Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00188

 

 

 

 

2023 01 20 210/МА2023/00188

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/03220 дугаар шийдвэртэй

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.О, Н.Д, А.Г нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 554,222,210 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мижидсамдан, Г.Бат-Эрдэнэ, хариуцагч П.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Очбаяр /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Н.Д , Н.О нар нь *** ХХК-тай 2018 оны 10 сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 300,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч нар зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авснаас хойш гэрээнд заасан хуваарьт хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тул гэрээний 5.1.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн зээлийн төлбөрийг шүүхийн журмаар төлүүлнэ.

1.2. 2022 оны 01 сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 300,000,000 төгрөг, үндсэн хүү 192,762,070 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,460,140 төгрөг, нийт 569,222,210 төгрөг хуримтлагдсан.

Хариуцагч нарын 2021 оны 02 сарын 08-ны өдрийн төлсөн 15,000,000 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа 554,222,210 төгрөг болгон багасгаж байна.

Иймд хариуцагч нараас 554,222,210 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулах, барьцаа хөрөнгө болох Н.Д болон А.Г нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 0-р хороо, Арцат 18-6 гудамж, 0 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн дүүргийн 11-р хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж 0/0 байр 00 тоот хаягт байрлах 125.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н.Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Н.Д нь *** ХХК-тай 2018 оны 10 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэй зээлж, мөнгөн хөрөнгийг *** ХХК-д өгсөн.

*** ХХК зээлийн мөнгөн хөрөнгийг үйл ажиллагаандаа зарцуулсан ба энэ талаар *** ХХК-д мэдэгдэж байсан. *** ХХК нь өөрөө болон надаар дамжуулж ковид-19 цар тахалын улмаас үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон тул зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах, гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтийг гаргаж байсан.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, зээлдэгч болон зээл авагч нарын хүсэлтийг авч хэлэлцээгүй.

Зээлийн гэрээний график зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэгч гэрээгээ цуцлан бодитоор зээл авсан этгээдээс зээлээ шаардах үүргийг хууль болон гэрээгээр зохицуулсан байхад өнгөрсөн хугацаанд зээлээ нэхэмжлээгүй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Барьцаа хөрөнгө хангалттай гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг хэт нэмэгдүүлж шүүхээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

*** ХХК нь ковид-19 цар тахлаас өмнө зээлийг график зөрчихгүйгээр төлсөн. Миний бие болон Н.О нар нь зээлийг огт аваагүй, ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Н.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Н.Д нь *** ХХК-тай 2018 оны 10 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 300 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэй зээлж, *** ХХК-д өгсөн. Уг зээлийг *** ХХК авч, компанийхаа үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд миний бие энэ тухай удаа дараа *** ХХК-д мэдэгдэж байсан.

Мөн *** ХХК нь өөрөө болон Д.Дамдинрагчаагаар дамжуулж ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон тул зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах, гэрээний хугацааг сунгах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргаж байсан.

Гэтэл нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, зээлдэгч болон зээл авагч нарын хүсэлтийг авч хэлэлцээгүй.

Зээлийн гэрээний график зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэгч гэрээгээ цуцлан бодитоор зээл авсан этгээдээс зээлээ нэхэмжлэх үүрэгтэй байтал өнгөрсөн хугацаанд зээлээ нэхэмжлээгүй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Нэхэмжлэгч барьцаа хөрөнгө хангалттай гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний хэмжээг хэт нэмэгдүүлж шүүхээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

*** ХХК нь ковид 19 цар тахлаас өмнөх үеийн зээлийг график зөрчихгүйгээр төлж нийт 110,000,000 гаруй төгрөгийг төлснийг үндсэн зээлээс хасалгүйгээр хүүд тооцож, 569,222,210 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

3.2. Шүүхээс зээлийн гэрээний хугацаа дууссан хугацаагаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хязгаарлаж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Миний бие уг зээлийг авч ашиглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Хариуцагч А.Г , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Н.Д , Н.О болон *** ХХК-ийн хооронд 2018 оны 10 сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлсэн 300,000,000 төгрөгийг А.Г авч өөрийн *** ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан.

Миний бие уг зээлийн төлбөр, хүүг цаг тухайд нь төлж ирсэн бөгөөд 2019 оны 09 сараас бизнесийн үйл ажиллагаа хүнд нөхцөлд орсны улмаас зээлийг эргэн төлөх боломж хязгаарлагдсан.

Энэ талаар Н.Д гаар дамжуулан нэхэмжлэгчид мэдэгдэж, зээлийг төлөх талаар ярилцсан, уг зээлийн мөнгөн хөрөнгийг би авсан тул хариуцах нь хууль зүйн хувьд болоод шударга ёсны зарчимд нийцнэ. Харин нэхэмжилж буй урт хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэхэд ямар нэг маргаангүй ба Н.О , Н.Д нар нь уг гэрээгээр барьцааны зүйлийг барьцаалуулсанаа зөвшөөрдөг.

А.Г тухайн үед *** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2021 оны дундуур гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгсөн ба тэрээр ковид-19 цар тахлын үед зээл хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгчид өгч байсан. Мөн А.Г ын төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаагүй байна.

*** ХХК-ийн бичгээр ирүүлсэн тайлбарт дурдсан мөнгөн дүнг зөвшөөрч байна. Зээлийн гэрээг Н.Д , Н.О нар нэхэмжлэгчтэй байгуулсан ч зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор*** ХХК ашигласан. Иймд энэ зээлийг хариуцвал зохих этгээд нь *** ХХК тул Н.О , Н.Д нарыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Н.Д гийн хамаарал бүхий компанитай компани хоорондын тооцоогоор *** ХХК-аас Н.Д , Н.О нарын авсан зээлийг манай компани хариуцахаар тохиролцсон.

Уг тохиролцоог баталгаажуулахаар Н.Д , Н.О нарын зээлийг шинэчлэн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Г , ажилтан Р.Д нарын орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан. Гэрээ хийгдсэнээс хойш манай компани зээлийн мөнгийг хэвийн төлж байсан ба ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон тул зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах, гэрээний хугацааг сунгах хүсэлтийг нэхэмжлэгчид удаа дараа албан бичгээр, Н.Д гаар дамжуулан гаргасан ч нэхэмжлэгч зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, зээлдэгч зээл төлөх чадваргүй байгаа нөхцөл байдлыг арга хэмжээ авалгүй зээлийн мөнгийг зориуд ихэсгэсэн.

Манай компани уг төлбөрийг хариуцах ганц этгээд болно. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасуулах, 2020 оны 3 сараас хойшхи хугацааны хүүг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч зээлээ нэхэмжлэх эрхтэй атал нь энэ үүргээ биелүүлээгүй, өнгөрсөн хугацаанд 110,000,000 гаруй төгрөгийг зээлд төлсөн. Иймд үндсэн зээл 300,000,000 төгрөг, хүү 50,000,000 төгрөгийг төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Д , Н.О нараас зээлийн гэрээний үүрэгт 477,762,070 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 76,460,140 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.О , Д.Дамдинрагчаа нарыг үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол улсын бүртгэлийн Ү-2206057111 дугаарт бүртгэлтэй Н.Д гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 18-6 гудамж, 0 тоот 240 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206058765 дугаарт бүртгэлтэй А.Г ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17020/ Дүнжингарав гудамж, 0/0 байр, 00 тоот 125.7 мкв, 4 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,144,461 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,546,760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүх шийдвэртээ Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолыг үндэслэл болгосон. Уг тогтоол гарахаас өмнө буюу хариуцагч зээлийн мөнгөн төлбөрийг төлж эхлээгүй 2018 он, 2019 он, 2020 оны 11 сар хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүү болон тогтоолд дурдсан 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсонд гомдолтой байна.

Засгийн газраас гаргасан тогтоолын хугацаан дахь хүүг хасах байтал энэхүү зээлийн нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хасаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч Н.О ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Оргил, хариуцагч А.Г нарын давж заалдах гомдлын агуулга:

8.1. Хариуцагч нар 2018 оны 10 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнийн мөнгөн хөрөнгийг аваагүй ба урьд байгуулсан зээлд зээлийн гэрээ байгуулсан нь зээлийн мөнгийг бэлнээр гаргасан гэх баримтаар тогтоогдож байна.

2018 оны 10 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш *** ХХК зээлийн мөнгийг захиран зарцуулж, эргэн төлөлтийг төлж ирсэн нь хэргийн 86, 87-108, 109, 111 дэх талд авагдсан баримтуудаар зээлийн мөнгийг *** ХХК ашигласан болох нь тогтоогдоно.

Мөн *** ХХК-ийн 2019 оны 12 сарын 27-ны өдрийн албан бичгээр зээлдэгч Н.Д , Н.О нар зээлийн мөнгийг ашиглаагүй, зээлийг төлөх боломжгүй болсныг нэхэмжлэгч 2019 оны 12 сард мэдэж байсан нь тодорхой байна.

Нэхэмжлэгч зээлийн төлөлттэй холбоотойгоор *** ХХК-тай уулзаж, Н.Д , Н.О нартай уулздаггүй байсан атлаа олон жил зээлийн мөнгийг шаардахгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч гэрээний 3.1.5, 4.1.4, 4.2.4, 8.2.1, 8.2.3, 8.2.6, 8.2.10, 8.2.13-т заасан эрх, үүргийг 2019 оны 12 сараас хойш хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэж байна. Зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл 2018 оны 11 сар, 2019 оны 12 сараас хойш бүрдсэн байхад зээлийн гэрээг цуцлах үүргээ хэрэгжүүлэхгүй, хүүгийн төлбөрийг зориуд ихэсгэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Зээлдүүлэгч гэрээний дээрх заалтуудыг хэрэгжүүлж, төлбөрийг барагдуулахтай холбоотой шаардлагатай ажиллагааг хийсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба зээлдэгч нар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчиж, хэн аль нь гэрээгээр тохиролцсон эрх, үүргээ биелүүлээгүй буруутайгаас гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2 жил 2 сар 25 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас зээлийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү буюу төлбөрийн хэмжээ ихсэхэд нөлөөлсөн шууд нөлөөлсөн.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт эрх зүйн харилцаанд оролцогч талууд хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх талаар зохицуулсныг зөрчсөн.

Иймд 2019 оны 10 сарын 03-ны өдрөөс хойшхи хүү буюу 177,846,640 төгрөгийг хариуцагч нар төлөх үндэслэлгүй.

8.2. Зээлийн гэрээ дууссанаас хойш *** ХХК-аас 2019 оны 12 сарын 09-ний өдөр 7,643,836 төгрөг, 2019 оны 12 сарын 12-ны өдөр 7,397,836 төгрөг, 2019 оны 12 сарын 25-ны өдөр 7,643,836 төгрөг, 2020 оны 02 сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 02 сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөг нийт 47,684,908 төгрөг төлсөн.

Гэрээний хугацаа дууссанаас хойш цар тахлын улмаас хариуцагч болон *** ХХК нь зээлийг төлж чадахгүйд хүрч, зээл төлөлтийг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч хүлээж авалгүйгээр 47,684,908 төгрөгийг зээлийн хүүд тооцсон нь үндэслэлгүй. Уг төлбөрийг дээрх нөхцөл байдал болон Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн төлбөрөөс хасуулж өгнө үү.

Хариуцагч болон гуравдагч этгээд нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүүг зөвшөөрөхгүй, мөн үндсэн төлбөрөөс 47,684,908 төгрөгийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлээс 252,315,092 төгрөгийг зөвшөөрч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 225,446,978 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээрх хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

9. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарын агуулга:

Зээлдэгч болон *** ХХК-аас зээлийг төлж байсан болохыг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Үүний дагуу зээлийг тодорхой хугацаанд хойшлуулах тухай асуудлыг тавьсан. Хэрэгт авагдсан баримтаас зээл тооцооллын баримтыг харахад компанийн зүгээс ковидын нөхцөл байдал, хил хорио, компанийн үйл ажиллагааг хязгаарлах, бүх нийтийн бэлэн байдал зарлахаас өмнөх хүү болон төлбөрийг графикийн зөрчилгүй төлж байсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Үүний дагуу зээлээ төлж байсан боловч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зээл болон зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах өгнө үү гэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Энэхүү албан бичгийг баримтлан хариуцагч Н.Д болон Н.О нар *** ХХК зээлийг төлж чадахгүй байгаа тул зээлийг хойшлуулах тухай хүсэлтийг *** ХХК-аар дамжуулан удаа дараа тайлбарласан гэж хэлсэн. Иймд гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

10. Хариуцагч нарын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

10.1. Нэхэмжлэгч талаас уг зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас удаа дараа шаардсан боловч төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээний 12 сарын хугацаа 2019 оны 10 сарын 03-ны өдөр дууссан ба 2021 оны 01 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Н.О , А.Г , Н.Д нар хаягтаа байгаагүй тул эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж, 2022 онд дахин шүүхэд хандсан.

Хариуцагч удаа дараа хүсэлт ирүүлсэн гэж тайлбарладаг ч зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт биш, төлбөрийг төлье, хугацаа олгож өгнө үү гэж хүсэлт байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Н.Д , Н.О , А.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 554,222,210 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан боловч ашиглаагүй тул хариуцахгүй гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. *** ХХК, Н.Д , Н.О нарын хооронд 2018 оны 10 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч нь 300,000,000 төгрөгийг бизнесийн зээлийн зориулалтаар сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нар нь зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх10-14/

 

3.а. Мөн өдөр уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар *** ХХК нь Н.Д , А.Г нартай тус тус барьцааны гэрээ байгуулж, С.Даваадуламын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 18-6 дугаар гудамж, 0 тоотод байрлах 240 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, А.Г ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж 0/0 дугаар байрны 00 тоотод байрлах 125,7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. /хх22-25/

 

3.б. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч *** ХХК нь 2018 оны 10 сарын 03-ны өдөр 300,000,000 төгрөгийг зээлдэгч Н.Д д шилжүүлэн өгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

4.а. Талууд зээлийн гэрээний хавсралт дахь эргэн төлөлтийн графикаар 2018 оны 10 сарын 03-ны өдрөөс 2019 оны 09 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн хүүг, 2019 оны 10 сарын 03-ны өдөр 300,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

4.б. Хариуцагч Н.Д , Н.О нар нь дээрх эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 11 сарын 12-ны өдрөөс 2020 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 107,643,848 төгрөг, 2021 оны 02 сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөг нийт 122,643,848 төгрөг төлсөн болох нь зээл, хүүгийн тооцоолол болон талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хх26/

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын гэрээний дагуу төлбөр төлсөн байдал, үлдэгдэл зээлийн хэмжээ, хэтэрсэн хугацааны хүү зэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцүүлэн дүгнэжээ.

 

5. Хариуцагч Н.Д нь уг зээлийг "Авзага мээрэн" ХХК-д авч өгсөн, тус компани үйл ажиллагаандаа зарцуулсан гэх үндэслэлээр хариуцахгүй гэж татгалзлааа тайлбарладаг.

 

5.а. Гуравдагч этгээд *** ХХК нь уг зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг Н.Д гаас авч, эргэн төлөлтийг хийж байсан ба зээлийн гэрээний үүргийг биелүүлнэ гэж тайлбарладаг хэдий ч энэ нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Учир нь *** ХХК, Н.Д , Н.О , А.Г нар зээл болон барьцааны гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан харин гуравдагч этгээд *** ХХК нь гэрээний үүрэг бүхий тал биш учир зээлийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй.

 

6. Хариуцагч Н.О нь зээлийн мөнгөн хөрөнгийг би хүлээж аваагүй, *** ХХК авсан тул үүрэг хүлээхгүй гэж маргасан.

 

6.а.Хариуцагч Н.О нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар гарын үсэг зурсан учир Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Н.Д , Н.О нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ.

 

*** ХХК нь зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасны дагуу Н.Д д хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Н.Д , Н.О нарын хэн алинаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

7. Хэрэгт авагдсан талуудын тайлбар, зээл, хүүгийн тооцоолол зэрэг баримтуудаар хариуцагч нар нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 

7.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлээгүй, 2020 оны 11 сарын 18-ны өдрийн Засгийн газрын 183 дугаар тогтоолыг баримтлан нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцсон нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэр өөрчлөлт оруулна.

 

Учир нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцаанд барьцаалан зээлдүүлэх газар нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглохоор зохицуулсан.

Харин уг хуулиар банк бус санхүүгийн байгууллагын нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг хязгаарлаагүй байна.

 

7.б. Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2, 3.1.3, 3.5-д үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн.

 

Иймд хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүүг зөвшөөрөхгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

8. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 08 сарын 09-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 2 жил 5 сар 16 хоногийн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

8.а. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нар нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт нийт 390,000,000 төгрөг (300,000,000+90,000,000) төлөх үүрэгтэй байжээ.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 122,643,848 төгрөг (107,643,848,48+15,000,000) төлснийг 390,000,000 төгрөгөөс хасаж тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 267,356,152 төгрөг болно.

 

8.б. Иймд гүйцэтгээгүй үүрэг 267,356,152 төгрөгийн сарын 2,5 хувийн хүү 6,683,903,8 төгрөгийг 29 сараар (12+12+5) тооцвол 193,833,210 төгрөг, нэг хоногийн зээлийн хүү 219,144 (6,683,903,81/30,5) төгрөгийг 16 хоногоор тооцвол 3,506,310 төгрөг, нийт 197,339,520 төгрөгийн хүү төлөхөөр байна.

 

8.в. Нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүү 197,339,520 төгрөгийн 20 хувь 39,467,904 төгрөгөөр тооцох нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар үндсэн зээл 267,356,152 төгрөг, хүү 197,339,520 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,467,904 төгрөг нийт 504,163,576 төгрөгийг хариуцагч Н.Д , Н.О нараас гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,058,634 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

9. Нэхэмжлэгч *** ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н.Д А.Г нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг аваагүй, зээлийн гэрээг байгуулаагүй гэх үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг эс зөвшөөрч маргасан.

 

9.а. Талуудын хооронд 2018 оны 10 сарын 03-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан барьцааны гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Н.Д , Н.О нар төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/03220 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...451.1 гэсний дараа ...452 дугаар зүйлийн 452.2 гэж нэмж,

...477,762,070 гэснийг ...504,163,576 гэж, 76,460,140 гэснийг 50,058,634 гэж;

3 дахь заалтын ...2,546,760 гэснийг ...2,678,768 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч *** ХХК-ийн 541,000 төгрөгийг буцаан олгож, хариуцагч А.Г ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Оргилын төлсөн 1,285,690 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