Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00127

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/04453 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/Ш32018/03812 дугаар шийдвэрээр Б , М.Г нараас 176,728,500 төгрөг гаргуулж Н ХХК-д олгохоор талуудын эвлэрлийг шүүх баталж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн урд байрлах 30/1 байр 1 давхарын үйлчилгээний зориулалттай 110 м.кв талбайтай, Ү-2203012162 дугаартай үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийг битүүмжлэн, хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан ба энэ хугацаанд боломжит хэмжээнд сар бүр төлөлт хийж байсан. Хариуцагч нь Б ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ тухайн хөрөнгийн ирээдүйд олох орлогыг тооцоолоогүй, тухайн үл хөдлөх хөрөнгийн байршил болон одоогийн зах зээлийн ханшийг судлан харьцуулах аргыг ашиглахгүйгээр зах зээлийн үнэ ханшаас илт багаар үнэлсэн. Бидний судалснаар Баянзүрх дүүргийн 00 дугаар хороонд байрлах ойролцоо, ижил талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ ханш 390,000,000 - 580,000.000 орчим төгрөгийн ханштай байна. Мөн үйлчилгээний зориулалттай бус орон сууцны м.кв-ийн үнэ 3,500,0000 төгрөгөөс эхэлж байхад үйлчилгээний зориулалттай, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж буй үл хөдлөх хөрөнгийн м.кв-ын үнийг 2,616,801 төгрөгөөр тооцож үнэлсэн нь зах зээлийн ханшнаас илт бага тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гаргаж байна. Иймд Б ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийи анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/Ш32018/03812 дугаар шийдвэрээр Б , М.Г нараас 176,728,500 төгрөгийг гаргуулж Н ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч М.Г , Б нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203012162 дугаартай, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 16 дугаар сургуулийн урд гудамж, 30/1 дугаар байрны 01 тоотод байрлах 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20380581/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 20380581/08 дугаартай тогтоолоор барьцаалан хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудад үнийн санал ирүүлэхийг 4-188/12682 дугаар албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгч 900,000,000 төгрөгөөр орон сууцыг үнэлсэн, төлбөр авагч зах зээлийн ханшаас хэт өндөр байх тул хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлж, үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 6/182 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Б ХХК-аар тогтоолгоход 287,848,200 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Н т холбогдох Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 16 дугаар сургуулийн урд гудамж, 30/1 дугаар байрны 01 тоотод байрлах 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 16 дугаар сургуулийн урьд байрлах 30/1 байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай 110 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, хөрөнгийн үнэлгээний Б ХХК дээрх эд хөрөнгийг 1 м.кв талбайг 2,616,801 төгрөгөөр буюу нийт 287,848,200 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Тухайн үйлчилгээний зориулалттай талбай нь орон сууцны барилгын м.кв-аас харьцангүй өндөр үнэтэй буюу 1 м.кв нь 3,500,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийн үнэтэй байна.

4.2. Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу түүний гаргасан дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байхыг шаарддаг. Гэтэл Б ХХК нь зах зээлийн судалгааг хийж ойр орчмын үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан байх бөгөөд харьцуулсан эд хөрөнгүүд нь харьцангүй үнэтэй борлогдохоор байхад түүнээс доогуур үнэлсэн нь ойлгомжгүй. Энэ талаар дахин шинжээч томилуулах, шинжээчийг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Н т холбогдуулан Б ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /хх 1-2, 8-32/

3. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2018/03812 дугаар захирамж, гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т нийцсэн байна. /хх-58, 60-61/

4. Талууд барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд маргаагүй, дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээ нь хуульд нийцсэн эсэх, бодит байдалд тохирсон эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

5. Хариуцагч Н ын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4-188/12682 дугаартай Үнийн санал ирүүлэх тухай албан бичигт нэхэмжлэгч Б , М.Г нар нь Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 16 дугаар сургуулийн урьд оршин байх 30/1 байрны 1 давхрын үйлчилгээний зориулалт бүхий 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлэгээг 900,000,000 төгрөгөөр тооцож хүргүүлжээ. /хх 82,83/ Уг үнийн саналыг төлбөр авагч Н ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 6/182 дугаартай тогтоолоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн талаархи үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

6. Шинжээч Б ХХК нь барьцаа хөрөнгийг зах зээлийн, өртгийн, орлогын хандлагын аргуудыг ашиглан үнэлж, зах зээлийн аргаар тогтоосон үнэлгээ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг бодитой тогтооход ач холбогдолтой гэж дүгнээд Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 16 дугаар сургуулийн урьд байрлах 30/1 байрны 1 давхрын үйлчилгээний зориулалттай 110 м.кв талбай бүхий, төлбөр төлөгч Б , М.Г нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 287,848,200 төгрөгөөр тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, 8.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоосон гэж үзэхээр байна. /хх 88-112/

7. Хариуцагч шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч Б д 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр танилцуулсан нь хэрэгт авагдсан мөн сарын 28-ны өдрийн 4-188/13204 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон. Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргажээ. /хх 1-2, 114-115/

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохоор Үнэгүй (Unegui.mn) сайтад байрлах Монгол 3 дугаар сургуулийн хойно байрлах, Хангай хотхон, Сүхбаатар дүүрэг Авто плазагийн ард байрлах ижил төрлийн үйлчилгээний талбайг худалдан борлуулах тухай зарыг шүүхэд нотлох баримтаар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан ...нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг... гарган өгөхөөр зохицуулсан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Дурдсан баримтуудын талаархи мэдээллийг дурын этгээд мэдэх боломжгүй ба гагцхүү тухайн асуудлаар сонирхогч этгээд л мэдэх боломжтой учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримтад тооцохгүй, нотлох баримтыг дахин үнэлэхгүй байх журамд хамаарахгүй. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. /хх 153-159/

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэйгээс гадна тайлбар нь бодит байдалд нийцсэн байх шаардлагатай. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй нь түүний тайлбарыг бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэх үндэслэлийг үгүйсгэх тул шинжээч барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

10. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, шүүгчийн туслах 09 дүгээр сарын 29-ны өдөр нэхэмжлэгчид эрх, үүргийг нь танилцуулжээ. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б д эрх, үүргийг нь шүүгч тайлбарлан өгсөн, түүний хууль зүйн туслалцаа авах хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Улмаар өмгөөлөгч Ч.Баднайнямбуу 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэх үр дагавартай. Нэхэмжлэгчийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3812 дугаар захирамжийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн процессийн маргаан юм. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хөндөгдөж шүүхэд гомдол гаргасан тохиолдолд эрх нь хэрхэн зөрчигдсөнийг шүүхийн өмнө нэхэмжлэгч өөрөө нотлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхитэй оролцох үүрэгтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөвхөн шүүх хуралдаанаар хязгаарлагдахгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд шүүх иргэний үүсгэснээс хойшхи 109, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноос хойшхи 21 хоногийн хугацаанд нэхэмжлэгч тал зөрчигдсөн эрхээ хамгаалах, нэхэмжлэлээ нотлохтой холбоотой эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг шүүх хангахгүй орхисныг буруутгахгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

11. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2022/04453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