| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2018/0143/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/145 |
| Огноо | 2018-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/145
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
улсын яллагч, хяналтын прокурор М.О
нарийн бичгийн дарга К.Е,
шүүгдэгч У.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Е-д холбогдох ,,,,,,,,,,,,,,,, дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1993 оны 06 сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа амьдардаг, тус аймгийн Ногооннуур сумын 1 дүгээр багг оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, О овгийн У-ны Е. регистрийн дугаар БЮ1.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Е нь хадлангийн маргааны улмаас Х.Б зүүн талын нүд рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.Е нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Тавалтай" гэх газарт хадлангийн маргааны улмаас Х.Б зүүн талын нүд рүү гараараа цохиж эрүүп мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч Х.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... манай хадлангийн газрын хажууд хадлантай М болон түүний хүү Е, Б болон Е нар бор өнгийн фургон машинтай ирээд газраас болоод маргаан үүсгэж, ....Е миний зүүн талын гарнаас бариад миний зүүн талын хацарны тус газарт цохиход би газарт унасан. ...Зүүн талын нүдний доод зовхи өвдөж байна. У.Е зодсон асуудлаас болж гэмтэл авсан. ...У.Е надаас уучлалт гуйсан, би уг залууг уучилсан, бид хоёр эвлэрсэн, тэр залуутай холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний хохирлыг бүрэн төлж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11 дүгээр хуудас/.
- Гэрч М.Е мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...аав маань тэр хүмүүст энэ манай айлын хадлан гэж хэлсэн ба тэр хүмүүс ойлгоогүй юм. Тэгээд бид нар тэр хүмүүс хадсан өвсийг машинд ачиж байхад Т.Б ачуулахгүй гээд машин байсан өвсийг буулгаж эхэлсэн.....миний хажууд байсан У.Е ганц хоёр удаа нүүр тус хэсэгт цохисон нь үнэн юм. Би Б цохиж зодсон асуудал болоогүй" /хх-ийн 13-р хуудас/.
- Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б-ын Ногооннуур сумын 1 дүгээр багийн нутаг “Тавалтай” гэх газарт хадланд ирээд жоохон газрыг хадсан байна. Тэгээд бид цай уугаад сууж байхад тус багийн иргэд М, дүү, хүүхдүүдийн хамт ирээд энэ миний газар гээд Б хоёр хэрэлдсэн юм. Тэр үед Б-ын хадсан өвсийг М-ын хүүхдүүд машинд ачсан ба тэр үед Б уг өвсийг буулгаж авна гэж дайрсан юм, ...тэгээд байж байтал Е-ыт гэдэг залуу Б-ын нүүрэн тус газарт нэг удаа цохисон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/.
- Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн “ Иргэн Х.Б зүүн талын нүдний дээд зовхины хэсгийг бүрхэлд нь хамарсан хөх яагаан өнгийн цус хуралт хаван хавдартай, доод зовхины хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан шарх, хэвлийн зүүн хажуугийн хэсэгт зулгарсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/.
- Шүүгдэгч У.Е мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Бид нар очих үед Х.Б манай айлын хадлангийн талбайг хадаж байсан болохоор таны хадаж байгаа газар манай газар та одоо явчих гэхэд явахгүй бид нартай маргалдаж хэрэлдэж нэг цаг зогссон юм. Тэр үед Б хадсан өвсийг ачуулахгүй гээд машинаас дахиж буулгасан тэр үед М тэр хүнийг барьж авсан ба бид нарыг зодно гээд над руу дайрахаар нь би түүний ам руу нь нэг удаа мөн зүүн талын нүд рүү нэг удаа дайрахаар нь би түүний ам руу нь нэг удаа, мөн зүүн талын нүд рүү удаа цохисон нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч У.Е-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.Е-ын эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч У.Е-тын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч У.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч У.Е нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 130000 төгрөгийн хохирлыг төлж өгч, хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийн хохирогч Х.Б-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч У.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч О овгийн У-ны Е-тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Е-тыг 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Е-хыт нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч У.Е-тын иргэний үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК