Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 129

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

нарийн бичгийн дарга Т.Е

улсын яллагч Т.Б,

хохирогчийн өмгөөлөгч Х.З

шүүгдэгч өмгөөлөгч Я.С

шүүгдэгч Ж.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ехолбогдох ,,,,,,,,,,,,,,,,,,,, дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           Шүүгдэгч Ж.Е: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Жа овогт Ж-ны Е, 1971 оны 10 дугаар сарын 28-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, Өлгий сумын 5 дугаар багт, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:БЭ.

             Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч Ж Е нь Ланд круйзер маркийн 20-73 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед жолоодож яваад иргэн А.Х амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            - Шүүгдэгч Ж.Е нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 20 цаг 20 минутын орчим өөрийн эзэмшлийн Ланд круйзер маркийн 20-73 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж авто осол гаргаж уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн А.Х амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            - 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 9-18 дугаар хуудас/,

            - 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гарсан зам тээврийн ослын акт / хх-ийн 19 дүгээр хуудас/,

- 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-28 дугаар хуудас/,

            - 2018 оны  05 дугаар сарын 08-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

            - 2018 оны 05 дугаар сарын 08-ний өдөр тээврийн хэрэгслийн дугуйд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

            - 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл / хх-ийн 6 дугаар хуудас/,

            - Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нөхөр маань хувийн бизнес эрхэлдэг байсан, би 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа 12 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр маань гражнаас газ гаргаж байхаар нь би яах гэж байгаа юм бэ гэхэд, нөхөр маань мэдэхгүй Ж.Е загасанд яваад ирье гэнээ гээд гэрээс буу гаргаж авахад буугаар яах гэсэн юм бэ гэж дахин асуухад замд чоно тааралдаж магадгүй буугаа аваарай гэж хэлсэн. Би “та нар хэн хэн хамт явах юм” вэ гэхэд Б бид гурав явна гэж хариулсан юм. Нөхөр маань загасанд явна гэж хэлсэн болохоор миний загас агнадаг дүү болох М.Ө-ийг дагуулж явахгүй юм уу гэсэн тэр үед өөр хүмүүстэй хамт явж байгаа юм чинь хэрэггүй гэсэн. Тэгж байхад 12 цаг 50 минутын үед манай гэрийн хашааны гадна талд Ж.Е нь цагаан өнгийн Ланд круйзер машинтай ганцаараа ирэхэд нөхөр маань гараад машинд суугаад явсан юм. Чухам яг хаашаа ямар газар очих эсэхээ хэлээгүй загасанд яваад ирье гэсэн гэж л хэлсэн юм. Тэгээд орой 20 цаг өнгөрч байх үед зүрх өвдөхөөр нь нөхрийнхөө гар утас луу нь залгахад дуудаж байсан боловч аваагүй юм. Гэрт байж байхад 22 цаг өнгөрч байхад хүмүүс ирээд Ж.Е машин онхолдож А.Х-ийг нас барсан талаар хэлсэн юм. Ж.Е манай гэрт ирж уулзаагүй, харин аав нь Ж маргааш өдөр нь ирээд надтай уулзаад талийгаачийг хүчээр суулгаад яваагүй шүү дээ гэхээр нь би та одоо яваарай Ж.Е-  ир гэж хэлээрэй Е-аас асуух зүйл байгаа гэсэн юм. Тэгээд Ж.Е нь орой хоёр хүнээр худлаа сугадуулаад ирээд юу ч хэлэхгүй суугаад байхаар нь үхсэн хүн босож ирэхгүй гээд худал ярьж тэр хүн рүү болсон асуудлыг түлхэж болохгүй гэсэн тэр хүн юу ч яриагүй юм. Би тэгээд 5 хоногийн дараа хамт явсан гэх залуугийн гэрт нь очоод тэр залуугаас болсон асуудлыг үнэн зөвөөр хэлээрэй бурхан тэнгэр харж байгаа гээд авч очсон куран номоо гарт нь бариулаад юу болсон юм бэ гэхэд танай нөхөр Ж.Е хоёулаа тэр үед чононы тухай ярилцаж явж байсан гэсэн. Тэгэхээр нь би манай нөхөр машины жолоодох хүрднээс /руль/ зууралдсан уу гэхэд танай нөхөр хүрднээс зууралдсан асуудал болоогүй харин Ж.Е гэнэт руль руль алдагдлаа гэсэн дуу чимээ сонсогдоод осол болсон гэж хэлсэн. Гэхдээ тухайн үед танай нөхөр рультэй зууралдсан асуудал болоогүй гэхээр нь энэ үгээ цагдаагийн байгууллагад хэлж өгөөрэй гэж хэлсэн. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй зүгээр л гэм буруутай этгээдээс хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч өгөөрэй. Болсон асуудлыг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү. Энэ асуудлаас болж гарсан зардал хохирлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 44-46 дугаар хуудас/,

            - Гэрч К.Ц мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие Ж Е блокны үйлдвэрт ажилладаг ба одоогоор өвлийн улиралд түүний гэр болон дэлгүүрийн галыг түлдэг юм. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 09 цаг өнгөрч 10 цаг дөхөж байхад Ержан над руу утсаар ярьж блокны үйлдвэрт ирээд 2 тээврийн хэрэгсэл блок ачаад өгөөрэй гэсний дагуу блокны үйлдвэрт очиж Майти маркийн тээврийн хэрэгсэлд 2 удаа блок ачиж өгсөн. Блок ачиж байхад Е ах өнөөдөр загасанд явна, чи блокоо ачиж дууссаны дараа оройн гал түлэх хүртэл надтай хамт загасанд яваад ирнэ гэвэл хамт яваад ирэхгүй юу гэхээр нь хамт явсан. Би блокны үйлдвэрээс блок ачсан машинд сууж ирэх замд Е ахтай утсаар ярьж би блок ачиж дуусаад явж байна та блокоо тоолж авах уу гэхээд Е ах гүүрийн цаана шатахуун түгээх станцад бензин аваад зогсож байна, тэнд хүрээд ир гэхээр нь яваад очсон. Би Е зогсож байсан шатахуун түгээх станцад очиход түүний машины урд нэг хүн сууж байсан. Е Майти маркийн машинд ачсан блокийг тоолсны дараа надад загасанд явах гэж байна суучих гэхээр би түүний машинд суусан. Тэгээд Ж.Е машинд хамт явж байсан хүн бид гурав Улаанхус сумын төвд очоод тус сумын байгаль орчны байцаагчаас зөвшөөрөл авна гэж гэрт нь орчиж тэр хүнийг авч бид гурав хамт явсан. Тэгээд Е ах талийгаач бид гурав аймгийн төв рүү буцаж ирж явах замд буюу даваанаас уруудаж буугаад ирж байхад нэг мэдэхэд Е ах жолооны хүрднээс бариад авлаа /зууралдлаа/ гэж орилсныг мэдэж байна тэрний дараа юу болсныг санахгүй байна машин онхолдож би айж сандарсандаа ухаан санаа орж гараад юу болоод явсныг өөрөө ч ойлгоогүй. Машин онхолдсоны дараа харахад машины баруун хойд тал буюу туслах талын хойд хаалганы шил байхгүй байхаар нь би тэрүүгээр гадаа гарч ирэхэд машин эргэж зогсож байсан ба Е ах ч гэсэн машины гадна гарсан байсан. Е ах хаагуур яаж гарч ирснийг мэдэхгүй. Тэгээд би машинаас гарч ирээд харахад талийгаач машины гадна жолооч талд нь газар хэвтэж байсан. Е ах гар утсаа гаргаж ирээд түргэн тусламж болон цагдаад мэдэгдсэн. Хэсэг хугацааны дараа түргэн тусламжийн машин ирсэн. Би тухайн үед айж сандарсан байсан учир талийгаачийн дэргэд дөхөж очоогүй. Миний хүзүү дагзны хэсгээр өвдөхөөр нь түргэний эмчид хэлж тэд нартай хамт аймгийн төвд орж ирээд эмнэлэгт үзүүлсэн. ...Талийгаачийн эхнэр нь ирээд уулзсан нь үнэн би болсон асуудлыг тэр хүнд үнэн зөвөөр хэлсэн юм. Тухайн үед зам тээврийн осол болох үед харанхуй болсон байсан ба би машины жолоочийн хойд талын суудалд сууж явж байсан талийгаач жолоочийн хажуу талд урд сууж явж байсан юм. Осол болохын урд талийгаач Ж.Е хоёр урд агнасан чононыхоо талаар ярилцаж явж байсан юм. Би хойд талд сууж байсан болохоор тэр хоёрын ярианд нэг их оролцоогүй болно. Зам тээврийн осол болох үед Ж.Е юу ч гэсэн руль руль гэж чанга дуугаар орилсон тэр үед машин онхолдсон дараан юу болсон эсэхийг нь мэдэхгүй. Урд сууж явсан талийгаач машины хүрдтэй зууралдаж булаацалдаж байхыг нь хараагүй тэгээд ч машин дотор харанхуй байсан юм.” гэх  мэдүүлэг /хх-ийн 47-49 дугаар хуудас болон хурлын тэмдэглэл/,

            - Гэрч Б.Е-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар голын хажууд очоод үзэхэд голд загас тогтох мөс байгаагүй гол урсаж байсан мөн голд тогтсон ямар нэгэн цөн байгаагүй тул загас гарах боломжгүй байсан учир тэд нар загас барих хэрэгслээ гаргаж ашиглаагүй юм. Тэгээд тэр хавиар явган нэг хэсэг гол дагаж явсан харин хамт ирсэн дунд насны махлаг залуу жаахан явж байгаад машины тийшээ очоод дахин ирээд очоод байсан юм  Тэр газраас шууд манай гэрт 17 цагийн үед ирсэн би тэд нарыг манай гэрт ороод цай уугаарай гэсэн тэд нар манай гэрт орж ирсэн юм. Цай уусны дараа гэрт байсан 1 шил "Сархад" нэртэй 0.75 граммын архийг хийсэн юм. Архинаас хамт явж байсан залуу уугаагүй харин жолооч Ж.Е нь хоёр гурван хундага архи уусан үлдсэн архийг дунд насны махлаг ах бид хоёр хувааж уусан юм. Манай гэрт ирэхэд тэр хүнээс бага зэргийн архи үнэртэж байсан би энэ хүн хаанаас архи уусан юм бол гэж бодсон юм” гэх мэдүүлэг / хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

            - Гэрч М.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 19-ний орой 21 цаг 10 минутын үед М эмч над руу утсаар залгаж "танай хүргэн ах авто осолд орж, нас барсан байна" гэж хэлсэн тэгээд бид нар болсон асуудлыг мэдэж осол болсон газарт 21 цаг 55 минутад очсон. Бид нарыг очиход мөн цагдаагийн алба хаагч нар хамт очсон, Зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгсэл дөрвөн дугуйн дээрээ зогсож байсан. Талийгаач машины зүүн талын   хаалганы   доод   талд   газарт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч нар үзлэг хийж дуусаад талийгаачийн цогцсыг аймгийн төв рүү нэгдсэн эмнэлгийн морогт задлан шинжилгээ хийж, цогцсыг бид нарт хүлээлгээд өгсөн юм. Би Ж.Е-ныг талийгаач машины жолоодох рулийг булаацалдаж, тэрнээс болж авто осол болсон гэж ярьж байгаа гэж сонсоод 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хамт явсан гэх залуутай очиж уулзаж, тухайн үед болсон асуудлыг тодруулж асуусан юм. Тэр үед хамт явсан залуу нь осол болохын урд талийгаач Е нар урд агнасан чонын талаар ярилцаж явж байсан. Тэгээд нэг мэдэхэд Е руль руль гэсэн дуу чимээ гараад хоромхон зуур осол болсон гэж хэлсэн. Талийгаачийг осол болох үед машины рультэй булаацалдаж байхыг нь хараагүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 54 дүгээр хуудас/,

            - Гэрч К.С-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нартай талийгаач болон Ж.Е хамт ан агнаж 2-3 жил болж байна. Хамт яваад хонох газраа ирээд хааяа хэдүүлээ тааруулаад архи уудаг байсан тэр үед талийгаач согтож машины руль булаацалдаж ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг / хх-ийн 56 дугаар хуудас/,

            - Шүүх   эмнэлгийн   задлан   шинжилгээний  12 дугаартай “...1. Талийгаач А.Х-ийн цогцост шүүхийн шинжилгээний задлан шинжилгээгээр гадны хүчин зүйлийн нөлөөллөөр гэмтэл учирсан болно. 2. Талийгаач А.Х-ийн цогцост шүүхийн шинжилгээний задлан шинжилгээгээр нүүр, их бие, мөчдийн зулгарсан зулгаралт цус хуралт, шарх, баруун талын 3-7 дугаар, зүүн талын 2-9 дүгээр хавирганууд суганы урд, суганы дунд, нурууны ойролцоох шугамуудаар зарим хавирганууд далд хугарал, цээжний гялдангийн урагдал, зүүн уушгины язарсан шарх, 2 талын уушгины няцрал, цээжний хөндийн цусан хураа зэрэг хавсарсан гэмтлүүд учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Талийгаач А.Х-ийн цогцост шүүхийн шинжилгээний задлан шинжилгээгээр  баруун талын 3-7 дугаар, зүүн талын 2-9 дүгээр хавирганууд далд хугарал, цээжний гялдангийн урагдал, зүүн уушгины язарсан шарх, 2 талын уушгины няцрал, цээжний хөндийн цусан хураа зэрэг гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж амьсгал зүрх судасны дутагдлаас нас барсан байна. 5. Шүүхийн шинжилгээнд, цусанд 1.9% этилийн спирт илэрсэн ба тухайн үед дунд зэргийн согтолттой байсан байна ” гэх дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/

            - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 159 дугаартай иргэн К.Ц-хын биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/,

            - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20 дугаартай “...1. Иргэн Ж.Е-ны биенээс авсан гэх 2 ширхэг хуруу шилтэй Ж.Е гэх хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Иргэн Ж.Е-ны цусанд 1.3% прамилл этилийн спирт илэрч байна. Иргэн Ж.Е нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна ”дүгнэлт / хх-ийн 77 дугаар хуудас/,  

            - Авто тээврийн техникийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт / хх-ийн 95-97 дугаар хуудас/,

            - Зам тээврийн ослын шалтгаан тогтоосон шинжээчийн 01 дугаартай “....1. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч,  цагдаагийн ахлах дэслэгч Б.М 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна. 2. Монгол улсын ЗХД-ийн 1.7-д зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 3. Монгол улсын ЗХД-ийн 2.3.6-д зааснаар жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. Монгол улсын ЗХД-ийн 9.1-д  зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 5. Монгол улсын ЗХД-ийн 9.2-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 6. Монгол улсын ЗХД-ийн 2.7.а-д зааснаар жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 7. “Ланд Круйзер-80" маркийн 20-73 БӨТ улсын дугаартай   тээврийн хэрэгслийн ямар нэгэн эд ангиудад эвдрэл гэмтэл үүссэн эсэхийг Авто тээврийн үндэсний төвийн Баян-Өлгий аймаг дахь салбарын шинжээч нар  тогтооно. Уг тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орохоос өмнө бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. 8. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан жолооч Ж.Е нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 2.3.6, 9.2 дахь заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болж байна. 9.   Харин зорчигч А овогтой Х нь Монгол улсын ЗХД-ийн 1.7-д зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт  хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 4.1.а-д зааснаар хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” дүгнэлт /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

            - Шүүгдэгч Ж.Е-ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед зам тээврийн осол болох үед би бага зэргийн архи уугаад явж байсан нь үнэн   Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж нэг хүний амь насыг хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч талд оршуулгын зардалд бэлэн 1500000 төгрөг өгөхөөр очсон боловч мөнгө өгөх боломж гараагүй тул прокурорын дансанд байршуулсан байсан. Шүүхэд ирсний дараа талийгаачийн эхнэр А надаас гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, талийгаач нас барсны 7 хоног, 40 хоногийн ажлыг хийхэд гарсан зардал гэж нийт 8952000 төгрөг нэхэмжилснийг бүрэн төлж өгсөн. Гэтэл өнөөдрийн шүүх хуралд сэтгэл санааны хохирол гэж 50000000 /тавин сая/ төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Би санаатай талийгаачийг алаагүй, золгүй явдал боллоо. Надад А-ийн нэхэмжилсэн 5000000 төгрөгийг төлж өгөх нөхцөл бололцоо байхгүй. Өөрийн бололцоогоор мөнгө төгрөгийн хохирлыг төлж өглөө. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү”  гэх мэдүүлэг / хх-ийн 120-123 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

                  - Шүүгдэгч Ж.Е-ны үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           - Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Е-ны эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзэв.

            Иймд шүүгдэгч Ж.Е-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож иргэн А.Х-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

            Шүүгдэгч Ж.Е-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

            Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Е нь цагдан хоригдож байгаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн дотроо бага зэрэг шингэн зүйлтэй бөглөөгүй “Болор” гэх бичигтэй архины шил 1ш, мөн “Болор” гэх бичигтэй хайрцагтай архи 1 ширхгийг устгахаар шийдвэрлэв.

            Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А нь мөрдөн байцаалтын шатанд:-“ шүүгдэгч Ж.Е-аас нэхэмжлэх хохирол төлбөргүй байхгүй” гэж мэдүүлэг өгч байсан боловч шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Е-аас гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохиролд буюу талийгаач нас барсан 7 хоног болон 40 хоног хураах зан үйлийг хийхэд гарсан зардал гэж нийт 8952000 төгрөг нэхэмжилсэн ба энэ талаарх нотлох баримтуудыг хохирогч талаас шүүхэд гаргаж өгөөгүй боловч шүүгдэгчээс өөрийн сайн дураар гэм буруугаа ухамсарлаж шүүх хуралдаан болохоос өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 8952000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь ХААН банк, Голомт банкны орлогын баримт болон хохирогчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүдэгчийн мэдүүлэг болон өмгөөлөгч нарын шүүх хуралд өгсөн тайлбаруудаар батлагдаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

             Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох талаар хүсэлт гаргаснаар шүүх хүсэлтийг нь хүлээн авч шүүх хурлыг хойшлуулж байсан ба дахин зарлагдсан шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцоогүй болно.

Харин Х.А нь өмгөөлөгчөөрөө дамжуулан сэтгэл санааны хохирол гэж 50000000 /тавин сая/ төгрөг нэхэмжилсэн  боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй.

Мөн шүүгдэгч Ж.Е үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд засаан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт хамаарах ба мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан гэмт хэргийн болгоомжгүй хэлбэрт хамаарч байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Е нь анхаарал, болгоомжгүйгээр үйлдэгдэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Нөгөө талаар шүүгдэгч Ж.Е нь хохирогчоос хохирлын баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй байсан боловч өөрийн сайн дураар түүний хохирол, хор уршиг гэж нэхэмжилсэн 8952000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул сэтгэл санааны хохирол гэж 50000000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Ж.Е нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул өмч гэх Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай Г-0213004125 улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв газар болон 20-73 БӨТ улсын дугаартай Ланд круйзер машиныг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ж.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна. 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Е иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Е1300503 дугаартай иргэний гадаад паспорт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Ж овгийн Ж-ы Е-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож улмаас Х.Хажыбекийн амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ж.Е-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.
  5. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-д хохирол 8952000 төгрөгийг төлж барагдуулсныг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-ийн сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 50000000 /тавин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн дотроо бага зэрэг шингэн зүйлтэй бөглөөгүй “Болор” гэх бичигтэй архины шил 1ш, мөн “Болор” гэх бичигтэй хайрцагтай архи 1 ширхгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Е-ны өмч гэх Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай Г-0213004125 улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв газар болон 20-73 БӨТ улсын дугаартай Ланд круйзер машиныг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгосугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Е-ны иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Е1300503 дугаартай иргэний гадаад паспорт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  13.  Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Ержанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК