Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/144

 

 

 

 

 

 

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

нарийн бичгийн дарга К.Е

улсын яллагч М.О

шүүгдэгч Т.С, А.Г, Х.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С, А.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д нарт холбогдох .................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, С овогт Т С, 1967 оны 08 дугаар сарын 28-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Ахтолхын” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ*********

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ж овогт А-гийн Г, 1967 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ03.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, И  овогт Х Д, 1981 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн инженер мэргэжилтэй, “Казах тур” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЙ7.

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн:

Шүүгдэгч Т.С, Х.Д нар хэрүүл маргааны улмаас харилцан зодолдож Х.Д нь Т.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, энэ үед Т.С-ийн эхнэр А.Г нь Т.С-тай үйлдлээрээ нэгдэн Х.Д-ыг бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч  Т.С, Х.Д нар 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хэрүүл маргааны улмаас харилцан зодолдож Х.Д нь Т.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.С-ийн эхнэр А.Г нь Т.С-тай үйлдлээрээ нэгдэн Х.Д-ыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - Хохирогч Т.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д миний нүүр рүү цохьсноос болоод миний нүүрнээс цус гарч урсаж хувцсыг нил цус болгосон ба тэр үед харж байсан А гэх эмэгтэй цагдаа дуудаад өгсөн. Д бид нар хоорондоо сайн дураар эвлэрч нэг нэгийгээ уучилсан. Надад Д-аас нэхэмжлэх зүйлгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 28 дугаар хуудас/,

        - Хохирогч Х.Д-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Орой 18 цагийн үед би тухайн газарт ирээд зогсож байтал С ирээд намайг хэл амаар доромжилж бид хоёр ярилцаж байгаад би С-д салаавч гаргатал С над руу мөн адил салаавч гаргаад С намайг түлхээд, түлхсэний улмаас би тэнцвэр алдаж хойно байсан шавартай тэвшин дээр унасан. Би босч ирээд уурласандаа, өөрийгөө хамгаалахын тулд баруун талын гараараа С-ийн нүүрний тус газарт нэг удаа цохьсон ба тэр үеэр С ч гэсэн миний толгой болон гарны тус газарт гараараа цохиж газраас чулуу авч шидэж, уг чулуу нь миний нурууны зүүн талын хэсэгт ирж хүрсэн. Тухайн үед уг үйл явдлыг харж зогсч байсан манай ах А ирж С-г салгах гэхэд С нь ахыг хэд хэдэн удаа цохиж авсан. Мөн тэр үеэр С-гийн эхнэр болох Г ирж 2.5 литрийн савтай ундаагаар миний толгой руу 2-3 удаа маш чанг цохиж авсан. Толгой болон шилэн хүзүү, дагз руу маш хүчтэй нилээд хэдэн удаа цохиж авсан юм. ...Г, С бид нар хоорондоо сайн дураараа эвлэрч нэг нэгийгээ уучилсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27, 29 дугаар хуудас/,

            - Гэрч А.С-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд тэр хоёр барилцаж авч байхад С-г Д-ны ах А барьж холдуулах үеэр Д-ныг би барьж байтал дэлгүүрээс С-ийн эхнэр гартаа 1.5 литрийн нэрийг нь үл мэдэх ундаа барьж ирээд Д-ны толгойны тус газарт 2-3 удаа цохьсон, тэр үеэр нь ундаа асгарч байсан, тэгтэл С барьж байсан хүмүүсийг эсэргүүцэж хүрз шидэж А-ийг эсэргүүцэж чулуу авч шидэж янз бүр болж байсан ба Д С-ийн эхнэрийг ард талаас нь тэвэрч барьж аваад машины хажууд зогсож байсан. Сарай миний ажилдаа хэрэглэж байсан  хүрз, төмөр сав гэх мэтийг авч шидэж байсан тул би тэдгээрийг нь холдуулаад явж байсан юм. С-г А барьж байх хооронд 2-3 удаа чулуу авч шидэж, төмөр сав авч шидэж, хүрз авч шидэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

    - Гэрч М.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С Д руу салаавч гаргахад Д ч гэсэн С руу салаавч гаргаад Д явах гэтэл С Д-ыг түлхэхэд нь Д- хойно байсан шавартай тэрэгэнд унаад богч ирээд хоёулаа харилцан заамдалцаж аваад тэр хоёр зодолдож эхлэх үеэр А ирээд тэр хоёрыг салгахад С газарт байсан хүрзийг авах гэхэд нь С очиж тухайн хүрзийг холдуулсан, тэр үед С-ийн эхнэр гартаа ундаа барьж ирээд Д-ны толгой руу 2-3 удаа цохьсон, тухайн ундаа газар унсан бөгөөд С-ийн эхнэрийг Досжан тэвэрч барьж аваад хөдөлгөхгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

        - Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 269 дугаартай “Иргэн Т.С-ийн биед тархины доргилттой, зүүн хөмсөгний гадна ирмэгт хавдартай, шархтай, баруун зүүн тохойнд зулгарсан, баруун бугалганы дотор хажууд хөх ягаан цус хуралттай, зүүн нүдний доод зовхинд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэд нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

            - Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 270 дугаартай “Иргэн Х.Д биед тархины доргилт, дагз болон зулай хэсэгт тархины даралттай, зулайн баруун зүүн хэсэгт хавдартай, цус хуралттай, хүзүүний баруун талд чихний доор цус хуралттай, баруун мөрөнд хөх ягаан туяатай цус хуралттай, нуруунд буслүүр орчимд хадвартай гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43 дугаар хуудас /

            - Шүүгдэгч Т.С-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, “...Д-ы мөрний тус газарт 1 удаа цохиход Д хойшоо төмөр тэвш руу унаад босч ирээд миний зүүн талын хөмсөгний тус газарт нэг удаа цохиход нь миний хөмсөгний тус газраас цус гарч улмаар Д миний мөрний тус газарт 2 удаа гараараа цохиод дахин толгой руу минь гараараа цохиж байхад А гүйж ирээд миний мөрнөөс шүүрээд намайг Д-аас холдуулсан, түүнийг харсан манай эхнэр Г гуйж ирээд болиоч гэж хэлээд гартаа байсан ундааны саваар Д-ныг цохих шиг болсон юм. ...Одоо надад санал гомдол байхгүй. Д-тай сайн дураар эвлэрсэн.  ...эхнэр Г-ийн хамт Д-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас,

- Шүүгдэгч А.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, “...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн үед нөхөр бид хоёр дэлгүүртээ байж байгаад С Д-тай очиж ярилцахаар дэлгүүрээс гарсан юм. Тэгээд нэг харсан чинь манай нөхрийн нүүрнээс нь цус гарчихсан байхаар иь би гүйж гараад иртэл Д намайг барьж авсан юм. Би тухайн үед дэлгүүрээсээ гүйж гарахдаа гартаа барьж байсан ундаагаар Д-ны толгой руу цохьсон юм. Учир нь С-гийн нүүрнээс нь цус гараад нүүрийг нь тэр чигт нь бүрхсэн байсан тул айж сандарч дургүй хүрсэн юм. ...Би Д-ны толгой руу ундаагаар цохьсноо хүлээн зөвшөөрч гэмшиж байна. ...нөхөр бид хоёр Д-аас уучлалт гуйж бид хоорондоо сайн дураараа эвлэрч, хохирлын талаар маргаангүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас шүүх хуралдааны тэмдэглэл/

- Шүүгдэгч Х.Д-ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, “...Орой 18 цагийн үед би тухайн газарт ирээд зогсож байтал С ирээд намайг хэл амаар доромжилж хэрүүл эхэлсэн ба миний дургүй хүрээд С-д салаавч гаргатал С над руу мөн адил салаавч гараад С намайг түлхсэний улмаас би хойшоо тэнцвэр алдаад миний хойд талд байсан шавартай тэвшин дээр унасан юм.  Би босч ирээд уурласандаа өөрийгөө хамгаалахын тулд баруун талын гараараа С-гийн нүүрний тус газарт нэг удаа цохьсон ба тэр үеэр С ч гэсэн миний толгой болон гарны тус газарт гараараа цохиж газраас чулуу авч шидэж уг чулуу нь миний нурууны зүүн талын хэсэгт ирж хүрсэн. Тухайн үед уг үйл явдлыг харж зогсч байсан манай ах А ирж С-г салгах гэхэд С нь ахыг хэд хэдэн удаа цохиж авсан. Мөн тэр үеэр С-ийн эхнэр нь болох Г ирж 2.5 литрийн савтай ундаагаар миний толгой руу 2-3 удаа маш чанга цохиж авсан. Ганц удаа гараараа өөрийгөө хамгаалахын тулд түүний зүүн талын хөмсөгний тус газарт цохьсон. Тухайн үед С-ийн хөмсөгний тус газраас бага зэрэг цус гарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Т.С, А.Г, Х.Д нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

1. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.С, А.Г, Х.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Т., А.Г, Х.Д нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.С, А.Г, Х.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флаш дискийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Т.С, А.Г, Х.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч С овогт Т-ийн С, Ж овогт А-гийн Г, И овогт Х-ын Д нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С, Г нарын бус бүрийг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х Д-ыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С А.Г, Х.Д нар нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флаш дискийг хэргийн хамт хадгалсугай.
  3. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С, А.Г, Х.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.С, А.Г, Х.Д нарын иргэний цахим үнэмлэх 3 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 3 ширхэг зэргийг шүүгдэгч нарт буцаан олгохыг шүүгчийн туслах С.Е-д даалгасугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.С, А.Г, Х.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧА.ДАУРЕНБЕК