Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2016/ДШМ/031

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор *******

            Яллагдагч *******

            Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа

Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан: 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 321 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ж.Уранцэцэгийн бичсэн 2016 оны 24 тоот эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 201605000318 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ... ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /*******/

******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 18 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тэй  маргалдаж, улмаар түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол батлан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 552 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *******гийн биед тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон гэж дүгнэсэн болон Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолтоор *******гийн биед баруун талын дээд, доод зовхи хавдаж, хөхөрсөн гэсэн байгаа нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байна.

Мөн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 552 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 560 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг ямар баримт үндэслэж гаргасан болох, шинжлүүлэгч нарыг өөрийг нь үзэж шинжээчийн дүгнэлт гаргасан, баримт бичиг үндэслэж гаргасан алин болох нь тодорхойгүй байна.

Шүүгдэгч ******* болон хохирогч ******* нар нь хэн хэнийгээ харилцан нэг нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон талаар өөрсдөө болон гэрч нар мэдүүлсэн. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч, хохирогч нар хэн хэнийгээ харилцан нэг нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон байхад *******гийн биед тархи доргилт гэмтэл үүсээд, *******гийн биед тархи доргилт гэмтэл үүсээгүй байгаа талаар шинжээчээс тайлбар мэдүүлэг аваагүй байна.

Хэрэг бүртгэлтийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд, тухайлбал гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гэм буруутай хүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлж болзошгүй нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгах, үйлдэл холбогдлыг нарийвчлан шалгаж тогтоох талаар хэрэг бүртгэлтийн ажиллагааг гүйцэд биш хийсэн гэж үзэв.

Шүүх болон шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайн зөрчлийг зөвтгөх буюу нөхөн гүйцэтгэж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ж.Уранцэцэг 2016 оны 24 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй гарч чадаагүй ба захирамжид дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Үүнд:

1. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 552 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *******гийн биед тархи доргилт, баруун нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон гэж дүгнэсэн болон Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолтоор *******гийн биед баруун талын дээд, доод зовхи хавдаж хөхөрсөн гэсэн байгаа нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч *******гийн нүдэнд цус хуралт гэмтэл, дээд, доод зовхи хавдаж хөхөрсөн гэснийг шүүх өөр өөр гэмтэл гэж үзсэн нь ойлгомжгүй юм. Өөрөөр хэлбэл 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн эмчийн үзлэгт “...*******гийн биед баруун талын дээд, доод зовхи хавдаж хөхөрсөн...” гэсэн нь хохирогчид учирсан гэмтлийн яг тухайн үеийн байдлыг эмч үзэж бичсэн байх бөгөөд шинжээч эмчээс *******г үзэж дүгнэлт гаргасан байх ба 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр буюу өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэнээс 4 хоногийн дараах үзлэг хийхэд *******гийн баруун нүдэнд 4x1 см, 3x1 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралт. Нүдний дотор тал улайсан байсан болохыг дүгнэлтэнд тусгасан байна. Хохирогчийн баруун нүд хэсэгт учирсан гэмтэл эдгэрэх явцдаа илрэх шинж тэмдэгүүд нь өөр байдаг бөгөөд учирсан гэмтлийн эдгэрэлтийн явц байдал нь энгийн мэдлэгийн түвшинд ойлгомжтой байтал шүүх эргэлзээтэй гэж дүгнэсэн нь буруу байна. Нөгөөтэйгүүр “хавдаж хөхрөх”, “цус хуралт” гэмтлүүдийг өөр өөр гэмтэл гэж үзэх боломжгүй юм. Мөн хохирогч *******гийн биед тархи доргилт гэмтэл учирсан талаар гэмтлийн эмч Д.Ганзоригийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн үзлэгт тусгагдсаны дагуу шинжээчийн дүгнэлтэд тусгасан байх тул шүүгчийн захирамжийн заалт үндэслэлгүй байна.

2. Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 552 дугаартай шинжээчийн дүгнэлт, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 560 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг ямар баримт үндэслэж гаргасан болох, шинжлүүлэгч нарыг өөрийг нь үзэж шинжээчийн дүгнэлт гаргасан, баримт бичиг үндэслэж гаргасан алин болох нь тодорхойгүй байна гэсэн заалт нь шинжээчийн 552 тоот дүгнэлтэд дурьдагдсан “...Лхаахүү овогтой Одхүүгийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг хийв...Үзлэг: Биеийн ерөнхий байдал хөнгөн...хамар хурууны сорил алдахгүй. Хэсэг газрын үзлэг: баруун нүдэнд 4x1 см, 3x1 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралт. Нүдний дотор тал улайсан байсан байна. Өөр биед ил харагдах гэмтэл үгүй. 2016 оны 11 дүгээр сарын 4-ний гэмтлийн эмчийн үзлэгт: Онош: Тархи доргилт дунд зэрэг. Эмч Д.Ганзориг. 2016 оны 11 дүгээр сарын 7-ны нүдний эмчийн үзлэгт: эмгэг өөрчлөлтгүй байна гэсэн,

Мөн шинжээчийн 560 тоот дүгнэлтэд тусгагдсан ******* овогтой *******гийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг хийв... Үзлэг: Биеийн ерөнхий байдал хөнгөн... хамар хурууны сорил алдахгүй. Хэсэг газрын үзлэг: биед ил харагдах гэмтэл үгүй гэсэн бичилтүүдээр няцаагдаж байна.

