Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00187

 

 

 

 

2023 01 20 210/МА2023/00187

 

*.* ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/04757 дугаар шийдвэртэй

*.* ын нэхэмжлэлтэй, *.**т холбогдох

Мэдэгдэх хуудас бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мэдэгдэх хуудас бичиж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *.* нь Г.Г, Ж.О нараас 4,530,000 төгрөгийн авлагатай байсан тул 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулж Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч *.**оор батлуулсан.

Тус гэрээгээр төлбөр төлөгч Г.Г, Ж.О нар нь 4,530,000 төгрөгийг 2020 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч одоог хүртэл төлөөгүй тул нотариатч *.**т мэдэгдэх хуудас бичүүлэх хүсэлтээ илэрхийлэхэд эс үйлдэхүй гаргаж мэдэгдэх хуудас бичиж өгөөгүй.

Түүний энэ үйлдэлтэй холбогдуулан Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл болон Хууль зүй дотоод хэргийн сайдад хандахад түүнд Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлөөс сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

1.2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзалтай холбоотой баримт ирүүлээгүй. Мөн хариуцагч техникийн алдаа гаргасан гэж тайлбарлаж байгаа нь зарчмын хувьд байж болохгүй зүйл юм.

Хуульд нотариатч мэдэгдэх хуудас бичиж өгөхөөр заасан нь иргэд хоорондоо тохиролцоод маргаанаа шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэх, ингэснээр шүүхийн ачаалал буууруулахад чиглэгдсэн.

Нотариатч нь хувийн бизнес эрхэлдэг иргэн биш бөгөөд төрийн үйл ажиллагаанд оролцож, төрийн тамга барьж байгаа албан тушаалтны хувьд хариуцлага хүлээх хэрэгтэй.

Иймд Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан үүргээ нотариатч *.** биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, мэдэгдэх хуудас бичихийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие 2020 оны 03 сарын 11-ний өдрийн 236 дугаарт бүртгэгсэн төлбөр барагдуулах гэрээг гэрчлэхдээ мэдэгдэх хуудас бичих боломжгүйг тайлбарласан. Учир нь төлбөрийг үл маргах журмаар төлөхөөр байгуулсан зээлийн гэрээ нь нотариатаар гэрчлэгдээгүй, харин төлбөрийг нотолсон төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн.

Мэдэгдэх хуудас бичихгүй, зөвхөн төлбөр барагдуулах гэрээг гэрчилнэ гэж тохиролцсныг төлбөр төлөгч тал гэрчилнэ.

Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2.1, 45.3.2-д зааснаар зээлийн 3 гэрээний аль гэрээг үндэслэж мэдэгдэх хуудас бичих нь тодорхойгүй байсан тул мэдэгдэх хуудас бичих боломжгүй, энэ маргаантай асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхийг тайлбарлаж өгсөн.

Нотариатын тухай хуулийн 31.1.1-д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал нотариатын үйлдэл эс үйлдэхүйгээс татгалзана гэж заасны дагуу миний бие мэдэгдэх хуудас бичихээс татгалзсан болно.

2.2. Харин гэрээнд нотариатын мэдэгдэх хуудас бичнэ гэснийг техникийн алдаа гаргаж сонгосон байсан. Талуудын хооронд 2019 оны 9, 10, 11 сард тус тус байгуулагдсан 3 удаагийн зээлийн гэрээ байсан бөгөөд эхний зээлийн гэрээний үүргээ зээлдэгч тал биелүүлээгүйн улмаас үндсэн зээлийн үүрэгт хүү, алдангийг тооцон дахин нэмж гэрээ байгуулсан байсан.

Төлбөр авагч *.* ыг мэдэгдэх хуудас бичиж өгөхийг хүсэхэд нь дээрх байдлыг тайлбарлан, 3 зээлийн гэрээний алинд бичих нь тодорхойгүй байсан тул татгалзсан.

Нэхэмжлэгч тал Нотариатын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд энэ асуудлаар гомдол гаргасан бөгөөд сахилгын зөвлөл нотариатын мэдэгдэх хуудас бичихээс татгалзсан нь зөв, харин Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар эрх, үүргийг тайлбарлан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж арга хэмжээ авсан.

