Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/00654

 

И.Наранхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00031 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 583 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч И.Наранхүүгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинтуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорчимэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 42 дүгээр тогтоолоор И.Наранхүүгээс 805 210 867 төгрөг гаргуулж, “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч И.Наранхүү нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан 1 байр, 19 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008965 дугаарт бүртгэгдсэн 209.9 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай зогсоол болон иргэн Б.Дашдондогийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46в дүгээр байрны 9 тоот 214 м.кв талбайтай 5 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014173 дугаарт бүртгэгдсэн орон сууцын хамт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан.Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас И.Наранхүүгийн өмчлөлийн дээрх орон сууц, зогсоол болон Б.Дашдондогийн өмчлөлийн орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлэн дуудлага худалдаанд оруулахаар болсныг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/14283 дугаар албан мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдэн, хүлээн аваад энэхүү гомдлоо гаргаж байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас И.Наранхүүгийн саналыг авалгүйгээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан 1 байр, 19 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008965 дугаарт бүртгэгдсэн 209.9 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай зогсоолын хамт зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур буюу 622 800 000 төгрөгөөр үнэлэн 435 960 000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 46в байрны 9 тоот 214 м.кв талбайтай, 5 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014173 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 681 050 000 төгрөгөөр үнэлэн 476 735 000 төгрөгөөр тус тус дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцнуудыг үнэлэхдээ зах зээлийн ханш болон уг орон сууцанд засвар буюу маш чанартай, өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн засвар үйлчилгээг хийсэн болохыг тооцоогүй байгаа юм. Хэдийгээр уг орон сууцыг барьцаанд тавьсан ч ийм бага үнээр үнэлж дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь И.Наранхүү болон Б.Дашдондогийн өмчлөх эрхэд шууд халдан, ноцтой зөрчиж байгаа юм.Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаалбарыг дуудлага худалдаанд оруулж үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаснаас үлдэх төлбөрийг үүрэг гүйцэтгэгчид буюу өмчлөгчид буцаан өгдөг. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хэт доогуур үнэлсэнээс энэхүү өмчлөх эрхээ эдлэх боломжгүй болоод байна. Хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцааны зүйлийг үнэлсэн байна.Мөн И.Наранхүү нь “Ориент инвест” ББСБ-д уг орон сууц, зогсоолыг барьцаалж зээл авахдаа компанийн үйл ажиллагаанд зориулж зээл авсан байдаг бөгөөд өнөөдрийн Монгол Улс даяар нүүрлээд байгаа эдийн засгийг хямралын улмаас буцаан төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тухайгаа болон төлбөрийг хүлээн зөвшөөрч, цаашид төлж барагдуулахаа шүүх болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсээр ирсэн. Цаашид төлбөрийг төлж барагдуулах ба хэрэв барьцаалбарыг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангаж байгаа тохиолдолд Монгол Улсын хууль, журам, стандартын дагуу барьцааны зүйлийн зах зээлийн ханшийг бодитойгоор тогтоож үнэлгээг гаргах ёстой.Иймд Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан 1 байр 19 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008965 дугаарт бүртгэгдсэн 209.9 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай зогсоол болон Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор Зайсангийн тойруу 46в дүгээр байрны 9 тоот 214 м.кв талбайтай, 5 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014173 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 421 дүгээр тогтоолоор И.Наранхүүгээс 805 210 867 төгрөгийг гаргуулж, “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалант хотхон 1 дүгээр байрны 19 тоот орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 190/02 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 190/05 тоот тогтоолоор хураан авч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсан тойруу 46в дүгээр байрны 09 тоот орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 190/01 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 190/06 тоот тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн үнэлгээчин томилон үнэлэгдсэн үнэлгээг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/14284, 3/14283 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00031 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан И.Наранхүүгийн гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 19673 дугаар захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 583 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагын хангахгүй байна гэж үзэж байна. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр миний бие шүүх хуралдаан давхцаж И.Наранхүүгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралд оролцох боломжгүй байсан тул хүсэлт гаргаж холбогдох нотлох баримтыг хавсарган хүргүүлсэн боловч шүүх хэт нэг талыг баримтлан хүсэлтийг хангалгүй орхиж хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгөх эрхийг хангалгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчиж байна....Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон “Мөнх-Оргил трейд” ХХК нь дээрх орон сууцнуудыг зах зээлийн ханш, үнэлгээнээс хэт доогуур үнэлж, өмчлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу энэхүү үнэлгээ нь үнэн зөв бодитой, эргэлзээгүй байх шаардлагын хангасан эсэх талаар хянуулж, өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэргийн нэг талын оролцогчийн өөрсдийн шүүхээс гадуур хийсэн шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Хөрөнгийн үнэлгээний байгууллага  нь орон сууцны хийц, супер засвар үйлчилгээ, байршил, орчин гэх зэрэг үнэлгээнд нөлөөлөх байдлын талаар дүгнээгүй, өмчлөгчийн санал болгосон үнээс 40 гаруй хувиар бага үнэлсэнд туйлын гомдолтой байна.Учир нь Иргэний хуульд зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагааны дагуу албадан дуудлага худалдаанд барьцааны зүйлийг борлуулж үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг үүрэг гүйцэтгэгч болон өмчлөгчид буцаан олгодог хуулийн зохицуулалттай. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь орон сууцнуудыг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлж үнэлсэн үнэлгээний 70 хувиар дуудлага худалдаанд оруулж байгаа нь өмчлөгчийн өмчлөх эрхийг шууд ноцтой зөрсөн гэж үзэж байна. Ийнхүү анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн дахин шинжээч томилох хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийн нэг талын оролцогчийн шүүхээс гадуур үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч И.Наранхүү нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 835 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 468 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 421 дүгээр тогтоолоор И.Наранхүү 801 047 679 төгрөгийг “Ориент инвест ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй байна.

Шүүхийн гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдсан хариуцагчийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн гэж хоёр шатны шүүх дүгнэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй учир шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргуулж, уг үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан шаардлагад нийцсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт бодит бус буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдан баримтаар нотлогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар үнэлэх нь зөвхөн шүүхийн даалгавраар хийгддэг ажиллагаа бус харин иргэдэд нээлттэй үйлчилгээ тул нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг үнэлүүлэх, ижил чанарын өөр эд хөрөнгийн үнэлгээг жиших зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх, үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур тогтоосон гэж үзэх үндэслэлийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тохиолдолд шүүх энэ асуудлаар шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаантай харилцаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхийг хүсч, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00031 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 583 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН