Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/097

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

            Нарийн бичгийн дарга Т.Е

            Улсын яллагч М.Ф,

            Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

Хууль ёсны төлөөлөгч О.Б

            Өсвөр насны шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813001630107 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, У овгийн Б-н Ч, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар баг Баянбулагт оршин суух хаягтай, одоогоор Өлгий сумын 4-р багт түр оршин суудаг, урьд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжилэхээр шийдвэрлэсэн, регистрийн дугаар ББ02210116

            Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн С.Х байшингийн цонхны салхивчаар орж, “Тошива” маркийн зөөврийн компьютор, “”Нокиа” маркийн гар утсыг хулгайлан нийт 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Өсвөр насны шүүгдэгч Б.Ч гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

            Өсвөр насны шүүгдэгч Б.Чинбат нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн С.Х байшингийн цонхны салхивчаар орж, “Тошива” маркийн зөөврийн компьютор, “”Нокиа” маркийн гар утсыг хулгайлан нийт 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - Хохирогч Х.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2О18 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 13-14 цагийн орчим би гэрээсээ хүүхдээ дагуулаад гадагшаа гарахаар болж гарахад байшингаа цоожлоод явсан. Тэгээд 16 цагийн орчим гэртээ ирэхэд эд зүйлүүдийг эмх замбараагүй байдалтай болгоод цацсан байсан. Гал тогооны өрөөнд гэрээсээ гарахаас өмнө зөөврийн компьютер хөгжим сонсож байгаад зурагтны хажууд тавьсан байсан. Тошива маркийн хар хөх өнгийн зөөврийн компьютер, ягаан өнгийн Нокиа маркийн гар утас алга болсон. Хулгайлагдсан компьютерээ бүрэн бүтэн хүлээж авсан, харин гар утасны үнийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй " гэх мэдүүлэг /хх-ийн 11-14-р хуудас/,

            - Гэрч Т.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өлгий сумын 4 дүгээр багт байрлах "Бес арыс" барьцаалан зээлдуүлэх газарт ажлаа хийгээд байхад 16 цагийн орчимд үл таних залуу орж ирээд зөөврийн комьютер худалдаж авах уу гэсэн. Би хар хөх өнгийн Тошива маркийн зөөврийн компьютер байсныг үзээд 40000 төгрөгөөр авсан" гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

            - Өсвөр насны шүүгдэгч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...миний бие 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байх 15-16 цагийн үед Өлгий сумын 1 дүгэр бүрэн дунд сургуулийн доод хэсэгт байрлах айлуудын дунд байсан улаан тоосгоор барьсан өвлийн байшингийн гал тогооны салхивчаар орж 1 ширхэг хар өнгийн зөөврийн компьютер, 1 ширхэг яагаан өнгийн гар утас хулгайлсан минь үнэн. Зөөврийн компьютерийг 40000 төгрөгөөр "Бес арыс" гэх ломбардад худалдсан. Гар утсаа алга болгосон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас шүүх хуралдааны тэмдэглэл/,

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7-р хуудас/,

            - Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 47-49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд өсвөр насны шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Хулгайн гэмт хэрэг нь бусдын өмчийг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь хохирогч М.Х байшингийн цонхны салхивчаар орж, “Тошива” маркийн зөөврийн компьютор, “”Нокиа” маркийн гар утсыг хулгайлан нийт 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Х учирсан хохирлыг бүрэн төлж хохирогчийг хохиролгүй болгосон болох нь өсвөр насны шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Өсвөр насны шүүгдэгч Б.Ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Б.Ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахаар заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зүйлгүй болно.

Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Ч цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч У овогт Б Ч “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ч 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Ч энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 9 сар 27 хоногоор тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Ч оногдуулсан хорих ялыг Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СД диск бүхий бичлэгийг хэргийн хамт хадгалсугай.
  6. Өсвөр насны шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгч Б.Ч иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ч авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д