Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00220

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00220

 

 

Б.У ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03936 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.У ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.П д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,404,469 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, хариуцагч Ж.П , хариуцагчийн өмгөөлөгч Ц.О , гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд О.Оюунчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ж.П нь 2019 оны 04 сарын 19-ний өдөр 4 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтрүүлбэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэй, 2019 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл төлж дуусгахаар харилцан тохиролцож, 2543 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш төлөлт хийгээгүй. Иймд Ж.П аас зээлийн үндсэн төлбөр 8,685,940 төгрөг, 34 сарын хүү 4,329,470 төгрөг, алданги 4,329,470 төгрөг, нийт 17,404,469 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Гэрээ хуулийн дагуу бичгээр байгуулагдсан хүчин төгөлдөр бөгөөд мөнгийг хариуцагч авсан талаар маргадаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж үндсэн зээл 8,685,940 төгрөгөөс төлсөн 3,700,000 төгрөгийг хасаж, үлдсэн төлбөр 4,958,940 төгрөг, алданги 4,329,470 төгрөг, хүү 4429,470 төгрөг, нийт 13,617,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Охин Б.Нямгарав ипотекийн зээл авахаар миний цалингийн зээлийг дарахын тулд энэ зээлийг авсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж манай газар болзол хангагдсан тул Гэр хорооллын дэд бүтцийн газраас 70 м.кв хүртэлх хэмжээтэй байр авахад санхүүжүүлж болно гэсэн. Ингээд байр хайж Оюунчимэг, Мөнгөнсүх нараас 3 өрөө байрыг 1 м.кв нь 1,700,000 төгрөг, 72.8 м.кв байрыг 122,536,000 төгрөгөөр авахаар гэрээ байгуулсан ч 70 м.кв гэсэн шаардлагад нийцүүлж н.Оюунчимэг, н.Мөнгөнсүх нартай ярилцаад гэрээгээ өөрчлөн м.кв-ыг нь багасгаж 1 м.кв-ыг 1,850,000 төгрөгөөр тооцоо гаргахад миний Н.Уланбадрахаас цалингийн зээлээ дарах гэж авсан 5 сая гаран төгрөг төлөгдчих юм байна гэж бид ярилцаад 8,685,940 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Үлдсэн зөрүү 3 сая гаруй төгрөгийг охин та 2 төлөөрэй гэхэд нь зөвшөөрөөд гэрээ байгуулсан. Ингээд 2018 оны 07 сарын 23-ны өдөр м.кв хэмжээг багасгаж 69,09 м.кв, 1 м.кв нь 1,850,000 төгрөгөөр дахиж гэрээ хийхэд 127,798,000 төгрөг болсныг зээл гарахад шилжүүлсэн. Энэ дүнд 5 сая төгрөгийн зээл төлөгдсөн. Учир нь н.Оюунчимэг, н.Мөнгөнсүх нарын данс шүүхийн шийдвэрийн улмаас хаагдсан байгаа учраас Б.У ын данснаас цалингийн зээлийг хаагаад угаасаа ипотекийн 8 хувийн зээлээс 5 сая төгрөг орчих юм чинь үлдсэн мөнгийг та 2 төлчхөөрэй гээд энэ зээлийн гэрээг байгуулж, 5 сая төгрөгийг нь байрны зөрүү мөнгөөр төлсөн.

Мөн манай охин болон Б.У нар байрны урьдчилгаа 30 хувь буюу 38,339,000 төгрөгийг зээлсэн гэрээ байгуулсан бөгөөд энэ хуралд О.М нь итгэмжлэл авч ордог. Энэ хүмүүс нэг ашиг сонирхол бүхий хүмүүс юм. Урьдчилгаа 30 хувь зээлсэн, миний цалингийн зээлийг хаасан 8,658,940 төгрөгийг төлсөн, ипотекийн зээл гарсан энэ үйл явдал 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр давхцаж байгаа. Үүнээс харахад 5 сая төгрөг төлөгдсөн. Мөн 3,700,000 төгрөгийг Б.У ад төлсөн. Иймд зээлийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.П аас 216,476 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,187,993 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,973 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас 7,144 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.У ад олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэдэгт хариуцагч тал маргаагүй. Мөн хариуцагчийн гэрээний үүрэгт төлсөн 3,700,000 төгрөгийг манай зүгээс хүлээн зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх нь Ж. Пүрэвнямын охин н.Н нь Чингис хаан ХХК-аас 89,450,000 төгрөгийн зээл авч, 5,262,000 төгрөгийг нь 04 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэж үзсэн. Эрх зүйн харилцаа нь Ж.П болон Б.У нарын хооронд үүссэн. Гэтэл ямар ч хамааралгүй гуравдагч этгээд нь зээлийн гэрээний үнийг төлсөн тул хамааралтай байсан гэснийг үндэслэлтэй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1д зааснаар Ж.П , Б.У нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн. Б.У ын дансанд 3,700,000 төгрөгийг шилжүүлсэн байхад 5,000,000 төгрөгийг нь банкнаас ипотекийн зээлийн зориулалтаар авсан зээлийг зөрүүлэн төлсөн гэх асуудал яригдсан. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй. Мөн хариуцагч нь шүүх хуралдааны явцад тайлбар гаргахдаа ипотекийн зээл авах гэж 8,000,000 төгрөгийг Б.У ад зээлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Гэтэл анхан шатны шүүхээс зээл авсан нь үнэн гэж шийдвэрлэсэн тул 5,262,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Анх 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ж.П охин н.Н ын хамт хэрэгт дурдагдсан орон сууцыг худалдаж авахаар О.М , н.Оюунчимэг нартай холбогдож 72 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг 1,700,000 төгрөгөөр 122,536,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Тухайн гэрээний дагуу зээл хөөцөлдөхөд цалингийн зээлийн үлдэгдэл 8,658,940 төгрөг байсан. Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаас 70 м.кв доош хэмжээтэй орон сууц байх ёстой гэсэн тул О.М , н.Оюунчимэг, Б.У нартай уулзаж м.кв үнийг бууруулж, гэрээгээ өөрчилсөн. Зээлийн гэрээний зөрүү нь 5,262,000 төгрөгөөр банкнаас орж ирэхээр зээлийн төлөлтөд хүлээн авъя, цалингийн зээл 8,658,940 төгрөгийн зээл өгье, харин 5,262,000 төгрөгийг ипотекийн зээлийн гэрээний зөрүүгээр төлөгдөнө, үлдэгдэл 3,700,000 төгрөгийг төлөөрэй гэж тохиролцсон. Гэрээний дагуу төлбөрийг 2 янзаар төлж, эхний ээлжид 2 удаагийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний зөрүү 5,262,000 төгрөгийг О.М , н.Оюунчимэг нарын данс руу мөнгө орсноор төлж, мөн 3,700,000 төгрөгийг Б.У ын данс руу төлж дуусгасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

6. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд О.М ийн гаргасан тайлбарын агуулга: Орон сууц зээлийн барьцааг төлсөн гэх боловч мөнгийг Б.У ад төлөөгүй, хэрэгт хамааралгүй гуравдагч этгээдийг хамааралтай байсан гэж үзсэн. Миний бие орон сууцны ипотекийн зээл орж ирэхээр нь Б.У ын төлбөрийг шилжүүлсэн. 8,658,940 төгрөгийг дансанд хийж, зээлийг хаасан байна. Орон сууц худалдах авах гэрээ нь өөр байсан тул хэмжиж үзсэн тул өмнөх гэрээг хүчингүй гэж үзсэн. Сүүлд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд үйл явдал нь болж өнгөрсөн. Хариуцагч талаас өмнө байгуулсан гэрээг өөрт ашигтай байдлаар тайлбарласан гэв.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ж.П д холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 8,685,940 төгрөг, хүү 4,329,470 төгрөг, алданги 4,329,470 төгрөг, нийт 17,404,469 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж маргасан байна.

