Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2019/0072

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 01 өдөр   

  Дугаар 221/МА2019/0072

Улаанбаатар хот

 

 

Д.Б, Г.С нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Г.С, түүний өмгөөлөгч Н.Ч, хариуцагч Татварын ерөнхий газар, Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл, тус зөвлөлийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Нийслэлийн татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0688 дугаар шийдвэртэй, Д.Б, Г.С нарын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын дарга, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Татварын газрын дарга, Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөл болон тус зөвлөлийн дарга нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0688 дугаар шийдвэрээр: “...Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хууль /2015 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.5, 10.1.15, Татварын ерөнхий хуулийн 271.4, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалын холбогдох хэсэг, Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаал, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсныг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.С-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж явуулсан “Татварын ерөнхий газрын харьяа нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт”-ын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгаа Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг тус салбар зөвлөлд даалгаж, Г.С-ын нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ө.С нар давж заалдах гомдолдоо: “...Гааль, татварын ерөнхий газар татан буугдаж, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэж тусдаа болсноор аймаг, нийслэл, дүүргүүдийн өмнөх бүтцэд байсан дүүргийн татварын хэлтсийн даргын орон тоо хасагдаагүй байхад Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр Төрийн жинхэнэ албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсан үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Д.Б намайг албан үүргээс чөлөөлж буцаагаад түр орлон гүйцэтгэгчээр томилж шийдвэрлэхдээ төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанд томилох, чөлөөлөх шилжүүлэхтэй холбоотой харилцаанд мөрдөгдөх Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй, сул орон тоо гараагүй, байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр тухайн албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан нөхцөл байдал бий болоогүй байхад ажлаас чөлөөлөн түр орлон гүйцэтгэгчээр томилон тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлан миний хөдөлмөрлөх эрхэд халдсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх эрх ашиг нь зөрчигдөөгүй байна гэсэн шийдвэр гаргасан нь шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэхдээ буруу хэрэглэн миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, Төрийн албаны зөвлөлийг харилцагч биш гэж тогтоон шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг зөрчсөн. Д.Б миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 47.1.6-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, батлан гаргасан байгууллага тодорхойгүй, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад тушаал гарган чөлөөлсөн. Маргаж буй тушаал нь Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүйн дээр мөн хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх ямар ч үндэслэлийг заагаагүй байна. Б/714 дүгээр тушаалыг үндэслэн гарсан Нийлэлийн Татварын газрын даргын Б/48 дугаар тушаал илт хууль бус байх юм. Хариуцагч тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдээгүй, сонсох ажиллагааг хийгээгүй юм. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхой болгоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчиж шийдвэрийн үндэслэл шийдвэрт нөлөөлж байна.

Г.С-ын гаргасан нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасныг зөрчсөн нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй байх бөгөөд шүүх хуралдаан болсон өдөр хүртэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй хэвээр байсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хэтрүүлэн тайлбарлан шийдвэрлэсэн. 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг зарлах, үр дүнг нь тооцох боломжгүй бөгөөд Г.С-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх боломжгүй байна. Иймд бие даасан нэхэмжлэл гаргах боломжгүй өөрөөр хэлбэл нэг асуудлаар хоёр хэрэг маргаан үүсгэн шийдвэрлэж, хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэх үндэслэл болж байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0688 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Б-ын тухайд:

Д.Б Татварын ерөнхий газар, Нийслэлийн Татварын газарт холбогдуулан “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалын Д.Бд холбогдох хэсэг, Нийслэлийн Татварын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/48 дугаар тушаалыг, Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсныг  тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...маргаж буй Б/714 дүгээр тушаал нь Улсын Их Хурлын 12 дугаар тогтоолоос цаг хугацааны хувьд өмнө гарсан, батлан гаргасан байгууллага тодорхойгүй, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 47.1.6-д заасан илт хууль бус тушаал тул үүнийг үндэслэн гарсан Б/48 дугаар тушаал, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын сул орон тоон дээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулсан Татварын ерөнхий газрын үйлдэл нь дагаад илт хууль бус” гэж тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүх маргаан бүхий Гааль, татварын ерөнхий газрын даргын Б/714 дүгээр тушаал нь захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулаагүй өөрөөр хэлбэл, утга агуулгын илэрхий алдаатай, батлан гаргасан байгууллага тодорхойгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Татварын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Д.Быг тухайн өдрөөс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргаар томилж, улмаар Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б/714 дүгээр тушаалаар[1] Гааль, татварын ерөнхий газар нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор албан хаагчдыг ажлаас чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсны дотор нэхэмжлэгчийн нэр багтжээ.

Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан 7 үндэслэл байгаа тохиолдолд захиргааны акт илт хууль бус болж, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар хуульчилсан байна.

Нэхэмжлэгч “...Б/714 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2, 47.1.6-д хамаарч байгаа..” гэж тайлбарласан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заажээ.

Илэрхий алдаатай гэдэг нь тухайн асуудлын талаар болон эрх зүйн суурь мэдлэггүй байлаа ч тухайн захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байхыг ойлгох бөгөөд Гааль, татварын ерөнхий газрын даргын Б/714 дүгээр тушаал нь тус газар Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болж байгаатай холбоотойгоор албан хаагчдыг ажлаас чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх тул маргаан бүхий актыг илэрхий алдаатай гэж үзэхээргүй байна.

Хэдийгээр хариуцагч шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй ч Монгол Улсын Их Хурал 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсны улмаас Д.Б-ын ажиллаж байсан Гааль, татварын ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүрэг дэх татварын хэлтсийн даргын албан тушаал байхгүй болж түүнийг уг албан тушаалаас нь чөлөөлж, томилох эрх бүхий албан тушаалтнаас шийдвэр гаргах хүртэл хугацаагаар тухайн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Б/714 дүгээр тушаалыг илт хууль бусад тооцох үндэслэлгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүхийн маргаж буй актыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарсан цаг хугацаагаар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.1.2-т заасан захиргааны акт илт хууль бусад тооцох үндэслэл байхгүй талаар  хангалттай дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахааргүй байна.

Хариуцагч Нийслэлийн Татварын газрын дарга 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б/48 дугаар тушаалаар[2] Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/714 дүгээр тушаалаар Гааль, татварын ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан Д.Б-ыг Хан-Уул дүүргийн Засаг даргатай зөвшилцсөнөөр Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс дээрх Б/48 дугаар тушаалыг “анх гарсан Гааль, татварын ерөнхий газрын даргын Б/714 дүгээр тушаал илт хууль бус учраас түүний дараа гарсан Б/48 дугаар тушаал илт хууль бус болох болно” гэж тайлбарлан маргасан бөгөөд Б/714 дүгээр тушаал илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй төдийгүй Б/48 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан ч нэхэмжлэгч нь дээрх үндэслэлээр маргаагүй төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан нөхцөл байдал үүсээгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч Б/48 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Засаг даргатай зөвшилцсөнөөр Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоны дараа Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс маргаж буй хэлтсийн даргын сул орон тоон дээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байх бөгөөд уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Д.Б, Г.С нар оролцож[3] Г.С нь 60.1 оноо[4] авч тэнцсэн байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбараас үзвэл дээрх Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх төдийгүй энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийг хэргийн оролцогч гэнэ” гэж зааснаас үзвэл шүүхэд нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан хүн, хуулийн этгээд нь нэг бол нэхэмжлэгч эсхүл гуравдагч этгээд байхаар зохицуулсан бөгөөд уг хуульд нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд гэх нэртэй томьёо байхгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С давж заалдах гомдолдоо “...хэргийн оролцогч нарын эрх зүйн байдлыг тодорхой болгоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчиж, шийдвэрийн үндэслэлд нөлөөлсөн” гэж дурдсан ч Д.Б болон Г.С нар нь нэг албан тушаалтай холбогдуулан маргаж байх тул тухайн хоёр хэргийг нэгтгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэхээргүй байх тул тухайн гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

Тус шүүх 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласан боловч шүүх хуралдаан болох 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох” тухай хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан эрхээ эдлэх боломжийг хангаж шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.  

Шүүх хуралдаан болох өдөр нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, өмгөөлөгч М.Ш нар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн нь ч тухайн хүсэлтэд хавсаргасан эмнэлгийн магадлагаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхын зэрэгцээ өмнө шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцох эрхийг хангасан тул тухайн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.С-ын хувьд:

Г.С Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасныг[5] шүүх хүлээн авч, “Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн сонгон шалгаруулалтын дүнг зарлахгүй, үр дүнг нь тооцохгүй байгааг эс үйлдэхүй болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлээр[6] мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан бөгөөд анхан шатны шүүх Г.С-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж явуулсан “Татварын ерөнхий газрын харьяа нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт”-ын дүнг нийтэд зарлаж мэдээлэхгүй байгаа Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын дүнг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг тус салбар зөвлөлд даалган, үлдэх шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тухайн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хэргийн оролцогч нараас давж заалдах гомдол гаргаагүй тул Г.С-ын нэхэмжлэлийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0688 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-50 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-55 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-73-77 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-100 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-171 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-187 хуудас