Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 00115

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Б.Эрхэмбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Э-д холбогдох 1832001330094 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймаг Сант суманд 1971 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 1, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй

-1991 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар төмөр замын тусгай шүүхийн № 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2-д зааснаар 05 жилийн хорих ялаар

- 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн № 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, тахир дутуугийн группэд байдаг, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дамдингийн Э. /РД:*/

 

Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10-11 цагийн хооронд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Худалдааны гудамжинд байрлах хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны үсчний өрөөний цонхоор биеэ оруулан тонгойж хууль бусаар нэвтэрч иргэн Д.Нцийн гар цүнхийг дотор нь байсан эд зүйлийн хамт хулгайлж 816500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эын өгсөн ......... 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би зах дээр архи ууж яваад захын урд талын үсчний цонх онгорхой байхаар нь очоод харахад хүн байхгүй байхаар нь цонхоор нь тонгойж байгаад эмэгтэй хүний гар цүнхийг хулгайлж аваад Цант Орхон халуун усны тийшээ явж байгаад цүнхэн дотроос гар утас, бэлэн мөнгө 45000 төгрөгийг нь авчихаад бусдыг нь хаячихаад яваад өгсөн. Тэгээд удалгүй цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Д.Нцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......... Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үсчнийхээ газарт өглөө 10 цагт очиж хаалгаа түлхүүрээрээ онгойлгож дотогш ороод үсний химийн мухай үнэр үнэртээд байхаар нь бүх цүнх  хаалгануудаа дэлгэж онгойлгосон. Би үсчингийн газартаа ороод цонхны дор байдаг үс засуулах хүмүүс суудаг урт сандал дээр өөрийн гар цүнхээ тавьж орхиод оёдлын цехийн хүмүүс рүү ороод Нина эгч, оюунаа эгч хоёртой ойр зуурын юм ярьж 10 гаран минут болсон. Тэгээд би эргээд үсчний газартаа орж ирэхэд нэг танихгүй эмэгтэй хүүхэн үсээ угаалгах гэж орж ирэхээр нь би үсийг нь угааж өгөөд гаргасан юм. Тэр үед би цүнхээ алдсанаа мэдээгүй. Тэр үсээ угаалгасан хүнийг гарсны дараа манай найзын хүүхэд Хг гэдэг залуу найз охинтойгоо явж байхаар нь би цонхоор тэр Хгтай ойр зуурын юм ярьж байгаад хагнгал явсан. Хг 2-3 минутын дараа эргэж ирээд Нараа эгчээ энд цүнх газарт хэвтэж байхаар нь би авах уу болих уу гэж байгаад аваад хартал таны бичиг баримттай цүнх байна шүү дээ гэж хэлэхээр нь би цүнхээ хулгайд алдснаа мэдээд цүнхэнд байсан зүйлүүдээ бүртгэж үзэхэд миний жи-7 загварын гар утас болон ногоон өнгөтэй түрүүвчинд байсан дөч гаран мянган төгрөг алдагдсан байсан. Би өөрөө үсчингийн газрын гадна байдаг эргэдэг камер шалгаж үзэхэд саравчтай малгайтай, цагаан пудволкатай эрэгтэй хүн манай үсчингийн газрын цонхоор тонгойж миний цүнхийг аваад явж байгаа бичлэг байхыг олж хараад Цагдаагийн хэлтэс дээр ирж хулгайн хэргийн талаар мэдээлсэн Миний гар цүнхэнд дараах эд зүйлүүд байсан.

1.Эмэгтэй хүний нүүрний будаг болох пудр 1 ширхэг 9500 төгрөгөөр үнэлнэ.

2. Эмэгтэй хүний нүүрний тос 1 ширхэг 10000 төгрөгөөр үнэлнэ.

3. Эмэгтэй хүний нүдний харандаа 1 ширхэг 12000 төгрөг

4. Хас банк, Төрийн банк дахь миний нэр дээр байдаг хадгаламжийн 2 ширхэг дэвтэр байсныг үнэлэхгүй.

5. Миний барьж хэрэглэдэг 99722903 дугаартай Жи-7 загварын гар утас 1 ширхэг. Гар утас маань шаргал өнгийн гэртэй байсан. Гар утсаа 725000 төгрөгөөр үнэлнэ.

6. Эмэгтэй хүний цагаан өнгийн канттай ногоон өнгөтэй гар цүнх 1 ширхэг 45000 төгрөгөөр үнэлнэ.

7. Эмэгтэй хүний мөнгөний түрүүвч 1 ширхэг 15000 төгрөгөөр үнэлнэ.

8. Бэлэн мөнгө 47000 төгрөг байсан. Би хулгайд алдсан зүйлүүдээ бүгдийг нь хүлээж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 21-22 дугаар хуудас/

 Гэрч Ц.Хгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийн найз охин Хандармаатай хамт 3 дугаар багийн Бату өрхийн эмнэлэг орж Хандармааг үзүүлчээд Мандал сумын нэдсэн эмнэлэг орж ЭХО-д харуулахаар явж байхдаа номын сангийн хажуугаар өнгөрөөд Нц эгчийн үсчингийн газрын хажуугаар явж байтал Нц эгч цонхон дээрээ байж байгаа харагдсан. Намайг харчихаад ээж нь сайн уу гэж асуухаар нь би сайн гэж хэлчихээд цааш явсан. Хандармаа бид хоёр Мандал сумын нэгдсэн эмнэлэг дээр оччихоод ЭХО ажиллах эсэхийг асуухад ажиллахгүй гэхээр нь би буцаад Бату өрхийн эмнэлэг орохоор явж байтал Мандал сумын нийтийн номын сан болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хоёрын дундах нарийн гудамжны өвсөн дээр ногоон өнгийн эмэгтэй хүний цүнх байхаар нь би гайхаад үзтэл дотор нь түрүүвч бичиг баримт байхаар нь хартал Нц эгчийн бичиг баримт байхаар нь Нц эгч дээр шууд хүргэж өгсөн. Гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-07 дугаар хуудас/

Самсунг маркийн G-7 гар утсыг хохирогч Д.Нцд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 13-14 дүгээр хуудас/

Сэжигтэн Д.Эаас хохирлын мөнгө 47000 төгрөгийг хүлээн авч хохирогч Д.Нцд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хх-н 23 дугаар хуудас/

Хулгайд алдагдсан эд зүйлүүдийг нийт 816500 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 30 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 41 дүгээр хуудас/

Д.Эын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 42 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10-11 цагийн хооронд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Худалдааны гудамжинд байрлах хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны үсчний өрөөний цонхоор биеэ оруулан тонгойж хууль бусаар нэвтэрч иргэн Д.Нцийн 725000 төгрөгийн үнэтэй Самсунг Жи-7 загварын гар утас 1 ширхэг, 9500 төгрөгийн үнэтэй пудр 1 ширхэг, 10000 төгрөгийн үнэтэй нүүрний тос 1 ширхэг, 12000 төгрөгийн үнэтэй нүдний харандаа 1 ширхэг, 45000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг, 15000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний мөнгөний түрүүвч 1 ширхэг зэрэг  эд зүйлийг хулгайлж 816500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Эыг бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Э нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Эад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

Хохирогч Д.Нц нь эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Дамдингийн Эыг хүн байнга  үйл ажиллагаа зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 1.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эыг 01 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эад оногдуулсан 01 жил 01 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Эад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН.