Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/078

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

нарийн бичгийн дарга Б.А

улсын яллагч М.Ф

шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А холбогдох 1813001580088 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч М.Ж: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Төлек овогт Мейримийн Ж, 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Баруун бүргэд” ХХК-д хамгаалагч ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг, 2009 онд Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2014 онд  Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 47 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:БК8.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ж нь хохирогч А.Г-ыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ж нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн үед өөрийн баз нь болох иргэн А.А-ийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр нь Г-ыг зодож түүнийг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

            - Хохирогч А.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... А гэрт М.Ж хажууд нь очоод суугаад юм яриад зүгээр байсан чинь гэнэт над руу “чи шөнө яагаад намайг хаяад яваад өгсөн юм бэ” гээд агсам тавьж хэрүүл маргаан гаргахаар нь би хажууд зогсож байсан чинь гараар миний зүүн талын бөөр орчим нэг цохисон. Би бөхийгөөд тонгойж байсан чинь толгой руу 1 удаа өшиглөхөөр нь гэдийсэн чинь дахиад биеийн хэсгийн энд тэнд өшиглөөд үгээр дарамталсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/

- Гэрч Д.А: “...15 цагийн үед байх Г манайд хүрч ирсэн. Тэгээд юу болсон бэ гэж асуухад М.Ж хүргэн А.А гэрт байгаа юм байна, тэднийд очсон чинь намайг зодлоо гэж нүүр ам нь хөхөрч хавдсан байдалтай ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-4 дугаар хуудас/

- Гэрч А.А: “... М.Ж А.Г маргалдаж байгаад цээжин тус газар гараараа нэг удаа цохиход А.Г газар унасан ба тэр үед хөлөөрөө нэг удаа толгой хэсэгт өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 194 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 55 дугаар хуудас/

- Шүүгдэгч М.Ж: “... А.Г гэрт орж ирээд миний хажууд суусан. Тэр үед би шөнө яагаад намайг хаяад явчихсан юм бэ, би согтсон л юм байгаа биз дээ, чамд гар хүрээгүй би чамайг хөөгөөгүй шүү дээ гэж гомдсон тухай хэлээд улмаар бид хоёр маргаад уурандаа А.Г-мыг зүүн талын цээжин хэсэгт нь гараараа цохих үед тонгойсон бөгөөд тэр үед би толгой хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, уучлалт гуйж хоорондоо сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар үйлдэл нь нотлогдож байна.

               Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн шүүгдэгч М.Ж үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М.Ж үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Нөгөө талаар шүүхээс түүнд торгох ялын хамгийн бага хэмжээгээр ял оногдуулсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч М.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Т овогт М-ийн Ж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Ж иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын дэвтэр 1 ширхэг, гадаад паспорт 1 ширхэг зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д