрх газрыг тахиж морь уралддаг байсан болохоор санаанд ороогүй юм. Унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцастай уралдуулах талаар биднээс шалгасан болон шаардсан зүйл байхгүй. Уралдааны замд гарахаас өмнө хамгаалалтын хувцастай байх талаар амаараа л хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
- Гэрч Ю.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Түмэнцогт сумын төвөөс баруун урагш 20 орчим км зайд 3 дов гэх овооны тахилга болоод дааганы уралдаан зохион байгуулагдсан. Тэр морины уралдааныг талийгаач хүү Т.Дий аав Д.Т бид нар машинтайгаа дагасан юм. Даага эргэсний дараа бид араас нь машинтайгаа явж байтал уралдааны зам дээр Тын хүү Д нь мориноосоо уначихсан байсан. Бид нар давхиад очиход Дий амнаас цус гарчихсан, ухаангүй, хажуугаараа газар хэвтсэн байсан. Бүгд машинаас буугаад Т хүүгээ тэврээд авсан. Бид нартай бараг цуг шахуу эмч ирээд тариа тариад анхан шатны тусламж үзүүлж байх шиг байсан. Тэгээд эмч машиндаа тэвэрч оруулаад сумын төв рүү явсан. Би аавтай нь эмчийн машинд цуг суугаад явсан. ...эмнэлэг дээр ирсэний дараа нь Т.Дийг нас барсан гэдгийг мэдсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
- Гэрч Х.Згийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Түмэнцогт сумын 2-р багт байх “ Г” гэх газрыг тэр хавиар нутагладаг айлууд нь жил болгон ээлжилж тахиж уул усаа аргаддаг заншилтай. Би өөрөө тэр газар нутаглаж ажиллаж амьдарч байсан юм. Өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай гэр бүлийн зүгээс дээрх газрыг тахиж даага уралдуулсан. Уралдаан зохион байгуулахдаа хэн нэгэн хүнээс зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Багийн дарга Г гэх хүнд утсаар уралдаан зохион байгуулах гэж байгаа тухайгаа хэлсэн. Жил болгон уламжлал болгон нутгийн хүмуүс ээлжлэн дээрх газрыг тахиж морь уралддаг байсан болохоор санаанд ороогүй. Тэгээд энэ жил манай ээлж болсон юм. Унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцастай уралдуулах талаар биднээс шалгасан болон шаардсан зүйл байхгүй. Ийм зүйл болно гэж хэн мэдэх билээ. Их харамсалтай зүйл боллоо” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
- Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г гэх газар нутагладаг хүмүүс жил бүр уралдаан зохион байгуулаад уламжлал болчихсон. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр болсон уралдаан ямар нэгэн зөвшөөрөл аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
- Шинжээч эмч С.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаач Т.Д нь стандартын шаардлага хангасан хамгаалах малгай өмсөж явж байгаад мориноос унасан бол гавал тархиндаа гэмтэл авахгүй байх боломжтой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
- Шинжээч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаачийн аав Д.Т нь “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 стандартын 2.1-д заасан “Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс холбогдох эрх бүхий байгууллага нь хяналт тавьж, стандарт норматив шаардлагыг хангасан хамгаалалтын хувцсыг иж бүрнээр нь өмсгөж уралдаанд оролцуулах”, мөн стандартын 2.2-т заасан “Уяач, хүүхдийн асран хамгаалагч, нийгмийн ажилтан, багш дасгалжуулагч нь стандарт норматив шаардлагыг биелүүлж ажиллана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,
- Шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар дүгнэлтэд: “Талийгаач Т.Дий цогцост гавлын баруун далавч ясны доод хэсэг далавчнаас дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн орой, дагз хэсэгт зөөлөн бүрхүүл дорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн оройн тархмал тархи няцралтын голомт, баруун чамархайн хуйхан дорхи гавлын булчингийн цус хуралт, баруун далны гол хэсэгт, духны баруун дээд хэсэгт, баруун мөрөнд, бэлэг эрхтний дээр, баруун цавинд, баруун өвдөгний дээд хэсэгт, гадна хэсэгт, баруун гарын алганы ар хэсэгт, баруун шилбэнд урд дунд хэсэгт, зүүн шилбэний урд хэсэгт цус хуралт, баруун хацарт, зүүн далны доор, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр унах цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Талийгаач Т.Д нь гавлын баруун далавч ясны доод хэсэг далавчнаас дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн орой, дагз хэсэгт зөөлөн бүрхүүл дорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн оройн тархмал тархи няцралын голомт гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна” гэжээ /хх-ийн 27-28 /,
- Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17-16-017/01 дугаар дүгнэлтэд: “ Талийгаач Т.Дийг хамгаалалтын хувцас хэрэглэлгүйгээр хурдан морины уралдаанд оролцуулсан нь Монгол улсад мөрдөгдөж байгаа “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 стандартыг зөрчсөн байна” гэжээ /хх-ийн 33/,
- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/93 дугаартай тодорхойлолт /хх-ийн 60/,
- Шүүгдэгч Д.Тын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 73/,
- Шүүгдэгч Д.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Д.Т нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Г” гэх газар 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдаанд өөрийн хүү хохирогч Т.Дөөр хурдан морь унуулж уралдуулахдаа “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг зөрчиж хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж уралдуулаагүйн улмаас 8 нас 7 сартай хохирогч Т.Д нь мориноос унаж амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.Шүүгдэгч Д.Т нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А, гэрч М.Б, Х.М, З.Э, Ю.Га, Х.З, Б.А, шинжээч эмч С.Э, Б.Б нарын мөрдөн байцаалтад гаргасан мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17-16-017/01 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Тт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн амь хохирсон үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.Тын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, амь насыг хохироож буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Т нь Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг зөрчиж өөрийн төрсөн хүү Т.Дд хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж уралдуулаагүйн улмаас хохирогч Т.Д мориноос унаж гавлын баруун далавч ясны доод хэсэг далавчнаас дагз яс руу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн орой, дагз хэсэгт зөөлөн бүрхүүл дорхи цусан хураа, зүүн тал бөмбөлгийн оройн тархмал тархи няцралын голомт гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж, хүний амь насыг болгоомжгүй хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.Т нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Д.Тыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Тт ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал болон мөн улсын яллагчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг харгалзан Д.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Тыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Тт зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаагаар авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь дээрх тэнсэгдсэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА