Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0062

 

 

 

 

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0779 дүгээр шийдвэртэй, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0779 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, Газрын тухай хуулийн 3 дугаар 3.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: “...шүүх 2016 оноос 2018 оны 5 дугаар сар хүртэл төлбөр төлөөгүй үйлдлийг нь үндэслэлгүйгээр зөвтгөн үнэлж, газрын төлбөрийн итгэлцүүр баталсан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоолыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, мөн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээний маягт батлагдаагүй байсан учраас төлбөр төлөх шаардлагагүй байсан гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчиж нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 54 дүгээр зүйлийн 54.1.8, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг буруу хэрэглэж, хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр болсон. Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүднээс газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны сайтад 2018 оны 01 дүгээр сарын 02, 04, 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус зарлал, мэдээлэл тавьж ажилласан. Гэтэл шүүх заавал тус бүрт нь сонсох ажиллагааг хийх ёстой мэтээр хуулийг буруу хэрэглэн дүгнэлт хийж, тайлбарлан хэрэглэсэн.

Иймд нотлох баримтыг дутуу буюу хэт нэг талыг баримталж үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хуулийн заалтыг илтэд зөрчсөн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

“О” ХХК нь Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт байрлах “Чандманы ам” нэртэй газарт 0.7 га талбайг хариуцагчаас 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олгосон тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 1/57 дугаар гэрчилгээний дагуу[1] ашиглаж байсан бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар[2] Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн газар ашиглах гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцлахаар шийдвэрлэсний дотор нэхэмжлэгчийн дээрх газар багтжээ.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д ““газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ” гэж тус тус заасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2007-2015 онуудад газрын төлбөрөө төлсөн, тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн төдийгүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар газар ашиглах эрх олгосон Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гэрээг дүүргийн Засаг дарга болон Хамгаалалтын захиргаа байгуулах бөгөөд уг газар ашиглах гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг зааснаар нэхэмжлэгчийн хүлээх үүргийг тодорхой болгохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгчээс газар ашиглах гэрчилгээ, гэрээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасны дагуу хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/110 дугаар тушаалаар[3] газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгасан атал захиргааны байгууллага “газрын төлбөрийн итгэлцүүр тогтоох тухай тогтоол батлагдсаны дараа гурвалсан гэрээг байгуулах”-аар хүлээлгэж, тухайн гэрээг байгуулаагүйгээс “О” ХХК-ийн газрын төлбөр төлөх төлбөрийн хэмжээ тодорхойгүй байхад нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

Хариуцагчийн давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хариуцагч өөрийн сайтад тусгай зөвшөөрлийн цуцлах талаар мэдэгдэж сонсох ажиллагааг явуулсан” гэж дурдсан байх бөгөөд www.mne.mn цахим хуудсанд 2018 оны 01 дүгээр сарын 02, 04, 02 дугаар сарын 12-ны өдрүүдэд тавигдсан зарлалд нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэр байхгүй байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн талаарх мэдэгдлийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гардаж авсан гэдэг нь “Монгол шуудан” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 08/426 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2-т заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулсан гэж үзэхээргүй байна.

Анх нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “О” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалган шийдвэрлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч уг шаардлагаар захиргааны хэрэг үүсгэжээ.

“О” ХХК-ийн “...компанийн газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалган шийдвэрлүүлэх” тухай нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5-д заасантай нийцээгүй байхад шүүх тухайн шаардлагыг бие даасан шаардлага гэж үзэн захиргааны хэрэг үүсгэж, түүнийгээ ямар үндэслэлээр шийдвэрлэхгүй орхиж байгаагаа шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй нь буруу ч 128/ШШ2018/0779 дүгээр шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг өөрчилж, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Учир нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан маргаан бүхий актыг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд түүний газар ашиглах эрх нь сэргэх тул хариуцагчид нэхэмжлэгчийн эрхийг сэргээхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0779 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-103 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-120 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-107 хуудас