Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийн тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсгийн баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бт холбогдох эрүүгийн 1814004540254 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* овогт Г.Б

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 93 дугаар байрны гадна 2018 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ж.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үерхдэг бүсгүй Ж.Тын хамт найз *******тай уулзаад байрны гадаа машинаа тавиад 3-уулаа алхаад Оргил бааранд 23 цагийн орчимд орж пиво уусан. Тэгээд бид 3 гараад Ж.Т надаас салаад явсан, бид 2 үлдээд *******ы гэр рүү очоод би *******ы машинд унтсан. Тэгж байтал шөнө Ж.Т ирээд бид 2 маргаад Ж.Т өөрийнхөө машины шилийг гараараа цохиж хагалсан. Мөн намайг чулуугаар толгой руу цохихоор нь би уур хүрээд гараараа Ж.Тын нүүрэнд цохисон. Гараараа бол өөрөө машины шил цохиод байсан. Мөн Ж.Т согтуу байсан учраас газар өнхөрч унаж байсан тэгэхэд нь биед нь шарх үүссэн байх. Би бол нүүр рүү нь цохисон. Би Ж.Тыг цохиж зодсондоо гэмшиж байна. Би Ж.Ттай албан ёсны гэр бүл болоогүй гэрт нь ирж очин байдаг... гэх мэдүүлэг / хх-ийн 59-61, 94-96, 106-107 /

Хохирогч Ж.Тын мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр найз *******, хамтран амьдардаг Г.Б нарын хамт Оргил бааранд 23 цаг үед ороод пиво уусан. Тэгээд баарнаас 00 цагийн үед Г.Б бид 2 баарны гаднаас маргалдаад би таксидахад таксины жолооч 10 мянгат ороод буцаж намайг 93 дугаар байрны гадаа хүргэж өгсөн. Намайг 93 дугаар байранд очиход байрны гадаа нь *******ы машин дотор Г.Б ганцаараа унтаж байсан. Миний машин хажууд нь байсан ба түлхүүр нь надад байсан. ******* гэртээ орсон байсан. Тэгээд би *******ы машин дотор Г.Б унтаж байхаар нь сэрээж бид 2 дахин маргасан. Тэгээд би уурандаа өөрийнхөө машины цонхыг хагалж урд салоны тагийг эвдсэн. Тэгээд би машиныхаа цонхыг цохиход манай нөхөр Г.Б намайг 1 удаа нүд рүү цохисон. Тэгээд цохиход нь газар унаад өвдөг шалбарсан байна. Би гэрт ирэхэд ээж ганцаараа байсан ба миний нүдийг хөхөрсөн байна гээд ээж цагдаад дуудлага өгсөн. Г.Б тэгэхэд хамт байсан. Г.Б өмнө нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гол дээр бид 2 хоёулханаа байж байгаад Г.Б намайг хардаад бас 1 удаа цохисон. Тэгээд хамраас цус гоожоод нүд хөхөрч байсан. Тэр үед цагдаад мэдэгдээгүй. ... Миний гарт учирсан гэмтэл бол машинаа 2 гараараа цохиж байхдаа хөхрүүлсэн юм. Баруун зүүн өвдөг гуяыг бол би бас согтуудаа өнхөрч унаснаас болсон. Харин миний нүдийг бол манай нөхөр Б цохисноос болж гэмтсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 12-19, 104-105 /

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

... Өглөө гаднаас манай охин Ж.Т нөхөр Г.Бтай орж ирэхдээ Ж.Тын нүд нь улайсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Өмнө нь Ж.Тын нүдийг Г.Б нь хөхрүүлсэн байсан. Тухайн үед би байхгүй байсан болохоор мэдэхгүй Ж.Тын нүд нь хөхөрсөн байсан. Г.Б Ж.Ттай нар нь гэр бүл болж гэрлэлтээ батлуулаагүй. Ж.Ттай 2018 оны 01 дүгээр сараас хойш Г.Б манайд хамт амьдарч байгаа. Би бол наашаа цаашаа хөдөө гадаа яваад тогтмол хамт байдаггүй. Ж.Т 2018 оны 08 дугаар сарын 09-ний өглөө орж ирэхдээ нүд нь хөхөрсөн, гуя нь хөхөрсөн байсан. Быг бол анзаараагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24/

Гэрч *******ы мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед Ж.Т, Б нартай уулзаад Оргил бааранд орж сууж байгаад 00 цагийн орчим бид 3 гарч ирээд Т таксинд суугаад явсан. Б бид 2 манай гадаа ирээд Б миний машинд унтаад би гэртээ орсон. Г.Б, Ж.Т нарыг зодолдсон талаар би мэдэхгүй…гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 сарын 09-ний өдрийн № 492 дугаар

1. Ж.Тын биед тархи доргилт, баруун дээд зовхи, баруун шуу, гуя, зүүн шуу, гуя, өвдөгний цус хуралт, дээд уруул, зүүн өвдөгний зулгаралт, язрал, баруун дээд зовхи, хацар, чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 33-34 /,

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 55-56/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-9/, шүүгдэгч Г.Бын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянлиг сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018.08.28-ны өдрийн 111 тодорхойлолт / хх-ийн 66/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67/, шүүгдэгч Г.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 68/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 88-89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.          

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 93 дугаар байрны гадна 2018 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ж.Тыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүгдэгч Г.Бын .... Ж.Т ирээд бид 2 маргаад өөрийнхөө машины шилийг гараараа цохиж хагалсан, ... намайг чулуугаар толгой руу цохихоор нь би уур хүрээд гараараа Ж.Тын нүүрэнд цохисон, гараарааа бол өөрөө машины шил цохиод байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 59-61, 94-96, 106-107/

хохирогч Ж.Тын ... би уурандаа өөрийнхөө машины цонхыг хагалж урд салоны тагийг эвдсэн, .... манай нөхөр Г.Б намайг 1 удаа нүд рүү цохисон, тэгээд цохиход нь газар унаад өвдөг шалбарсан байна... гэх мэдүүлэг / хх-ийн 12-19, 104-105 /

гэрч *******гийн...Ж. Тын нүд нь улайсан байхаар цагдаад дуудлага өгсөн.... гэх мэдүүлэг / хх-ийн 23-24/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 сарын 09-ний өдрийн 492 дугаар “... Ж.Тын биед тархи доргилт, баруун дээд зовхи, баруун шуу, гуя, зүүн шуу, гуя, өвдөгний цус хуралт, дээд уруул, зүүн өвдөгний зулгаралт, язрал, баруун дээд зовхи, хацар, чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 33-34 /, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бигчийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсгийн баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Бт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Бт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Г.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ХААН банкны депозитын харилцагчийн хуулга, өөрийн гэсэн тодорхойлох орлоготой, хувьд ногдох хөрөнгө зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Бын эзэмшлийн “...S6 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Бт буцаан олгов.

Хохирогч Ж.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Баас нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Г.Б нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэснийг шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Г.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Быг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Г.Бын эзэмшлийн “... S6 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Бт буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Бт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА