Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2022/00055

 

 

 

/00002

*******ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 787 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч К.Дуйсен,

 

Хариуцагч *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 24,248,794 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОД*******ОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 

24,248,794 төгрөг гаргуулах

 

2018 онд нэхэмжлэгчийн бусдаас 4100 USD-оор худалдан авсан автомашиныг хариуцагч нь ОХУ-ын хилээр гаргаж өгнө гэж тохиролцон авч үлдэн уг машиныг өөрөө бусдад шилжүүлэн зарж үгүй хийсэн байдаг. 2019.07.23-ны өдөр талууд нотариатаар №95 тоот Эвлэрлийн гэрээ-г байгуулсан. Энэ Эвлэрлийн гэрээ-гээр хариуцагч нэхэмжлэгчид 9,700,000 төгрөгийг 2019.07.26-нд төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхөөс зайлсхийж иржээ. Дээрх Эвлэрлийн гэрээ-ний 5.1-д Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал нь бүрэн хариуцна гэжээ.

...Хариуцагч нэхэмжлэгчтэй холбогдохгүй, мөнгөө төлөхгүй, уулзахгүй зугтаж эхэлсэн тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээнд заасан мөнгөө авахын тулд Казакстан улсаас 2019 он хүү Русланы хамтаар, 2022 он өөрийн биеэр нисэх онгоцоор ирж буцсаны зардалд 8,277,294 төгрөг төлсөн. Мөн хариуцагчтай уулзах гэж Алтанбулаг сумын Алтан плаза зочид буудалд 2 удаагийн эрэлтээр 2 хүн 115 хоног буудаллаж хооллосны үнэнд 4,680,000 төгрөг, 2 удаа УБ-Алтанбулаг, Алтанбулаг-УБ руу таксигаар ирж очсоны зардалд 300,000 төгрөг, нийт 13,257,294 төгрөг зарцуулсан байна.

Иймд 2019 оны 7 сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ-гээр хүлээсэн 9,700,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,291,500 төгрөг, мөн хохирлоо барагдуулахаар хариуцагчийн араас удаа дараа ирж буцахдаа зарцуулсан зардал 13,257,294 төгрөг нийт 24,248,794 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Эвлэрлийн гэрээ болон үүнтэй холбоотой баримтуудыг тусдаа гаргаж өгнө гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 787 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 10,991,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К.Дусейнд олгож, үлдэх 13.257.294 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 282,823 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282,823 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 787 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

1рт: Нэхэмжлэгчээс өмгөөлөгчид төлсөн 1.291.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгчээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хэрэгт хавсаргасан гэх боловч шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Мөн гэрээ дээр өмгөөллийн хөлсийг 1.291.000 төгрөг гэж нэхэмжлэлд бичсэн боловч хэргийн 11 хуудсанд авагдсан төлбөр тооцооны хүснэгт дээр өмгөөллийн хөлсийг 410 доллар гээд 3.150 төгрөгөөр тооцож гаргасан байна. Шүүх өмгөөллийн хөлс 410 долларыг ямар баримтаар 3150 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн талаараа шийдвэрт дурьдаагүй байна.

2рт: Хууль хэрэглээний хувьд зөрүүтэй хэрэглэсэн тухайд:

- Шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны талаархи үндэслэл нь баримтанд тулгуурлаагүй байна. Зохигч нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулагдсан ба хэрэгжих хугацаа нь 2019 оны 07 дугаар сарын 26 өдөр байсан. Нэхэмжлэгчийн шаардах эрх 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үүссэн ба нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар 25-ны өдөр гаргасан. Өөрөөр хэлбэл хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Гэтэл шүүх.. 2019 оны 11 сараас ковид 19 цар тахлын улмаас хөл хорио, хил гааль хаасан нь нийтэд илэрхий бодит нөхцөл байдал... гэж үзсэн байна. Нэхэмжлэгчийн шаардах эрх 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан ба Монгол улсад цар тахлын улмаас хөл хорио, хил гааль хаагдсан боловч энэ нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө нээгдэж хэвийн байдалдаа шилжсэн байсан. Гэтэл шүүх яагаад хил гааль нээгдсэн байхад нэхэмжлэл гаргаагүй эсэх асуудлыг тодруулаагүйгээр шууд утгаар хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжгүй гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний төлбөртэй маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр өмгөөллийн хөлс гаргасан 1.291.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж хасаж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан хэлэлцэв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэргийн үйл баримт буюу зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эрх зүйн дүгнэлт хийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хэлцлийн дагуу үүссэн үүрэгт 24.248.794 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нь шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

