Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0050

 

 

 

 

 

 

 

 


"Х д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч “Х д” ХХК-ийн захирал Я.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0680 дугаар шийдвэртэй, “Х д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, тус газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0680 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 24.2, 49 дүгээр зүйлийн 49.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “кадастрын хэлтсийн даргын 2007 оны 12 дугаар сарын 2609, 2009 оны 08 дугаар сарын 523 дугаар шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцуулах, ашигт малтмалын хайгуулын 7470Х тусгай зөвшөөрөлтэй дүйцэх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” тухай нэхэмжлэгч “Х д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Х д” ХХК-ийн захирал Я.Э, түүний өмгөөлөгч Ж.Б нар давж заалдах гомдолдоо: “...процессын хувьд олон жил сунжирсан, өмнө нь давж заалдах шатны шүүхээс удаа дараа буцаж байсан, нотлох баримт ихтэй энэхүү хэргийг ганц шүүгч биш бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх ёстой байсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үл тоож Монгол Улсын Үндсэн хуулийн хууль хэрэгжих зарчмыг үгүйсгэсэн үйлдэл боллоо. Учир нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1835 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан иргэн Я.Э, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Рү Тэ Хён нарын “Нэшн офбрайт” ХХК-тай 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 7470Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй орд газарт хөрөнгө оруулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон учраас уг гэрээ байгуулагдсан гэрээнээс үүдэлтэй 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах гэрээ болон бусад бүх “Х д” ХХК-ийн эзэмшдэг байсан 7470Х хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдолтой бүх шийдвэрүүд нь 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хойш хүчин төгөлдөр бус болох хуультай.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Х д” ХХК-ийн татварын тайлангуудад энэхүү орлогын албан татвар төлсөн тухай нэг ч баримт байхгүй бөгөөд 2500 ам долларын 30 хувийн татвар болох 750 ам доллар түүнтэй тэнцэх төгрөг төлсөн тухай ямар ч баримт байхгүй юм. Учир нь ийм татвар төлөх тухай “Х д” ХХК-д мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн байдаг. Гэтэл хариуцагчийн гаргаж өгсөн 292 500 төгрөгийг төлсөн баримт нь энэхүү хэргийн үйл баримтад огт хамаагүй бөгөөд өөр үйл ажиллагааны татвар байсан юм. Нотлох баримтын шаардлага хангахгүй маш бүдэг, хэв хувиараа банкны баримт байхгүй хууль зөрчсөн нотлох баримтыг шүүх хэт нэг талыг баримталж үнэллээ.

2009 онд “Ди Ви Эс” ХХК нь 7470Х тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулсан шийдвэр зэрэг нь хүчингүй бөгөөд сэргээлгэх эрх нь нээгдсэн байхад Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар нь хууль зөрчин сэргээж өгөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчиж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0680 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын  давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад дараах үндэслэлээр уг шийдвэрийг хүчингүй болгож, “Х д” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

“Х д” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, тус газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2609, 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 523 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцуулах, ашигт малтмалын хайгуулын 7470Х дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 1835 дугаар шийдвэрээр 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй орд газарт хөрөнгө оруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцсон тул хариуцагчийн 2007 оны 2609, 2009 оны 523 дугаар шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэлтэй” хэмээн тайлбарлан маргажээ.

Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2609 дүгээр шийдвэрээр[1] “Х д” ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу тус компанийн Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь “Онги-Улиастай” нэртэй 3289 гектар талбай бүхий 7470Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Ди Ви Эс” ХХК-д шилжүүлснийг бүртгэж, улмаар “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй” гэх үндэслэлээр аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг мөн даргын 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 523 дугаар шийдвэрээр[2] цуцалсны дотор дээрх 7470Х дугаартай “Ди Ви Эс” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл багтсан байна.

  1. Нэхэмжлэгч “Х д” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2609 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч Я.Эрдэнэбилэг 7470Х тусгай зөвшөөрлийг Солонгосын хөрөнгө оруулалттай компанид худалдах үйл ажиллагаанд биечлэн оролцож, гэрээ байгуулан хүсэл зоригоо илэрхийлж байсан, уг тусгай зөвшөөрөл тэрхүү компанид шилжсэнийг мэдсэн, шилжүүлж бүртгэсэн тухай мэдэгдэх хуудсыг гардаж авсан зэрэг үйл баримтууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасантай нийцээгүй” гэж зөв дүгнэсэн атлаа “Х д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, тус газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм.

