| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0074/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/077 |
| Огноо | 2018-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/077
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
нарийн бичгийн дарга Б.А
улсын яллагч Х.Ө
шүүгдэгч Р.А
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А-т холбогдох 1813001240081 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Р.А: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Б овогт Р-ийн А, 1972 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЖ7.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэгийн:
Шүүгдэгч Р.А нь хохирогч Д.Б-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.А нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн 14 цагийн орчим Дэлүүн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрийн маргааны улмаас иргэн Д.Б-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 03 сарын 19-ний өдөр 14 цагийн үед мал хариулж явж байх үед Р.А-ийн бог мал нь манай малтай нийлсэн болохоор тэр малыг салгаж хувааж туусан. Тэр үед Р.А ирж “чи яагаад мал хөөгөөд байгаа” бэ гээд загнаж улмаар намайг хамар нүд рүү цохисон. Тэр үед миний хамарнаас цус гоожихоор нь доошоо суусан. Р.А нь миний хөл рүү өшиглөөд та нарыг хамгаалах хүн байхгүй гээд явчихсан. ... Р.А нь гараар миний хамар луу 1 удаа, баруун талын нүд рүү 1 удаа цохиж улмаар баруун хөлний шилбэ рүү нэг удаа өшиглөсөн. Зодуулснаас болж баруун нүд маань хавдаж, хамар маань гэмтсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Е-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 03 сарын 19-ний өдөр худ болох Д-ын бэлчээрт Р.А-кийн бог мал нь Д-ын бог малд нь нийлэх гээд байхаар нь хүргэн ах Д.Б бид хоёр Р.А-ийн малыг салгаж тууж байхад Ауелбек ирж Болатыг зодсон. Р.А мотоциклоор ирж “та нар яагаад мал хөөж байгаа юм бэ” гээд Д.Б мотоциклоос нь татаж аваад гараар хамарны дээд хэсэг буюу хоёр нүдний завсар луу нь цохиж улмаар газар унагааж өшиглөж байхаар нь би салгаж авсан”” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
-Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х 164 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас /
- Шүүгдэгч Р.А мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, “...2018 оны 03 сарын 19-ний өдөр 13 цагийн үед гэртээ байхад манай бог мал хариулж байсан миний хоёр хүүхэд гэртээ ирж “Д.Б манай малыг хөөж, та нар яагаад манай бэлчээрт мал туугаад байгаа бэ, аавыгаа дуудаад ир гээд явуулсан” гэсэн. Тэгээд би мотоциклд С гэгч хүүхдийг сундлуулж аваад Д-ын хүүхэд Б-д очоод “чи яагаад мал хөөгөөд байгаа юм бэ” гэсэн тэр үед Д.Б нь “манай бэлчээрийн газар” гээд над руу шууд ирээд намайг заамдаж барьж авсан. Тэр үед би мотоциклтойгоо газар унасан. Тэгээд Д.Б С барьж аваад багалзуурдах үед би очоод боль гээд салгаад Д.Б нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Р.А үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Р.А-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Р.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлж өгөх талаар хүсэлт гаргаж байгаа боловч түүний хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй үзлээ. Учир нь, шүүгдэгч Р.А эд хөрөнгийн байдлыг тодорхойлсон Дэлүүн сумын 1 дүгээр багийн Засаг дарга С.Б-ийн тодорхойлолтоос /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/ үзэхэд 2017 онд адуу 9, үхэр 29, хонь 249, ямаа 153, бүгд 440 толгой мал тоолуулсан, мөн өөрийн эзэмшлийн хувийн байшин, хашаа хороо, ачааны болон суудлын машинтай болох нь тогтоогдож байна.
Мөн нөгөө талаар шүүхээс түүнд торгох ялын хамгийн бага хэмжээгээр ял оногдуулсныг тэмдэглэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Р.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Д