Шинжээч эмч нь шинжлүүлэгч нарыг биечлэн үзэж болон эмч нарын үзлэгийн тэмдэглэлийг үндэслэж дүгнэлтээ гаргасан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

3. Шүүгдэгч ******* болон хохирогч ******* нар нь хэн хэнийгээ харилцан нэг нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон талаар өөрсдөө болон гэрч нар мэдүүлсэн. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч, хохирогч нар хэн хэнийгээ харилцан нэг нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон байхад *******гийн биед тархи доргилт гэмтэл үүсээд *******гийн биед тархи доргилт гэмтэл үүсээгүй байгаа талаар шинжээчээс тайлбар мэдүүлэг аваагүй гэжээ.

Цохисон тохиолдол бүрт заавал тархи хөдөлсөн байх ёстой талаар гэмтлийн зэрэг тогтоох зааварт журамлаагүй. Мөн хүний цохилтын хүчний үйлчлэл харилцан адилгүй бөгөөд цохилт бүрт тархи доргих гэмтэл үүсэх боломжгүй. Энэ талаар шинжээчийг байцааж тодруулах шаардлагагүй бөгөөд шүүх шинжээчийн дүгнэлтийг тодруулах, тайлбарлуулах шаардлагатай бол шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд шүүгчийн захирамжийн энэхүү заалт нь таамаглалд үндэслэсэн шинжтэй байх бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд хавтаст хэргийн хүрээнд хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч *******гийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. *******д холбогдох хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

*******д холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүхээс хохирогч *******гийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 2016 оны 552 дугаар дүгнэлт эргэлзээтэй, мөн ******* болон хохирогч ******* нарын биед гэмтэл учирсан эсэх талаар гарсан шинжээчийн дүгнэлт нь ямар баримтанд үндэслэж гарсан эсэхийг тогтоох, ******* болон хохирогч ******* нар нь хэн хэнийгээ харилцан нэг нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон байхад хохирогч *******гийн биед тархи доргилт гэмтэл үүсээд, *******гийн биед тархи доргилт гэмтэл үүсээгүй байгааг шинжээчээс тайлбар авч тодруулах зэрэг ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Хавтаст хэргийн 35, 41 дүгээр талд авагдсан Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 552, 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 560 тоот дүгнэлтүүдээс үзвэл уг дүгнэлтүүдийг гаргахдаа хохирогч ******* болон ******* нарын биед үзлэг хийв гэсэн байхад анхан шатны шүүхээс дээрх дүгнэлтүүдийг хэрхэн ямар баримтанд үндэслэн гаргасан эсэхийг тогтоох гэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн хохирогч *******гийн биед учирсан гэмтлийн талаарх дүгнэлтэд эргэлзээтэй гэх нөхцөл байдал тусгагдаагүй, хэдийгээр хохирогч нь хэрэг учрал болсны дараах өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлсэн үзлэгт “баруун талын дээд, доод зовхи хавдаж хөхөрсөн” гэсэн байгаа ч энэ нь тухайн хэрэг учрал болсноос хойш хохирогчийг шинжээч эмчид үзүүлэх хүртэлх хугацаанд нүдний алиманд хэрхэн нөлөөлөх эсэх, түүнчлэн харилцан хэн алиныгаа цохиход нэгнийх нь биед тархи доргилт гэмтэл үүсэж, нөгөөгийнх нь биед тархи доргилт гэмтэл үүсэхгүй байх боломжтой эсэх талаарх асуудлуудыг шинжээчийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцуулан дүгнэлтийг нь тайлбарлуулах бүрэн боломжтой юм.

Хэрэг бүртгэлтийн шатанд *******д холбогдох хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан байх тул шүүхээс хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасны дагуу хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүд болон сэжигтэн яллагдагч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг хооронд нь харьцуулан судлан тал бүрээс нь бодит байдлаар хянан үзэж шүүгч өөрийн дотоод итгэлийн хүрээнд үнэлж түүний гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх боломжтой байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /цаашид хуулийн гэх/ 415 дугаар зүйлийн 415.1-д “хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ерөнхий журмаас гадна энэ бүлэгт дурдсан журмыг баримтална” гэж заасан Энэ нь тухайн хуульд заасан ерөнхий журам гэдэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар шүүхэд шилжсэн яллагдагчийг шүүгдэгч гэх бөгөөд прокуророос яллагдагчаар татах тогтоол батлан ирүүлсэн яллагдагчийг мөн хуулийн 228 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд шилжүүлэн хуулийн 48 дугаар бүлэгт дурдсан журмыг баримтлан шийдвэрлэж байх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэхгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж байгаа нь хуулийг зөрчсөн зөрчил юм.

Мөн хуулийн 418 дугаар зүйлийн 418.4-д “...хэрэг хянан шийдвэрлэх явцад яллагдагч, хохирогч нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан бол хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр буцаасан нь буруу юм.

Түүнчлэн тус Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 9 дүгээр “Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх тухай” захирамжид “...2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс ээлжийн амралтаа авч байгаа тул Ерөнхий шүүгчийг түр орлон ажиллах шүүгчээр тус шүүхийн шүүгч Н.Баасанбатыг томилох нь зүйтэй байна...” гэсэн байгаа хэдий ч тухайн Ерөнхий шүүгчийн ээлжийн амралт нь хэдийд дуусах /Хөдөлмөрийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тусгайлан зохицуулагдсан/ талаар тусгагдаагүй байх тул уг захирамжийг хууль ёсны гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх бүрэлдэхүүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу томилогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байгаа зэргийг дурдав.

*******гийн хувийн байдлыг харгалзан үзэж хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 322 дугаар

зүйлийн 322.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 321 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож *******д холбогдох эрүүгийн 201605000318 тоот хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол *******д хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                               Т.ДАВААСҮРЭН