Нэхэмжлэгч тал Сахилгын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч Хууль зүй Дотоод хэргийн сайдад гомдол гаргасан, сайд Сахилгын зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Иймд *.* ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *.**т холбогдох, мэдэгдэх хуудас бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мэдэгдэх хуудас бичиж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч *.* ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Монголын Нотариатчийн танхимын дэргэдэх сахилгын зөвлөл нь нотариатчид мэдэгдэх хуудсыг бичих үүрэг өгөх эрхгүй байгууллага бөгөөд тухайн нотариатчийн гэм буруутай болон алдаа гаргасныг авч хэлэлцдэг байгууллага учраас сахилгын шийтгэл ногдуулсан нь тухайн нотариатчийн буруутай үйлдлийг илтгэж байна.

Мөн миний бие Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол гаргахдаа Монголын Нотариатчийн танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж ийм алдаа гаргасан нотариатч нь нотариатч байх эрхгүй учир нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгож өгөөч гэсэн гомдол гаргасан.

4.2. Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт нотариатч нь баталсан гэрээг үндэслэн мэдэгдэх хуудас бичих үүргийг тодорхой заасан. Мөн зүйлд ...төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, ...төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ. гэжээ.

Миний бие үүнийг нотариатчийн баталсан төлбөр барагдуулах гэрээ гэж ойлгож байна. Төлбөрийг нотлоод тодорхой хугацаанд төлбөрийг барагдуулна гэсэн гэрээ байхаас өөр ямар хэлбэр дүрс, агуулга агуулсан төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэх юм.

4.3. 2022 оны 11 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр төлбөр төлөгч Г.Ганцэцэг оролцож, Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1-д баримт бичиг нь төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нотолж байгаа эсэх, 45.3.2-т ямар баримт бичгийг үндэслэж мэдэгдэх хуудас үйлдэж байгаа зэргийг маргаангүй нотолсон.

4.4. Хууль санаачлагч Нотариатын тухай хуулийг батлахдаа нь шүүхийн ачааллыг багасгах, иргэд хоорондын өглөг, авлагыг хялбаршуулах зорилгоор төлбөр барагдуулах гэрээг байгуулж, гүйцэтгэх хуудас бичих, энэ нь шууд хэрэгжих зохицуулалтаар оруулсан.

Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг ямар ч тохиолдолд хэрэгжих, эс бөгөөс энэ хуулиас тус хэсгийг хасах хэрэгтэй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *.**т холбогдуулан нотариатын мэдэгдэх хуудас бичиж өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, мэдэгдэх хуудас бичихийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч *.* нь Г.Г, Ж.О нартай 2020 оны 03 сарын 11-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсныг Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч *.** гэрчилсэн байна. /хх4/

 

3.а. Уг гэрээг төлбөр авагч *.* , төлбөр төлөгч Г.Г , Ж.О нарын хоорондын 2019 оны 09 сарын 26, мөн оны 10 сарын 18, 11 сарын 18-ны өдрүүдийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлбөр төлөгч нар төлөхийг зөвшөөрч байгуулжээ.

 

4. Нэхэмжлэгч *.* нь төлбөр төлөгч Г.Г, Ж.О нарыг өр төлбөрөө гэрээнд заасан хугацаа болох 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулаагүйгээс нотариатч *.**т нотариатын мэдэгдэх хуудас бичүүлэхээр хандтал тэрээр татгалзсан байна.

 

Хариуцагч *.** нь татгалзлаа нотариатын мэдэгдэх хуудас бичнэ гэсэн гэрээний загварт шүүхээр, мэдэгдэх хуудсаар гэсэн сонголтыг хийхдээ техникийн алдаа гаргасан, мөн зээлийн гурван гэрээний аль гэрээг үндэслэж мэдэгдэх хуудас бичих нь тодорхойгүй байсан учир мэдэгдэх хуудас бичихээс татгалзсан гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч *.** нь нэхэмжлэгч *.* аас нотариатын мэдэгдэх хуудас бичихтэй холбогдуулан ямар баримт бичгийг үндэслэх талаар шалгасан нь буруу биш байна. Үүнээс гадна төлбөр төлөгч Г.Г-ийн зүгээс шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ шүүхээр орж шийдэгдсэн зүйл байхгүй, төлөөд дууссан гэх агуулгатай мэдүүлэг өгснөөс үзвэл өр төлбөр төлөгдсөн эсэх нь тодорхой бус байна. Иймд хариуцагч нотариатын мэдэгдэх хуудсыг бичихээс татгалзсан нь Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1, 45.3.2-т заасантай нийцжээ.

 

Иймд Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт нотариатч мэдэгдэх хуудас үйлдэхээр зохицуулсан байхад нотариатчийн мэдэгдэх хуудсыг бичихийг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ:.

 

5. Түүнчлэн, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа гаргаагүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/04757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *.* ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