 

4. Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтын талаар:

Нэхэмжлэгч ******* нь Бүгд найрамдах Казакстан улсын иргэн бөгөөд Монгол улсаас удалдан авсан KIA K5 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн *******гаар ОХУ-ын хил гаргуулж, тодорхой хөлс төлөхөөр тохиролцон хэлцэл байгуулж, улмаар тээврийн хэрэгслээ хариуцагч *******гийн эзэмшилд шилжүүлжээ.

Хариуцагч ******* нь тодорхой шалтгааны улмаас хэлцлийн дагуу тээврийн хэрэгслийг ОХУ-ын хилээр гаргаж чадаагүй бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлж үрэгдүүлсэн тул ******* ******* нар нь үрэгдүүлсэн тээврийн хэрэгслийн үнэ болон нэхэмжлэгчид учирсан зардлыг төлөх талаар тохиролцон 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь *******г тус эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

5. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаан болон хэрэгт авагдсан баримтад эрх зүйн дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

6. Зохигчдын хүсэл зориг нь Монгол улсын хилээр хууль бусаар тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зорилго бүхий байх ба энэ нь хууль зөрчиж хийгдсэн байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм.

Иймд нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд байгуулсан гэх тээврийн хэрэгслийг Монгол улсаас Оросын холбооны улс руу нэвтрүүлэх тухай хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа хэлцлийн дагуу үүссэн үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлж, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болон хэлцлийн дагуу шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнийн хамт гаргуулах гэж тодорхойлжээ.

Хариуцагчаас тээврийн хэрэгслийн үнийг төлөх талаар маргаагүй харин хохирол төлөхгүй гэж маргасан байна.

Хэлцлийн үр дүнд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гийн эзэмшилд KIA K5 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байх ба хариуцагч ******* нь тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлж үрэгдүүлсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдсон.

Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч *******д тухайн хэлцлийн дагуу шаардлага гаргах эрх үүсэхгүй харин хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болохоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар зохицуулсан хэдий ч нэхэмжлэгч нь хэлцлийн үр дагаврыг шаардаагүй байна.

Харин хариуцагч ******* нь хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу хөрөнгө олж авсан байх тул түүнийг бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар нэхэмжлэгчид шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзлээ.

Хариуцагч ******* нь KIA K5 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэн үрэгдүүлсэн бөгөөд хөрөнгийг биет байдлаар буцаан гаргуулах боломжгүй тул тээврийн хэрэгслийн үнэ 9.700.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр заасан тул нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу өөрт учирсан гэх хариуцагчийн үүргээ биелүүлээгүйгээс хоёр улсын хооронд зорчсон онгоцны тийз, зочид буудалд байрласан зардал, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс зэрэг 14.548.794 төгрөг гаргуулах тухай шаардлага нь хуулийн үндэслэлгүй бөгөөд тус шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх иргэний хэрэг үүсгэх тухай захирамждаа хэний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж байгаа нь тодорхой бус, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эрх зүйн байдлыг тодорхойлохдоо ойлгомжгүй байдлаар бичсэн байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 787 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас тээврийн хэрэгслийн үнэ 9.700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К.Дусейнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.548.794 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

2 дахь заалтыг:

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 282,823 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 170.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 35.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН Top of Form

 

Bottom of Form