“Х д” ХХК нь анх 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр[3] захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч мөн оны 06 дугаар сарын 16-ны өдөр[4] захиргааны хэрэг үүсгэжээ.

Тухайн үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь маргаан бүхий Ашигт  малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 2609 дүгээр шийдвэр нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “Х д” ХХК-ийн өмнөх захирал Я.Б, захирал Я.Э нар нь 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах” тухай 01 дугаартай гэрээг байгуулж, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд шаардагдах тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүсч буй өргөдөл,[5] эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн нотолгоо[6], хуулийн этгээдийн тодорхойлолт[7] зэргийг гарган өгч, өөрийн компанийн Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь “Онги-Улиастай” нэртэй 3289 гектар талбай бүхий 7470Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хариуцагчийн 2609 дүгээр шийдвэрээр “Ди Ви Эс” ХХК-д шилжүүлж байгааг мэдсэн төдийгүй дээрх шийдвэрийг мэдэгдсэн хариуцагчийн 7-8961 дугаартай албан бичгийг[8] 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардан авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1835 дугаар шийдвэрээр[9] “Х д” ХХК-ийн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Рү Тэ Хён /Ryu Tee Hyun/-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу Я.Эрдэнэбилэг, Рү Тэ Хён нарын “Нэйшн оф брайт” ХХК-тай байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “7470Х хайгуулын тусгай зөвшөөрөлтэй орд газарт хөрөнгө оруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь ч уг шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн гаргасан “...манай компанийн эзэмшдэг хайгуулын 7470Х тусгай зөвшөөрлийг “Ди Ви Эс” ХХК руу шилжүүлсэн байх ба Ашигт малтмалын газраас лавлагаа авахад Ашигт малтмалын тухай хуулийн 34.2, 56.1.2 дахь заалтуудыг үндэслэн ...тусгай зөвшөөрлийг цуцалсан байна гэх хариуг авсан...” гэх тайлбараас маргаан бүхий 2609 дүгээр шийдвэрийг тухайн шүүхийн шийдвэр гаргахаас өмнө мэдсэн гэж үзэх бөгөөд хариуцагчийн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн бүртгэл нь 2007 оны “7470Х хайгуулын тусгай зөвшөөрөлтэй орд газарт хөрөнгө оруулах гэрээ”-г үндэслээгүй байх тул “Х д” ХХК-ийн гаргасан дээрх нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 77 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газарт хандаж, тус газрын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/4195 дугаар албан бичгээр хариуг авсан нь “Х д” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж, хариу авсан өдрөөс уг хугацааг тоолох үндэслэл болохгүй юм.

  1. “Х д” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 523 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцуулах, ашигт малтмалын хайгуулын 7470Х дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” тухайд:

          Нэхэмжлэгч нь өөрийн ашигт малтмалын хайгуулын 7470Х дугаартай тусгай зөвшөөрлийг “Ди Ви Эс” ХХК-д шилжүүлсэн хариуцагчийн 2609 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 523 дугаар шийдвэрийн холбогдох заалтаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэх үндэслэлээр “Ди Ви Эс” ХХК-ийн 7470Х тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгуулахаар, ашигт малтмалын хайгуулын 7470Х дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулахаар “Х д” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.

          Өөрөөр хэлбэл, “Х д” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 7470Х дугаартай тусгай зөвшөөрлийг “Ди Ви Эс” ХХК-д шилжүүлсэн маргаан бүхий 2609 дүгээр шийдвэр хэвээр байхад өөрт нь хамааралгүй “Ди Ви Эс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан 523 дугаар шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй төдийгүй ашигт малтмалын хайгуулын 7470Х дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалзаж шийдвэрлэв.

          Шүүхээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Х д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, тус газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2609, 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 523 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцуулах, ашигт малтмалын хайгуулын 7470Х дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0680 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан  “Х д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, тус газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Х д” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2609, 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 523 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцуулах, ашигт малтмалын хайгуулын 7470Х дугаар тусгай зөвшөөрөлтэй дүйцэх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х д” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл болон давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг буцаан олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

         ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг -2-104 хуудас

[2] Хавтаст хэрэг -1-33 хуудас

[3] Хавтаст хэрэг -1-1 хуудас

[4] Хавтаст хэрэг -1-16 хуудас

[5] Хавтаст хэрэг -1-38 хуудас

[6] Хавтаст хэрэг -1-39 хуудас

[7] Хавтаст хэрэг -1-40 хуудас

[8] Хавтаст хэрэг -1-37 хуудас

[9] Хавтаст хэрэг -1-11 хуудас