3. Талууд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2543 дугаартай зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 8,658,940 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэйгээр 2019 оны 08 сарын 01-ний өдөр зээлийг буцаан төлөх нөхцөлтэйгээр хариуцагчид зээлдүүлжээ. /хх3/ Гэрээний хүчин төгөлдөр байдл болон нэхэмжлэгч 8,658,940 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн талаар зохигч хэн аль нь маргаагүй бөгөөд Б.У , Ж.П нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

4. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ: 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг орон сууц худалдан авахын тулд байгуулсан ... цалингийн зээлээ хаах зорилгоор нэхэмжлэгчээс 8,685,940 төгрөгийн зээл авч хаасан бөгөөд орон сууц худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй байгуулсан. Үүний дагуу 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 122,536,000 төгрөгийн хэмжээг өөрчлөн ... 127,798,000 төгрөгөөр дахин гэрээ байгуулж, банкнаас 127,798,000 төгрөгийн зээл авч, үүнээс 5,262,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт өгсөн гэж тайлбарлажээ. /хх 29-30/

5. Гуравдагч этгээд О.Оюунчимэг, иргэн Б.Нямгарав (хариуцагч Ж.П ын төрсөн охин гэх) нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, Б.Нямгарав нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд баригдаж буй орон сууцны 5 дугаар давхрын 72.08 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 122,536,000 төгрөгөөр О.Оюунчимэгээс худалдан авахаар тохиролцсон, гэвч талууд 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээгээр өмнөх гэрээний үнийг 127,798,000 төгрөг болгон өөрчилсөн байна. Улмаар Б.Нямгарав нь 2019 оны дүгээр сарын 19-ны өдөр Чингис хаан банк ХХК-тай байгуулсан Орон сууцны зээлийн болон барьцааны гэрээгээр дээрх худалдан авсан орон сууцыг Чингис хаан банк ХХК-д барьцаалж, банкнаас зээлсэн 89,450,000 төгрөг, мөн 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 2540 дугаартай зээлийн гэрээгээр 38,339,400 төгрөгийг нэхэмжлэгч Б.У аас зээлж, худалдан авсан орон сууцны төлбөрт нийт 127,798,000 төгрөгийг О.Оюунчимэгт төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх 31-35, 41, 44-54, 113/

Дээрх үйл баримттай хариуцагчийн тайлбар нийцэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбарыг бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзнэ. Хариуцагч 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 5,262,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40. 2 дахь хэсэгт нийцүүлэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж шийдвэрлэжээ.

6. Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний хүү, алдангийг тооцохдоо тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна.

7. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 8,658,940 төгрөгийг 1.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн төлбөр, хүү, алдангийн хамт нэхэмжлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Үндсэн зээл 8,658,940 төгрөгөөс орон сууц захиалгын гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулсан зөрүү төлбөр болох 5,262,000 төгрөгийг хасаж тооцвол хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн зээлд 3,396,940 төгрөг, 4 сарын хүү 203,816 төгрөг, нийт 3,600,756 төгрөг төлөх үндсэн үүрэгтэй байсан гэж үзнэ.

7.1. Хэрэгт авагдсан Б.Нямгарав, Ж.П нарын Хаан банк ХХК-ийн дансны хуулгаас үзэхэд 2019 оны 10 дугаар сараас хойшхи хугацаанд зээлийн гэрээний үүрэгт нийт 3,700,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. /хх 37-39, 42/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгэгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

7.2. Талууд гэрээний 2.7-д зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хуийн алданги тооцно гэж нэмэгдэл үүргийн талаар тохиролцсон бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2019 оны 08 дугаар сарын 01-ны...... өдрөөс хугацаа хэтрүүлсэн гэж үзэх тул зээлийн төлөлт хийж эхэлсэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 83 хоногийн алданги 1,494,249 төгрөг болох ба зээлийн гэрээний үүрэгт 5,095,005 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Үүнээс хариуцагчийн төлсөн 3,700,000 төгрөгийг хасаж тооцвол 1,395,005 төгрөг болж энэ хэмжээнд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

7.3. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 1,395,005 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,922,875 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг зээлийн гэрээтэй холбоотойгоор Б.Нямгаравыг гуравдагч этгээдээр оролцуулах талаар хэн аль нь хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/03936 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...216,476 төгрөг... гэснийг 1,395,005 төгрөг гэж, ...17,187,993 төгрөг... гэснийг 15,922,875 төгрөг гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...7,144 төгрөг гэснийг 37,270 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.У аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