| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00108/Э |
| Дугаар | 00121 |
| Огноо | 2018-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 00121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга О.Алтанхуяг
Улсын яллагч О.Баярсайхан
Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Нид холбогдох 1832001510123 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1976 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, *газарт оршин суудаг, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэрэндоржийн Н РД:/*/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Ц.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг 264 дүгээр өртөөнд 2018 оны 8 дугаар сарын 25-ны орой иргэн Г.Эцыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед найз Базаргүрвээ гаргаж өгчхөөд явж байхад хохирогч Эцтой таарахад яагаад бөө шүтдэггүй юм бэ гээд цохиод авсан тэгэхээр нь барилцаад авсан. Гэтэл манай найз болох Базаргүрв гарч ирээд чи яахаараа манай найзыг зоддог юм бэ гээд Эцтой барилцаад авахаар нь би Эцын толгой руу нь 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд ах дүү нар нь гарч ирээд бид 2-ыг хэд хэд цохиж аваад биднийг салгасан. Тэгээд байж байтал дүү болох Амартүвшин нь толгойг нь сүхээр цохисон байна шдээ гээд орилоод цагдаа дуудна гэсэн. Тэгэхээр нь цагдааг иртэл байж байя гээд зогсож байсан. Ийм л зүйл болсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Г.Эц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр би манай хамаатнууд овоо тахиад орой нь гэр бүлээрээ баярлаад би бага зэрэг архи уусан байсан. Тэгээд эмээгийндээ оччихоод буцаад гэр рүүгээ очиж явсан чинь хажууд машин ирж зогсоод нэг хүн надаас тамхи байна уу ? гэхээр нь би өөрөө тамхи аваад тат гээд хэлчихсэн юм. Тэнд Базаргүр, Н эхнэрийн хамт явж байсан. Тэгээд Базаргүр надтай маргалдаад хэрүүл хийж ноцолдоод бид хоёр хувцаснаасаа зууралдаад байж байх үед гэнэт миний толгой руу цохих шиг болсон чинь миний толгойноос цус гараад тэгээд би тонгойгоод нүүрээ бариад гэр лүүгээ орсон” ...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/
Гэрч Д.Бт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манай ахын хашааны гадаа ах Эцын дээр Базаргүр гэдэг хүн мордож суугаад зодож байсан Манай нөхөр бид хоёр гүйж очоод салгасан Базаргүртэй хамт Нямаа гэдэг хүн эхнэрийнхээ хамт манай ах руу дайраад байсан. Базаргүрийг салгаад нөгөө хоёрыг нь салгаж байх хооронд Базаргүр нь машиныхаа багажнаас модон иштэй сүхийг гаргаж ирээд манай ах руу дайраад сүхээрээ савчаад байхаар нь би салгаж аваад зууралдаж байхад цаана манай ахын толгойноос нь цус олгойдоод тонгойгоод суучихсан, Нямаагийн эхнэр нь гэх Золоо ахын араас нь тэврээд зууралдчихсан байсан. Нямаа гэдэг нь Базаргүрийн савчиж байсан сүхийг аль хэдийнээ аваад ахын толгой руу цохьчихсон байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/
Гэрч Б.Нб мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн зодооныг намайг харах үед Жадамба буюу Эц газар уначихсан байсан чинь Нямаа гэх залуу очоод толгой руу өшиглөж байсан. Тэгээд дараа нь Эцын дүү нь гээд эмэгтэй цагдаа руу утсаар яриад байх шиг байсан. Тэр үед тэнд байсан хүмүүс тэд нарыг салгачихсан байсан. Энэ хүн сүхдчихлээ гээд байсан. Тэнд надтай хамт байсан хүмүүс гайхаад өшиглөсөн байхад сүхдүүлсэн гээд цагдаа руу худлаа яриад байхын гээд хоорондоо ярилцаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №10633 дугаартай дүгнэлт:
Яллагдагч Ц.Нийн гэрчээр болон хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 25, 27-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 37-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Нийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 28-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг 264 дүгээр өртөөнд 2018 оны 8 дугаар сарын 25-ны орой иргэн Г.Эцыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Эцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, Гэрч Г.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, Гэрч Б.Нбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №10633 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-р хуудас/, шүүгдэгч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ц.Нийг хохирогч Г.Эцын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг 264 дүгээр өртөөнд 2018 оны 8 дугаар сарын 25-ны орой иргэн Г.Эцыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй төмөр сүх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Базаргүрд буцаан олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндоржийн Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Нид 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Нийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Нын торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Ц.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сүхийг Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Базаргүрд буцаан олгож зохих баримт үйлдэж, хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.