Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 143

 

 

 

 

 

 

    

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

нарийн бичгийн дарга К.Е

улсын яллагч М.О

шүүгдэгч С.Ж

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ж-т холбогдох .............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч С.Ж: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, И овогт С-ын Жх, 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:Б.

        Шүүгдэгчийн холбогдсон хэрэгийн:

Шүүгдэгч С.Ж нь Т.С-ыг цээжний тус газар өшиглөн зүүн талын хоёр хавиргыг нь хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч М.Жах нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн нутаг гянтболдын уурхайн дээд талын хадлангийн талбайд 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хадлангийн маргааны улмаас Т.С-ыг цээжний тус газар өшиглөн зүүн талын хоёр хавиргыг нь хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - Хохирогч М.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хадлан хадаж байхад С хүүхдүүд болох С.А, С.Ж, С.Ж, хүргэн хүү нар нь намайг дуудсан юм. Тэгээд би очиход тэд нар архи уусан байсан ба Ж нь миний хүүхдүүд рүү дайрахад би салгах гэхэд С.Ж нь намайг цээжин тус газар өшиглөсөн ба миний зүүн талын 2 хавирга хугарсан хөнгөн зэргийн гэмтэлтэй гэсэн аймгийн Шүүх Шинжилгээний албаны шүүх эмчийн дүгнэлт гарсан юм. С.Ж нь буруугаа хүлээн зөвшөөрөөд  эмчилгээ болон бусад зардалд гарсан 1000000 төгрөгийг барагдуулж өгсөн   юм. Надад ямар нэгэн гомдол саналд байхгүй, өөр нэхэмжлэх зүйл байхгүй, өөр нэмж хэлэх зүйл байхгүй, би шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, хөдөө байдаг учраас дахин дахин аймгийн төвд очиж чадахгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

            - Гэрч С.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр миний аав болох С төрсөн дүү болох С.К-ин нарын хамт Г-ын уурхайны дээд талд байдаг хадланд өвс хадаж байсан юм. Тухайн үед манай хадлангийн дээд талд байдаг С хаваржаанд С хүүхдүүд болох А, Ж, Ж, мөн хүргэн хүү нар нь хаваржаандаа өвс буулгаж байсан ба тэд өөр хоорондоо зодолдож байсан. Тэгээд А манай аав руу " Та наашаа хүрээд ирээч, танд хэлэх юм байна" гэж хэлсэн юм. А над дээр ирж намайг захаас барьж аваад зогсож байхад Ж хүрч ирээд " Чи яасан том болсон юм бэ? Дээр дуудахад яагаад ирдэггүй юм бэ?” гэж миний цээжийн тус газар өшиглөсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

            - Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн дүү болох Ж, Ж, хүргэн хүү Н нарын хамт Цэнгэл сумын Г-ын уурхайд байдаг хадландаа явж байсан юм. 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр намаржаандаа өвс буулгаад 5 ширхэг “Брат” нэртэй пивийг Ж, Ж, Н нарын хамт уугаад би нэлээд согтсон юм. Тэгэхэд Ж болон Ж нар С-ын өвс хадаж байсан газар луу явчихсан бөгөөд Н бид хоёр хадландаа үлдсэн юм. Би хэсэг байж байгаад Ж, Ж нарын хамт С-ын өвс хадаж байсан газарт ирэхэд газрын маргаанаас болж тэд хоорондоо маргалдаж байсан юм. Тэрнээс болоод С биднийг хэл амаар доромжилоод байхаар нь Ж С нурууны тус газар гараараа цохисон юм. Болсон асуудал энэ, би тухайн үед нэлээд согтуу байсан болохоор тухайн үеийн үйл явдлыг сайн мэдэхгүй байна. Би Ж, Ж нарын араас хүрч ирэхэд тэд нар С-тай маргалдаад зууралдаад байсан юм. Би С-ыг өшиглөөгүй, дараа нь асуухад миний дүү болох Ж өшиглөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

