Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 00119

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч О.Баярсайхан

Хохирогч С.Бт, түүний өмгөөлөгч Ш.Цэдэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Золжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох 1832000000117 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд 1995 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Даваагийн Б. /РД: */

 

           Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулдаг Оргил кафений караокений өрөөнд хохирогч С.Бттай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийн өгсөн…. ... 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед би ангийнхаа охины хамт харих гээд гэр лүүгээ явж байтал дүү Батчимэгийн орилох дуу гудамжинд сонсогдсон юм. Тэгэхээр нь би яваад очсон чинь Баасанхүү гэх залуу манай Батчимэгийг заамдчихсан зогсож байсан. Би тэгэхээр нь жирэмсэн хүүхэд яаж байгаа юм бэ гээд очиж салгах гэтэл Бт миний үснээс зулгаасан. Тэгээд юу юугүй Бс, Уз нар дүү бид хоёрыг элдэв үгээр доромжилсон. Тухайн үед манай аав Даваа дүү Батчимэг нар явж байсан юм билээ. Тэгээд аав Даваа болон ангийн охин Азжаргал нар Бт бид хоёрыг салгасан. Сб, Нарангэрэл гэх хоёр ах Баасанхүүг дүү Батчимэгээс салгаад цааш караоке руу авч орсон. Тэгээд эд нар бүгд караоке руу орсон. Би том ах Бат-Эрдэнэ лүү залгаж гудамжинд дүү Батчимэгийг хүн амьтан зодчихлоо гэж дуудсан. Тэгээд Бат-Эрдэнэ ахыг ирж байх үед би караоке руу эдний араас өрөөнд нь ороход Бт босч ирээд ямар ядаргаатай гичий вэ гэж хэлсэн. Намайг Бт үсдэж авахаар нь би зөрүүлж үсдсэн. Тэгээд намайг энд тэндээс хүмүүс өшиглөхөөр нь би ширээн дээр байсан шилтэй архи аваад хэн нэгнийг нь цохисон. Тухайн үед хэнийг цохисноо мэдээгүй. Сүүлд би Бтг цохисон гэдгээ мэдсэн. Бт бид хоёр гадаа гарч маргалдахад миний шанаан тус газарт нэг удаа цохисон. Тэгээд бид эмнэлэг явцгаасан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Хохирогч С.Бтгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....... 2018 оны 05 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед бид нар гол дээрээс төв орж караоке орохоор явсан. Караокений гадаа Бс, Дэлгэрмөрөн хоёр гэр бүлийн асуудлаа яриад тусдаа байсан. Караоке луу Нарангэрэл, Сб, Баасанхүү гурав орсон байсан. Баасанхүү гарч ирээд нойл явж бие зассан. Тэр үед бидний хажуугаар 3 хүн явж өнгөрсөн. Тэгснээ нэг нь буцаж ирснээ хэн намайг ямар муухай хардаг ногоон гичий вэ гэж хэлсэн бэ гэж асуухаар нь Уз бид хоёр бид нар тэгж хэлээгүй гэсэн. Тэгтэл цаанаас Бс хүрч ирээд Батчимэгийн гарнаас нь бариад бид нар тэгж хэлээгүй, юу гэж тэгж хэлэх вэ дээ жирэмсэн явж үзээгүй биш гэж хэлсэн. Тэгтэл цаанаас Батчимэгийн аав Даваа гуай болон эгч Б нар нь хүрч ирээд Б нь Бсгийн үснээс зулгаасан. Аав нь бид нарыг элдвээр хэлсэн. Баасанхүү тэр үед та нар битгий давраад бай дээрэлхээд байгаа юм уу гээд очих гэхээр нь би болиулсан. Даваа гуай намайг өшиглөсөн. Тэгээд бид нар салаад бааранд ороод сууж байхад гаднаас Б хаалга саван орж ирээд гичийнүүдээ гэж орилхоор нь би бостол Б ширээн дээр байсан шилтэй архийг аваад миний толгой руу цохисон. Араас нь Бийн ах Бат-Эрдэнэ орж ирээд салгасан. Тэгээд бид нарыг баарнаас гарахгүй байхад Б намайг гараад ир гэж чангаагаад тавихгүй байхаар нь би гараа гуд татаж авахдаа Бийн нүүрэнд гар хүрсэн. Одоо гомдолгүй. Б бид хоёр ярьж тохиролцсон болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл гарвал иргэний журмаар шийдүүлнэ гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч В.Бсгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгэхэд бид хэдийн хажуугаар Даваа гэдэг ах 2 охиныхоо хамт өнгөрсөн. Тэгтэл Батчимэг буцаж ирээд та нар жирэмсэн хүнийг гичий нохойгоор дуудаад байхдаа яахав дээ гээд бид нар луу дайрсан. Бид хэд юу гэж жирэмсэн хүнийг гичий нохойгоор дуудах юм гэж хоорондоо ярьж байсан гэхэд Батчимэгийн эгч Б гарч ирээд Бттай барилцаж авсан. Тэр хоёр бие биенийхээ хувцас хунараас зулгацалдаад тэр хавиар бөөн юм болсон. Тэгээд Даваа ахын бага охин батчимэг уурлаад хашгираад байхаар нь миний дүү жирэмсэн хүн ингэж уурлаж болохгүй тайван бай гэж хэлсэн. Тэгээд хоёр тийш салцгаасан. Бид хэд баар луу ороод караокений өрөөнд сууж байтал Б орж ирээд бид хэдийн аваад задлаагүй байсан архийг аваад Бтгийн толгойн тус газар цохисон гэх мэдүүлэг /Хх-н 12 дугаар хуудас/

