Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 00110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Улсын яллагч                                 Н.Дүүрэнжаргал

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

             Шүүгдэгч                                          Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Бд холбогдох 1832000000108 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Шунхлай овогт Тогоонямын Б.

 

Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 19-ны орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дөт” хүнсний дэлгүүрийн зүүн талын жалган дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ч.Гчийн эрх чөлөөнд халдан зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: ... 2018 оны 09 дүгээр сарын 19-ны орой модонд явдаг жолоочийндоо оччихоод гэр лүүгээ явж байтал манай эхнэр 1 залуутай хамт явж байсан. Тэгээд би уураа барьж чадаагүй эхнэрээ цохисон. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ч.Гч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 08 сарын 19-ны өдөр Дунд өлөнтөд хамаатан Даваанямынд очоод орой тэднийхээс гараад гэр лүүгээ явж байсан чинь Баянхангайн “Дөт” дэлгүүрийн орчим манай нөхөр Т.Б надтай таарсан. Тэгээд над дээр ирээд чи юу хийгэд тэнээд алцагнаад явж байгаа юм гээд миний толгой руу баруун гараараа цохиод нүүр лүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд намайг нүүрээ дараад газар унасан чинь миний дээрээс нуруу руу өшиглөж зодсон. Би газар хэвтээд үлдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/

2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №138 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

         1. Ч.Гчийн биед дээд, доод уруулын дотор талд язралт, доод урууланд зулгаралт, нуруу, цээж, баруун гарын бугалга, зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/

        Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас /ХХ-ийн 18 дугаар хуудас/

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 27 дугаар хуудас/, Шүүгдэгч Т.Бгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /30 дугаар хуудас/, Захиргааны зөрчил шалгах хуудас /ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 19-ны орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дөт” хүнсний дэлгүүрийн зүүн талын жалган дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ч.Гчийн эрх чөлөөнд халдан зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ч.Гчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №138 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас /ХХ-ийн 18 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Бг эхнэр Ч.Гчийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож”, биед нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 19-ны орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дөт” хүнсний дэлгүүрийн зүүн талын жалган дотор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ч.Гчийн эрх чөлөөнд халдан зодож улмаар Ч.Гчийн биед дээд, доод уруулын дотор талд язралт, доод урууланд зулгаралт, нуруу, цээж, баруун гарын бугалга, зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Тогоонямын Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бг 600 нэгж буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Т.Б торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.