| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00110/Э |
| Дугаар | 00125 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 00125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Золжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Сд холбогдох 1832001060107 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, халх, 1981 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 7, ах, эгч, дүү нарын хамт * тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, хэрэг хариуцах чадваргүй, Боржигон овогт Долоонжингийн С, РД:*
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Д.С нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг 2 дугаар уурын зуухны орчим хохирогч Г.Лжын цүнхтэй эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 43.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргал мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сард цагдаагаас намайг дуудаад дүү Д.С чинь хүний цүнх булаасан хэрэг үйлдсэн байна гэж хэлсэн юм. Тэгээд тэр хэргийн талаар цагдаагаар явж байгаад 2018 оны 08 дугаар сарын 08-нд дүүгээ эмнэлэг авч яваад дүгнэлт хийлгэн эмнэлэгт 1 сарын хугацаатай хэвтүүлсэн. Дүү Д.С сэтгэцийн өвчин тусаад 20 жил болж байна. Жил болгон эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. Эмнэлэгт хэвтэж гарсаны дараах 1 сард гайгүй байдаг. Тэгээд л өвчин нь хөдөлчихдөг. Энэ хэргийг дүү Д.С үйлдсэн гэдгийг нь би хохирогчийн цүнхэнд байсан бичиг баримтыг нь Д.С аваад нуусан байснаа өөрөө олж гаргаж өгсөн үед мэдсэн юм. Одоо сэтгэцийн өвчин нь хөдлөөд байгаа, өөртөө болон бусдад гэм хор учруулж болзошгүй байгаа тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэв.
Хохирогч Г.Лж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн орчим 2 дугаар уурын зуухны орчим ганцаараа явж байхад араас нэг эрэгтэй хүн гүйцэж ирээд миний цүнхийг булаагаад хашаа тойроод зугтсан юм. Цүнхээ 15000 төгрөг, нүдний шил 8000 төгрөг, түрийвч 15000 төгрөг, үсний сам 300 төгрөг, тэгээд бэлэн 5000 төгрөг байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16 хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №702:
1. Д.С нь F 20.5 буюу “Үлдэц шизофрения” сэтгэцийн эмгэгтэй байна. Д.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийн учир холбогдлыг зөв ойлгох чадваргүй байсан байна.
2. Д.С нь нь F 20.5 буюу “Үлдэц шизофрения” сэтгэцийн эмгэгтэй байна. Д.С нь өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг хариуцах чадваргүй байна.
3. Д.С нь F 20.5 буюу “Үлдэц шизофрения” сэтгэцийн эмгэгтэй байна. Д.С нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.
4. Д.Сд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна /хх-ийн 19-23 хуудас/,
Шүүгдэгч Д.С нь 2000 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн талаарх ял шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/,
Шүүгдэгч Д.Сын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 46-р хуудас/,
Шүүгдэгч Д.С нь сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний судалгаанд бүртгэгдсэн талаар лавлагаа /хх-ийн 48-50-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг 2 дугаар уурын зуухны орчим хохирогч Г.Лжын цүнхтэй эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 43.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Лж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /хэргийн 8-9 хуудас/ мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 34-36 хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хэргийн 16 хуудас/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №702 /хэргийн 19-23 хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-н 51-р хуудас/, шүүгдэгч Д.Сын иргэний үнэмлэхний хуулбар /хх-н 46-р хуудас/, шүүгдэгч Д.С нь сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний судалгаанд бүртгэгдсэн талаарх лавлагаа /хх-н 48-50-р хуудас/, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Сыг хохирогч Л.Лжын цүнхтэй эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 43.300 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг 2 дугаар уурын зуухны орчим хохирогч Г.Лжын цүнхтэй эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх ба шүүгдэгч Д.С хэрэг хариуцах чадваргүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №702: 1. Д.С нь F 20.5 буюу “Үлдэц шизофрения” сэтгэцийн эмгэгтэй байна. Д.С нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийн учир холбогдлыг зөв ойлгох чадваргүй байсан байна. 2. Д.С нь нь F 20.5 буюу “Үлдэц шизофрения” сэтгэцийн эмгэгтэй байна. Д.С нь өөрийнхөө үйлдсэн гэмт хэргийг хариуцах чадваргүй байна. 3. Д.С нь F 20.5 буюу “Үлдэц шизофрения” сэтгэцийн эмгэгтэй байна. Д.С нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. 4. Д.Сд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна /хх-ийн 19-23 хуудас/ гэх дүгнэлтээр тогтоогдож байх тул хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хэрэг хариуцах чадваргүй байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Д.Сд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Лж нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дахь хэсэгт зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шинжээчийн дүгнэлт, прокурорын санал, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын саналыг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 06 сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Долоонжингийн Сыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд хэрэглэсэн сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 06 /зургаа/ сарын хугацаагаар хэрэглэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сд авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газарт даалгасугай
6. Шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.