            - Гэрч С.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаа сарын 05-ны өдөр миний төрсөн ах болох С.А, төрсөн дүү болох С.Ж хүргэн хүү болох М.Н бид дөрөв Г-ын уурхайны дээд талд байдаг намаржаанд хадсан өвсөө авчирч буулгаж байсан. Тухайн үед бид дөрөв "Брат" нэртэй 2.5 литрийн 5 сав пиво уусан байсан. Тэгээд өвсөө буулгаад дөхөж байхад дүү болох С.Ж намаржааны доод талд байдаг хадлангийн талбайд өвс хадаж байсан Т.С-ыг дуудсан ба С.Ж нь С-ын урдаас явсан юм. Тэгээд байж байхад Ж-ын араас миний ах болох С.А явсан ба тухайн үед би тэд нар зодолдно гэж бодоогүй Н-ын хамт өвс буулгаад үлдсэн байсан. Тэгж байхад намаржааны доод талаас шуугиан гарахаар нь Н бид хоёр гүйгээд очиход Ж, С хоёр нэг нэгнийгээ заамдаад хэрэлдээд зогсож байсан. Тэгээд би очоод Ж, С хоёрыг салгаж авсан. Тэгээд Ж С-т " энэ газрыг яагаад хадсан юм бэ? энэ жил та хадсан өвсөө авчих, дараа жилээс битгий хадаарай" гэж хэлэд бид дөрөв яваад өгсөн юм. Тухайн зодоон гарах үед би өвсний хашааны хажууд өвс буулгаж байсан ба түхайн зодолдсон газар тэндээс харагдахгүй юм. Бид дөрөв С-выг нийлж зодсон асуудал байхгүй. Би өвс буулгаж байгаад сүүлд очсон юм гэх” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

            - Насанд хүрээгүй гэрч С.К-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр миний аав болох Т.С, манай ах болох С.Н бид гурав Г уурхайны дээд талд байдаг хадлангийн талбай дээр өвс хадаж байсан юм. Тухайн үед манай хадлангийн талбай дээд хэсэгт С гэдэг хүний намаржаанд С хүүхдүүд болох А, Ж, Ж мөн С хүргэн хүү болох нэрийг нь сайн мэдэхгүй нэг залуу байгаа дөрөвүүлээ өвс буулгаж байсан. Тэгээд А нь манай аав руу "Та хүрээд ирээч, хэлэх юм байна" гээд орилоод дуудсан юм. Тэгээд бид нар очиход Ж миний ах болох Н-д " Чи дуудахад яагаад ирдэггүй юм бэ?" гэж дайраад цохиход аав ахыг салгах гэж Ж-т " Чи наад хүүхэд зүгээр байлгаач, яагаад зодоод байгаа юм бэ?" гэж хэлээд гүйхэд Ж нь манай аавыг цээжин тус газар өшиглөсөн юм. Тэгээд аав унахад мөн Ж очоод аавыг өшиглөж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

            -Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 351 дугаартай “Иргэн Т.С биед цээжний зүүн тапын 7,8 дугаар хавирганы хугарал, духны баруун талд бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёр ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46 дугаар хуудас /

            - Шүүгдэгч С.Ж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, “...Миний ах болох С.А, Ж, хүргэн ах болох Н нарын хамт хадланд өвс хадах гэж ирээд өвс хадаж байсан зодоон гарах өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хадсан өвсөө Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Г уурхайн дээд талд байдаг намаржаанд буулгахаар ирсэн ба тухайн үед ах болон хүргэн ах нарын хамт бүгдээрээ 5 сав "БРАТ" гэсэн нэртэй 2.5 литрийн пивог хувааж уусан юм. Тухайн үед манай намаржааны доод талд манай сумын иргэн Т.С нь хоёр хүүгийн хамт өвс хадаж байсан ба тэд нар манай намаржааны яг урд талд байдаг миний хаддаг газрыг хадаад авчихсан байна. Тэрний өмнөх өдөр нь С хүүг дуудахад ирэхгүй яваад өгсөн юм. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор С-ыг дуудаад ирэхээр нь С дагаж ирсэн хүү болох Нуртай руу "чи өчигдөр дуудахад яагаад ирдэггүй юм бэ" гэж хэлээд дайрахад С хүүгээ салгах гээд гүйж ирэхэд би С-вын цээжин тус газар өшиглөчихсөн юм. Тухайн үед би бакал гутал өмсөж байсан юм. Тэгээд бид 4 яваад өгсен ба С хоёр хүүгээ дагуулаад хадлан рууга яваад өгсөн юм. С бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал болон таарамжгүй харилцаа байхгүй болно. Тухайн үед би согтчихсон болохоор С манай намаржааны урд талын газрыг хадсан явдалд гомдоод ийм асуудал гаргачихсан юм. Би С нэхэмжилсэн хохирол болох 1000000 төгрөгийг бүрэн төлж өгсөн болно. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн хохиролын маргаан байхгүй. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.Ж-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч С.Ж-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 465 нэгж нь 465000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч С.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч И овогт С-ын Ж-хыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ыг 465 “дөрвөн зуун жаран таван” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 465000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Ж-хын иргэний үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгосугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧА.ДАУРЕНБЕК