Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/150

 

 

 

 

 

 

    

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч М.О

Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А-д холбогдох ...................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Л.А: Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, Х овогт Л-гийн А, 1963 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ15.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Л.А нь маргааны улмаас Л.Ц-ийн ам руу гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байрлах хашаанд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ойлголцох маргааны улмаас Л.Ц-ийн аман тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Л.Ц-ийн “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед миний бие архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз болох Г-ын гэр рүү орохоор хашааны хаалганд нь очих үед Г хашаанаас А гэх хүн бас согтуу гарч ирж хашааны хаалганд тааралдсан юм. Тэгээд би дотогшоо эхлээд орохоор болсон чинь А түрүүлээд хашааны хаалгаар гарна гэж улмаар бид хоёр маргалдаад бие биенээс барьж авсан. Тэр үед намайг түлхэх үед би газар унаад босож ирээд бие биенээ дахин барьж авах үед миний аман тус газар нэг удаа, толгой тус газар нэг удаа цохиж яваад өгсөн. Тэр үед миний амнаас цус гараад, шүд хугарсан байсан. Тэр үед би согтуу байсан учир цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Маргааш нь А ах хүрч ирээд надаас уучлалт гуйхаар нь бид хоёр эвлэрсэн юм. Надад одоо хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй байгаа Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-14-р хуудас/,

- Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 466 дугаартай шинжээчийн дүгнэлт “....Иргэн Л.Ц-ийн биед доод уруулд хавдартай, дотор тал нь хэгзэрсэн, дээд эрүүний 1 шүд үзүүр хэсэг нь сэтэрч хугарсан, зүүн талын нэг үүдэн шүд 3 дугаар зэргийн суларсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Иргэн Л.Ц-ийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Л.Ц-ийн биед үүссэн дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” /хх-ийн 17-р хуудас/,

- Шүүгдэгч Л.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“... 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өдрийн цагаар архи уусан байсан бөгөөд улмаар орой 19 цагийн үед хөрш болох П гэх хүнийг ахмадын баяраар нь баяр хүргэх гэж 1 шил Ерөөл нэртэй архи авч очоод П гэх хүний гэрт сууж байгаад тэр хүнтэй хамт хувааж уусан. Тэгээд 21 цагийн үед би П гуайн хашаанаас гарах гэж хашааны хаалганд ирсэн чин тэр хашаанд байдаг Г-д гэж миний дүүгийн гэр рүү орох гэж байна гэж Ц-д бас согтуу хүрч ирсэн юм. Би эхлээд хашааны хаалгаар гарах гэсэн чинь гаргахгүй байхаар нь би Ц-ийг түлхэх үед газар унасан. Босоод ирээд надтай маргалдахаар нь би уурлаад аман тус газар нэг удаа, толгойн тус газар нэг удаа цохичхоод яваад өгсөн. Маргааш өглөө очиж Ц-ээс ямар гэмтэл авсныг нь асуутал шүд нь хугарсан гэж хэлсэн. Тэгээд би уучлалт гуйгаад хоорондоо эвлэрсэн юм. Би архи уусан үедээ Ц-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Миний бие хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар халамж авдаг. Ажил хийх чадваргүйг минь харгалзан хөнгөн ял оноож өгнө үү. Сар болгон Эрүүл мэнд, нийгмийн даатгалаас 280000 төгрөг авч тэрүүгээр амьдарч байгаа юм. Надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэж мөнгө нэхэмжлээгүй. Бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, мөн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Л.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.А-гийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Л.А-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын бага хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болно.

Шүүгдэгч Л.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн түүний иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                 

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч Х овогт Л-ийн А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А-г 450 “дөрвөн зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч Л.А нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний иргэний үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 1 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгосугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.ДАУРЕНБЕК