Гэрч Ц.Сбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэгэхээр нь би Нарангэрэлтэй хамт тэд нарыг салгаад караоке руу орсон. Дотор ороод байж байтал Б орж ирээд Бтгийн толгой руу ширээн дээр байсан архийг аваад цохисон. Тэр үед Бийн ах Бат-Эрдэнэ архийг нь булааж авсан. Тэгсэн чинь батчимэг, Б хоёр Бт руу дайраад үсдээд авсан чинь Нарангэрэл, Бат-Эрдэнэ хоёр тэднийг салгасан гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/

Гэрч О.Узгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Тэгээд бид нар Оргил кафе руу орсон. Дотор ороод бид нар караокений нэг өрөөнд сууж байсан чинь Батчимэг, Б нар аав Даваа, ах Бат-Эрдэнэ нартайгаа нийлээд ороод ирсэн. Тэд нар орж ирэнгүүтээ Б нь ширээн дээр байсан нэг шил архийг аваад Бтгийн толгой руу цохиод авсан. Тэгэнгүүт ах Бат-Эрдэнэ нь боль гээд шилтэй архийг Бээс булааж авсан гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 95 ...... Дүгнэлт:

1.С.Бтгийн биед тархи доргилт, баруун хацар, баруун чихний гадна дэлбэн, баруун гарын сарвуунд зулгаралт, баруун гарын бугалга, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, баруун хацар, баруун шанаа, толгойн орой, зүүн хөлийн шилбэ хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 24 дүгээр хуудас/

Д.Б нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 38 дугаар хуудас/

Д.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 39 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 40 дүгээр хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулдаг Оргил кафений караокений өрөөнд хохирогч С.Бттай маргалдан зодолдож түүний толгойн тус газарт шилтэй архиар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Д.Бийн хохирогч С.Бтгийн толгойн тус газарт шилтэй архиар цохиж зодсон үйлдэл нь дүү Д.Батчимэгийг дээрэлхлээ гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 9 сарын хугацаанд 9 хувааж сард 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Т.Батчимэг нь гомдол саналгүй, одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Мөн хохирогч С.Бт нь энэ гэмтлийн улмаас эмчлүүлэхэд гарсан болон холбогдох бусад зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Даваагийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь 450000 төгрөгийн торгох ялыг 09 сарын хугацаанд 9 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            6. Хохирогч С.Бт нь энэ гэмтлийн улмаас эмчлүүлэхэд гарсан болон холбогдох бусад зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН