Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 00118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Улсын яллагч                                 А.Золжаргал

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Ц.Цогзолмаа

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

             Шүүгдэгч                                          П.СО нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх А.Золжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.СОод холбогдох 1732001180097 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, /*/ Боржигон овогт Пүрэвдоржийн СО.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Шүүгдэгч П.СО нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Минжийн нуруу гэх газарт авто машин явах зам гаргах зорилгоор ургаа мод хөрөөдөж унагасны улмаас унасан модны мөчирт М.Наранчулуун цохигдож нас барсан ба хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.СО мэдүүлэхдээ: ... 2017 оны 11 дүгээр сард Архангай аймгаас арван хоёр хүн Сэлэнгэ аймгийн Мандал суманд самар түүхээр ирсэн. Тэгээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Минжийн нуруу гэх газар ЗИЛ-131 маркын авто машинтай явж байтал машин явах боломжгүй болчихоор нь зам засах зорилготой ойр орчмын ургаа модыг хөрөөдсөн. Гэтэл хөрөөдөөд унагаж байсан модны мөчирт талийгаач цохигдож нас барсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдууулж өгнө үү гэжээ.

Гэрч Л.Цп мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр явж байтал машин гарах боломжгүй газар байхаар нь мод унагаж зам засахаар Батсайхан, СО, Лхагвадорж, Об нар мод хөрөөдөж унагахад тухайн мод нь машины хажуу талд унасан. Модны мөчир машины ачаан дээр унахад Нараа ах сууж байсан чинь унасан мөчирт цохигдсон. … СО мод хөрөөдөөд Батсайхан, Лхагвадорж, Об нар модыг түлхэж унагасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/

Гэрч М.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Машин явах боломжгүй байсан болохоор жолооч зам засъя гээд мод хөрөөдөхөөр болсон. ... П.СО мод хөрөөдөөд Хатанбаатар, Батсайхан, Лхагвадорж бид нар модыг түлхэж унагасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8 хуудас/

Гэрч Ч.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Зам хаасан дунд зэргийн өндөртэй модноос зайтай зогсоод СО машинаас буугаад модыг хөрөөдөж унагахад мод машин чиглэж хажууд нь унахдаа модны мөчир машины тэвшин дээр сууж байсан Нарааг цохиж Нараа ухаанаа алдаж, чихнээс цус гарсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/

П.СО яллагдагчаар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Минжийн нуруу гэх уул тайгад хүмүүсийн хамт самарт явж байхдаа машин гарах зам чөлөөлөхөөр урд таарсан ургаа модыг хөрөөдөхөд Батсайхан, Лхагвадорж нарын хүмүүс хөрөөдсөн модыг түлхэж унагахад унасан модны мөчир өөр модонд цохиж эргэж харваад 3ил-131 маркын машины тэвшин дээр сууж байсан М.Наранчулуун ахын толгойд онож гэмтээсэн юм. Ингээд уг гэмтлийнхээ улмаас М.Наранчулуун ах хэд хоногийн дараа Гэмтлийн эмнэлэгт нас барсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 175 дугаар хуудас/

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №2326 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ...

1. Талийгаачид дагз ясны шугаман хугарал, хоёр тал бөмбөлөгийн тархмал аалзан бүрхүүл доорхи цус харвалт, цээжний битүү гэмтэл баруун 1-5, зүүн 2-р хавирганы хугарал, баруун уушгины тархмал няцралт, дээд дэлбэнгийн урагдал, далны хугарал тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохигдох, унах үед үүснэ.

         2. Дээрхи гэмтлүүд нь үхэлд хүргэх шууд шалтгаан болжээ.

         3. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна.

         4. Эмнэлэгт долоо хоног эмчилгээ хийлгэсэн тул согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоосонгүй.

         5. Тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус хуралт нь үхэлд хүргэжээ /ХХ-ийн 66-68 хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч П.СОын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /177 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.СО нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Минжийн нуруу гэх газарт авто машин явах зам гаргах зорилгоор ургаа мод хөрөөдөж унагасны улмаас унасан модны мөчирт М.Наранчулуун цохигдож нас барсан ба хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутай болох нь:

Гэрч Л.Цпийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/, Гэрч М.Обын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 7-8 хуудас/, Гэрч Ч.Ббын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/ П.СОын яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 175 дугаар хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №2326 дугаартай Шинжээчийн дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч П.СОыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг Минжийн нуруу гэх газарт авто машин явах зам гаргах зорилгоор ургаа мод хөрөөдөж унагасны улмаас унасан модны мөчирт М.Наранчулуун цохигдож нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч П.СО хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч П.СОод дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.СОын үйлдсэн “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” дээрх гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон нь шууд учирсан хохиролд, талийгаач М.Наранчулуун нь нас барж түүнийг оршуулахад гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаварт буюу хор уршигт тооцогдох юм.

 Шүүгдэгч П.СО нь хохирогчийн ар гэрт нийт 3000000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мягмарсүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.СОоос гаргуулбал зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч П.СОод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

П.СОод холбогдох эрүүгийн хэргийн улмаас гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт хэрэгт хавсаргасан боловч энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхэд хангалттай бус байх тул уг зардлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУлсад үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй, шар өнгийн хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргах, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн СОыг хүний амь насыг “болгоомжгүйгээр” хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.СОыг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. П.СО нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

5. Энэ хэргийн улмаас гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУлсад үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй, шар өнгийн хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.СОод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.