Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 12

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар сумын иргэн Ч.гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргад холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч В., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч. нь сумын Бүрэн дунд сургуулийн захирлаар Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/281 дүгээр захирамжаар томилогдсон. Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн хангалттай биелүүлж, төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн, ямар нэгэн зөрчил дутагдалгүй, хариуцлагатай ажиллаж ирсэн. Гэтэл Завхан аймгийн Засаг дарга Д. нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б/123 дугаартай захирамж гарган, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь заалт, мөн хуулийн 29.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн байна. Би Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний Б/123 дугаар захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд надад ашиг сонирхлын зөрчил байхгүй байхад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, төрийн албан хаагчийг ажлаа хэвийн явуулахад саад болж, төрийн албан хаагчийн хуульд заасан баталгааг алдагдуулсанд гомдолтой байна. Энэхүү захирамжийг гаргахдаа надад ерөөсөө мэдэгдээгүй, намайг өмнө нь ямар нэгэн байдлаар шалгаж байгаагүй. Гэнэт л намайг ажлаас чөлөөлсөн болохоор гомдолтой байна. Хэрвээ намайг тухайн ажлын байранд тэнцэхгүй талаар болон ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгаж тогтоогоод ажлаас чөлөөлсөн бол гомдохгүй. Намайг дөрвөн хүнтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн байгаа. Р.*******а гэдэг хүн бол намайг ажилд орохоос өмнө 2006 онд Т.*******гийн тушаалаар нягтлан бодогчоор орсон. П. нь 2006 онд технологийн багш, үргэлжлүүлээд насан туршийн боловсролын багш, 2010 онд байрын багшаар Ц. захирлын тушаалаар томилогдсон. Харин Д.******* гэдэг хүн бол 2006 онд англи хэлний багшаар Ч.******* захирлын тушаалаар, дараа нь 2014 онд боловсролын магистер зэрэг болон ажлын амжилтыг нь харгалзан үзэж сургалтын менежерээр дэвшүүлэн томилсон. Миний тухайд Авилгатай тэмцэх газраас лавлагаа өгсөн байдаг. Энэхүү лавлагаан дээр эхнэр Ч.*******тэй холбоотой шийдвэр гаргахад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар зөвлөмж ирсэн. Миний хувьд дээрх зөвлөмжийг хангаж ажилласан хэмээн үзэж байна. Тухайн байгууллагад ажиллаж байгаа бүх хүнд цалин, урамшууллыг дотоод журам болон хууль тогтоомжийн дагуу олгодог. Ингэж цалин, урамшуулал олгохдоо ажилтнуудын ажлын үр дүнг харгалзан үздэг. Тиймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж шийдвэр гаргаагүй. Иймд Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч. нь Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэхүү захирамжийн үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30.1.15, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12.1, 29.2.4-т заасныг баримталсан. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгээс харахад аймгийн Боловсролын газраас Ч. нь төрөл садангаа ажилд авч байгаа тул арга хэмжээ авч өгнө үү гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг. Гэтэл аймгийн Засаг дарга дээрх албан бичгийн дагуу ямар нэгэн шалгалт хийлгүйгээр Ч.г ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Боловсролын газраас ирүүлсэн албан бичгийг хүлээж аваад, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шалгалт хийх үүрэгтэй байсан. Энэхүү шалгалтын явцад ашиг сонирхлын зөрчил илэрвэл авилгатай тэмцэх газарт шилжүүлж шалгуулаад дүгнэлт гарсны үндсэн дээр аймгийн Засаг дарга Ч.д арга хэмжээ авахаар байсан байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харахад Ч.гийн зөрчлийн талаарх асуудлыг аймгийн Засаг дарга болон Боловсролын газар, Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоогоогүй байна. Ийнхүү аймгийн Засаг дарга ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12.1 дэх хэсэг буюу хамааралгүй хуулийн заалтыг баримталсан байна. Өөрөөр хэлбэл Ч. өөрийн албан тушаалаа ашиглаад, өөрийнхөө хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргахад нь хөндлөнгөөс нөлөөлсөн байхыг шаардаж байгаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаас харахад Ч. нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглаад, өөрийнхөө хамаарал бүхий этгээдэд холбоотой шийдвэр гаргахад нь хөндлөнгөөс нөлөөлсөн байдал харагдахгүй байна. Ингээд аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12.1 гэсэн заалтыг буруу баримталчихаар энэ хуулийн 29.2.4 дэх хэсгийг баримталсан нь бас буруу болж байна. Энэ хуулийн 29.2.4-т 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах гэж заасан. Хэдийгээр дээрх заалтанд 12.1 гэж орсон боловч, 12.1 дэх хэсэг агуулгаараа хариуцагч талаас Ч. нь хамаарал бүхий этгээддээ шийдвэр гаргасан гэх тайлбартай тохирохгүй байгаа. Тийм учраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4 дэх хэсгийг захирамждаа баримталсан нь үндэслэлгүй болж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-т зааснаар хамаарал бүхий этгээдэд ямар хүмүүс ордог вэ? гэхээр нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ. Тэгэхээр ямар ч хамааралгүй хадам ахынх нь бэр, авга ахынх нь бэр, дүү нь хамаарал бүхий этгээдэд хамаарахгүй. Нэхэмжлэгчийн хувьд эхнэр нь хамаарал бүхий этгээд мөн байна гэж үзээд, Авилгатай тэмцэх газраас Ч.г шийдвэр гаргахдаа тухай бүр нь тайлбар, мэдүүлэг гарга гэсэн байдаг. Гэтэл Ч. нь эхнэр дээрээ ганцаарчилсан байдлаар ямар нэгэн тушаал, шийдвэр гаргаагүй. Харин сар бүр сургуулийнхаа багш, ажилтнуудад цалин, урамшуулал олгохдоо сар бүр мэдэгдэл гаргахыг тодорхой зохицуулж өгөөгүй байна. Тийм учраас Ч. нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12.1-д заасан зөрчлийг гаргаагүй байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар нотлогдоогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/397 дугаартай ... сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Ч. нь өөрийн төрөл, садангаа сургуульд ажиллуулж байна. Иймд хуулийн дагуу арга хэмжээ авахуулах саналтай байна гэсэн санал ирүүлсэн. Ч. нь 2014 оны 04, 15, 39, 44, 50, 51, 2015 оны Б/01, Б/02, Б/08, Б/10 дугаартай шийдвэрүүдийг гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөл байдлуудад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хориглолтыг зөрчсөн тул 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх үндэслэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12.1, мөн хуулийн 29.2.4-т заасан үндэслэлүүдээр чөлөөлсөн. Анх Ч.г томилохдоо Авилгатай тэмцэх газраас урьдчилан мэдүүлгийг хянуулсан байна. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлд заасан хориглолт хязгаарлалтыг мөрдөж тухай бүр мөн хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэл тайлбар гаргах ёстой. Тийм учраас Ч.г хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Иймд Ч.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн аймгийн Засаг даргын захирамжаар сумын бүрэн дунд сургуулийн захирлаар түр томилогдон ажиллаж байсан. Иргэн Ч.гийн нэхэмжлэлийг үндэслэлгүй аймгийн Засаг дарга Д.ы захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Ч. нь өөрийн авга ахын хүүхэд Р.*******а /нягтлан бодогч/-тай ажиллаж байхдаа хадам ах Ч.*******ийн охин Д.*******ийг менежерээр авч ажиллуулсан. Ажлаа хүлээлгэж өгөхдөө аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, захирлын эзэмшлийн компьютер, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, 2014-2015 оны багш ажилчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээ түүнийг дүгнэсэн дүгнэлт, 2015-2016 оны хөдөлмөрийн гэрээ жилийн ажлын төлөвлөгөө байхгүй байна. Мөн захирлын дэргэдэх зөвлөл, эцэг эхийн зөвлөл, сургуулийн зөвлөл зэргийг байгуулаагүй байна. Ч. нь Р.*******ын оронд Г.*******ыг авсан нь нярав Г.*******тай төрсөн ах дүүгийн хүүхэд болж байна. Энэ нь Р.*******ыг Ч.тэй хамааралгүй болгож байгаа ч холбогдох хууль журмыг зөрчиж байна. Мөн сургуулийн дотуур байр 320 хүүхдийн хичээлийн байранд хулгана ихээр байршсан, спорт заал тоос шороондоо дарагдсан хариуцах эзэнгүй, хаалга цонх нь эвдэрсэн хүүхдүүд хэрэг төвөг тарьсан, багш нь хичээлийн хуваариа андуурсан, эмх замбараагүй байдалтай байсан. Зарим ажилчдын ажлын хуваарь тодорхойгүй, ажлын байр зарлалгүй багшлах эрхгүй багш ажилд авсан, нийгмийн ажилтныг ажилд авахдаа ажлын байр зарлалгүй ажлаас гарахаас хоёр хоногийн өмнө ажилд авсан. Багш захирлууд ажлын байрандаа архи ууж хоорондоо зодолдсон хэл амтай байсан. 2016 оны 11 дүгээр сарын байдлаар гаргасан санхүүгийн албаны гаргасан өрнөөс гадна хувь хүмүүсээс өр нэхэгдэж байгаа нь энэ хүнийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл гэж үзэж байна. Мөн сургуульд явж байсан УАЗ фургон ЗАА 29-63 дугаартай автомашинаа 2015 оны намар хот авч явсан. Засварт орсон 75-н хүүхдийн байрны дээврийн төмрийг зарсан 1 ширхэгийг 2000 төгрөгөөр. Ажиллаж байх хугацаандаа хадам ах болох *******оосоо мах бензин нийлүүлж байсан. Өөрийн эхнэр Ч.******* нь технологийн багшаар цуг ажиллаж байна. Дотуур байрны хүүхдийн тоог 37-43 байхад 50-55 хүүхдээр ордер бичиж байсан зэрэг алдаа дутагдалтай байна. Иймд аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Ч.гийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч. нь Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Ч. нь Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/281 дүгээр захирамжаар /хавтаст хэргийн 5-р хуудас/ сумын бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжаар /хавтаст хэргийн 4-р хуудас/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Хариуцагч болох аймгийн Засаг дарга дээрх Б/123 дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.г сумын бүрэн дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Боловсролын тухай хуулийн 30.1.15-д зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймгийн Боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөхөөр байна.

Нэхэмжлэгч Ч. нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Засаг дарга, аймгийн Боловсрол соёлын газар, сумын Засаг даргатай төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгуулж, биелэлтийг 2017 оны 1 сарын 10-ны өдрийн дотор багтаан дүгнэхээр тохиролцсон байна. Хариуцагч нь Ч.г ажлаас чөлөөлөхдөө үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнээгүй, энэ талаар шалгаж тогтоогоогүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. Б/123 дугаар захирамжийн үндэслэлийг тайлбарлахдаа нэхэмжлэгч Ч. өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой шийдвэрийг гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хориглолтыг зөрчсөн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар мэдэгдэл гаргаагүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сумын бүрэн дунд сургуулийн технологийн багш Ч.******* нэхэмжлэгчийн эхнэр, нягтлан бодогчоор ажиллаж байсан Р.*******а нэхэмжлэгч Ч. нар нь төрсөн ах дүүсийн хүүхдүүд, дунд ангийн сургалтын менежер Д.******* хадам ахых нь хүүхэд, дотуур байрны багш П. авга ахынх нь бэр, сургуульд бензин, шатахуун, дотуур байрны хүнсний мах нийлүүлдэг Ч.******* хадам ах нь, сургуулийн нягтлан бодогч Г.*******, нярав Г.******* нар нь төрсөн ах дүүсийн хүүхдүүд юм гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байна. Ч. нь 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тушаалаар /хавтаст хэргийн 36-р хуудас/ нягтлан бодогч Р.*******ад ур чадварын нэмэгдлийг 25 хувиар олгохоор, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар тушаалаар /хавтаст хэргийн 37-р хуудас/ Д.*******ийг дунд ангийн сургалтын менежерээр томилох, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 39 /хавтаст хэргийн 38-39-р хуудас/, 11 сарын 14-ний өдрийн 50 / хавтаст хэргийн 41-42-р хуудас/, 12 дугаар сарын 18-ний өдрийн 51 дүгээр /хавтаст хэргийн 43-44-р хуудас/ тушаалуудаар багш, ажилчдад ажлын үр дүнгээр урамшуулал олгохоор, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 44 дүгээр тушаалаар /хавтаст хэргийн 40-р хуудас/ Д.*******ийн цалингийн шатлалыг ахиулж 3-р шатлалаар цалинжуулахаар, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/02, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/08, 2015 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн Б/10 дугаар тушаалуудаар / хавтаст хэргийн 46-48-р хуудас/ Д.*******ийг жирэмсний амралтын хугацаагаар түр чөлөөлөхөөр, ажилд нь эгүүлэн томилохоор, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар /хавтаст хэргийн 49-р хуудас/ эхнэр Ч.******* болон нэр бүхий багш, ажилчдад 5 хувийн ур чадварын нэмэгдэл олгохоор, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/04 /хавтаст хэргийн 50-51-р хуудас/, 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн А/12 дугаар тушаалуудаар /хавтаст хэргийн 52-53-р хуудас/ нийт багш, ажилчдад ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор, үүнд эхнэр Ч.*******ийг хамруулсан шийдвэрүүдийг тус тус гаргажээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хамааруулахаар байна. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүн нь гэр бүлийн гишүүнд хамаарахаар байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартаа дурьдаж байгаа дээрх нэр бүхий этгээдүүдээс эхнэр Ч.*******, эхнэрийх нь ах Б.******* нар нэхэмжлэгч Ч.тэй хамаарал бүхий этгээдүүд байна. Харин гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар Р.*******а, Д.******* нар нь нэхэмжлэгчийн садангийн хүмүүс байх боловч энэ хуулийн үйлчлэлд хамаарахааргүй байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.6 дахь хэсэгт зааснаар албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар өөрт хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахыг хориглосон байна. Нэхэмжлэгч Ч. нь өөрт хамаарал бүхий этгээд болох эхнэр Ч.*******т ур чадварын нэмэгдэл, урамшуулал олгосон шийдвэрийг гаргасан байх бөгөөд энэ талаараа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй байна. Харин эхнэрийн төрсөн ах болох Б.*******той холбоотой, түүний хувийн ашиг сонирхолд нийцүүлэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Гэвч хариуцагч Ч.