| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0117/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/120 |
| Огноо | 2018-08-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | M.O |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,
нарийн бичгийн дарга Т.Е
улсын яллагч М.О
шүүгдэгч Х.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М холбогдох ......146 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Х.М: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овогт Х М, 1995 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БЮ2.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М нь зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн М.А эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.М нь 2018 оны 06 дугаар 14-ний өдөр Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Тойото Ландкрузер-80 маркийн 5592 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн М.А эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч М.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр бага зэрэг уусан байсан нь мэдэгдэж байсан. ...М хот дотор аймаар хурдтай явж байсан. Би түүнд хурдаа багасгах талаар хэлсэн. Мөн найзууд нь ч гэсэн хэлж байсан. Өлгий сумын төвөөс Х угаалга чиглээд явж байсан ба гурван замын уулзвар өнгөрөөд явж байхад М жолоо алдаж замаас гарсан ба би нэг гэрэлтүүлгийн төмөр баган урдаас гарч ирэхийг нь харсан тэгээд юу болсныг мэдээгүй машин онхолдож 4 дугуй нь дээшээ харсан зогссон. Би мөлхөж гарах гэсэн чинь гарч чадахгүй байсан ба тэнд хүмүүс хүрч ирээд намайг дотроос нь татаж гаргаж авсан. Би хоёр хөл дээрээ зогсож чадахгүй өвдөөд байсан. Тэгээд хүмүүс намайг хоёр талаас минь түшиж машинд суулган эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт очиж үзүүлэхэд хэвтэж эмчлүүлэхгүй бол болохгүй гээд эмнэлэгт хэвтүүлсэн. Рентген зураг авхуулахад миний умдаг ясны нэг тал, ахар сүүлийн хугаралттай гээд гэмтэл тогтоогдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
- Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тухайн үед уг машины хойд суудалд суугаад явсан. Урд талын суудалд танихгүй нэг охин сууж байсан. Автомашиныг Х.М жолоодож явсан. Харин найз И.Р би хоёр хойд суудалд сууж явсан. Тэгээд манай хашааны гаднаас хөдөлж Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр "Ак Баян" дэлгүүрийн урд уулзвараар ертөнцийн зүгээр урд зүг чиглээд баруун дөрвөн замын уулзвараар гарч хуучин улсын бүртгэлийн уулзвараар баруун урд зүг чиглэлд эргэх үедээ замаас гарч онхолдсон. Замаас гарч онхолдох үед автомашины дөрвөн дугуй дээш харсан байдалтай болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/
- Гэрч И.Р мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...машины урьд талын суудалд А сууж байсан. Автомашиныг Х.М жолоодож явсан. Харин С бид хоёр хойд суудалд сууж явсан. ...баруун дөрвөн замын уулзвар гарч хуучин Улсын бүртгэлийн уулзвараар урд зүг чиглэлд эргэх үедээ замаас гарч онхолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 275 дугаарт “...иргэн М.А биед баруун умдаг ясны нэг талын хугаралттай, ахар сүүлийн хугаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь биед аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2, 3.1.15 заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 38 дугаар хуудас/
- Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Т 03 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 50 дугаар хуудас/
- Баян-Өлгий аймгийн Авто тээврийн мэргэшсэн инженер Е.Ж 19 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 55-56 дугаар хуудас/
Шүүгдэгч Х.М мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...хуучин Улсын бүртгэлийн газрын хажууд байдаг гурван замын уулзвар дээр эргэх үйлдэл хийх үед нэлээн хурдтай очисон ба замд багтахгүй хашлага давж гараад улмаар гэрлийн шон мөргөх үед машины зүүн урд талын дугуй салж унаж машин онхолдож унасан юм. С, Р бид гурав өөрсдөө мөлхөж гарч ирсэн. А хөдөлж чадахгүй машин дотор үлдсэн ба тэрийг бас нэг хүмүүс ирээд бид бүгд хамтран гаргаж авсан. А хоёр хөл дээрээ босож чадахгүй байсан ба хурдан эмнэлэгт хүргэхгүй бол болохгүй гээд тэнд байсан нэг ахын машинаар эмнэлэгт хүргэсэн юм. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад нотлох баримтуудаар үйлдэл нь нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Мөн шүүгдэгч Х.М үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Х.М үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хянан харгалзахаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч Х.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, жолооны үнэмлэх 1ш, гадаад паспорт 1 ширхэг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш овогт Х М “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Х.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуульд заасан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Х.М шүүхээс тэнссэн хугацаанд “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мейржан нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Х.Мейржан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Х.Мейржанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.Мейржаны цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК