| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 201605000255 |
| Дугаар | 2016/ДШМ/033 |
| Огноо | 2016-12-20 |
| Зүйл хэсэг | 203.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2016/ДШМ/033
*******ад холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд
Прокурор *******
Ялтан *******
Ялтны өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нарыг оролцуулан
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******ад холбогдох эрүүгийн 201605000255 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ....... багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /*******/
******* нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Өвдөгийн хоолой” гэх газарт ховор ан амьтан болох хоёр тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль экологид 10.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: ******* овогт *******гийн *******ыг ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар *******ыг 3 сар 1 хоног баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар *******ад оногдуулсан ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан янгир ямааны толгой 2 ширхэгийг устгаж, замаг №8455, гол төмөр №9308455 дугаартай ТОЗ-78-01 маркийн ангийн бууг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоцикль, 100 тооны ямааг битүүмжилсэн 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолын Мустанг-5 маркийн улаан өнгийн мотоциклийг битүүмжилсэнийг хэвээр үлдээж, 100 тооны ямааг битүүмжилсэнийг хүчингүй болгож, ******* нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Ялтан ******* гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Хөдөө мал дээр том хүү маань ганцаараа байгаа. Эхнэр маань бага охин 7 настай хүүхдээ хардаг, элэгний хорт хавдартай байнгын эмчийн хяналтанд байдаг.
Ховор ан амьтан болох янгир ямааг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар агнаж байгаль экологид хохирол учруулсан гэмт хэрэгтээ маш их гэмшиж хохирол 10.800.000 төгрөгийг төлж барагдуулсан. Ар гэрийн байдал хүнд, миний том хүүхэд мал дээр ганцаараа байдаг, эхнэр элэгний хорт хавдартай эмнэлгийн байнгын хяналтанд байдаг, мөн бага насны сургуулийн хүүхдээ харж аймгийн төвд байдаг.
Иймд та бүхэн ар гэрийн байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж байна гэв.
Ялтан *******ын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх *******ад Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан оногдуулж болох ялын доод хэмжээгээр баривчлах ял шийтгэсэн байгаа гэв.
Оролцсон прокуророос: Ялтан *******ын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэрэг болон хувийн байдалд тохирсон байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай гэв.
ХЯНАВАЛ:
******* нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Өвдөгийн хоолой” гэх газарт ховор ан амьтан болох хоёр тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль экологид 10.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч байгууллагын төлөөлөгч болох иргэний нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ан амьтаны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Бямбасүрэнгийн янгир ямаа нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтнаар бүртгэгдэж экологи эдийн засгийн үнэлгээ нь 2.700.000 төгрөг байдаг, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар үнэлгээг 2 дахин өсгөж тогтоодог талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-15-р тал/, гэрч Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Засаг даргын тамгын газрын 4, 5 дугаар багийн байгаль хамгаалагч *******ын янгир ямаа агнах зөвшөөрлийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгодог, 2016 онд тухайн сумаас янгир ямаа агнах зөвшөөрөл олгогдоогүй талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-18-р тал/, ******* нь янгир ямааны 1 кг орчим махыг гэрт нь үлдээгээд явсан талаар мэдүүлсэн ******* /хх-ийн 21-22-р тал/, *******ын гэрт нь очиж янгир ямааны чанасан мах идэн гэрийнх нь ард байсан 2 ширхэг янгир ямааны толгой үзэн нэг толгойг нь авахаар тохиролцсон насанд хүрээгүй гэрч /хх-ийн 23-24-р тал/, мөн түүний гэрт нь очиж чанасан мах идэхэд нь янгир ямааны мах шүү гэж ******* хэлсэн талаар мэдүүлсэн /хх-ийн 25-26-р тал/ нарын мэдүүлэг, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “...2 тооны янгирын экологи-эдийн засгийн үнэлгээ 2.700.000х2=5.400.000 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу амьтанд учруулсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно, иймд 5.400.000х2=10.800.000”-ийн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-р тал/, *******ын янгир ямааг агнасан гэх ТОЗ-8 маркийн буу нь буудлага хийх боломжтой эсэх буудлага үйлдэгдсэн талаар гарсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5512, 7843 тоот дүгнэлтүүд /хх-ийн 39-42-р тал/, янгир ямааг мотоциклоор хөөж бахардан унасных нь дараа гэрээсээ буу авчиран буудан агнасан талаараа мэдүүлсэн *******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153 дугаар зүйлд заасны дагуу *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн болон янгир ямааг агнасан гэх газрын байршилыг тогтоосон баримт /хх-ийн 48-63-р тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10-р тал/ зэрэг хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан үндэслэл журмын дагуу авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилсэн, анхан шатны шүүхээс *******ын үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Иймд ялтан *******ын анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтууд нь 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 гэж дугаарлагдан атлаа 9 дэх заалт нь 11, 10 дахь заалт нь 12 гэж буруу дугаарлагдсан байгааг дурдаж тогтоох хэсгийн дугаарлалтанд өөрчлөлт оруулж бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315
дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-д заасныг
тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 8 дугаар заалтын дараа 11, 12 гэж дугаарласныг 9, 10 гэж өөрчлөн дугаарлаж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ
Т.ДАВААСҮРЭН