г ажлаас чөлөөлөхдөө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-г баримталсан байх ба Ч. нь 12.1-д заасан зөрчлийг гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл Ч. нь өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд аливаа нэгэн албан тушаалтанд хөндлөнгөөс нөлөөлсөн байдал тогтоогдохгүй байна.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт зааснаар сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө аймгийн Боловсролын газрын даргын саналыг үндэслэх бөгөөд аймгийн Боловсрол, соёлын газрын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/397 дугаар албан бичигт /хавтаст хэргийн 35-р хуудас/ сумын сургуулийн захирал төрөл, саднаа сургуульд ажиллуулж байгаа, тус сургууль 12,9 сая төгрөгийн өртэй тул арга хэмжээ авахуулах саналтай байна гэжээ. Боловсролын тухай хуулийн 281дугаар зүйлийн 281.1.3-д зааснаар аймгийн Боловсролын газрын дарга нь сургуулийн захирлын хөдөлмөрийг бодитой үнэлэх, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн санал гаргах байхад дээрх 1/397 дугаар албан бичиг нь хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт зааснаар Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтөй захиргааны актыг ойлгоно гэж заажээ. Хариуцагч нь захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүний тулд тус хуулийн 24.2 дахь хэсэгт заасан ажиллагаа хийж нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүрэгтэй байна. Түүнчлэн тус хуулийн 24 дугаар зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй ... байхаар зохицуулсан байна. Гэвч хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй байх тул Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь Ч.г сумын сургуулийн захирлын албан тушаалаас үндэслэлгүйгээр, мөн хуульд заасан зохицуулалтын нөхцлийг буруу хэрэглэн чөлөөлсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Завхан аймгийн Засаг даргын аймгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгон,нэхэжлэгч Ч.г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө өөрт хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэрийг гаргасан гэж үзэж, энэ үндэслэлээр чөлөөлсөн тул хэрэгт цугларсан үйл ажиллгааны үр дүнг дүгнэсэн баримт /хавтаст хэргийн 83-90-р хуудас/, бусад санхүүгийн баримтууд /хавтаст хэргийн 91-142-р хуудас/ нь захиргааны актын үндэслэлд хамаарахгүй байх тул эдгээр баримтыг шүүх үнэлж дүгнэх шаардлагагүй байна.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд: Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/123 дугаар тушаал нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох үндэстэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.гийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх ажлын 66 хоногоор тооцож олговрыг олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Ч.гийн нийгмийн даатгалын дэвтэр /хавтаст хэргийн 6-7-р хуудас/ дэх бичилтийг үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2016 оны 8, 9, 10 дугаар саруудын дундаж цалин хөлс 1047153 төгрөгнөөс нэг хоногийн хөлсийг 47598 төгрөгөөр тооцон, 66 хоногийн цалин хөлсийг 3141458 төгрөг гэж тооцсон болно.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид олгох дээрх олговрыг хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 1-д зааснаар ажилтнууд нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөхөөр байх ба хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр тус тус зохицуулсан байна.

Мөн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулахаар байх ба 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар даатгуулагчийн төлөх даатгалын шимтгэлийн 2 хувийг аж ахуйн нэгж, байгууллага эрүүл мэндийн даатгалын санд төлөхөөр байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Ч.гийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.7 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/123 дугаар захирамжийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Ч.г Завхан аймгийн сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.гийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15 хүртэл 66 хоногийн цалин, хөлс 3141458 төгрөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж холбогдох дэвтрүүдэд бичилт хийж олгохыг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА