Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/252

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Улсын яллагч: Э.Г

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийн тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн 1814004290242 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* овогт Б.Г

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.Г нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Б.Эг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн

... Би Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Эгийн хохирлыг барагдуулж бид эвлэрсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 51-52 /

Хохирогч Б.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Гын гэрт очоод нэг шил архи хувааж уусан. Тэгээд Г нь Эрдэнэцогт сум руу яваад хүн аваад ирье гэхээр нь хамт яваад суман дээр ирээд танихгүй 3-4 хүн суулгаад ачааг нь ачиж байгаад машины багажны цоожийг эвдчихээр нь би энэ олон хүнийг чинь авч явж чадахгүй гээд тэр хүмүүсийг нь орхиод Гтай хамт аймаг руу буцсан. Буцах замдаа Г бид 2 маргалдаад би Гыг нэг түлхсэн чинь миний нүүр лүү мөргөөд намайг цохисон. Тэгээд аймагт ирээд намайг хадмын хашааны гадаа хүргэж өгчихөөд яваад өгсөн. Би хоёрыг хэрүүл маргаан хийж байх үед хажууд өөр хүн байгаагүй. Надад гомдол санал байхгүй…гэх мэдүүлэг / хх-ийн 13-15 /

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

 …Манай нөхөр Б.Э 2018 оны 07 дугаар сарын 26-ны өглөө гэрээсээ гарахдаа зүгээр ажилдаа гарсан шөнө ирэхдээ нүүр нь нилдээ цус болчихсон хувцас хунар нь шороо цус болчихсон хүнээр түшүүлж орж ирсэн. Зүүн тап даагдахгүй байна гэж хэлээд ёолж байсан. ******* зодоон хийсэн талаараа юм яриагүй хамт ирсэн Б.Гтай зодоон хийсэн гэсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

... Г ах манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх шиг байсан, өөрөө машин унасан хажууд нь Б.Э ах суучихсан тэр хоёр хамт явж байсан. Тухайн үед цаг нилээн орой болсон байсан би яг хэдэн цагт манайд ирснийг нь мэдэхгүй байна…гэх мэдүүлэг / хх-ийн 28-30

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 сарын 31-ний өдрийн 477 дугаар

1. Б.Эгийн биед зүүн талын 8 дугаар хавирганы далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, хамар, баруун зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 35-36 /,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 45-46/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 06-10/, шүүгдэгч Б.Гын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018.9.4-ний өдрийн №3/1481 тодорхойлолт / хх-ийн 53/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 54/ шүүгдэгч Б.Гын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.          

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт 2018 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Б.Эг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч Б.Гын... Би Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Эгийн хохирлыг барагдуулж бид эвлэрсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 51-52 /

хохирогч Б.Эгийн ... би Б.Гыг нэг түлхсэн чинь миний нүүр лүү мөргөөд намайг цохисон…гэх мэдүүлэг / хх-ийн 13-15 /

гэрч *******гийн … Б.Э нь шөнө ирэхдээ нүүр нь нилдээ цус болчихсон хувцас хунар нь шороо цус болчихсон хүнээр түшүүлж орж ирсэн. Зүүн тап даагдахгүй байна гэж хэлээд ёолж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /

гэрч *******ын ... Г ах манайд ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх шиг байсан, өөрөө машин унасан хажууд нь Э ах суучихсан тэр хоёр хамт явж байсан. Тухайн үед цаг нилээн орой болсон байсан би яг хэдэн цагт манайд ирснийг нь мэдэхгүй байна…гэх мэдүүлэг / хх-ийн 28-30/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 сарын 31-ний өдрийн 477 дугаар “...Б.Эгийн биед зүүн талын 8 дугаар хавирганы далд хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, хамар, баруун зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 35-36 / зэрэг болон хэрэгт авагдсан бусад бигчийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Гд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Г нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Гд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 47-р зүйлд“...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Гын эзэмшлийн “...самсунг глакси маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Гд буцаан олгов.

Хохирогч Б.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Гас нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Б.Г нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Гыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Г нь хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Б.Гын эзэмшлийн “... самсунг глакси маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******т буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА