Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн  

             Улсын яллагч                                 О.Баярсайхан

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.Хандмаа

                         Шүүгдэгч                                         А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн А.Ад холбогдох 1832001490120 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Ончуул овогт Амарын А.  

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

А.А нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Номтын №22 тоотод оршин суух Э.Эчы авто машины грашнаас цоолтуур /дрилл/ хулгайлж 160000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: ... Өмнө нь мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсмээр байна гэв.

Хохирогч Э.Эч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь манай гэрийн хойно амьдардаг Алтанцэцэг гэх эгч тааралдаад танайх архичингаар гэртээ юм хийлгэж байгаа юм уу гэхээр нь би юу яриад байгаа юм бэ тийм архи дарс уудаг хүнээр юм хийлгээгүй гэсэн чинь тэгвэл танай гэрээс хуучин Воган Депогийн дарга байсан Амар гэх хүний архи уудаг охин Туяа гэх эмэгтэй урдаа юм хийгээд явж байхыг хараад хойноос нь дагаж явж байгаад Заантай цогцолборт юм авч явж байх үеийн болон сааданд гаргаж ирээд харж байх үеийн зургийг гар утсан дээрээ дараад надад ирж зургийг нь үзүүлсэн. Би цоолтуураа 180000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/

Гэрч Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Э.Эч над руу утасдаад грашнаас хүн юм аваад гараад явсан юм биш үү очоод үзээдэх гэхээр нь би граш руу яваад очтол грашийн баруун буланд байсан хар хайрцагтай дрилл байхгүй байсан. Уг дрилл нь намайг хувцасаа солиход байсан юм. Тэгээд би Э.Эч луу залгаад дрилл байхгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/

Гэрч Г.Ац мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Намайг төмөр гүүрний наана ирээд эргээд харахад А.А Э.Эчы хашаанд орчихсон явж байсан. Төмөр гүүрэн дээр гараад эргээд харахад А.А Э.Эчы хашаанаас гараад гүүр чиглээд явж байсан. Тэгэхээр нь би ямар нэгэн юм боллоо гэж бодоод гүүрэн дээр А.Аг ажиглаад хүлээсэн. Миний хажуугаар гарах үед нь хаанаас юу аваад байгаа юм гэж хэлдэг юм билүү гэж бодсоноо намайг уурандаа гүүрнээс түлхэж магадгүй гэж айгаад А.Аг хажуугаараа өнгөрөөгөөд араас нь ажиглаад дагасан. А.А гүүрнээс буугаад Заантай цогцолборт модон сааданд ороод энгэрээсээ хар хайрцагтай зүйл гаргаж ирээд ухаж байсан. Тэгэхээр нь би зургийг нь дараад Э.Эчы ажил дээр очоод энэ талаар хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/

        Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн №697 дугаартай дүгнэлт: …   

       “LEVIA” маркын цахилгаан цоолтуур /дрилл/ 1 ширхэг сайн 160000 төгрөгийн үнэлгээ гэх дүгнэлт /ХХ-ийн 22 дугаар хуудас/

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 43 дугаар хуудас/, Шүүгдэгч А.Агийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /39 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.А нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Номтын №22 тоотод оршин суух Э.Эчы авто машины грашнаас цоолтуур /дрилл/ хулгайлж 160000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

        Хохирогч Э.Эчы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/, Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13 дугаар хуудас/, Гэрч Г.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн №697 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 22 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Аг 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Номтын №22 тоотод оршин суух Э.Эчы авто машины грашнаас цоолтуур /дрилл/ хулгайлж 160000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч А.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

Хохирогч Э.Эч нь эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ончуул овогт Амарын Аг агуулахад нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 1.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Аг 01 / нэг/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Ад оногдуулсан 01 жил 01 хоногийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.