Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2022/00053

 

/00002

*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 399 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч *******,

 

Хариуцагч *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 17,780,740 төгрөг, бусад зардалд 774,000 төгрөг нийт 15,554,740 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг /цахим/, хариуцагч ******* /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 

..Миний бие ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-нд авто машин худалдах фээсфүүк зарын дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн ******* овогтой ******* өөрийнх нь өмчлөлийн ******* СЭА улсын дугаартай Алфард маркийн цагаан өнгийн гэр бүлийн зориулалттай авто машиныг 14,600,000 төгрөгөөр худалдан авч улмаар худалдан худалдан авах гэрээг нотариатаар баталгаажуулж авсан. Одоо уг авто машин нь ******* УНБ ийм улсын дугаартай болсон. Би уг машиныг худалдаж аваад дугаар солиулахаар авто тээврийн газарт очихдоо оношилгоо хийлгүүлж авах саналын тавихад худалдагч ******* нь оношилгоо хийлгүүлэх шаардлагагүй, найдвартай, чи хаалга солиулаад л болоо, хаалга 100 000 төгрөг байдаг гэж хэлсэн. мөн миний машин ямар ч асуудал байхгүй гэж итгэл үнэмшил төрүүлэн өгсөн юм. Би ч адилхан залуу хүн учир маш их итгэж машиныг худалдан авсан. ...Гэтэл уг худалдаж авсан Альфард маркийн авто машин маань авсан өдрөөсөө л хүч алдаж ээрэн өндөр хааз авч явахгүй болохоор нь миний бие нь нөхөр Ганболдын хамт засварын газар очиж үзүүлэхэд засварын газрын мэргэжилтэн задаргаа орсон машин байна бид засаж чадахгүй. Хэрвээ засуулбал дараах эд ангиуд гэмтэлтэй байгаа тул бүтнээр нь солих шаардлагатай болох талаар хэллээ.

...иргэн ******* надад хуурч мэхлэн итгэл эвдэн үнэмшил төрүүлж эд хөрөнгийн биет доголдолтой авто машин худалдсан байх тул 2022 оны 1 сарын 28-ны өдрийн авто машин худалдан худалдан авах гэрээг цуцалж надад учирсан үндсэн хохирол Авто машины үнэ 14,600,000 мянган төгрөг торгуулийн 113,940 мянган төгрөг, нотариатын зардал 36,800 төгрөг, дугаар авсан 30,000 төгрөг нийт 14,780,740 төгрөг, Гэм хор учруулсан зардалд хаалга засуулсан 170,000 төгрөг тос, масло, солиулсан 326,000 төгрөг нийт 774,000 төгрөг нийт хохирол 15,554,740 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа:

 

...Миний бие нь өөрийн эзэмшлийн Alphard маркийн ******* СЭА улсын дугаартай автомашинаа худалдах зар тавьсны дагуу 2022.01.28-ны өдрийн үдээс хойш намайг Улаанбаатар хотод явж байхад ******* гэх хүн утасдаж автомашиныг чин үзье гэсний дагуу би Зүүнхараа руу гарах гэж байснаа болиод хүлээсэн бөгөөд ******* нь нөхрийн хамт ирж автомашиныг үзээд, унаж шалгаад худалдаж авахаар болсон. Би автомашинаа 16.000.000 төгрөгөөр худалдаах үнийн саналаа тавьсан ба ******* түүний нөхөр хоёртой ярилцан автомашиныхаа доголдолтой эд анги (бага зэрэг сэвтэй хаалга, урд купер, радиатор, тос масло, жийрэг г.м), торгууль, ойр зуурын урсгал зардлыг тооцож уг үнээсээ 1.400.000 төгрөгийг хасахаар тохиролцсон болно. Хоёр тал ингэж тохиролцож хэн хэн нь хүлээн зөвшөөрсний дагуу ******* миний дансанд 14600000 төгрөгийг шилжүүлж өгсөн бөгөөд үнэ тохиролцсоны баталгаа нь ******* автомашины торгууль болох 100.000 төгрөгийг төлснөөр нотлогдоно. Нэгэнт унаж явсан автомашинаа худалдсан тул Зүүнхараа руу буцах унаанд суухаар яаравчлан энэ тухай ******* түүний нөхөрт хэлж тэдний зөвшөөрснөөр оношилгоонд ороогүй нь үнэн гэтэл ******* үүнийг ашиглаж өөрийг нь хуурч мэхлэн оношилгоод оруулалгүй автомашинаа зарсан гэж бичсэн нь үндэслэлгүй юм. ...Иймд дээрх үндэслэлээр хуурч мэхлэн доголдолтой автомашин зарсан гэж худалдах, Худалдан авах гэрээг цуцлахыг хүссэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Мөнх гэм хохирол учирсан гэх 774.000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ээ би урсгал зардалд зориулж 1.400.000 төгрөгийг хассан. Мөн ямар ч үнэтэй тос, масло солиулахад 326,000 төгрөг болохгүй ээ. Иймд 2 дахь шаардлагыг ч зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 399 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч *******гаас 15.554.740 /арван таван сая таван зуун тавин дөрвөн мянга долоон зуун дөч/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******аас Toyota Alphard-H10 маркийн 3519УНБ улсын дугаартай ATH100009065 арлын дугаар бүхий гэр бүлийн авто машиныг буцаан гаргуулж, хариуцагч *******д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.730 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 235.730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: ******* нь өөрийн эзэмшлийн Тoyotа Аlphard 2466 СЭА улсын дугаартай авто машинаа худалдах зар тавьсны дагуу 2022.01.28-ны өдөр Улаанбаатар хотод явах үед нь ******* утасдаж нөхрийн хамт ирж авто машиныг унаж үзэж шалгаад худалдан авахаар болж ******* 16.000.000 төгрөгөөр худалдах үнийн санал тавьж ******* түүний нөхөр хоёртой ярилцан харилцан тохиролцож авто машиныхаа доголдолтой эд анги (хаалга, купер, тос масло, радиатор, коллектор, жийрэг) гэх мэт ойр зуурын урсгал зардлыг тооцож тохиролцоод уг үнээсээ 1.400.000 төгрөг хасаж ******* *******гийн дансанд 14.600.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үнэ тохиролцсоны баталгаа нь: ******* авто машины торгууль 106.000 төгрөгийг төлснөөр нотлогдож байгаа юм. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ыг тээврийн хэрэгслийг худалдан авснаас хойш ашиглалтын явцад эвдрэл гэмтэл учруулсан гэж удаа дараа тайлбарлан мэдүүлсээр байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Анх уг авто машиныг ******* нөхрийн хамт үзэж шалгаад хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулж худалдаж авсан байдаг. Мөн хариуцагч ******* зуны улиралд хэд хэдэн удаа Улаанбаатар хот орсон. Тахилтад энэ авто машиныг унаж явахад нь би өөрийн биеэр хэд хэдэн даа таарч байсан гэж тайлбарлаж байгаа.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т "хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан байдаг. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д "эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан. Хариуцагч ******* уг авто машиныг худалдан авснаас хойш 2 жил шахам хугацаанд Зүүнхараа Улаанбаатар хотын хооронд зорчигч тээвэрлэж үйлчилгээнд явж байсан. Миний машинд ноцтой эвдэрч гэмтсэн эд анги байгаагүй би машиныхаа эвдрэл гэмтлийг мэднэ. Худалдаж авснаас хойш ******* уг авто машиныг эдэлж хэрэглэсээр байгаа гэдэг. Иймд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж хэргийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2, 255.1, 255.1.1 дэх хэсгүүдэд заасны дагуу шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ машиныг зарахдаа тулгаж өгөөгүй. Урсгал засвар байгаа гэдгийг хэлсэн, унаж үзэж байж авсан. Оношилгооны хувьд Улаанбаатар-Мандал тээвэрт дараа хийж өгье гэж хэлээд тулгаж өгөөгүй. Албан ёсны дүгнэлт гараагүй. Өөрөө очиж оношилгоо хийлгэсэн байсан. Надтай 2, 3 удаа таарсан. Анх өгсөн гомдолд километрийн заалт байгаа. Шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэв.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн машин 16 сая гэж байсан. Арьсных нь бүтэн байдал зарын дагуу зурган дээрх шигээ байгаагүй. Үнээ буулгая гээд урд хойд купер, 100.000 төгрөгийн торгуулийг төл гэсэн болзол тавьсан. Би зөвшөөрсөн. Тухайн үед унаж үзсэн гэж хэлээд байна. Баянгол дүүргээс 500 метрийн зайд унаж явсан, өндөр хааз өгөөгүй, радиатороос тос гоожиж байна гэж хэлэхэд мөнгө буулгасан юм чинь тэр мөнгөндөө засуул гэж хэлсэн. Радиаторыг задалж үзэхэд бүтэн цавуудсан байсан, хаалга нь тороос нь тасарсан, 2 хоногийн даруу ярьсан. Чи надад итгэхгүй бол оношилгоонд оръё гэж хэлэхэд зөвшөөрөөгүй, хэл амаар доромжилж, холбоо барих боломжгүй болсон. Шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болоод эрхийн доголдолгүй байсан бол нэхэмжлэхгүй байсан. Гол нь худалдан авсан машин эвдрэлтэй байсан. Шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

  1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

3. Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь  хариуцагч *******д холбогдуулан түүнтэй байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 14.780.740 төгрөг, хохирол 774.000 төгрөг нийт 15.554.740 төгрөг гаргуулах  тухай шаардлага гаргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдах гомдол гаргажээ.

 

4. Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэжээ.

 

5. Хэргийн үйл баримтын талаар: Талууд хариуцагч *******гийн эзэмшлийн Toyota Alphard маркийн ******* СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдахаар тохиролцон гэрээ байгуулж нотариатаар батлуулж, худалдан авагчаас автомашины үнэ 14.000.000 төгрөгийг, худалдагчаас автомашиныг тус тус эзэмшилд нь шилжүүлснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй , харин  худалдан авсан машины  эд хөрөнгийн доголдлын  талаар маргаж, улмаар гэрээг цуцлах шаардлагыг худалдан авагч гаргажээ.

6. Хариуцагч нь автомашин нь худалдах үед гэмтэлгүй ямар нэгэн доголдолгүй байсан, машины ойр зуурын урсгал засвар хийх шаардлагатай байгаа талаар худалдан авагчид урьдчилан мэдэгдсэн тус доголдлын талаар мэдсээр байж автомашиныг шилжүүлэн авсан тул доголдлын талаар худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж маргажээ.

 

7. Нэхэмжлэгч талаас худалдан авсан автомашин нь урсгал засвараас гадна автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй энэ талаар худалдагчид мэдэгдээгүй харин засварын газар үзүүлснээр автомашины явах эд анги гэмтэлтэй түүнийг засварлахад ихээхэн хэмжээний зардал гарахаар болсон байх ба энэ талаар худалдагчид мэдэгдэн хүлээн зөвшөөрөөгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад автомашины эвдрэлийн талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулжээ. Тус шинжээчийн дүгнэлтээр гэрээний зүйл болох автомашины гол эд ангиуддаа ихээхэн гэмтэлтэй болох нь тогтоогдсон байна.

 

8. Хэдийгээр хариуцагч нь автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжтой гэж байгаа боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр энэхүү байдал нь үгүйсгэгдэж байна.

Худалдан авагчаас эд хөрөнгийн доголдлын талаар худалдагчид хуульд заасан хугацааны дотор буюу автомашиныг авсан даруйдаа мэдэгдсэн байх тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар гэрээг цуцлах тухайн шаардлага гаргах эрхтэй байна.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан эд хөрөнгийн биет байдлын доголдол, 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан эд хөрөнгийн доголдлын талаархи худалдагч, худалдан авагч нарын эрх үүргийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

9. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын автомашинд хийсэн засвар, үйлчилгээний хөлс түүнчлэн автомашины торгууль /автомашин эзэмшигчийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний торгууль/ зэргийг зайлшгүй хийх шаардлагагүй өөрийн сайн дураар хийсэн үйлдэл гэж хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч дээрхи зардлууд нь автомашиныг зориулалтын дагуу ашиглахад зайлшгүй гарах зардал бөгөөд худалдан авагчийн гэрээнд заасан доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй холбогдож гарсан байх тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар Эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор худалдан авагч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд гэрээг цуцалж байгаа тохиолдолд худалдагч нь худалдах авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэсний дагуу гэрээ цуцлагдсантай холбоотой хохирол, зардлыг хариуцагчаас гаргуулахаар гаргасан шаардлага үндэслэлтэй байх тул хариуцагч *******гаас хохиролд 774.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

10. Харин шүүх эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээ цуцалснаас үүсэх үр дагаврыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй зохих хуулийн зохицуулалтыг тайлбарлаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ цуцлагдаж байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар талууд гэрээний дагуу шилжүүлсэн үүргийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч ******* түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 399 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч *******гаас нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт шилжүүлсэн 14.780.740 төгрөг, хохирол 774.000 нийт 15.554.740 /арван таван сая таван зуун тавин дөрвөн мянга долоон зуун дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******аас Toyota Alphard-H10 маркийн 3519УНБ улсын дугаартай ATH100009065 арлын дугаар бүхий гэр бүлийн авто машиныг буцаан гаргуулан хариуцагч *******д олгосугай. гэж өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 235.724 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН Top of Form

 

Bottom of Form